Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2017/00142

 

“К ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 637 дугаар шийдвэртэй, “К ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А, Ас, М, Ж, М, Х, Жа, Г нарт  холбогдох иргэний хэргийг хариуцагч А, Ас, М нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, хариуцагч А, Ас, М нарын өмгөөлөгч С нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 312 кв.м талбайтай, 0173747 дугаар гэрчилгээтэй, 031304259 нэгж талбарын дугаартай газрыг хууль бусаар ашиглаж байгаа нэр бүхий хариуцагч нарын гараашийг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх” тухай.  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Манай байгууллага өөрийн ажилчдын хэрэгцээнд 24 айлын орон сууцны барилга барих зориулалтаар аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 146 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 031304259 нэгж талбарын дугаартай 312 м.кв газрыг газрын албатай гэрээ байгуулан 0173747 дугаартай гэрчилгээгээр хуулийн дагуу үүргээ биелүүлэн газрын татварыг тогтмол төлж эзэмшиж байгаа боловч уг газарт иргэд дур мэдэн хууль бусаар автомашины гарааш барьж ашиглаж, эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглах боломж олгохгүй бидний эрхийг зөрчиж байна. Уг асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд бид аймгийн Засаг даргад хүсэлт гаргаснаар хууль бусаар ашиглаж байгаа иргэдээс газрыг албадан чөлөөлөх тухай 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 173 дугаар захирамж гарсан бөгөөд уг захирамжийн дагуу үүрэг болгосон этгээдүүдэд хандан газар чөлөөлүүлэх тухай шаардлага тавьсан боловч  шаардлагыг хүлээж авахгүй байна. Иймд нэр бүхий хариуцагч нарын гараашийг албадан буулгаж, зориулалтын дагуу ашиглах бидний эрхийг хамгаалж газрыг чөлөөлүүлж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч А, Ас, М нарын хариу тайлбарт: “Бид дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

1. Бидний гарааш барьсан газар нь нэхэмжлэлд дурдсан 312 кв.м газартай холбогдолгүй газар бөгөөд уг гарааш нь бидний амьдарч буй 8 айлын орон сууцны хананд наалдсан байрлалтай. Бид уг маргаан бүхий газарт анх автомашины гарааш барихад К ны зүгээс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, шаардлага тавиагүй. 

2. Бид хувиасаа олон сая төгрөгийн хөрөнгө зарцуулан автомашины гарааш барьсан. Албадан нүүлгэх асуудал гарвал ирээдүйд эдийн засгийн хохирол хүлээх эрсдэлтэй бөгөөд үүнийг хэн хариуцах болж байна. Уг газарт 8 айлын орон сууцны цонхыг хаах, нарны гэрэл тусахгүй байх сөрөг талтай. Ийм тохиолдолд мэргэжлийн байгууллага барилга барих зөвшөөрөл олгохгүй бөгөөд бодит байдалд орон сууцны барилга байгууламж барих техникийн үндэслэлгүй. 

3. Нэхэмжлэгч уг газрыг өөрийн эзэмшилдээ хууль ёсоор аваад бараг 9 жил болж байгаа боловч орон сууц барилга баригдаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар эзэмшил газрыг 2 жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болох үндэслэл болно. 

4. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 24 дүгээр тогтоол болон “Өлгий сумын инженер шугам сүлжээ бүхий хэсэг дэх нийтийн эдэлбэр газар”-ыг заасан хавсралт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 392 дугаар захирамж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Журам батлах тухай” 96 дугаар тогтоол болон түүний хавсралт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Комисс байгуулах тухай” 199 дүгээр захирамжаар К ны Баян-Өлгий аймаг дахь салбарт эзэмшүүлсэн 312 м.кв газар нь орон сууцанд амьдарч буй оршин суугчдын дундын эзэмшлийн газар болох нь тогтоогдож байна. 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр К ны Баян-Өлгий аймаг дахь салбарын эзэмшил газрыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Энэхүү тогтоогдсон нөхцөл байдал нь К ны Баян-Өлгий аймаг дахь салбарын эзэмшлийн 312 м.кв газраас албадан нүүлгэх асуудал хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.

6. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ”Газар эзэмшүүлэх тухай” 168 дугаар захирамжаар Өлгий сумын төвийн нийтийн зориулалттай орон сууцнуудад газрын байршил, хэмжээг схем зургийн хамт баталж, улмаар “Б” сууц өмчлөгчдийн холбоонд хууль журмын дагуу хувийн хэрэг нээж газар ашиглах эрхийг баталгаажуулсан байна. Энэ нь өмнөх хавтаст хэрэгт авагдсан орон сууцнуудын газрын байршил, хэмжээ, схем зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

7. Анхан шатны шүүхээс уг маргаан бүхий газарт үзлэг хийхэд өөр нэг этгээдийн барьсан орон сууц байрлаж буй газар нь К ны маргаан бүхий газартай зохих хэмжээгээр давхацсан болох нь тогтоогдсон байна. Хариуцагч А, Ас, М бид ойрын үед өмгөөлөгчөөр дамжуулан өмнө шийдвэрлэгдсэн иргэний хэргээс холбогдох нотлох баримтуудыг шүүхэд хуулбарлан гаргаж өгнө. 

Иймд К ны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Г-ийн хариу тайлбарт: “К 24 айлын орон сууц барина гээд 8 гараашийн газрыг булаацалдаад байх юм. Бидний харалдаа гараашуудын эзэд хаалгаа хаалгаж барилга бариулахгүй. Барилга барих ямар ч боломжгүй газар. К ны захирал Е-д ахмад хүний хувьд хүсэхэд 8 хүний нийтийн эзэмшлийн газраас хэрэглэж байгаа өчүүхэн газрыг булаацалдахаа больчхооч гэмээр байна.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 637 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-д заасныг тус тус баримтлан К ХХК-ийн эзэмшлийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 312 м.кв талбайтай газрыг хариуцагч А, М, Ж, Х, Ас, Ма, Жа, Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэжээ. 

Хариуцагч А, Ас, М нарын давж заалдах гомдолд:  “Анхан шатны шүүх иргэний хэргийг хянан хэлэлцэхэд Иргэний болон Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд:  

1. А, Ас, М бидний автомашины гарааш барьсан газар нь К ны нэхэмжлэлд дурдсан 031304259 дугаар бүхий нэгж талбарын дугаартай 312 кв.м газартай холбогдолгүй газар гэж үзэж байна. Бидний барьсан автомашины гарааш нь бидний амьдарч буй 8 айлын орон сууцны хананд наалдсан байрлалтай. Бид уг маргаан бүхий газарт анх автомашины гарааш барихад К ны зүгээс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж, шаардлага тавиагүй. 

2. Нэр бүхий иргэд бид хувиасаа сая сая төгрөгийн хөрөнгө зарцуулан автомашины гарааш барихад зарцуулсан. Хэрвээ гараашийг албадан нүүлгэх асуудал гарвал эдийн засгийн хохирол хүлээх эрсдэлтэй бөгөөд үүнийг хэн хариуцах болж байна. Уг газарт орон сууцны барилга байгууламж барьсан тохиолдолд бидний одоо амьдарч буй 8 айлын орон сууцны цонхыг хаах, нарны гэрэл тусахгүй байх сөрөг талтай. Энэ тохиолдолд мэргэжлийн байгууллага барилга барих зөвшөөрөл олгохгүй. Барилгын тухай хуульд тухайн газарт барилга байгууламж барих тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч улаан шугамыг татахыг зөвшөөрсөн байх ёстой. Гэтэл хэрэгт нэхэмжлэгч тухайн маргаан бүхий газарт барилга байгууламж барих талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байна.

3. Нэхэмжлэгч уг газрыг эзэмшээд 10 жилийн нүүр үзэж байгаа боловч зориулалтын дагуу ашиглаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар эзэмшил газрыг 2 жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох үндэслэл болно.

4. Иргэний хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 24 дүгээр тогтоол болон “Өлгий сумын инженер шугам сүлжээ бүхий хэсэг дэх нийтийн эдэлбэр газар”-ыг заасан хавсралт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай’’ 392 дугаар захирамж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Журам батлах тухай" 96 дугаар тогтоол болон түүний хавсралт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Комисс байгуулах тухай" 199 дүгээр захирамжаар К ны Баян-Өлгий аймаг дахь салбарт эзэмшүүлсэн 312 м.кв газар нь орон сууцанд амьдарч буй оршин суугчдын дундын эзэмшлийн газар болох нь тогтоогдож байна.

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр "...Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар К ны Баян-Өлгий аймаг дахь салбарын эзэмшил газрыг ”Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдал нь К ны Баян-Өлгий аймаг дахь салбарын эзэмшлийн 312 м.кв газраас албадан нүүлгэх асуудал хууль зүйн үндэслэлгүй болохыг давхар нотолж байна.

6. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай" 168 дугаар захирамжаар Өлгий сумын төвийн нийтийн зориулалттай орон сууцнуудад газрын байршил, хэмжээг схем зургийн хамт баталж, улмаар “Береке” сууц өмчлөгчдийн холбоонд хууль журмын дагуу хувийн хэрэг нээж газар ашиглах эрхийг баталгаажуулсан байна. Энэ нь өмнөх хавтаст хэрэгт авагдсан орон сууцнуудын газрын байршил, хэмжээ, схем зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

7.Анхан шатны шүүхээс үзлэг хийхэд өөр хүний барьсан орон сууцны барилга байгууламж байрлаж буй газар нь К ны Баян-Өлгий аймаг дахь салбарын маргаан бүхий газартай зохих хэмжээгээр давхацсан болох нь тогтоогдсон болохоор маргаан бүхий газарт орон сууц барих ямар ч боломжгүй нь тодорхой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “К ” ХХК нь хариуцагч А, М, Ж, Х, Ас, Ма, Жа, Г нарт холбогдуулан тус банкны эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Гаалийн орон сууцны хойд талд байрлах 312 м.кв талбайтай газрыг чөлөөлүүлэх, уг газар дээрх хариуцагч нарын гараашийг албадан буулгах тухай нэхэмжлэл гаргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож хэрэглээгүй, нэхэмжлэгчийн “уг газар дээрх байгууламжийг /гарааш/ албадан буулгах” тухай шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан зэрэг нь шийдвэр хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан байх тул давж заалдах шатны шүүх хуульд зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэж, дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав. 

1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 146 дугаар захирамж , аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0173747 дугаар гэрчилгээ , 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ  зэргээс үзвэл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4.-т зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Гаалийн орон сууцны хойд талд байрлах 312 м.кв талбайтай газрыг нэхэмжлэгч “К ” ХХК нь нийтийн 24 айлын орон сууц барих зориулалтаар, хууль ёсоор эзэмшдэг нь нотлогджээ. 

Хариуцагч А, М, Ж, Х, Ас, Ма, Жа, Г  нар  нэхэмжлэгчийн эзэмшлийн уг газар дээр автомашины гарааш барьж ашиглан, “К ” ХХК-ийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж, Газрын тухай хуулийн  дээрх заалтуудыг зөрчин хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа нь зохигчийн тайлбар, үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан зураглал , Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 173 дугаар захирамж зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна. 

Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан “анх гарааш барихдаа К наас шаардлага тавиагүй, уг газарт орон сууц барих боломжгүй, газрыг хоёр жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, уг газар нь нийтийн эдэлбэрийн газарт хамаарна, шүүх уг маргааныг шийдвэрлэж байсан хүчин төгөлдөр шийдвэртэй, уг газартай өөр нэгэн этгээдийн орон сууц барьсан газар нь давхцаж байгаа” гэх тайлбар нь хууль зүйн болон бодит үндэслэлд нийцэхгүй байна. Учир нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар шийдвэрээр А нарын 6 иргэний Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 146 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ. Түүнчлэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр К ны Баян-Өлгий аймаг дахь салбарын тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “өөрийн эзэмшил газрыг хариуцагчаар албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь “К ” ХХК-ийг хариуцагч А, М, Ж, Х, Ас, Ма, жа, Гү  нарт холбогдуулан дахин нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй байна. Хариуцагч нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. 

Нэхэмжлэгчээс газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хандаж, улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр газрыг эрх бүхий байгууллагын тусламжтайгаар албадан чөлөөлүүлэх тухай шийдвэр гарч, уг шийдвэр биелэгдээгүй зэргээс үзвэл нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2.-т зааснаар тухайн маргааныг эрх бүхий албан тушаалтнаар урьдчилан шийдвэрлүүлж байсан тул “К ” ХХК нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т зааснаар бусдын хууль бус эзэмшлээс эзэмшил газраа албадан чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн газар чөлөөлүүлэх тухай маргааныг нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн заалтыг оновчтой сонгож хэрэглээгүй, маргааны үйл баримтад шууд хамааралгүй Иргэний хуулийн “шударга эзэмшигч”-ийн шаардах эрхийг зохицуулсан 92 дугаар зүйлийн 92.1, өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан 106 дугаар зүйлийн 106.1, түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4.-т заасныг шийдвэрийн Тогтоох хэсэгт баримталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д заасан агуулгад нийцээгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т зааснаар мөн хуулийн 106.2, 106.3 дахь заалт нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарах бөгөөд мөн зүйлийн 106.2 дахь хэсэгт “эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах” эрхийг, 106.3 дахь хэсэгт “өмчлөгчийн болон эзэмшигчийн шаардах эрхийг хэрэгжүүлснээс хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал эзэмшигч шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах” талаар зохицуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн баримталсан хуулийн заалтыг энэ үндэслэлээр өөрчилж, нэхэмжлэгч “К ” ХХК-ийн хариуцагч  А, М, Ж,Х, Ас, Ма, Жа, Г нарт холбогдуулан гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

2. “К ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагч нарт холбогдуулан өөрийн эзэмшил газар дээрх А, М, Ж, Х, Ас, Ма,Жа, Г нарын өмчлөлийн гараашийг албадан буулгахыг шаардсан байна. Харин энэ шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг, 6 дугаар зүйлийн 6.6.-д заасан мэтгэлцэх зарчмын агуулгыг, мөн хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тус тус зөрчсөн байна. 

Нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж байгаа газарт хариуцагч А, М, Ж, Х, Ас, Ма, Жа, Гнар гарааш барьж ашиглан, түүний газар эзэмших эрхийг зөрчсөн, газрыг зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул “К ” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Гаалийн орон сууцны хойд талд байрлах 312 м.кв талбайтай газар дээрх А, М, Ж, Х, Ас, Ма, Жа, Гнарын өмчлөлийн 8 гараашийг албадан буулгах тухай шаардлага нь Иргэний хуулийн106 дугаар зүйлийн 106.4.-т нийцсэн байна. 

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “К ” ХХК-ийн зөрчигдсөн газар эзэмших эрхийг бодитойгоор сэргээн тогтоох үүднээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д зааснаар шийдвэр гүйцэтгүүлэх арга, журмыг тогтоох шаардлагатай гэж үзэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал дагаж мөрдөх, хэрвээ сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т зааснаар нэхэмжлэгчийн “эзэмшил газар дээрх хариуцагч нарын өмчлөлийн 8 гараашийг албадан буулгах тухай” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т “Тухайн газар дээрх төлбөр төлөгч буюу албадан нүүж байгаа этгээдийн барилга байгууламжийг нураах, буулгах арга хэмжээг гүйцэтгэх баримт бичигт энэ тухай тусгайлан заасан тохиолдолд гүйцэтгэнэ.” гэж заасантай нийцнэ гэж дүгнэв. 

 

Хуульд зааснаар хариуцагч А, М Ас нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

“Кбан” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ГЗ/459 дугаар албан бичгээр А нарт холбогдох иргэний хэрэгт тус банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Е-г итгэмжлэлээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд итгэмжлэлээр өгсөн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлд тус банкны Баян-Өлий аймаг дахь салбарын захирал гарын үсэг зурж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж болон шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг “К ны Баян-Өлгий аймаг дахь салбар” гэж буруу ташаа бичсэнийг тэмдэглэж, хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн тайлбар зэргээс үзвэл, “К ” ХХК нь А нарын 8 иргэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг дурдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 637 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: 

 

“1.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “К ” ХХК-ийн эзэмшлийн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Гаалийн орон сууцны хойд талд байрлах 312 м.кв талбайтай газрыг хариуцагч А, М, Ж, Х, Ас, Ма, Жа, Гнарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй. 

1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 100 дугаар зүйлийн 100.2.-т заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэж “К ” ХХК-ийн эзэмшлийн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Гаалийн орон сууцны хойд талд байрлах 312 м.кв талбайтай газар дээрх А, М, Ж, Х, Ас, Ма, Жа, Гнарын өмчлөлийн 8 гараашийг албадан буулгахыг дурдсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч  А, М Ас нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч А, М Ас нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ 

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК