Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2017/00638

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Е-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц сургууль /захирал  Ж.А/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч байгууллагын захирал Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7632000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахыг хүсжээ.

Нэхэмжлэгч М.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Е намайг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Ажил олгогч 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “М.Е-ыг ажилд эгүүлэн томилох тухай” 32 дугаар тушаалаар намайг тус сургуульд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн томилсон юм. М.Е би ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан одоо биеийн тамирын багшийн ажлыг хийж байна. М.Е би ажил олгогчоос өнгөрсөн хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хүссэн боловч тэрээр татгалзсан хариу өгөв.

Иймд М.Е миний 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаа болох 11 сар, 11 хоногийн цалин хөлсний нөхөн олговор 7,632,000 төгрөг, ажилгүй байсан 11 сар 11 хоногийн хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 839520 төгрөгийг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн 8471520 төгрөг болж байна гэжээ.

Хариуцагч  Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн  захирал  Ж.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Е нь шаардлагад дурдсан 8,471,520 төгрөгийг авах боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч М.Е нь 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот тушаалаар Ц сургуулийн биеийн тамирын багшаар томилогдон ажиллах хугацаандаа хуурамч дипломыг хууль бусаар ашиглаж ирснийг холбогдох хуулийн байгууллагуудаар шалгуулан тогтоов. Хуурамч диплом ашиглаж байсан нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Б-ийн тогтоосон 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/55 тоот тогтоол болон Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Б-ийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5/20 тоот албан тоот, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын туслах прокурор, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.С-н 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5/675 тоот хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч А.Б-ын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04-09-046/74 тоот акт зэрэг эрх зүйн актуудаар тус тус батлагдаж байгаа болно. Иймээс М.Е-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэвэл нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учир би шүүхийн шийдвэрийг хүндэтгээд өөрийн үүргээ биелүүлж М.Е-ыг ажилд эгүүлэн томилсон. Нэхэмжлэгч М.Е одоо хүртэл дипломгүй, Монгол Улсын боловсролын салбар, тус сургуулийн захирал, сурагчдыг хуурамч бичиг баримтаар хуурч байгаа. Тийм учраас тэр хүний 12 жил хуурч мэхэлж авсан мөнгийг түүнээс нэхэмжлэх болно. Тийм учраас түүний нэхэмжилж байгаа мөнгийг өгөх боломжгүй гэж үзэж байна.

Нэгэнт шүүхийн шийдвэр  гарсан учраас заавал биелүүлэх ёстой гэвэл Ц сургуулийн нягтлан бодогчоор түүний ажилгүй байсан хугацааны цалинг тооцоолж гаргуулаад аваад ирсэн. Үүний дагуу бол нэхэмжлэгч М.Е 2016 оны 10 дугаар сард 20 хоног, 11 дүгээр сард 22 хоног, 12 дугаар сард 21 хоног ажилласан байна. Тэгэхээр 2016 оны 10 дугаар сард 647457 төгрөг, 11 дүгээр сард 647457 төгрөг, 12 дугаар сард 647457 төгрөгийн цалин гарсан байна. Харин 2017 оны 01 дүгээр сараас 08 дугаар саруудад авах цалингийн хувьд нийт 4,591,765 төгрөг авах ёстой. Тэгэхээр тус сургуулийн нягтлан бодогчийн тооцсон тооцоогоор нэхэмжлэгч М.Е-ын ажилгүй байсан хугацаанд авах нийт цалин 6,534,136 төгрөг болж байна. Үүнээс нэхэмжлэгч М.Е-ын авсан ажлаас халагдсан тэтгэмжийн мөнгийг хасаад үлдсэн мөнгийг төлөх болно

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Е-ад шүүх хуралдааныг товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр эзгүй үед шүүх хуралдаан хийх талаар хүсэлтээ шүүхэд бичгээр  ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүй үед хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч  М.Е нь анх шүүхэд хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сургуулиас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7632000 төгрөг  гаргуулах,түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлд 839520 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Ц сургуулиас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7632000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахыг хүссэнийг  хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, 2016 оны  9 дүгээр сарын 19-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн захирлын  64 дүгээр тушаалаар М.Е-ыг ажлаас чөлөөлөх тухай сахилгын шийтгэл ногдуулсныг  нэхэмжлэгч эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 15 дугаартай шийдвэрээр  М.Е-ыг Ц сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн  тогтоож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч байгууллагын захирал нь нэхэмжлэгч М.Е нь биеийн тамирын багшаар ажиллах хугацаандаа хуурамч дипломыг хууль бусаар ашиглаж ирсэн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон, түүний бакалаврын диплом нь хүчингүй болсон тул түүнд ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох боломжгүй гэж маргажээ.

Гэвч ажил олгогч буюу хариуцагч Ц сургуулийн захирал нь нэхэмжлэгчийг биеийн тамирын ажилд эгүүлэн тогтоосон 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч уг шийдвэрийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай тушаалаар  нэхэмжлэгч М.Е-ыг биеийн тамирын багшийн  ажилд эгүүлэн тогтоосон байна.

Иймд ажил олгогч ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн томилсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ц сургуулийн захирал Ж.А нь нэхэмжлэгч М.Е ажлаас халагдсаны тэтгэмжийн  мөнгийг улсын төсвөөс нийгмийн даатгалын сангаас дамжуулан авсан тул уг мөнгийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговроос хасаж тооцох ёстой гэж маргажээ.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч ажлаас халагдсан тэтгэмжийг аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсээс авсан болох нь түүний  НДД№А000141511 Нийгмийн даатгалын дэвтрийн 26-27 дугаар хуудсанд бичигдсэн бичилтээр тогтоогдож  байгаа боловч  хэдэн төгрөг авсан эсэх нь тодорхой бус бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгохоор заасан ба нэхэмжлэгч М.Е-ын Нийгмийн даатгалын сангаас авсан ажлаас халагдсан тэтгэмжийг хасаж тооцох тухай заагаагүй байх тул хариуцагч байгууллагын ажлаас халагдсан тэтгэмжийн мөнгийг хасаж тооцуулахыг хүссэн тухай тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Е-ыг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлсөн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа бөгөөд тэрээр 2016 оны 9 дүгээр  сарын 19-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажилгүй байсан 11 сар 11 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн санхүүгээс гаргуулах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-гийн а-д ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно гэж заасан байх тул нэхэмжлэгч  М.Е-ын  НДД№А000141511 Нийгмийн даатгалын дэвтрийн бичилт болон аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн гаргасан нэхэмжлэгчийн 2016 оны цалингийн бичилтээр нэхэмжлэгч 2016 оны 8 сард 225202 төгрөг, 7 сард 794575 төгрөг, 6 сард 1000411 төгрөгийн цалин олгогдсон ба дээрх гурван сарын дундаж нь 673396 төгрөг бөгөөд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцоход 7.751.876 (673396  х 11 сар +31320 / нэг өдрийн цалин / х 11 хоног ) төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгч хариуцагч  байгууллагаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 7.632.000 төгрөг нэхэмжилж  байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч М.Е-ын ажилгүй байсан бүх хугацааны нөхөн олговорт 7.632.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  М.Е-ын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний  өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн захиралд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговорт хариуцагч байгууллагаас  7632000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг ажилгүй байсан хугацааны нөхөн олговроос  Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу ажил олгогчоос 11% шимтгэлийн хувь  хэмжээ болох 839520 (7.632.000%11 ) төгрөгийн шимтгэлийн мөнгийг нэмж бүгд 8471520 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 151000 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааны нөхөн олговрын 7632000 төгрөгөөс ажил олгогчийн төлөх шимтгэлийн 11% бодож тооцогдох тул нэхэмжлэгч  ажилгүй байсан хугацааны олговорт хариуцагч байгууллагаас нэхэмжилсэн 7632000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 137062 төгрөг төлөх ёстойгоос 151000 төгрөг төлж улсын тэмдэгтийн хураамжид 13938 төгрөг илүү төлсөн байжээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 13938 төгрөгийг  аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас гаргуулж нэхэмжлэгчид,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 7632000 төгрөгт  ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 137062 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн  захирлын 02 дугаартай тушаал, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын5/55 прокурорын тогтоол, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Б-ийн 5/20 дугаартай албан бичиг, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Ерөнхий прокурорын газрын 5/675 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагчийн 04-09-046/74 дугаартай акт зэрэг нотлох баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7632000 /долоон сая зургаан зуун гучин хоёр мянган/  төгрөгийг Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн санхүүгээс гаргуулж, нэхэмжлэгч М.Е-ад олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.2,  Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн  1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Е-ын 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрөөс  2017 оны 8  дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн захиралд үүрэг болгосугай. 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Е-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  151000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 13938  төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн  санхүүгээс 137062 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Е-ад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.ЖАРХЫНГҮЛ