Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2017/00637

 

     Аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: К банкны Аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, А, З, Л, Ж, С, П, Ы, Г нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К банкны Аймаг дахь салбарын захирал М.Ержан, хариуцагч С, А, хариуцагч Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б,  хариуцагч З, А, С нарын өмгөөлөгч Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ТА нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэлийн шаардлага: Аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 312 кв.м талбайтай,  дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай газрыг хууль бусаар ашиглаж байгаа нэр бүхий хариуцагч нарын гаражийн обьектуудыг албадан буулгаж, зориулалтын дагуу ашиглахаар газрыг чөлөөлүүлэхийг шаарджээ.

     Нэхэмжлэгч К банкны Аймаг дахь салбарын захирал Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага өөрийн ажилчдын хэрэгцээнд 24 айлын орон сууцны барилга барих зориулалтаар аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 146 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, ******нэгж талбарын дугаартай 312 м кв газрыг Газрын албатай гэрээ байгуулан ****дугаартай гэрчилгээгээр хуулийн дагуу үүргээ биелүүлэн газрын татварыг тогтмол төлж эзэмшиж байгаа.

     Хэдий тийм боловч уг газарт иргэд дур мэдэн хууль бусаар автомашины гараж барьж ашиглаж, эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглах боломж олгохгүй бидний эрхийг зөрчиж байна. Уг асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд бид аймгийн Засаг даргад хүсэлт гаргаснаар хууль бусаар ашиглаж байгаа иргэдээс газрыг албадан чөлөөлөх тухай 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 173 дугаар захирамж гарсан.

     Энэхүү захирамжийн дагуу үүрэг болгосон этгээдүүдэд хандан газар чөлөөлүүлэх тухай шаардлага тавьж арга хэмжээ авсан ч үр дүнгүй бөгөөд хууль бусаар манай газрыг эзэмшиж бидний эрхийг зөрчиж байгаа иргэд газар чөлөөлөх тухай бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй байна.

     Манай байгууллагын хуулийн дагуу эзэмшиж байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 312 кв.м талбайтай, ****дугаар гэрчилгээтэй, ******нэгж талбарын дугаартай газрыг хууль бусаар ашиглаж байгаа нэр бүхий хариуцагч нарын гаражийн обьектуудыг албадан буулгаж, зориулалтын дагуу ашиглах бидний эрхийг хамгаалж газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгч К банкны Аймаг дахь салбарын захирал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Манай К банкны Аймаг дахь салбар нь аймгийн Засаг даргад хууль журмын дагуу хүсэлт гаргаж аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 144 дугаартай захирамжаар Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 312 м.кв талбайтай газрыг 24 айлын орон сууц барих зориулалтаар газар эзэмшсэн. Энэ газрыг зориулалтын дагуу ашиглахад нэр бүхий хариуцагч нар хууль бусаар гараж барьж ашиглаж байгаа. Тэрийгээ буулгахгүйгээр газар чөлөөлөхгүйгээр бидний эрхийг зөрчиж байгаа. Тийм учраас хууль ёсоор ашиглаж байгаа газраас хууль бусаар ашиглаж байгаа иргэдийн газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 312 кв.м талбайтай, ****дугаар гэрчилгээтэй, ******нэгж талбарын дугаартай газрыг хууль бусаар ашиглаж байгаа нэр бүхий хариуцагч нарын гаражийн объектуудыг албадан буулгаж, зориулалтын дагуу ашиглахаар газрыг чөлөөлүүлэхийг хүсэж байна гэв.

     Хариуцагч А, С, З нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг шүүхэд хариуцагчаар татагдсан А, С, З нар бид К банкны Аймаг дахь салбараас тус шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. А, С, З нар бид дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

     1. Бид нийтийн эзэмшлийн газарт автомашины гарааш барьсан газар нь К банкны нэхэмжлэлд дурдсан ******дугаар бүхий нэгж талбарын дугаартай 312 кв.м газартай холбогдолгүй газар гэж үзэж байна. Бидний барьсан автомашины гарааш нь бидний амьдарч буй 8 айлын орон сууцны хананд наалдсан байрлалтай юм. Бид уг маргаан бүхий газарт анх автомашины гарааш барихад К банкны зүгээс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, тухайн газарт авто гарааш барьж болохгүй гэсэн шаардлага тавиагүй юм.

     2. Бид хувиасаа олон сая төгрөгийн хөрөнгө зарцуулан үл хөдлөх эд хөрөнгө буюу автомашины гарааш барихад зарцуулсан юм. Хэрвээ бидний өмчлөлийн автомашины гараашыг албадан нүүлгэх асуудал гарвал ирээдүйд эдийн засгийн хохирол хүлээх эрсдэлтэй. Ирээдүйд гарах эдийн засгийн хохирлыг хэн хариуцах болж байна. Уг маргаан бүхий газарт К банкны Аймаг дахь салбар нь орон сууцны барилга байгууламж барьсан тохиолдолд бидний одоо амьдарч буй 8 айлын орон сууцны цонхыг хаах, нарны гэрэл тусахгүй байх сөрөг талтай юм. Энэхүү үйл ажиллагаа явагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллага барилга барих зөвшөөрөл олгохгүй шүү дээ. Иймээс нэхэмжлэгч анхнаасаа уг газрыг орон сууц барихаар эзэмшилд авсан боловч бодит байдалд орон сууцны барилга байгууламж барих техникийн үндэслэлгүй юм.

     3. Нэхэмжлэгч уг газрыг өөрийн эзэмшилдээ хууль ёсоор аваад бараг 9 жил болж   байгаа боловч орон сууц барилга баригдаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар эзэмшил газрыг 2 жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болох үндэслэл болно.

     4. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 24 дүгээр тогтоол болон “Өлгий сумын инженер шугам сүлжээ бүхий хэсэг дэх нийтийн эдэлбэр газар”-ыг заасан хавсралт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 392 дугаар захирамж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Журам батлах тухай” 96 дугаар тогтоол болон түүний хавсралт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Комисс байгуулах тухай” 199 дүгээр захирамжаар К банкны Аймаг дахь салбарт эзэмшүүлсэн 312 м.кв газар нь орон сууцанд амьдарч буй оршин суугчдын дундын эзэмшлийн газар болох нь тогтоогдож байна.

     5.  Аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр “...Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар К банкны Аймаг дахь салбарын эзэмшил газрыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн   шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн. Одоо Аймаг дахь Сум   дундын шүүхийн 2013 оны 346 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Энэхүү тогтоогдсон нөхцөл байдал нь К банкны Аймаг дахь салбарын эзэмшлийн 312 м.кв газраас албадан нүүлгэх асуудал хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.

     6.  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 168 дугаар захирамжаар Өлгий сумын төвийн нийтийн зориулалттай   орон сууцнуудад газрын байршил, хэмжээг схем зургийн хамт баталж, улмаар “Береке” сууц өмчлөгчдийн холбоонд хууль журмын дагуу хувийн хэрэг нээж газар ашиглах эрхийг баталгаажуулсан байна. Энэ нь өмнөх хавтаст хэрэгт авагдсан орон сууцнуудын газрын байршил, хэмжээ, схем зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

     7. Анхан шатны шүүхээс уг маргаан бүхий газарт үзлэг хийхэд өөр нэг этгээдийн барьсан орон сууц байрлаж буй газар нь К банкны маргаан бүхий газартай зохих хэмжээгээр давхацсан болох нь тогтоогдсон байна. Хариуцагч А, С, З нар бид ойрын үед өмгөөлөгчөөр дамжуулан өмнө шийдвэрлэгдсэн иргэний    хэргээс холбогдох нотлох баримтуудыг шүүхэд хуулбарлан гаргаж өгөх юм.

     Иймд К банкны Аймаг дахь салбарын “Манай байгууллагын хуулийн дагуу эзэмшиж байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байршилтай, 382 кв.м талбайтай, ****дугаартай гэрчилгээтэй, ******нэгж салбарын дугаартай газрыг хууль бусаар ашиглаж байгаа нэр бүхий хариуцагч нарын гаражийн обьектуудыг албадан буулгаж зориулалтын дагуу ашиглах бидний эрхийг хамгаалж газрыг чөлөөлж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     Хариуцагч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эзэмшиж байгаа гарааш бол анх 2011 онд баригдсан. Тухайн үед гарааш барьж байхад ямар нэгэн байгууллага, хувь хүнээс энэ газар банкны газар, битгий барь гэсэн асуудал гаргаагүй учраас гараашаа барьж ашиглаж байгаа. К банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

     Хариуцагч С: Би К банкны Аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл миний бие 2007 онд Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай 2-60 айлын орон сууцны 13 тоот байрыг худалдаж өмчлөлдөө авсан. Мөн хүн болгон мэднэ. 2-60, 3-60 айлын урд байгаа амбаар, гараашууд бол намайг хүүхэд байхаас байсан. Өөрөөр хэлбэл уг амбаар, гараашууд байрлаж байгаа газар бол уг хоёр орон сууцны нийтийн эзэмшлийн газар юм. Хуулийн дагуу ч тийм байгаа. Холбогдох гарсан эрхийн актууд нь ч байгаа. Тийм учраас энэ газрыг нийтийн орон сууц эзэмшиж байгаа хүмүүс ашиглаж хэрэглэх эрх зүйн орчин нь байгаа.

     Миний бие орон сууц авсан болохоор унаж хэрэглэж байгаа машиныг хадгалуулахаар хуучин байсан гараашуудад залгаа гарааш барьсан. Намайг гарааш барьж байхад хэн ч надад миний газарт битгий гарааш барь гэдэг асуудлыг тавиагүй. Тэр гараашийг ганц цагийн дотор бариагүй. Хоёр сарын хугацаанд барьсан. Тэр үед хэн нэгэн ирж энэ газар бол минийх, битгий барь гэсэн бол ухамсартай хүний хувьд тэгж дур мэдэн барихгүй байсан. Тэгээд гараашаа 2008 онд бараад одоо хүртэл ашиглаж байгаа. Тэгж байсан чинь 2014, 2015 онд шүүхээс ийм нэхэмжлэл ирсэн. Бидний 6 жил ашигласан гараашийн доор байгаа газрыг гэнэт бидний газар гэж орж ирсэн учраас мэдээж шүүхийн байгууллагад хандаж явсан. Харамсалтайн бидний асуудлыг шүүхээс шударгаар шийдэж өгөөгүй. Нэгэнт гурван шатны шүүхийн шийдвэр гарсан учраас бид нар давж заалдах эрхгүй болсон. Уг асуудлаар захиргааны журмаар маргах явцад хариуцагч болох аймгийн Засаг дарга бидний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

     Гэхдээ шүүхийн шийдвэр гуравдагч этгээдийн талд гарсан. Ийм шийдвэр гарсанд одоо хүртэл харамсаж явдаг юм. Мэдээж гараашийг барихад зохих хэмжээний мөнгө төгрөг гаргасан. Одоо ийм гараашийн зах зээлийн үнэлгээ нь 3,4 сая төгрөг байгаа. Одоо бол энэ хөрөнгөө нэхэмжлэгчийн хэлснээр зүгээр л нураагаад хаячихмааргүй байна. Зөвхөн би биш, энд хариуцагчаар оролцож байгаа 9 хүний ийм байгаа. Мөн энэ хүний тайлбарлаж байгаагаар энэ газрыг 2008 онд авсан юм байна. Тэгээд 2014 он хүртэл 6 жил хаанаа байсныг би мэдэхгүй юм байгаа. Хоёрдугаарт энэ хүний хэлж байгаа газраас 2009 онд А,Е гэдэг хүн газар эзэмшиж авсан. Мөн 2012 онд Е гэдэг хүн орон сууц барих газрыг өмчлөлд авсан. Энэ хоёр газарт одоо орон сууц баригдсан байгаа. Нэгэнд нь хариуцагч Аийн байр байрлаж байгаа. Энэ хоёр орон сууцны газар бол нэхэмжлэгчийн хэлж байгаа газартаа давхацсан байгаа. Үүнийг бас би ойлгохгүй байгаа. Уг нь Газрын тухай хуульд хоёр хүнд өгч байгаа газрыг давхцуулахыг хориглосон байдаг. Тэгсэн мөртлөө бүхэл бүтэн 2 орон сууцны газар давхцаж байгааг ойлгохгүй байна. Ер нь энэ хоёр орон сууцны газарт энэ хүний газар нь байж байгаа юм биш үү гэдэг бодол төрж байна. Хоёрдугаарт нийтийн эзэмшлийн орон сууцанд залгаа объект барих зөвшөөрлийг бид нарт олгосон байгаа. Тэр талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн байж л байгаа.

     Өлгий сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан тогтоол болон Өлгий сумын Засаг даргаас гарсан захирамж байгаа. Үүний дагуу би биш юм аа гэхэд А гэдэг хүн өөрийнхөө нийтийн эзэмшлийн орон сууцны эдлэх ёстой газраа эзэмшиж гараашаа барьсан. Энэ 9 гараашийг нурааж хаяснаар энэ асуудал дуусахгүй. Яагаад гэвэл бидний 9 гараашийн харалдаа 9 хүний гарааш байгаа. Тэр хүмүүсийн асуудал яг биднийх шиг хөндөгдөнө. Мөн 2 орон сууцанд байгаа 16 айлын эрх ашиг хөндөгдөнө. Яагаад гэвэл яг тэнд 24 айлын орон сууц барих гээд байгаа. Тийм учраас би хэзээ ч гараашаа нураалгахыг хүсэхгүй байна гэв.

     Хариуцагч Х.Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б: Би Ж-ийн гараашийг 2014 оноос хойш ашиглаж байгаа. Энэ гараашийг анх 2008 онд барьж байхад К банкнаас энэ газарт гарааш барьж болохгүй, бидний гарааш гээд ямар нэгэн шаардлага тавьж байгаагүй. Энэ гараашийг барихад тодорхой хугацаа шаардагдана. Ганц хоёр өдөрт барьж дуусгаагүй. Тэр үед шаардлагаа тавьж болиулахгүй яасан бэ. Тэр гараашийг барихад тодорхой хэмжээний мөнгө төгрөг, хүч хөдөлмөр зарцуулсан байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

     Хариуцагч Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: К банк 24 айлын орон сууц барих гээд 8 гаражийн газрыг булаацалдаад байх юм. Бидний харалдаа гаражийн эзэд хаалга хаалгаж бариулахгүй шүү дээ.

     Ямар ч барилга барих боломжгүй газар гэдгийг л хэлмээр байна. Капитрон банзны салбарын захиралаас ахмад хүний хувьд хүсэхэд 8 хүний нийтийн эзэмшлийн газраас хэрэглэж байгаа өчүүхэн газрыг булаацалдахгүй болчихооч гэмээр байна гэжээ. 

 

      Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

     Нэхэмжлэгч К банк нь хуулийн дагуу эзэмшиж байгаа Баян-Өлгий аймгийн 5-р багт байршилтай 312 кв.м талбайтай газрыг хууль бусаар эзэмшиж байгаа А, З, Л, Ж, С, П, Ы, нарын эзэмшлээс чөлөөлж өгөхийг хүссэн байна.

     Хариуцагч А, С, З, Г нар нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбарласан ба хариуцагч Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ. Хариуцагч Л, Ы, П, Ж нарт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан өгч эрх үүргийг нь тайлбарлан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул тэдний эгүйд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

     Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн  дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар Баян-Өлгий аймгийн газар зохион байгуулалтын болон хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу Өлгий сумын 5-р багт 2 дугаар 60 айлын орон сууцны зүүн урьд талаас 312 м.кв газрыг К банкинд 40000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд нийтийн 24 айлын орон сууц барих зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын дээрх захирамжийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Газрын албанаас 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдөр К банк ХХК-д нэгж талбарын ******дугаар бүхий Өлгий сумын 5-р баг, Гаалийн орон сууцны хойд талд  312 м.кв газрыг 30 жилийн хугацаатай, нийтийн 24 айлын орон сууц барих зориулалтаар аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

     Энэхүү байдлаас үзэхэд нэхэмжлэгч К банк ХХК-д газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасантай нийцсэн байна.

     К банкны эзэмшлийн газрын зарим хэсэгт хариуцагч нар болох А, С, Д, Ж, З, Х, Г, нар нь автомашины гараж барьсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

     Хариуцагч нараас уг маргаан бүхий газарт анх автомашины гараж барихад К банкны зүгээс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, тухай газарт авто гарааж барьж болохгүй гэсэн шаардлага тавиагүй болно гэж тайлбарлажээ.

     Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан байх ба хариуцагч нар нь хуульд заасан үндэслэлээр газар эзэмшсэн талаар нотлох баримтгүй тул дээрх тайлбар нь үндэслэлгүй болно. Хариуцагч нараас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 168 дугаар захирамжаар Өлгий сумын төвийн нийтийн зориулалттай газрын байршил, хэмжээг схем зургийн хамт баталж, улмаар Береке сууц өмчлөгчдийн холбоонд хууль журмын дагуу ашиглуулахаар баталгаажуулсан, уг маргаан бүхий газарт өөр нэг этгээдийн барьсан орон сууц байрлаж байгаа  гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үйл баримтын талаар Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай хүчин төгөлдөр шийдвэр байгаа болно.

     Иймд Капитрон  ХХК-ийн эзэмшлийн Өлгий сумын 5-р багт байршилтай 312 м.кв талбайтай газрыг хариуцагч А, З, Л, Ж, С, П, Ы нарын нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-д заасныг тус тус баримтлан К банк ХХК-ийн эзэмшлийн Өлгий сумын 5-р багт байршилтай 312 м.кв талбайтай газрыг хариуцагч А, З, Л, Ж, С, П, Ы нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Капитроны банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А, З, Л, Ж, С, П, Ы нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК-д олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

     4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         М