Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 130/ШШ2017/00651

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дугаар багт орших, А газрын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дүгээр багт оршин суух, Санырау овогт Х-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын захирал С, хариуцагчийн өмгөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр 4550000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

     Нэхэмжлэгч А газрын захирал С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А газар нь 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Өлгий сумын **-р багийн иргэн Х-тэй харилцан тохиролцож 4 дүгээр багт байрлах нийтийн халуун усны барилгыг суурилагдсан тоног төхөөрөмж, газрын хамт түрээслэх эрхийн харилцаа үүсгэж нэг жилийн хугацаатай түрээсэлж, түрээсийн гэрээ байгуулсан болно.

     Түрээсийн гэрээний 4.1-т “түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн сарын түрээсийн төлбөр 130000 төгрөгөөр тохиролцож төлбөрийг сар бүрийн 28-ний дотор Төрийн банкин дахь дансанд шилжүүлэх”-ээр заасан ба 4.5-д “төлбөрийг хожимдуулсан тохиолдолд хоног тутам 0.5%-иар алдангийг түрээсийн төлбөрийн хамт төлөх”-өөр үүрэг хүлээж гэрээг байгуулсан.

     Гэтэл түрээслэгч Х нь халуун усны байрны түрээсийн төлбөрөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй болно. Түрээслүүлэгч байгууллагын хувьд түрээслэгчид төлбөрөө төлөх талаар удаа дараа амаар болон бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч түрээслэгч нь уг шаардлагыг үл биелүүлэн ба Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгалт явуулж Өлгий сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг халуун усны түрээслэгч Х нь нийт 4550000 төгрөгийн өр төлбөртэй гэж 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №02 дугаартай аудитын дүгнэлт гарсан. Түрээслэгч Х нь түрээсийн гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас түрээслүүлэгчийн талаас гэрээгээ цуцалж нийтийн халуун усны барилга тоног төхөөрөмжийн хамт Хээс хүлээж авсан боловч түрээсийн төлбөрийг төлөхгүй байна. Иймд Х-ээс түрээсийн төлбөр 4550000 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгч А газрын захирал С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: 2014 онд орон нутгийн өмчийн 75 сая төгрөгийн хөрөнгөөр баг болгонд халуун усны газар барьсан. Тэрний нэг нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн Их булан гэх халуун усны газар байсан. Уг халуун усыг 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр тус багийн иргэн Х-тэй нэг жилийн түрээсийн гэрээ хийж хүлээлгэн өгсөн. Тус халуун усыг Х нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ашигласан. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж манай байгууллагад хүлээлгэж өгсөн.

     Анх 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн гэрээ хийгдсэн. Үүнээс хойш хуулийн дагуу түрээсийн гэрээ хийгдээгүй, сунгагдаагүй ажиллаж байсан. Тэр бол тухайн үеийн удирдлагуудын эсвэл Х-ийн буруу гэж бодож байна. 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Аудитын газраас шалгалт хийж 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дүгнэлт гарсан. Энэ дээр Х нь 35 сарын түрээсийн төлбөр болох 4550000 төгрөгийн өглөгтэй гарсан. 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хэд танилцуулж, шаардах хуудсыг хүлээлгэж өгсөн. Тухайн үед Х нь би энийг төлөх боломжгүй байна, халуун усыг хүлээлгэж өгье гээд өгсөн. Нэгэнт аудитын дүгнэлт гарсан учраас энэ мөнгийг төлөх ёстой юм байна гээд нэхэмжилж байгаа. Үүнийг Х өөрөө мэдэж байгаа. 2017 оны 6 дугаар сар хүртэл ажиллуулж ирсэн, нэг ч хоног хааж байгаагүй. Тийм учраас манай байгууллагад өгөх ёстой 4550000 төгрөгийг иргэн Хээс гаргуулж өгнө үү гэв. 

     Хариуцагч Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Х би А газрын танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

     Түүний нэхэмжлэл нь үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. 1.Би тус газартай 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах халуун усыг түрээсээр авч ажиллуулсан нь үнэн. Гэрээ ёсоор сард 130000 төгрөг төлөх ёстой боловч түүнийг төлөх ямар ч боломжгүй байсан. Энэ нь ямар ч тооцоо судалгаагүй тогтоогдсон үнэ байсан.

     Би халуун усыг ажиллуулахдаа долоо хоногт 2 тонн нүүрс зарцуулж, гэрэл цахилгаан, ус, ажиллагсдын цалин хөлс, бохир ус соруулсны хөлс зэрэг бүх зардлуудыг өөрөө гаргаж ажиллаж байсан. Эдгээр бүх зардлуудыг тооцоход сард дунджаар 1500000 төгрөгийн зардал гаргасан. Нэг хүнийг усанд оруулахад 1500 төгрөг бөгөөд энэ нь 1000 хүний төлбөр юм. Нэг багаас сард 1000, хоногт 33 хүн усанд орох ямар ч боломжгүй юм. Заримдаа хүмүүс ирдэг, заримдаа огт ирдэггүй байсан. Ингэж ямар ч ашиггүй ажилласан.

     2. Тус газар нь надтай зөвхөн 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Дараа нь гэрээг огт сунгаагүй, шинэчлэн гэрээ байгуулаагүй. Би халуун усны газрыг хүлээж авснаас хойш хүлээлгэж өгөх хүртэл эзэн болж бүрэн бүтэн байдлыг хариуцаж байсан. Эндээс хоёр сарын өмнө “Хала өркени” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын холбогдох хүмүүс ирж хүлээж авсан.

     З. Бид халуун ус ашиггүй ажиллаж байсан учир Өлгий сумын болон аймгийн удирдлагад удаа дараа хүсэлт тавьж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар тогтоолоор тус халуун усыг менежментийн гэрээгээр 3 жилийн хугацаагаар ажиллуулах шийдвэр гарч гэрээ байгуулахыг Орон нутгийн өмчийн алба, А газарт зөвшөөрсөн.

     4. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгалт явуулж 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай аудитын дүгнэлтээр 4550000 төгрөгийн өр төлбөр  тогтоосон гэж бичжээ. Би энэ талаар огт мэдэхгүй. Аудитын албаны хүмүүс надтай ирж уулзаж энэ талаар тодруулж байгаагүй. Дүгнэлтийг надад танилцуулж байгаагүй. Дүгнэлт гарсан гэдгийг нэхэмжлэлээс олж мэдлээ.

     Иймд А газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

      Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

     Нэхэмжлэгч А газар нь хариуцагч Х-ээс түрээсийн төлбөр 4550000 төгрөг гаргуулж өгөхийг шаарджээ.

     Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ түрээслэгч болох Х нь түрээсийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул түрээсийн төлбөрийг төлүүлж өгнө үү гэжээ. Хариуцагчаас түрээслэгчтэй нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан ба эд хөрөнгийг түрээсэлсэн хугацаанд ямар ч ашиггүй ажилласан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

     Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд А газар нь 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Х-тэй А газрын өмч болох Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн халуун усны барилгыг суурилагдсан тоног төхөөрөмж, газрын хамт нэг жилийн хугацаатай түрээсээр эзэмшүүлэхээр гэрээ байгуулсан байх ба түрээслүүлэгч нь гэрээний дагуу тухайн эд хөрөнгийг түрээслэгчид шилжүүлсэн нь тогтоогджээ. 

     Уг гэрээний дөрөвдүгээр зүйлийн 4.1-д түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн сарын түрээсийн төлбөрийг 130000 төгрөгөөр тохиролцсон байна.

     Хариуцагч тайлбартаа гэрээ ёсоор сард 130000 төгрөгөөр тохиролцсон боловч энэ нь ямар ч тооцоо судалгаагүй тогтоогдсон үнэ байсан бөгөөд би нүүрс, гэрэл цахилгаан, ус, ажиллагсдын цалин хөлс, бохир ус соруулсны хөлс зэрэг бүх зардлуудыг өөрөө гаргаж ажиллаж байсан тул ямар ч ашиггүй ажилласан гэж дурдсан боловч түрээслэгчтэй байгуулсан гэрээний дөрөвдүгээр зүйлийн 4.3-т Түрээслэгчийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг /дулаан, цахилгаан, халуун, хүйтэн ус зайлуулах, харуул хамгаалалт, хог, техникийн болон үйлчилгээний ажилчдын хөлс, инженерийн шугам сүлжээний засварын зардал г.м/ түрээсийн төлбөрөөс тусад нь тооцож холбогдох байгууллагуудад төлөхөөр тохиролцсон байна. Түрээслэгчээс ямар ч ашиггүй ажилласан гэх боловч тухайн түрээсийн гэрээг сайн дурын үндсэн дээр гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж чөлөөтэй байгуулсан байх тул хариуцагчийн ашиггүй ажилласан гэх тайлбарыг үндэслэн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй болно.

     Гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан боловч гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаа сунгаагүй гэж тайлбарлажээ.

     Гэрээний талуудын хооронд Иргэний хуулийн хорин долдугаар бүлэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхээр зохицуулсан байна. Иргэний хуулийн хорин тавдугаар бүлэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг тусгасан байх ба Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасан бөгөөд түрээслэгч Х нь гэрээний хугацаа дууссанаас хойш Өлгий сумын 4 дүгээр багт байрлах нийтийн халуун усны барилгыг ашигласаар байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул түрээсийн гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй болно. 

     Иймд хариуцагч Х нь гэрээнд заасан нөхцөлөөр түрээсийн төлбөр төлөхөөр байна.

     Гэрээний хугацаа дууссанаас хойш түрээслэгч нь эд хөрөнгийг ашигласаар байсан байдлаас үзэхэд түрээслүүлэгч нь үргэлжлүүлэн ашиглахыг зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

     Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 326.2-т Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй, Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтаас үзэхэд түрээслүүлэгч болох А газар нь түрээслэгч болох Х-ээс түрээсэлсэн эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хүртэлх хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй гэж үзлээ. Х нь түрээслэсэн эд хөрөнгийг ашигласан хугацаанд гэрээнд заасан түрээсийн төлбөрийг төлж байсан тухай нотлох баримтгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар болон Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А газрын 2014, 2015, 2016 онуудын санхүүгийн баримтад хийсэн шалгалтын танилцуулгаар Х нь түрээсэлсэн хугацааны төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогджээ.

     Иймд А газар нь түрээслүүлсэн эд хөрөнгө болох Өлгий сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн халуун усны барилгыг суурилагдсан тоног төхөөрөмж, газрыг Х-ээс хүлээлгэж өгөх хүртэлх хугацаа буюу 35 сарын түрээсийн төлбөр болох 4550000 /130000х35=4550000/ төгрөгийг түрээслэгч Х-ээс гаргуулан “Хала-Өркени” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт олгох нь зүйтэй байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т заасныг баримтлан Х-ээс 4550000 төгрөг гаргуулан А газарт олгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87750 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х-ээс 87750 төгрөгийг гаргуулан А газарт олгосугай

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

     4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         М