Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 32

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Л.Соёлмаа, ерөнхий шүүгч Л.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч:  Г.Мөнхцогийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Гүнчинд холбогдох “Хохирол 15.200.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отонпүрэв, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, гэрч  Н.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мөнхцог  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие Г.Мөнхцог нь  Сэлэнгэ аймгийн Хушаат суманд цөөн тооны мал хуйгаа өсгөж, арчлах зорилгоор иргэн Жав оврогт Гүнчинг малчнаар авч өөрийн малын төллөх төлийн 50 хувийг цалин хөлс бодож  өгөхөөр тохирч аман хэлцэл хийсэн. 2011 оны  07 дугаар сарын 28-ны өдөр Ж.Гүнчинд итгэж 11 үхэр, 180 хонь, 1 адуу ,  мөн УАЗ-469 маркийн /6960 – ДАА/ улсын дугаартай  автомашиныг хүлээлгэн өгсөн байдаг.  Миний өгсөн малын 50 хувь нь эм төллөх ма байсан. Би өөрийн зүгээс  Ж.Гүнчинд хадлан авах, нүүдэл суудал гээд өөрийн бололцоотой бүхий л  зүйлээр энэ хугацаанд туслаж дэмждэг байсан.  Гэвч 2013 оны  10 сард надтай Гүнчин ирэ уулзаад би малгүй болсон таньд 10 жилийн хугацаанд 6 хонь, 10 үхэр, автомашиныг өгнө гэж гуйсан учир тухайн үед алдагдалтай байсан чинь хүнд байдалд орсон Ж.Гүнчинд туслаж өгий гэсэн дээрх 60 хонь, 10 үхэр, автомашиныг авахаар тохирч хүсэлт гарын үсэг зуруулж авсан. Үүнээс хойш надад  идшинд гэж  2 үхэр, машины мөнгө гэж 900.000 төгрөг төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй. Миний зүгээс тухайн үед шүүх цагдаагийн байгууллагаар явах гэтэл хариуцагч нь  амьдрал ахуй хэцүү  байгааг ойлгооч, 10 жилийн дотор бүх зүйлийг төлж барагдуулна миний  хүүхдүүд бас тусална гэсэн, жил бүр идэшний махыг дааж байна хэмээн хэлдэг боловч өнөөдрийг хүртэл хохиролын ихэнхи хэмжээг төлж барагдуулаагүй байгаа нь миний санхүүгийн байдалд багагүй хүндрэлтэй тусч байна.

Иймд хариуцагчаас авах ёстой  8 үхэр /ханш 1 үхэр 1 сая төгрөг/-ийн төлбөрийг  8.000.000 төгрөг, 60 хонь /1 хонь 100.000 төгрөг/-ийн төлбөр болох 6.000.000 төгрөг, 1 адуу /ханш 1 адуу 600.000 төгрөг/-ны төлбөр 600.000 төгрөг, машины үлдэгдэл төлбөр болох 600.000 төгрөг нийт 15.200.000 төгрөгийг гаргулулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, алтай 27 дугаар гудамжны 160 тоотод оршин суух, Барилга хот байгуулалтын сайдын туслах ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Базаррагчаагийн Отгонпүрэв / РД:/УК-89121477/ - нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; ... иргэн Г.Мөнхцог нь Сэлэнгэ аймгийн Хушаат суманд цөөн тооны мал хуйгаа өсгөж арчлах зорилгоор иргэн Жав овогт Гүнчинг малчнаар авч өөрийн малын төллөх төлийн 50 хувийг цалин хөлс бодож өгөхөөр тохирч аман хэлцэл хийсэн. 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Ж.Гүнчинд итгэж 11 үхэр, 180 хонь, 1 адуу, мөн УАЗ-469 маркын /6960 ДАА/ улсын дугаартай автомашиныг хүлээлгэн өгсөн байдаг. Г.Мөнхцогын өгсөн малын 50 хувь нь мөллөх мал байсан. Нэхэмжлэгчийн зүгээс Ж.Гүнчинд хадлан авах, нүүдэл суудал гээд өөрийн бололцоотой, бүхий л зүйлээр уг хугацаанд туслаж дэмждэг байсан. Гэвч 2013 оны 10 сард Ж.Гүнчин нь нэхэмжлэгч Г.Мөнхцогтой уулзаад би малгүй болсон таньд 10 жилийн хугацаанд 60 хонь, 10 үхэр, автомашиныг өгнө гэж гуйсан учир тухайн үед алдагдалтай байсан ч хүнд байдалд орсон Ж.Гүнчинд туслаж өгий гэсэн дээрх 60 хонь 10 үхэр, автомашиныг авахаар тохирч хүсэлт гарын үсэг зуруулж авсан. Үүнээс хойш идшинд гэж 2 үхэр, машины мөнгө гэж 900.000 төгрөг, төлснөөс өөр төлөлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед шүүх цагдаагийн байгууллагаар явах гэтэл хариуцагч нь амьдрал ахуй хэцүү байгааг ойлгооч, 10 жилийн дотор бүх зүйлийг төлж барагдуулна миний хүүхдүүд бас тусална жил бүр идэшний махыг дааж байна хэмээн хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хохирлын ихэнх хэмжээг барагдуулаагүй байгаа юм. Иймд хариуцагчаас авах ёстой 8 үхэр буюу 8.000.000 төгрөг, 60 хонь буюу 6.000.000 төгрөг, 1 адуу буюу 600.000 төгрөг, машины үлдэгдэл төлбөр болох 600.000 төгрөг нийт 15.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн зүгээс гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчтэйгээ ярилцаж тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж байна. Яагаад гэвэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь 10.400.000 төгрөг байх боломжтой гэж үзээд үлдэгдэл 4.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэх

Хариуцагч Ж.Гүнчин шүүхэд бичгээр / хх – 20 / гаргасан тайлбартаа:  Миний бие Ж.Гүнчин нь  Г.Мөнхцогийн нэхэмжлэлтэй танилцаад  дараах хариу тайлбарыг гаргаж байна.  2011 онд Г.Мөнхцог нь надаар хэдэн тооны  мал авчруулж маллуулсан юм. Гэхдээ хэд гэдгийг  нь сайн санахгүй байна. Үүнийг  нь  тухайн үед  хөтөлсөн хар дэвтрээ харах хэрэгтэй байх. 2001 оны 04 сард 2 удаагийн хүчтэй цасан шуурга буюу зуд болж 60 гаруй  тооны хонь ямаа үхсэн. Үүнийг нь сум орон нутгийн малын эмч ирж үзсэн. Мөн Мөнхцог нь байнга ирж  хонь ямаа нядалж авч явдаг байсан. 2013 онд  идшинд 1 үхэр, 12 хонь, 8 ямаа нядалж  авсан. Үүнээс хойш  2014 оны  12 сарын 28-ны өдөр идшинд  1 үхэр, 5 хонь ямаа өгсөн. 2015 онд 1 үхэр, 4 хонь ямаа өгсөн. Мөн 2016 онд нэг үхэр, 3 хонь ямаа өгсөн. Энэ  мэтээр маш олон  удаа ирж  хонь, ямаа  авч явдаг байсан.  Мөнхцог  шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ  авсан малаа оролцуулахгүйгээр тооцож байгаад гомдолтой байна.  Тэдний малыг  маллахдаа  надад  ашиг  олсон зүйл байхгүй, харин өөрөө эсрэгээрээ  хохирсоор ирсэн. Иймд нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэх

Гэрч; Сэлэнгэ аймаг, Хушаат сумын 1-р багд оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Намсрайн Болдбаатар, РД:/МС-79040414/- нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгдээ;  Ж.Гүнчинг надаас ирж мал авсан болохоор танина. 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Ж.Гүнчинд 180 бог, 11 үхэр, 1 морь  мал хүлээлгэж өгсөн нь үнэн. Г.Мөнхцог гуатай садан төрлийн холбоотой.  Г.Мөнхцогийн малыг өмнө нь би маллаж байсан бөгөөд би өөрийнхөө малыг авч үлдээд Г.Мөнхцогийн малыг Гүнчинд хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн мал дотор өөр хүний мал байхгүй байсан.  180 бог дотроос хэд нь хонь хэд нь ямаа байсныг сайн мэдэхгүй байна. Намайг Г.Мөнхцогийн  малыг малладаг байхад нэр дээр малын А данс байсан. Жил болгоны тооллогоор Г.Мөнхцогийн нэр дээр мал тоологддог байсан гэх.

Шүүх   нэхэмжлэгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл,  шүүхэд бичгээр гаргасан тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар,  хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар,  гэрчийн мэдүүлэг, хавтас хэрэгт зохигчдын гаргаж өгсөн  бичгийн чанартай нотлох баримтууд зэргийг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Мөнхцогийн   тус шүүхэд гаргасан ... хариуцагч Ж.Гүнчингээс 15.200.000 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: нэхэмжлэгч Г.Мөнхцог, хариуцагч Ж.Гүнчин нар нь амаар хэлэлцэн тохирч 2011 оны 7 сарын 28-ны өдөр 11 үхэр, 180 хонь, 1 адууг маллуулахаар өгч, төллөх төлийн 50 хувийг хөлсөнд өгөхөөр, мөн УАЗ-469 маркийн машиныг хамт хүлээлгэн өгсөн боловч 2013 оны 10, 2014 оны 9, 12 сард Ж.Гүнчин эхнэр Өлзийтогтохын хамт дээрх малыг өөртөө хэрэглэж үрэгдүүлсэн тул 10 жилийн хугацаанд  төлж өгөхөөр талуудын хооронд хийгдсэн бичгийн хэлцэл болох хэргийн 4 – 6 дахь талд авагдсан гар бичмэл баримтууд болон шүүх хуралдаанд гэрч Н.Болдбаатарын хууль сануулагдан өгсөн ... Ж.Гүнчинг надаас ирж мал авсан болохоор танина. 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Ж.Гүнчинд 180 бог, 11 үхэр, 1 морь  мал хүлээлгэж өгсөн нь үнэн ... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 8 үхэр /ханш 1 үхэр 1.000.000 төгрөг/ нийт 8.000.000 төгрөг,  60 хонь /ханш 1 хонь 100.000 төгрөг/ 6.000.000 төгрөг, 1 адуу 600.000 төгрөг, машины үлдэгдэл төлбөр 600.000 төгрөг нийт  15.200.000 төгрөгийн хохирол гаргуулахаар   нэхэмжилсэн боловч  шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа ... 4.800.000 төгрөгийн   шаардлагаасаа  татгалзаж, үлдэх 10.400.000 шаардлагыг хангуулахаар   шаардсан ба харин хариуцагч нь  үүнийг эсэргүүцэж, нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр   зөвшөөрөхгүй хэмээн  тайлбарлаж байгаа боловч  үүнийгээ нотлох баримтаар няцааж нотолж чадахгүй байна. Мөн нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаа  дэмжиж шүүх хуралдаанд гаргасан  тайлбараа  давхар нотолсон бичгийн чанартай баримт болох хавтаст хэргийн 4, 5, 6, 65-68, 80-84 дүгээр талд  авагдсан хэлцэл, баталгаа,  шинжээчийн дүгнэлт , үнэлгээний баримт зэргээр нотлогдсон гэж үзнэ. Мөн хэргийн 65-68 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр ... хэргийн 4-р талд авагдсан гар бичмэл /  хэлцэл / баримтыг үйлдсэн будагч бодисын өнгийг шинжлэн дүгнэснээс бус зохигчийн хэн нэгний гөрын үсэг мөн бишийг тогтоосон дүгнэлт биш байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 15 200 000 төгрөгийн хохиролоос түүний татгалзсан хэсэг болох 4 800 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх 10 400 000 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хууль зүйн үүднээс дүгнэхэд; Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т зааснаар ... хариуцагч нь ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх боловч тэрээр гэм буруутай бөгөөд гэм хорыг хариуцах үндэслэлтэй болох нь дээрх баримтаар нотлогдсон гэж үзнэ.   

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн  233.950  төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 10.400.000 төгрөгөнд тохирох 181.350 улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  Ж.Гүнчингээс  10.400.000 төгрөгийг гаргуулж Г.Мөнхцогтод олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 4 800 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 233.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  нэхэмжлэлийн  хангагдсан хэсэг болох 10.400.000 төгрөгөнд тохирох 181.350  улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг  дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон зохигч энэ  хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5 дахь хэсэгт зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн  ирж  шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд гомдол  гаргаж болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.МӨНХЦЭЦЭГ

                                     ШҮҮГЧИД                                     Л.СОЁЛМАА

                                                                                           Л.ЭНХТАЙВАН