Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2017/00395/И |
Дугаар | 130/ШШ2017/00568 |
Огноо | 2017-09-08 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 130/ШШ2017/00568
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн багт оршин суух, А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г нэхэмжлэгчийн өмгөөлөгч С, хариуцагчийн өмгөөлөгч Сэ, гэрч Ү, орчуулагч Т, нарийн бичгийн даргаар Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1519500 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2004 онд Ш биеийн тамирын дээд сургуулийг Биеийн тамирын багш-дасгалжуулагч мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй. 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Б ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшаар анх ажилд орж 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажиллаж байсан юм. Ажилласан 9 жилийн хугацаандаа тус сургуульд асар их хөдөлмөр гаргаж, маш олон амжилтуудыг гаргаж ирсэн юм. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр сургуулийн захирал нь надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, намайг ажлаас хөөж гаргасан юм. Би шалтгаангүйгээр ажил таслаагүй ба хөдөлмөрийн гэрээнд заасан ямар нэгэн ноцтой зөрчил эсхүл давтан зөрчил гаргаагүй байхад ажил олгогч өөрийн санаачилгаар намайг ажлаас халж хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчлөө. Өөрөөр хэлбэл, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр аймгийнхаа хүүхдийн спортын их наадамд сургуулийнхаа хүүхдүүдийг дагуулж, дасгалжуулагч багшаар нь ирж оролцсон юм. 2 хоногийн турш хүүхдийн их наадамд оролцуулсан хүүхдүүд маань өндөр амжилт гаргасан юм. 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буюу бүтэн сайны өдөр тэмцээн дуусаж, хүүхдүүд өөрсдийнхөө байрлаж байгаа Өлгийн төвд байдаг хамаатнуудынхаа айлуудруу тарж явсны дараа 4 дүгээр бүрэн дунд сургуулийн багш Ержаны гэрт цай уухаар очсон ба, найз маань амжилтаа тэмдэглэе, бүх ажил дууссан гэж нэг шил архи задалж хамтдаа хувааж ууж, орой такси явах хүртэл амарч байгаад авсан юм. Тэгээд таксийгаар гэртээ очсоны дараа гаргасан амжилтаа ганцаараа тэмдэглэж нэг шил архи уух гэсэн боловч эхнэр маань надад архи уулгахгүй гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар цагдаа дуудан ирүүлж намайг эрүүлжүүлэгт хийсэн. Дараагийн өдөрт нь эхнэрийн маань гомдлоор аймгийн шүүхээс захиргааны шийтгэл хүлээлгэж, 8 хоног баривчлагдсан юм. Би баривчлагдангуутаа сургуулийн дотуур байрны жижүүр, өөрийн төрсөн дүү болох Ж-тай холбоо барьж сургуулийн захиралтай биечлэн уулзаж, болсон нөхцөл байдлыг хэлж, баривчлагдсан хугацаандаа надад цалингүй чөлөө олгож өгөхийг хүссэн хүсэлтээ уламжлахыг хүссэний дагуу дүү маань сургуулийн захирлаас чөлөө хүссэн боловч чөлөө олгохоос үндэслэлгүй татгалзаж, ...би ерөөсөө Бахытжаныг ажлаас гаргана, чөлөө байхгүй... гэж хэлсэн байна. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр баривчлах байрнаас гарангуутаа сургуулийн захиралтай очиж уулзах гэсэн боловч захирал маань хотод семинарт явсан байсан тул түүнтэй утсаар ярихад ... ажлаа хэвийн хийгээд бай...-гэж хэлсний дагуу дараагийн өдрөөс нь эхэлж хэвийн ажиллаад байхад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн гэсэн гарчигтай тушаал өгч намайг ажлаас халсан юм. Үүнд би гомдолтой байна. Би ажлын бус цагаар гэртээ архи ууж, гэр бүлийн дотоод шалтгаанаар сахилгын шийтгэл хүлээсэн. Би аргагүйн улмаас хичээл тасалсан юм. Түүнээс биш шалтгаангүйгээр ажил тасалсан зүйл байхгүй юм. Би өөрөө захиралтай очиж чөлөө авах боломжгүй болсон учраас төрсөн дүүгээрээ дамжуулан цалингүй чөлөө олгохыг хүссэн юм. Сургуулийн дотоод журмаараа ажилтан нь тодорхой шалтгааны улмаас цалингүй чөлөө авах эрхтэй гэж заасан байгаа. Би гэр бүлийн дотоод асуудлаас болж, тодорхой шалтгааны улмаас цалингүй чөлөө хүссэн боловч үндэслэлгүйгээр татгалзаж. Дотоод журамд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй. Захирал намайг урьд өмнө нь менежер байхад нэг биш хоёр ч удаа цаг хорогдсон гэсэн шалтгаанаар /цаг зохицуулах асуудал менежерийн эрх мэдэлд байдаг/ тухайн үеийн захирал тушаал гаргуулж байсан боловч шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдож байсан. Мөн би ажилгүй байсан хугацааны цалин 5 дугаар сарын цалингийн зөрүү 368500 төгрөг /10 хоногийн цалинг хасаж тооцсон/, 6 дугаар сарын цалин 343000 төгрөг, 6 дугаар сард авах 3 сарын урамшуулал 220000 төгрөг, дутуу олгосон амралтын мөнгө 588000 төгрөг нийтдээ 1519500 төгрөгийг шаардаж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Б ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Б ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 1519500 /нэг сая таван зуун арван есөн мянга таван зуун/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Нэхэмжлэгч А нь 2008 оноос 2017 он хүртэл 9 жил тасралтгүй ажилласан. 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б бүрэн дунд сургуулийн захирал нь үндэслэлгүйгээр олон хоног хичээл тасалсан гээд ажлаас халах тухай шийдвэр гаргаж өгсөн. Үүнийг үндэслэлгүй гарсан тушаал гэж үзэж байна. А нь гэр бүлийн дотоод асуудлаас болж 8 хоног баривчлагдсан байсан. Энэ нь өөрөөс нь үл шалтгаалсан байдлаас болж ажил тасалсан. Түүнээс биш шалтгаангүйгээр ажил тасалсан хүн биш гэж үзэж байна. Мөн А нь тухайн үед архи уусан байсан. Гэхдээ сургуулийн орчинд биш бүтэн сайны өдөр гэр бүл болсон хүний найранд очиж архи уусан байсан. Түүнээс гадна захирал Ад өш хонзон санадаг болов уу гэсэн бодолтой байна. Учир нь 2015 оноос 2016 онд Улсын Дээд шүүхээс шийдвэр гараад ажилдаа эргэж орсон. Тухайн үед Аыг ажлаас хална, гаргана гээд дарамталдаг байсан. Энэ 8 хоногийн баривчилгааны үед шууд ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Манай сургуульд ажилгүй хүнийг ажилд оруулах, эдийн засагч мэргэжилтэй хүнийг багшаар ажиллуулж Аы оронд эдийн засагч байсан багш хүнийг тавих санаагаар үйл ажиллагаа хийсэн гэж үзэж байна гэв.
Хариуцагч Б бүрэн дунд сургуулийн захирал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Бахатжанаас тус шүүхэд гаргасан "...Баян-Өлгий аймгийн Б ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Баян-Өлгий аймгийн Б ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1519500 /нэг сая таван зуун арван есөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажил олгогчоос 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 18 тоот тушаалаар А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад ажилтан А нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр архидан согтуурсан үед гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар 8 хоногийн баривчлах захиргааны арга хэмжээ авагдсан байна. Ажил олгогчоос тушаал гаргахад Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 23.14.2, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4, 3.5, 3.8 дахь заалтуудыг үндэслэсэн юм. Ажилтан А нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж 8 хоног баривчлагдсан үед албан ажилдаа ирээгүй ба шалтгаангүй олон хоног ажил тасалсан юм. Тус байгууллагын дотоод журмын Хорин гуравдугаар зүйл. Хөдөлмөрийн сахилга, хариуцлага гэсэн хэсгийн 23.1 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад сахилгын шийтгэл оногдуулах, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, үндсэн нөхцөл бүрдсэн тохиолдолд гэрээг цуцлах, ажил хүлээлцүүлэх, ээлжийн амралтын болон бусад холбогдох тооцоог хийх, халагдсаны тэтгэмж олгох зэрэг асуудлуудыг энэхүү журмаар зохицуулна. 23.2. Багш ажилтнуудад: Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлд заасан сахилгын шийтгэлийг захирлын тушаалаар ногдуулна. 23.3. Дараах тохиолдолд ажилтанг хөдөлмөрийн сахилга зөрчсөн тооцно. Үүнд: 23.6. Багш хичээлийн хуваарьт цагтаа ажлын байранд байгаагүй тохиолдолд тухай цагийн хичээлийг тасалснаар, 2-оос дээш цагийн хичээлийг тасалвал нэг өдрийн ажил тасалснаар тус тус тооцно. 23.4.14 Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн дараах тохиолдолд урьдчилан сануулахгүйгээр тухайн баг, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно: үүнд: 23.14.2 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 өдөр буюу 15 цагаас дээш хичээл заагаагүй тасалсан. Ажилтан А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гурав дугаар зүйлийн 3.5. Хүндэтгэх шалтгаангүйгээр 2 хоног мөн тасалсан цаг нь 2 хоногоос дээш хугацаанд хүрсэн тохиолдолд тус ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой юм. Ингэхээр нэхэмжлэгч А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан сахилгын шийтгэл ногдуулсан юм. Иймд нэхэмжлэгч Ааас тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Б ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Баян-Өлгий аймгийн Б ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1519500 /нэг сая таван зуун арван есөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал өмгөөлөгч Сэ-д шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: А бол өөрөө багш хүн. Биеэ зөв авч явах ёстой. Асуудал гаргаад 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр захиргааны шийтгэл оногдуулсан. Үүгээр 8 хоног ажил тасалсан нь нотлогдож байгаа. Энэ 8 хоногийн баривчлах шийтгэлээ өөрийн биеэр эдэлсэн. Энэ бол ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан биш, гэр бүлийн ямар нэгэн гачигдал биш. Захиргааны арга хэмжээ авагдсан хугацааг нь чөлөөтэй байсан гэж үзэх боломж байхгүй. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар 3-аас дээш хоног тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцож гэрээ байгуулсан. Мөн хүсэлт гаргаж байсан гэсэн. Тэр хүн өөрөө хүсэлт гаргах боломжтой байсан. Хэрвээ хүсэлт гаргалаа гэхэд чөлөө олгох, олгохгүй байх нь захирлын бүрэн эрхийн асуудал юм. Ийм учраас А-н нэхэмжлэл бүхэлд нь үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А нь Б Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1519500 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Баян-Өлгий аймгийн Б Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 23.14.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4, 3.5, 3.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн биеийн тамирын багш А-г багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цуцалсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.
Тус байгууллагын дотоод журмын Хорин гуравдугаар зүйлд Хөдөлмөрийн сахилга, хариуцлагын талаар зохицуулсан бөгөөд 23.14-т Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болох тохиолдлуудыг тусгасан ба 23.14.2-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 өдөр буюу 15 цагаас дээш хичээл заагаагүй тасалсан тохиолдолд урьдчилан сануулахгүйгээр багш, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэжээ.
Ажил олгогчоос ажилтан А-тай 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний гурав дугаар зүйлд гэрээг цуцлах зөрчлүүдийн талаар харилцан тохиролцсон бөгөөд 3.1-д сургуулийн дотоод журмыг ноцтой зөрчсөн, 3.2-т багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, 3.4-т албан тушаал дэрээ танхайрах, үлгэргүй байдал гарган архидан согтуурах, согтуу ирэх, 3.5-д хүндэтгэх шалтгаангүйгээр 2 хоног мөн тасалсан цаг нь 2 хоногоос дээш хугацаанд хүрсэн, 3.8-д гэрээгээр хийсэн үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан үндэслэлүүдээр гэрээг цуцлахаар тусгажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай шийтгэвэрээр нэхэмжлэгч А-г 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр архидан согтуурсан үед гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 хоногоор баривчлах шийтгэл ногдуулж, 16 цагийн албадан сургалтад хамааруулахаар шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч А нь ийнхүү шийдвэрлэсний улмаас 8 хоног ажил тасалсан ба энэхүү үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд тухайн байдлын талаар зохигчид маргаагүй байна.
Хариуцагч А нь архидан согтуурсан үед гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж баривчлах шийтгэл хүлээсэн нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон тул шалтгаангүй ажил тасалсан гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч талаас баривчлах шийтгэл хүлээсэн тул ажилд очих боломж байгаагүй ба энэхүү байдлын талаар ажил олгогч болох сургуулийн захиралд мэдэгдэж дүүгээрээ дамжуулж чөлөө хүссэн боловч чөлөө олгохоос татгалзсан гэж тайлбарлажээ.
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил /цаашид "зөрчил" гэх/ гэж үзнэ гэж заасан байх ба мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 1-д Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, мөрдөн мөшгөсөн, заналхийлсэн, бусадтай харилцахыг хязгаарласан, гутаан доромжилсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, албадан сургалтад хамруулахаар тогтоожээ.
А нь бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журмыг зөрчсөн нь тогтоогдож захиргааны арга хэмжээ авагдсаныг хүндэтгэн үзэх шалтгаанаар ажил тасалсан гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзлээ.
Ажил олгогчоос А-г ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, 3.4-т заасан албан тушаал дэрээ танхайрах, үлгэргүй байдал гарган архидан согтуурах, согтуу ирэх, 3.8-д заасан гэрээгээр хийсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлүүдийг тусгасан боловч энэхүү байдлын талаар нотлох баримтаа ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч А нь чөлөө хүссэн тухай хүсэлтээ ажил олгогчид дүүгээрээ дамжуулан мэдэгдсэн болох нь гэрч Ж-н мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно гэж зааснаас үзэхэд чөлөө олгох эсэх нь ажил олгогчийн бүрэн эрх ба заавал олгох үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй болно.
Иймд А нь хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж Баян-Өлгий аймгийн Б ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгож, биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1519500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Аы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39300 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А-гийн Б Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1519500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39300 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М