Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2466

 

 

Б.Г-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02442 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Н” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.М, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г нь Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазад 1996 онд Цахилгааны инженерийн албан тушаалд томилогдон орсон ба 1997 оноос ерөнхий инженер албан тушаалд томилогдон 2004 он хүртэл ажиллаад Н ХХК хувьчлагдснаар орон тооны цомхотголоор уг ажлаас гарч МТ ХХК-ийн Хөвсгөл салбарын даргаар 2004 онд томилогдон ажиллаж байгаад Н ХХК-ийн Хангай бүсийн захирал н.Батсуурийн хүсэлтийн дагуу 2007 оны 8 дугаар сарын 01-нд Хөвсгөл Нефть хангамжийн салбарын даргын албан тушаалд томилогдон ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 57 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан. “Н” ХХК-ийн дотоод аудитын 2016 оны 3, 4-р улирлын шалгалтаар хөвсгөл Нефть Хангамжийн салбарын санхүүгийн үр дүн, тайлан тэнцлийг Компаний зохих заавар, журмын дагуу материаллаг зөрчилгүй, ШТС-уудын хяналтыг сайжруулсан, Нефть Хангамжийн салбарын бичиг баримтын хөтлөлт сайжирсан эерэг үр дүнтэй ажилласан гэж дүгнэгдсэн байхад ямар нэгэн тайлбаргүйгээр ажлаас чөлөөлсөн. Иймд “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 57 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй, хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн. Б.Г-г зээлээр шатахуун борлуулсан гэж буруутгаж байгаа боловч энэ нь дараа төлбөртэйгээр борлуулсан, компанид хохирол учраагүй гэж үзэж байна. Б.Г нь сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, сахилгын зөрчил гаргаагүй, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргаж байгаагүй тул урьд ажиллаж байсан Хөвсгөл аймаг дах Нефть Хангамжийн салбарын даргын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. “Н” ХХК-ийн аливаа салбарын дарга нь төв компанийн зөвшөөрөлгүй газрын тосны бүтээгдэхүүн /шатахуун/ бусдад зээлээр борлуулах эрхгүй байдаг бөгөөд энэ тухай хөдөлмөрийн контрактын 5 дугаар зүйлийн 5.1.8-д тодорхой тохиролцож, энэхүү үйлдлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн контрактыг цуцлах үндэслэл болгон заасан байдаг бөгөөд Б.Г нь ажиллаж байх хугацаандаа хуулийн этгээд болон хувь хүнд удирдлагын зөвшөөрөл, мэдэгдэлгүйгээр зээлээр бүтээгдэхүүн олгосон. Б.Г нь 7663 ХӨА улсын дугаартай УРАЛ-375 маркийн С ангилалын бор ногоон өнгийн автомашиныг удирдлагын зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан. Б.Г нь дээр заасан автомашиныг ТУЗ-ын шийдвэрээр худалдсан гэж тайлбарладаг боловч худалдах тухай ямар нэгэн шийдвэр гараагүй. Уг автомашиныг Б.Г 9 500 000 төгрөгөөр худалдан, худалдсан мөнгөөрөө өөрийн нэр дээр 8252ХӨА улсын дугаартай Тоёота приус-20 автомашин худалдан авсан тухай тайлбарладаг. Б.Г нь ажил хүлээлцэх үед энэхүү Тоёота приус-20 автомашинаа компанид шилжүүлсэн. Мөн Петровис-Ойл ХХК буюу “Н” ХХК-ийн толгой компанийн дотоод аудитын дүгнэлтээр батлагдсан сэлбэгийн болон урсгал засварын зардал нь зориулалтын дагуу зарцуулаагүй, хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөгөөнд тусгагдаагүй ажилд зарцуулах зэрэг зөрчлүүд гаргасан байсан бөгөөд энэхүү зөрчлүүдээ хүлээн зөвшөөрч уг аудитын дүгнэлтэд гарын үсэг зурсан. Б.Г нь удирдлагын ямар нэгэн зөвшөөрөлгүй компанийн салбар дахь хөрөнгийг дур мэдэн бусдад зарах, шилжүүлэх, хөрөнгө оруулалтыг батлагдсан төлөвлөгөөний бус өөр бусад зүйлд зарцуулах, удирдлагын зөвшөөрөлгүй бусдад зээлээр борлуулалт хийж байгаа зэрэг үйлдлүүд нь компанийн үйл ажиллагаа, явуулж буй бодлогод харшилж байгаа бөгөөд хууль болон хөдөлмөрийн контрактаар тохиролцсон нөхцөлүүдийг зөрчсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр салбарын нэрийн өмнөөс Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газарт “Н" ХХК-ийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт 43 680 м.кв газрын эзэмших эрхийг Нэмэх хасах ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн утга бүхий албан тоотыг хүргүүлсэн байдаг. Энэ газрыг эрх бүхий албан тушаалтны ямар нэгэн шийдвэр, зөвшөөрөлгүйгээр зөвхөн өөрөө дур мэдэн бусдад шилжүүлэхээр ажиллаж байсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Б.Г-г Хөвсгөл аймаг дахь Нефть Хангамжийн салбарын даргын ажилд эргүүлэн тогтоож, НИК ХХК-иас 6 228 416 төгрөг гаргуулан Б.Г-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дээрх цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Г нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78 854 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн буюу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж дүгнэлгүй, нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэл болсон нотлох баримтуудыг шүүхэд хариуцагчийн зүгээс гаргаж өгч, өөрийн тайлбарыг эдгээр нотлох баримтуудад үндэслэн шүүхэд хүргүүлсэн байтал шүүх эдгээр баримтуудыг үгүйсгэж, хариуцагч нь өөрийн тайлбарын үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн контракт гэрээний 5.1-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг зааж өгсөн байхад шүүх "ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг тусгайлан нэрлэж заагаагүй" гэж гэрээний агуулгыг гуйвуулан илт буруу дүгнэсэн. Шүүгч контракт гэрээний 5.1-д “ноцтой" гэсэн үг бичигдээгүй тул 5.1-д заасан зөрчлүүдийг "ноцтой" зөрчил гэж үзэхгүй мэтээр тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Нэхэмжлэгч нь 7663ХӨА улсын дугаартай Урал маркийн ачааны автомашиныг компанийн удирдлагад мэдэгдэлгүйгээр 9 500 000 төгрөгөөр бусдад худалдаж, тэр мөнгөөрөө хувьдаа суудлын автомашин авснаа хүлээн зөвшөөрсөн, энэ зөрчил нь контракт гэрээний 5.1.3-д заасан ноцтой зөрчлийн шинжийг агуулж байхад шүүх энэ талаарх нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр, уг зөрчлийг нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь харилцагчид зээлээр шатахуун борлуулахдаа тус компанийн удирдлагатай бичгээр байгуулсан гэрээг үндэслэх ёстой, гэрээгүйгээр зээлээр борлуулалт хийх нь ажлаас халах ноцтой зөрчил болно гэдгийг мэдсээр байж, гэрээ байгуулаагүй этгээдүүдэд шатахуун зээлээр олгосон, уг зээл нь ажлаас халах тушаал гарахаас өмнө бүрэн төлөгдөөгүйгээс компанид 287 000 000 төгрөгийн авлага үүссэн, энэ зөрчил нь контракт гэрээний 5.1.8-д заасан ноцтой зөрчлийн шинжийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдлийн шинжийг агуулж байхад шүүх энэ талаарх нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр, уг зөрчлийг нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Ажилтныг ажлаас нэг л ноцтой зөрчил хангалттай бөгөөд ажлаас халсан тушаалд дурдсан бусад зөрчлүүдийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Г хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Г нь 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл “Н” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн салбарын даргаар ажиллаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хариуцагч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 57 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 40.1.7, 41.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн контракт гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.8 дахь заалтуудыг баримталж Б.Г-г ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол, түүнчлэн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол, контрактад заасан үндэслэл буй болсон бол, контрактаар ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлахаар зохицуулагджээ.

 

Ажил олгогч нь Б.Г-тэй тухайн байгууллагын салбарын удирдах албан тушаалтны хувьд контрактын гэрээ байгуулсан бөгөөд тэрээр тухайн байгууллагын салбарыг төлөөлж хуулийн этгээд, иргэнтэй эрх зүйн бусад харилцаанд оролцох тул эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ түүнтэй байгуулсан байна.

 

Контрактын гэрээнд нэрлэж заасан зөрчил гарсан тохиолдолд контрактын гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар талууд тохиролцсон бөгөөд уг контрактын гэрээний 5.1.8-д “холбогдох зөвшөөрөл, журмыг зөрчин газрын тосны бүтээгдэхүүн зээлээр борлуулсан” бол зөрчилд тооцож ажлаас чөлөөлөх үндэслэлд хамааруулжээ.

 

Нэхэмжлэгч Б.Г-г ажлаас халах үндэслэлийг “удирдлагын зөвшөөрөлгүйгээр бусдад газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлсэн” гэж тодорхойлсноос үзвэл хэргийн 71 дүгээр тал дахь Хөвсгөл НХС-с авсан шатах тослох материалын тооцоо нийлсэн баримтыг ажил олгогч тушаалынхаа үндэслэл болгосон байна.

 

Уг тооцоо нийлсэн баримтаас үзвэл Б.Г ажил олгогч буюу удирдлагаас зөвшөөрөл авалгүйгээр 2017 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн этгээд, иргэнд шатах тослох материал зээлээр олгож 287 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Хөвсгөл НХС-ын ажил хүлээлцсэн тэмдэглэл, Хөвсгөл НХС-с 2017 оны 4 дүгээр сарын 01-нээс 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хооронд авсан ШТМ-ын тооцоо зэрэг баримтаар тогтоогджээ.

Дээрх зөрчил нь талуудын байгуулсан контрактын гэрээгээр нэрлэж заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн байгууллагын Урал-375 маркийн 76-63 ХӨА улсын дугаартай цистерн автомашиныг өмчлөгчийн буюу ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр бусдад 9 500 000 төгрөгөөр худалдаж, уг мөнгөөр 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өөрийн нэр дээр Тоёота Приус маркийн 82-52 ХӨВ улсын дугаартай автомашин худалдан авсан болох нь хэргийн 61-65 дугаар тал дахь баримтаар тогтоогдсон байна.

 

Ажилтан ажил олгогчоос түүнд олгосон эд хөрөнгө болох Урал-375 маркийн 76-63 ХӨА улсын дугаартай цистерн автомашиныг фондлож сэлбэгт хэрэглэх зориулалтаас өөрөөр ашиглаж зарцуулсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасан өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон гэж үзнэ.

 

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т сахилгын зөрчил гаргаснаас 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан бөгөөд зөрчлийг илэрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацаа нь тусгай хугацаа болох 6 сарын дотор тоологддог тул хариуцагч зөрчлийг илрүүлсэн ч шийтгэл ногдуулах боломжгүй болсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Г нь “Петровис-Ойл” ХХК-ийн дотоод аудитын дүгнэлтээр салбарын хөрөнгө оруулалтын төсвийг зориулалтын бусаар ашигласан буюу төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлуудыг хийсэн нь чанар, стандартын шаардлага хангаагүй, батлагдсан сэлбэгийн болон урсгал засварын зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй байгууллагын өмчлөлийн Урал-375 маркийн автомашиныг худалдаж өөртөө автомашин худалдаж авсан зөрчлийг гаргасан гэх боловч уг зөрчлийн улмаас ажил олгогч эд хөрөнгийн алдагдал хүлээж хохирол учирсан гэх байдал тогтоогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул дараах байдлаар зөвтгөнө. Нэхэмжлэгч Б.Г контрактын гэрээнд нэрлэж заасан ноцтой зөрчлийг гаргасан тул хариуцагч байгуулага түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай Б.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02442 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай Б.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 854 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ