Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 17

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                                                                            Хэргийн индекс: 148/2017/00411/И

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                             Шүүгчид                                   С.Энхжаргал

                                                                              Г.Давааренчин

                                                        Оролцогчид

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 32 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох “15.200.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 02 дугаар  сарын 19-ний  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат суманд цөөн тооны малаа өсгөж, арчлах зорилгоор иргэн ******* овогт ******* малчнаар авч өөрийн малын төллөх төлийн 50 хувийг цалин хөлс бодож өгөхөөр тохирч аман хэлцэл хийсэн. 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдөр *******д  11 үхэр, 180 хонь, 1 адуу , мөн УАЗ-469 маркийн /******* *******/ улсын дугаартай автомашиныг хүлээлгэн өгсөн байдаг. Миний өгсөн малын 50 хувь нь эм төллөх мал байсан. Би өөрийн зүгээс *******д хадлан авах, нүүдэл суудал гээд өөрийн бололцоотой бүхий л зүйлээр энэ хугацаанд туслаж дэмждэг байсан. Гэвч 2013 оны 10 сард надтай ******* ирж уулзаад би малгүй болсон таньд 10 жилийн хугацаанд 60 хонь, 10 үхэр, автомашиныг өгнө гэж гуйсан учир тухайн үед алдагдалтай байсан чинь хүнд байдалд орсон *******д туслаж тохиролцоод  60 хонь, 10 үхэр, автомашиныг авахаар тохирч хүсэлт гарын үсэг зуруулж авсан. Үүнээс хойш надад идшинд гэж 2 үхэр, машины мөнгө гэж 900.000 төгрөг төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй. Иймд хариуцагчаас авах ёстой 8 үхэр /ханш 1 үхэр 1 сая төгрөг/-ийн төлбөрийг 8.000.000 төгрөг, 60 хонь /1 хонь 100.000 төгрөг/-ийн төлбөр болох 6.000.000 төгрөг, 1 адуу /ханш 1 адуу 600.000 төгрөг/-ны төлбөр 600.000 төгрөг, машины үлдэгдэл төлбөр болох 600.000 төгрөг нийт 15.200.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... 2011 онд ******* нь надаар хэдэн тооны мал авчруулж маллуулсан юм. Гэхдээ хэд гэдгийг нь сайн санахгүй байна. 2001 оны 04 сард 2 удаагийн хүчтэй цасан шуурга буюу зуд болж 60 гаруй тооны хонь ямаа үхсэн. Үүнийг нь сум орон нутгийн малын эмч ирж үзсэн. Мөн Мөнхцог нь байнга ирж хонь ямаа нядалж авч явдаг байсан. 2013 онд идшинд 1 үхэр, 12 хонь, 8 ямаа нядалж авсан. Үүнээс хойш 2014 оны 12 сарын 28-ны өдөр идшинд 1 үхэр, 5 хонь ямаа өгсөн. 2015 онд 1 үхэр, 4 хонь ямаа өгсөн. Мөн 2016 онд 1 үхэр, 3 хонь ямаа өгсөн. Энэ мэтээр маш олон удаа ирж хонь, ямаа авч явдаг байсан. Мөнхцог шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ авсан малаа оролцуулахгүйгээр тооцож байгаад гомдолтой байна. Тэдний малыг маллахдаа надад ашиг олсон зүйл байхгүй, харин өөрөө эсрэгээрээ хохирсоор ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр  хянан хэлэлцээд 32 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******гээс 10.400.000 төгрөгийг гаргуулж *******тод олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 4.800.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 233.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 10.400.000 төгрөгөнд тохирох 181.350 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:                            Анхан шатны шүүхийн 2018 оны 01-р сарын 17-ны өдрийн 32 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *******гээс 10.400.000 төгрөгийг гаргуулж *******тод олгуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй буруу гэж үзэж байна.  

Нэгдүгээрт: нэхэмжлэгч ******* нь дээрх малын өмчлөгч эзэн нь гэдэг нь тодорхойгүй байна. Аливаа иргэн өөрийн хөрөнгийг бусдаас нэхэмжлэхдээ тухайн хөрөнгийн өмчлөгч мөн гэдгээ нотолж байж бусдаас шаардах эрх үүсдэг. Гэтэл ******* нь нэхэмжлэлд дурдсан 11 үхэр, 180 хонь, 1 адуу, уаз 496 автомашины өмчлөгч гэдгээ нэхэмжлэл гаргахдаа нотлоогүй, дээрх малын “А” дансыг хэрэгт хавсаргаагүй байхад хөрөнгийн өмчлөгч мөн гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч нь өгсөн малынхаа тоог нотлохгүйгээр дурын малынхаа тоог нэрлэсэн ба шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Н.Болдбаатар нь ...180 бог дотроос хэд нь хонь, хэд нь ямаа байсныг сайн мэдэхгүй байна, жил болгоны тооллогоор *******ийн нэр дээр мал тоологддог байсан гэж мэдүүлдэг. Гэтэл ямар учраас тухайн үеийн малынхаа дансыг гаргахгүйгээр нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна.

Хоёрдугаарт: ...Нэхэмжлэгч нь малын үнэлгээг хийхдээ орон нутгийн үнэлгээг хийлгээгүй ба харин ч тус хэргийг шийдвэрлэж буй шүүгчид үнэлгээ хийлгэх хүсэлтийг гаргасан ба хүсэлтдээ...үнэлгээг “Ашид билгүүн” ХХК-аар хийлгүүлж өгнө үү... гэснийг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хараат бус байх зарчмыг зөрчиж хэргийн оролцогчдын нэг талыг барьж нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлэхэд нөлөөлж түүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэрлэсэн хувийн байгууллагыг шүүх томилсон, шүүхээс гарсан захирамжийн дагуу нэхэмжлэгчийн хөрөнгөд “Ашид билгүүн” ХХК үнэлгээ тогтоож хөлсийг нь нэхэмжлэгч төлсөн зэргээс харахад аль алинтай нь ашиг сонирхолын зөрчилтэй байхаар харагдаж байна. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргахдаа ... тусгай мэдлэг шаардлагатай тул шинжээч томилж өгнө үү гэсэн байхад “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үнэлгээ нь тодорхой бус ямар зүсмийн ямар малд үнэлгээ хийж байгаа нь ойлгомжгүй, шинжээч тусгай мэдлэгийнхээ хүрээнд дүгнэлт гаргасан гэдэг нь эргэлзээтэй, зөвхөн хөлс төлж байгаа үйлчлүүлэгчийнхээ хэлсэн дүнгээр тавьсан болох нь эргэлзээтэй байна.

Гуравдугаарт: Нэхэмжлэгч хэргийн 4-р хуудсанд авагдсан хэлцэл гэх баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон гэж үзэж байна. Учир нь шүүхийн шийдвэрт дээрх баримтыг бэхний өнгө солигдсон болохоос хэн нэгний гарын үсэг мөн, бишийг тогтоогоогүй байна гэсэн байна. Хариуцагчийн зүгээс шүүхэд хүсэлт гаргахдаа өөрийн гарын үсгийг биш байна гэж маргаагүй ба хоосон цаасан дээр гарын үсэг зуруулаад явсан харин дараа нь гол агуулгыг нь өөрөө найруулсан бичсэн гэдгийг нотлуулахаар шинжээч томилуулсан ба дүгнэлт нь өөр өөр өнгийн бэхийг сольж бичсэн байна гэж гарсан. Мөнхцогийн гарын үсгийн өнгө солигдсон, хүү *******ын хуриманд зарцуулсан /*******д ******* гэж хүү байхгүй/ гэх зэргээр хариуцагчийн тайлбар нь үндэслэлтэй байна. Мөн хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан баталгаа гэдэг баримтанд *******ийн гарын үсэг байхгүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт нотлох баримтаар дүгнэсэн.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02-р сарын 07-ны өдрийн 32 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан урьд маллуулахаар өгсөн мал, автомашины төлбөр 15.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 10.400.000 төгрөг гэж тодорхойлсныг хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******гээс 10.400.000 төгрөгийг гаргуулж *******тод олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 4.800.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг судлан үзвэл: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын шүүхийн өмнө эрх тэгш байх, зохигчдын мэтгэлцэх зарчим, шүүх хөндлөнгийн байх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зарчмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ. Үүнд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд малын үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтэндээ шинжилгээг ”Ашид билгүүн” ХХК –аар тогтоолгохоор нэр заан тодорхойлж гаргасныг шүүх хангаж, улмаар “Ашид билгүүн” ХХК-ийг  шижээчээр томилж дүгнэлт гаргуулсан байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үнэлгээчин үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээний үндсэн дээр хөрөнгийг үнэлэхээс гадна эрх бүхий этгээдийн шийдвэрээр үнэлгээ хийх талаар заажээ.

Шүүхийн оролцоогүйгээр Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд хүсэлт гаргаж, хөрөнгийн үнэлгээ хийлгэх боломжтой. Ийнхүү хөрөнгөд үнэлгээ хийлгэж байгаа нь түүний шаардлагаа нотлож байгаа хэлбэр бөгөөд уг баримтыг хэргийн оролцогчийн гаргасан бичгийн нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлдэг.

Гэтэл шүүх дээрхи байдлыг харгалзахгүйгээр нэхэмжлэгчийн шинжээч томилох тухай хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгчийн  тухайлан нэр заасан байгууллагыг шинжээчээр томилсон тухай шийдвэр гаргаж улмаар тэрхүү шинжээчийн дүгнэлтийг  шүүхийнхээ шийдвэрийн үндэслэл болгосон нь  хэргийн зохигчдын шүүхийн өмнө эрх тэгш байх, зохигчдын мэтгэлзэх зарчим, шүүх хөндлөнгийн байх зарчмуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар талуудын хооронд тодорхой хэлцлийн үндсэн дээр малаа шилжүүлсэн гэж   мэдүүлсээр байхад тэдний хооронд үүссэн эрх зүйн харилцааг зохигчдын хооронд зөрчлийн улмаас үүрэг үүссэн гэж тодорхойлсон нь буруу болсон байх ба шүүх хэргийн үйл баримт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг сайтар тодруулсаны эцэст энэ байдалд зохих дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн хэргийн үйл баримт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн мөн хэргийн зохигчдын  нотлох баримт бүрдүүлэх ажиллагаанд оролцохдоо тэдгээрийн мэтгэлцэх зарчмыг хангаагүй, шүүх хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь  сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 01  сарын 17-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                      

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН