Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2019/ДШМ/39

 

 2019          05            01                                        2019/ДШМ/39

 

Н.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхтэй цахимаар холбогдон хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Э.Тулгаа,

            Шүүгдэгч: Н.Б,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Амарбаясгалан,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Ц,

            Хохирогчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.Бт холбогдох, эрүүгийн 1820000000060 дугаартай 3 хавтас, 705 хуудас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалангийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ БНХАУ-ын ......хотод ажиллаж байсан гэх, ам бүл 3, ээж, эгч нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, ...... дүгээр баг, ........тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Готов овогт Н-н  Б /РД:ЕС........05/-т холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Н.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 7 дугаар хэсгийн 145 дугаар байрны 37 тоотод иргэн Б.ЦБ-тай маргалдаж, улмаар толгойн тус газарт хутгалж, алсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Готов овогт Н-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нэргүйн Б-ийг  8 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийн цагдан хоригдсон 301 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн буйдангийн цэцэгтэй саарал өнгийн бүтээлэг 1 ширхэг, цэнхэр өнгийн BY MAT ALPHA гэсэн бичигтэй цагаан өнгийн нелонон материалтай, хажуу талдаа цахилгаантай гудасны гадар уут 1 ширхэг, ногоон өнгийн дээрээ CCQUI гэсэн бичигтэй баруун хөлийн гэрийн углааш 1 ширхэг, цагаан саарал өнгийн алчуурны тасархай 1 ширхэг, цагаан саарал өнгийн хөшигний тасархай 1 ширхэг, 74х36 см хэмжээтэй цагаан өнгийн модон хавтан 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн хуванцар материалтай аяга мэт зүйлийн хагархайн хэсгүүд, цогцосны зүүн талын халааснаас гарсан Play boy condoms хар өнгийн ууттай задраагүй бэлгэвч 1 ширхэг, Экс нэртэй 0,75 литрийн архины шил 2 ширхэг, Хаан банкны 5365075135 дугаарын данснаас 2018-05-21-ний өдөр 250 000 төгрөгийн зарлага гаргасан баримт 1 ширхэг, Замын-Үүд сумын Наран бөөний төвөөс 2018-05-21-ний өдөр 17 цаг 30 минутад эд зүйл худалдан авсан E баримт 1 ширхэг, бор өнгийн иштэй 18 см урттай хутга 1 ширхэг, саарал өнгийн, энгэр дээрээ зурагтай богино ханцуйтай эмэгтэй хүний фудболка 1 ширхэг, цагаан өнгийн канттай хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, шилэн оймс 1 хос, хар өнгийн богино ханцуйтай эрэгтэй хүний фудболка 1 ширхэг, цагаан өнгийн канттай хар өнгийн шорт 1 ширхэг, цагаан өнгийн хос оймс 1 ширхэг, саарал өнгийн шорт 1 ширхэг, хар өнгийн турсик 1 ширхэг, энгэр дээрээ UNDER ARMOUR гэсэн бичигтэй эрэгтэй хүний хар өнгийн фудболка 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

хар өнгийн НТС маркийн гар утас 1 ширхэг, Michail kors гэсэн бичигтэй шар өнгийн металл оосортой шар өнгийн металл цаг 1 ширхэг, LV гэсэн үсэгтэй цахилгаантай бор өнгийн түрийвч 1 ширхэг, түүний дотор байх Е-1889967 дугаартай Нэргүйн Б гэсэн гадаад паспорт 1 ширхэг, 10 000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 5 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, БНХАУ-ын мөнгөн тэмдэгт 1 юань 1 ширхэг, 1 мо 2 ширхэг, 5 мо 1 ширхэг, Н.Бийн цээж зураг 3 ширхэг, Bank of china гэсэн карт 1 ширхэг, Гоолингоо нэртэй карт 1 ширхэг, нийтийн тээврээр зорчих карт 1 ширхэг, А and А гэсэн бичиглэлтэй карт 1 ширхэг, хятад дугаарын симний үүр 1 ширхэг, хятад ханз бүхий бичиглэлтэй цагаан цэнхэр өнгийн цаас 2 ширхэг зэргийг шүүгдэгч Н.Бт,

цогцосны баруун талын халааснаас гарсан Samsung маркийн гар утас 1 ширхэг, шаргал өнгийн металл зүйлээр хийсэн дөрвөлжин зүүлттэй, улаан өнгийн утастай сахиус мэт зүйл 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цад тус тус буцаан олгохоор,

авто замын шалган нэвтрүүлэх боомтоор С.М, Н.Б нарын орж ирж байгаа бичлэгтэй Сиди 1 ширхэгийг хэргийн хамт хадгалахаар,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Н.Бээс 3 277 484 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 697 096 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Н.Б нь хохиролд     5 000 000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14  хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Н.Б мөрдөн байцаалтанд 3-4 удаа мэдүүлэг өгөхдөө нэг мэдүүлгийг байнга тодорхой өгдөг байсан бөгөөд “тухайн үед амь хохирогч ЦБ намайг хүсээгүй байхад надтай бэлгийн харьцаанд орохоор дайрсан. Тэгээд миний дээр суугаад ам хамрыг дараад миний амьсгалыг боогдуулаад  байсан тул би өөрийгөө хамгаалж, аргагүйн эрхэнд гарт таарсан зүйлээрээ түүний толгой руу цохих шиг болсон. Би гартаа хутга барьсан гэж бодоогүй, түүний толгойноос цус гарах шиг болсон, түүнээс хойшхи зүйлийг би санахгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р хх 19-20/, шүүгдэгч Н.Бийн биед учирсан гэмтлийн 04/076 тоот шинжээчийн дүгнэлтээр “Н.Бийн цээжний зүүн тал, баруун тохойд зулгаралт, баруун тохой,  баруун шууны дотор тал, ахар сүүл, зүүн шилбэний урд дунд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдсон, энэ гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр дээрх гэмт хэргийг хохирогчийн зүгээс шүүгдэгчид хүч хэрэглэсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас бусдыг алсан гэж үзэж байгаа юм. Учир нь шүүгдэгчийн биед учирсан олон тооны гэмтлүүд болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс  гэнэтийн цочролд автсан байх бүрэн магадлалтай юм. Шүүгдэгчид гэмтлийн зэргийг тогтоох боломжгүй ч гэсэн тухайн үед хоорондоо муудалцсанаас үүссэн зулгаралт гэмтлүүдээс шалтгаалж энэ хоёрын хооронд дайралт бусадтай хүчээр бэлгийн харилцаанд орох гэсэн санаа зорилго харагддаг. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан, тухайн үед хохирогчийн өмсөж явсан шортноос хэрэглээгүй бэлгэвч гарч ирсэн байдаг. Үүнээс харахад хохирогч нь шүүгдэгчтэй бэлгийн харилцаанд орох сонирхолтой байсан гэдэг нь харагдаж байна. Иймд шүүгдэгч Н.Бт анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хэрэв шүүгдэгчид оногдуулсан зүйлчлэл, ял тохирсон гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, мөн хавтаст хэрэгт авагдсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна. Би хүн алъя гэж үнэхээр хүсээгүй. Тийм аймшигтай зүйл болно гэж ерөөсөө бодоогүй. Шөнө унтахаар тэр болсон асуудал байнга бодогдоод унтаж чадахгүй байгаа. Гараад ч гэсэн энэ бүгдийг мартаж чадахгүй байх гэж бодож байна. Үнэхээр их харамсаж байна. Хохирогчийн гэр бүлийнхнээс уучлал хүсье гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн материалаас болон шүүгдэгчийн одоо байж байгаа нөхцөл байдал, тухайн үеийн нөхцөл байдлуудаас харахад шүүгдэгчийг тухайн үед хоромхон зуур сэтгэцийн өөрчлөлтөнд орсон гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Шүүгдэгч Б нь амь хохирогчийн толгойн тус газар хутгалчихаад гэрч Мд хэлсэн байдаг. Харин гэрч Мтэй холбогдуулан хэргийг шалгаж өгөөч гэсэн гомдлыг 2 удаа гаргасан байдаг. Ер нь хамтарсан нөхцөл байдал үүссэн юм уу. Үнэхээр Б тухайн үедээ сэтгэцийн ийм байдалд автсан юм уу, үгүй юм уу гэдэг талаар шалгуулсан. Үүн дээр олигтой шалгаагүй ч гэсэн одоо хүртэл хохирогчийн хувьд гомдолтой байдаг. Хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэдгээр ялыг хөнгөрүүлэх боломж байхгүй. М ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хэрэгт холбоотой гэж үзсэн нь хэвээрээ байгаад байгаа. Анхан шатны шүүхэд энэ талаар бид нар гомдол гаргаагүй. Ялын хамгийн доод хэмжээ 8, түүнээс дээш жилийн хорих ял байгаа. Хамгийн бага ялыг л оногдуулсан. Энэ гэмт хэрэг нь тодорхой хэмжээгээр хутга мэс хэрэглэсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэгдсэн гэмт хэрэг. Болгоомжгүйгээр амь нас хохироосон зүйл харагддаггүй. Хохиролд 5 сая төгрөг өгсөн боловч, хохирол төлбөрийг бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Хүний алтан амь үрэгдсэн, хүний амь насыг 7, 8 сая төгрөгөөр үнэлэх боломжгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ер нь бол бид нарын хувьд маш их гомдолтой байгаа. Бт 8 жил оногдуулахад ээж маань “эмэгтэй хүн байна, залуу хүүхэд юм” гээд орхиж байхад шүүгдэгч талаас ялаа хөнгөрүүлье гээд гомдол гаргаад байгаа нь үндэслэлгүй гэв.

Прокурор Э.Тулгаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон байгаа. Шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочирдсон байдал, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх байдал нь нотлогдон тогтоогддоггүй. Шүүх сэтгэц судлалын 10 дугаар дүгнэлтээр Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан. Мэдүүлэг өгөх чадвартай, гэмт хэрэг үйлдэхдээ сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтөнд орсон зүйл байгаагүй гэдгийг тодорхойлсон. Ерөнхийдөө хохирогч, шүүгдэгч нар маргаантай байсан гэж байгаа. Амь хохирогч маань өөрийн эгч рүүгээ залгаад “гэрт хүн агсам тавиад байна. Та хүрээд ирээч ээ” гээд утсаар залгахад цаана нь эмэгтэй хүн хашхирч байсан гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлдэг. Тухайн нөхцөл байдалд хохирогчийн хүч хэрэглээд хүчиндэхийг завдаад, сэтгэцийн өөрчлөлтөнд оруулаад хүн алах гэмт хэргийг үйлдэхэд хүргэсэн гэдэг нөхцөл байдал хэргийн материалаас харагдахгүй байна. Харин ч санаатайгаар хүн алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалангийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Анхан шатны шүүхээс “...Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хууль ёсны,  үндэслэл бүхий болжээ.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтын талаар тодруулбал:

           Хохирогчийн хууль ёсны төлөөлгч Б.Цын мэдүүлэг /1-р хх 43-45, 71-73/, гэрч С.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх 14-18, 65-66, 67-70/, шинжээчийн  2018.05.25-ны өдрийн 04/076 дугаар дүгнэлт, /хх-96/, шинжээчийн 2018.06.06-ны өдрийн 03/014 дугаар дүгнэлт /1-р хх 102-103/, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2018.06.15-ны өдрийн 04/008 дугаар дүгнэлт /1-р хх 115-118/, шүүгдэгч М.Б, гэрч С.М нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3-р хх 57-74/, 2019-03-22-ны өдрийн 32 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /3-р хх 157-171/ зэрэг нотлох баримтын эх сурвалжийг магадлан, дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд:

Шүүгдэгч Н.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 7 дугаар хэсгийн 145 дугаар байрны 37 тоотод иргэн Б.ЦБтай маргалдаж улмаар толгойн тус газарт хутгалж алсан үйл баримт нотлогдож, тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тэдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан шаардлагад нийцсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байх төдийгүй мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэг бүртгэлт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан, тэдгээрийг хавтаст хэргийн материал, шинжээчийн  дүгнэлтүүдтэй танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн, оролцогчоос дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна.

Түүнчлэн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн нь хэрэгт байгаа бусад нотлох баримтаар тогтоогдож байх буюу гэрч С.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нараас мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн нь шүүгдэгчийн мэдүүлэгтэй тохирч байх тул түүний “...бусадтай бүлэглэж, хохирогчийн амь насыг хохироогоогүй, энэ хэргийг ганцаараа үйлдсэн, хохирогчийн ар гэрээс уучлал гуйж байна” гэсэн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...шүүгдэгчийн биед учирсан олон тооны гэмтэл, шүүгдэгчийн мэдүүлгээс харахад тэрээр гэнэтийн цочролд автсан байх магадлалтай учир хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн ялыг хөнгөрүүлэх, хэрэв зүйлчлэл, ял тохирсон гэж үзвэл мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

            Учир нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах нөхцөл байдал нь хохирогчийн зүгээс хийсэн хууль бус тодорхой үйлдлийн улмаас үүссэн байдаг ба энэ хэрэгт шүүгдэгчийн биед зулгаралт, цус хуралт гэмтлийг хохирогчоос өөр этгээд учруулсан гэж үзэх, мөн хохирогчийн зүгээс шүүгдэгчийн амыг дарж, амьсгалыг нь боогдуулж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан гэж үзэх нөхцөл байдал тус тус нотлогдож тогтоогдохгүй байна.

            Харин хохирогч, шүүгдэгч нар хүнд зэргийн согтолттой байсан, тэдгээрийн биеийн өндөр, харьцаа болон хохирогчоос, шүүгдэгч Н.Бтэй үл ойшоосон байдлаар харьцаж байгаагаа өөрийн үйл хөдлөл, үг яриагаар үзүүлж байсан талаар гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн байх тул хохирогчийн хүч хэрэглэсний улмаас шүүгдэгчийн биед  “...цээжний зүүн талд жижиг зулгаралт, баруун тохойд цус хуралт, зулгаралт, баруун шууны дотор талд цус хуралттай, ахар сүүлний хэсэгт цус хуралт, зүүн шилбэний урд дунд хэсэгт цус хуралт” гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр эдгээр гэмтэл учирсан гэж шинжээч дүгнэлтдээ дурджээ.

Мөн хохирогчоос эгч рүүгээ “...хүн агсам тавиад байна гэж” утсаар ярих үед цаана нь шүүгдэгч хашхирч орилоод байсныг гэрч ... Б.Ц, С.М нар мэдүүлснээс үзэхэд хохирогч, шүүгдэгч нар хоорондын таарамжгүй харьцаанаас болж маргалдсан, хохирогчийн буруутай үйлдэл байсныг үгүйсгэх үндэслэлгүй юм.

Хэдийгээр хохирогчийг ёс суртахуунд нийцэхгүй үйлдэл гаргасан гэж үзэхээр боловч түүний үйлдэл шүүгдэгч Н.Бийг сэтгэл санааны гэнэтийн цочролд оруулах хэмжээний хууль бус байжээ гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх буюу дээр дурдсан нөхцөл байдал, тухайн цаг хугацааны хувьд шүүгдэгч Н.Бийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчдсан эсхүл аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл  хохирогчийн зүгээс шүүгдэгчийг сэтгэл санааны гэнэтийн цочролд оруулахаар ямар үйлдэл хийсний улмаас түүнд ямар хор уршиг учирсан болон учирч болох байсныг нотолсон баримтгүй тул шүүгдэгчийг,  хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон гэж үзэхгүй юм.    

Энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой ойлгомжтой дүгнэсэн байх ба анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн төдийгүй шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан түүнд Эрүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулж уг ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцсэний дараа шүүгдэгчээс 3 280 000 төгрөгийг төлсөн /3-р хх-197/ байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...бидэнд учирсан материаллаг хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэснийг магадлалд тэмдэглэж байна.

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалангийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Б 32 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.              

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА