Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2017/00141

 

М.Е-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 638 дугаар шийдвэртэй, Ц сумын ** дүгээр багт оршин суух М.Е-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын ** дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Ц сумын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилгүй байсан хугацааны олговорт 7632000 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 839520 төгрөгийг нөхөн төлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” тухай.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “М.Е намайг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоосон учир ажил олгогч 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр М.Е-ыг ажилд эгүүлэн томилох тухай 32 дугаар тушаалаар намайг тус сургуульд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн томилсон. М.Е би ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан одоо биеийн тамирын багшийн ажлыг хийж байна. М.Е би ажил олгогчоос өнгөрсөн хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хүссэн боловч тэрээр татгалзсан хариу өгөв. Иймд М.Е миний 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаа болох 11 сар, 11 хоногийн цалин хөлсний нөхөн олговор 7,632,000 төгрөг, ажилгүй байсан 11 сар 11 хоногийн хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 839520 төгрөгийг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

           

Хариуцагчийн тайлбарын агуулга: “М.Е нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 8.471.520 төгрөгийг авах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч М.Е нь 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот тушаалаар Ц сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшаар томилогдон ажиллах хугацаандаа хуурамч дипломыг хууль бусаар ашиглаж ирснийг холбогдох хуулийн байгууллагуудаар шалгуулан тогтоосон. Хуурамч диплом ашиглаж байсан нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Ботакөзийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/55 тоот тогтоол болон Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Батсүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 5/20 тоот албан тоот, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын туслах прокурор, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсайн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/675 тоот хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч А.Болатын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04-09-046/74 тоот акт зэрэг эрх зүйн актуудаар тус тус батлагдаж байгаа. Иймээс М.Е-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 638 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7632000 /долоон сая зургаан зуун гучин хоёр мянган/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулж, нэхэмжлэгч М.Е-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Е-ын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн захиралд үүрэг болгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 638 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.А би дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. М.Е нь хуурамч бичиг баримт ашиглан тус сургуульд ажиллаж байгаа нь Цагдаагийн байгууллагаар шалгагдаж тогтоогдсон учраас 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 64 дугаартай захирлын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Улмаар анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай шийдвэрээр М.Е-ыг ажилд нь эгүүлэн тогтоосон учраас шүүхийн шийдвэрийг хүндэтгэж 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажилд томилсон. Нэхэмжлэгч М.Е нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 7632000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 638 дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааг буруу тооцоолж гаргасан гэж үзэж байна. Учир нь М.Е нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан. Шүүхээс ажилгүй байсан хугацааг тооцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан нийтээр амрах баярын өдрүүдийг ажилласнаар тооцсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

М.Е нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хэдэн амралтын өдөр байгааг тооцоолон гаргаж амарсан хоногоор тухайн сард авах цалингаас нь хасагдах ёстой байсан. Өөрөөр хэлбэл 7 дугаар сард Үндэсний их баяр наадамтай холбогдуулан ажлын хоног 16 бөгөөд тухайн хоногт л ногдох цалин өгөх ёстой байтал бүтэн сарын цалингаар буюу 22 хоног ажилласнаар тооцоолсон нь үндэслэлгүй байна. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажлын хоногийг сар бүрээр тооцож үзэхэд 11 сар 2 хоног гарч байхад шүүх 11 сар 11 хоногоор тооцоолон цалин гаргасан байна.

2. М.Е нь ажилгүйдлийн тэтгэмж авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас ажилгүй байсан хугацааны олговроос тэтгэмж нь хасагдах ёстой байсан. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл болон 36 дугаар зүйлд энэ талаар зохицуулаагүй учир ажлаас халагдсаны тэтгэмжийг хасах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэж маргааныг шийдвэрлэх боломжтой. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлснөөс 10 хувиар тооцож сар бүр тогтмол нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг бөгөөд үүнээс 0.2 хувьтай тэнцэх шимтгэлийг ажилгүйдлийн санд ажил олгогч төвлөрүүлэхээр хуульчилсан байна. Угтаа ажилгүйдлийн тэтгэмж нь ажил олгогчоос гардаггүй мэтээр харагдаж байгаа боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байсан ажил олгогч Ц сумын бүрэн дунд сургуулийн шимтгэлийн мөнгөнөөс тэтгэмжийг өгч байгаа хэрэг. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 -д зааснаар ажлаас халагдсан хүнд ажлын 76 өдрийн хугацаанд тэнцэх тэтгэмжийг олгох бөгөөд хэрэв тэтгэмж авах хугацаанд даатгуулагч буюу ажилтан ажилд орох юм бол тухайн өдрөөс эхлэн ажилгүйдлийн тэтгэмжийг зогсоохоор хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл нэгэнт шүүхээс 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл М.Е-ын цалинг бүрэн гаргуулж ажиллаж байгаа хүнтэй адилхан нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж байгаа тул тэрээр цалин болон тэтгэмж давхардуулан авах ёсгүй бөгөөд ажилгүй байсныхаа төлөө авах ёстой 76 хоногт ногдох тэтгэмжийг цалингаас нь хасагдах ёстой юм.

Иймээс шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-д заасан “... түр ажил, хөдөлмөр эрхэлсэн бол түүний тэтгэмжийг түдгэлзүүлэн зогсоож тэтгэмж олгох хугацааг уг ажил, хөдөлмөр гүйцэтгэсэн хоногоор сунгана” гэх заалтыг төсөөтэй хэрэглэж ажилгүй байсан хугацааны цалингаас ажилгүйдлийн тэтгэмжийг хасаж шийдвэрлэх боломжтой байсан. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 638 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Анхан шатны шүүх нь М.Е-ын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн захиралд холбогдох цалин хөлс бүхий хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 638 тоот шийдвэрийг хэвээр нь үлдээж өгөхийг хүсэж байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс ажилтны ажилгүй байсан хугацааг буруу тодорхойлсон учир шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар шийдвэр, тус аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар тушаал, зохигчийн тайлбар зэргээс үзвэл, М.Е нь ажил олгогчийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр ажлаас буруу халагдаж, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу сургуулийн захирлын тушаалаар 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогджээ. Үүнээс дүгнэвэл, ажилтан М.Е нийт 11 сар, ажлын 7 хоног ажилгүй байсан бөгөөд энэ талаар анхан шатны шүүх буруу тооцож, ажилтны ажилгүй байсан хугацааг нэхэмжлэлд дурдсанаар 11 сар, 11 хоногоор тогтоосон нь үндэслэлгүй болжээ.

            Харин шүүх ажилтны урьд авч байсан цалин хөлсийг үндэслэж түүний нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээг 673396 төгрөгөөр, нэг өдрийн дундаж цалин хөлсний хэмжээг 31320 төгрөгөөр тус тус тогтоосон нь хэрэгт авагдсан ажилтан М.Е-ын цалингийн жагсаалтад үндэслэгдсэн, зөв байна.

 

            Иймээс, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т зааснаар ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд буюу 11 сар, ажлын 7 хоногт нь түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 7626596 төгрөгийг /11 сар х 673396 төгрөг + 7 ажлын хоног х 31320 төгрөг/ ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулж, ажилтан М.Е-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            М.Е нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэхдээ уг шаардлагаа тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлж, 839520 төгрөгийг ажил олгогчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос гаргуулж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг хүсжээ. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн уг тодорхой үнийн дүн бүхий шаардлагыг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв баримталсан боловч “М.Е-ын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг” ажил олгогчид үүрэг болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.-т нийцээгүй байна.

 

            М.Е-ын А000141511 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т  заасныг үндэслэн ажилтны ажилгүй байсан 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 838925 /7626596 х 11 хувь/ төгрөгийг хариуцагч байгууллагын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос гаргуулан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-т зааснаар ажилтны Нийгмийн даатгалын дэвтэрт энэ тухай бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгож, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

            Хариуцагчийн “ажилтны ажилгүй байсан хугацааг шүүх буруу тооцоолж гаргасан” гэсэн гомдол үндэстэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан нийтээр амрах баярын өдрүүдийг ажилтны ажилласан хоногт нь оруулж тооцсон нь буруу гэх гомдол хуульд нийцээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т зааснаар ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд нь түүний дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгохоор хуульчилсан тул хуульд заасан нийтээр амрах баярын өдрүүдийг ажилгүй байсан хугацаанд оруулж тооцохгүй байх хууль зүйн үндэслэлгүй.

 

Түүнчлэн ажлаас халагдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор зэрэг нь хууль зүйн зохицуулалтын хувьд ялгамжтай, өөр өөр эрх зүйн үр дагавар бүхий урьдчилсан нөхцөлтэй, ялгаатай ойлголтууд тул ажилгүй байсан хугацааны олговроос ажилгүйдлийн тэтгэмж болон ажлаас халагдсаны тэтгэмжийг хасаж тооцох хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар ажил олгогчийн гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзээд, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч М.Е нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ажилгүй байсан хугацаа, энэ хугацаанд ногдох урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор зэргийг буруу тооцож, нэхэмжлэлийн үнийн дүнг буруу илэрхийлсэн боловч түүний ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн талуудад хуваарилах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч төсвийн байгууллага тул давж заалдах гомдол гаргахдаа улсын  тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болно.

 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 638 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “7632000 /долоон сая зургаан зуун гучин хоёр мянган/ төгрөгийг” гэснийг “7626596 /долоон сая зургаан зуун хорин зургаан мянга, таван зуун ерэн зургаа/ төгрөгийг” гэж,

 

2 дахь заалтыг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс М.Е-ын ажилгүй байсан 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 838925 /найман зуун гучин найман мянга есөн зуун хорин тав/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэн нөхөн төлүүлж, энэ тухай М.Е-ын Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид үүрэг болгосугай.” гэж,

 

3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс 150398 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Е-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК