Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2017/00148

 

    “Х” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 651 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын /цаашид ОНӨААТҮГ гэх/ нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Х.Х-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч У.С, хариуцагч Х.Х , хариуцагчийн өмгөөлөгч Х.Б нар  оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Түрээсийн төлбөр 4550000 төгрөг гаргуулах” тухай.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: "Х" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газар нь 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр иргэн Х.Х-тэй харилцан тохиролцож нийтийн халуун усны барилгыг суурилагдсан тоног төхөөрөмж, газрын хамт нэг жилийн хугацаатай түрээсэлж, түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 4.1-т "түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн сарын түрээсийн төлбөр 130000 төгрөгөөр тохиролцож төлбөрийг сар бүрийн 28-ны дотор Төрийн банк дахь дансанд шилжүүлэх"-ээр заасан ба 4.5-д "төлбөрийг хожимдуулсан тохиолдолд хоног тутам 0.5%-аар алдангийг түрээсийн төлбөрийн хамт төлөх"-өөр үүрэг хүлээж гэрээг байгуулсан. Гэтэл түрээслэгч Х.Х нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Х.Х нь нийт 4550000 төгрөгийн өр төлбөртэй гэж 2017 он 5 дугаар сарын 30-ны өдрийн №02 дугаартай аудитын дүгнэлт гарсан. Түрээслэгч Х.Х нь түрээсийн гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас түрээслүүлэгчийн талаас гэрээгээ цуцалж, нийтийн халуун усны барилга тоног төхөөрөмжийн хамт Х.Х-ээс хүлээн авсан боловч түрээсийн төлбөрийг төлөөгүй. Иймд Х.Х-ээс түрээсийн төлбөр 4550000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.  

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Хариуцагч Х.Х би “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

1.Би тус газартай 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж Өлгий сумын  нутаг дэвсгэрт байрлах халуун усыг түрээсээр авч ажиллуулсан нь үнэн. Гэрээ ёсоор сард 130000 төгрөг төлөх ёстой боловч түүнийг төлөх ямар ч боломжгүй байсан. Энэ нь ямар ч тооцоо судалгаагүй тогтоогдсон үнэ байсан. Би халуун усыг ажиллуулахдаа долоо хоногт 2 тонн нүүрс зарцуулж, гэрэл цахилгаан, ус, ажиллагсдын цалин хөлс, бохир ус соруулсны хөлс зэрэг бүх зардлуудыг өөрөө гаргаж ажиллаж байсан. Эдгээр бүх зардлуудыг тооцоход сард дунджаар 1500000 төгрөгийн зардал гаргасан. Нэг хүнийг усанд оруулахад 1500 төгрөг бөгөөд энэ нь 1000 хүний төлбөр юм. Нэг багаас сард 1000, хоногт 33 хүн усанд орох ямар ч боломжгүй. Заримдаа хүмүүс ирдэг, заримдаа огт ирдэггүй байсан. Ингэж ямар ч ашиггүй ажилласан.

 

2. Тус газар нь надтай зөвхөн 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Дараа нь гэрээг огт сунгаагүй, шинэчлэн гэрээ байгуулаагүй. Би халуун усны газрыг хүлээж авснаас хойш хүлээлгэж өгөх хүртэл эзэн болж бүрэн бүтэн байдлыг хариуцаж байсан. Хоёр сарын өмнө “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын холбогдох хүмүүс ирж хүлээж авсан.  

 

З. Бид халуун ус ашиггүй ажиллаж байсан учир Өлгий сумын болон аймгийн удирдлагад удаа дараа хүсэлт тавьж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар тогтоолоор тус халуун усыг менежментийн гэрээгээр 3 жилийн хугацаагаар ажиллуулах шийдвэр гарч гэрээ байгуулахыг Орон нутгийн өмчийн алба, Х ОНӨААТҮГ-т зөвшөөрсөн. 

 

4. Нэхэмжлэгчийн дурдсан 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай аудитын дүгнэлтийн талаар огт мэдэхгүй. Аудитын албаны хүмүүс надтай ирж уулзаж энэ талаар тодруулж байгаагүй. Дүгнэлтийг надад танилцуулж байгаагүй. Дүгнэлт гарсан гэдгийг нэхэмжлэлээс олж мэдсэн. Иймд “Х” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 651 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т заасныг баримтлан Х.Х-ээс 4550000 төгрөг гаргуулан “Х” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “”Х” ОНӨААТҮГ нь надтай 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссан байхад түрээслэгч байгууллага болох ”Х” ОНӨААТҮГ-аас гэрээг сунгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Үүнээс хойш надтай байгуулсан түрээсийн гэрээ ямар нэгэн байдлаар сунгагдаагүй, шинэчлэн гэрээ байгуулаагүй.Түрээсийн гэрээний 6.2-т “Түрээсийн гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж цаашид гэрээг сунгах эсэх, түрээсийн төлбөрийг шинэчлэн тогтоох, түрээсийн харилцаатай холбоотой шинээр гарсан шийдвэр, хууль тогтоомжийн дагуу зарим заалтад өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн протокол үйлдэж байна” гэж тодорхой зааж өгсөн. Түрээслэгч байгууллага болох ”Х” ОНӨААТҮГ нь гэрээгээр хүлээсэн энэ үүргээ биелүүлээгүй. Энэ нь түрээслэгчийн буруутай үйл ажиллагаа болохоос биш түрээслэгч миний буруу биш.

Тухайн халуун усны газар ашиггүй ажиллаж байсныг ”Х” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Ж сайн мэдэж байсан ба энэ байдлыг тогтоолгохоор хараат бус аудиторт хандсан. Хараат бус аудитор нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дүгнэлт гаргаж ”Х” ОНӨААТҮГ-ын захирал А.Ж-т хүргүүлсэн ба дүгнэлтээр миний хариуцаж байсан “И” халуун усны газар нь сард дунджаар 443000 төгрөгийн алдагдалтай ажиллаж байсныг тогтоосон. Аудитын энэ дүгнэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлж ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай байна. 

Нэгэнт халуун усны газар нь ашиггүй ажиллаж байсан тул ”Х” ОНӨААТҮГ, Өлгий сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Засаг даргын зүгээс аймгийн ИТХ-д хандаж энэ асуудлыг Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр хуралдаанаар авч хэлэлцээд менежментийн гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэж мөн өдрийн 48 дугаар тогтоолын хавсралтаар надтай 3 жилийн хугацаагаар менежментийн гэрээ байгуулж ажиллахыг Орон нутгийн өмчийн газрын дарга А.Д, ”Х” ОНӨААТҮГ-ын захирал А.Ж нарт үүрэг болгосон. Гэвч эдгээр албан тушаалтнууд дээрх үүргийг биелүүлээгүй бүтэн 1 жил явсан. Энэ нь дээрх албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа байсан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар тогтоолыг нотлох баримтаар үнэлээгүй, ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоот танилцуулгаар Х.Х нь түрээсэлсэн хугацааны төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон мэтээр дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь “Х” ОНӨААТҮГ-ын 2014, 2015, 2016 онуудын санхүүгийн баримтад хийсэн шалгалтын танилцуулга болохоос биш Х.Х миний түрээсийн төлбөртэй болохыг тогтоосон дүгнэлт биш. Мөн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д заасны дагуу гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх ингэж дүгнэлт хийхдээ маргаан бүхий түрээсийн гэрээний 5.1, 6.2 дахь заалтууд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар тогтоол, Хараат бус аудиторын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт зэрэг бичиг баримтуудыг харгалзан үзээгүй. Миний хувьд 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу зөвхөн 1 жилийн түрээсийн төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байна. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 23 сарын түрээсийн төлбөр болох 2.990.000 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал У.С болон хариуцагч Х.Х нар “Түрээслэгч Х.Хнь түрээсийн төлбөр болох 4550000 төгрөгөөс 1430000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 3120000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж дуусгахаар тохиролцов. Түрээслэгч “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал У.С нь 1430000 төгрөгийг түрээслэгч Х.Х-ээс нэхэмжлэхгүй байхаар тохиролцов.” гэж харилцан тохиролцож, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2.-т заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг батлах үндэслэлтэй. 

 

Хуульд зааснаар “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87750 төгрөгийг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62800 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв. 

 

Зохигчийн сайн дураар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргахгүй, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба энэ магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 651 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал У.С болон хариуцагч Х.Х нарын сайн дурын үндсэн дээр, шүүхийн өмнө байгуулсан “Түрээслэгч Х.Х нь түрээсийн төлбөр болох 4550000 төгрөгөөс 1430000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 3120000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж дуусгахаар тохиролцов. Түрээслүүлэгч “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал У.С нь 1430000 төгрөгийг түрээслэгч Х.Х-ээс нэхэмжлэхгүй байхаар тохиролцов.” гэсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 168 дугаар зүйлийн 168.2.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62800 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2.-т заасныг баримтлан зохигчийн сайн дураар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2.-т зааснаар энэ магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ