Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/00106

 

 

И.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 136/ШШ2019/00213 дугаар шийдвэр,

          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 202/МА2019/00018 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: И.М-

          Хариуцагч: Ж.М-

          12,570,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Ж.М- нь “...Дорноговь аймгийн Айраг суманд жоншны нөхөрлөлийн компани байгуулан ажиллаж байгаа, жонш ачуулахад тээврийн зардал болох 15сая төгрөг яаралтай хэрэгтэй болоод байна, чи найздаа зээлчих, найз нь хүүтэй нь эргүүлэн төлнө...” гэхээр нь 2018-07-19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Хаан банкнаас 13,500,000 төгрөгийн цалингийн зээлийг 1.7%-н хүүтэй зээлж, мөн өөрийн ээж Н.Нинагаас 1,500,000 төгрөгийг зээлэн Ж.М-ын эхнэр Б.Отгончимэгийн данс руу 2018-07-19-ний өдөр нийт 15сая төгрөгийг шилжүүлсэн. 20 хоногийн дотор эргүүлэн хүүтэй нь авахаар аман байдлаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл зөвхөн 2,430,000 төгрөгийг зээлийн төлөлт болгон өгсөн. Иймд Ж.М-аас үлдэгдэл 12,570,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч тайлбартаа: Миний бие Дорноговь аймгийн Айраг суманд жонш олборлох гэж байгаа талаараа 2018-07 сард найз И.М-т хэлэхэд би чамтай хамтраад наад ажил дээр чинь туслая, би өөрөө төрийн албан хаагч учраас байнга ажилд чинь оролцоод байж чадахгүй, мөнгөөр хөрөнгө оруулалт оруулж олсон ашгаа хоёулаа тэнцүү хувааж авахаар амаар тохиролцож хамтран ажиллахаар болсон. Жонш олборлох үйл явцын хувьд зардал маш их гарч байсан ба ажил эхэлсний дараа И.М- хамтран ажиллах гэрээний дагуу 15сая төгрөгийг шилжүүлсэн. Би өөрийн эхнэр Б.Отгончимэгийн картыг ашигладаг тул түүний хаан банкны дансаар мөнгийг авч үйл ажиллагаандаа ашигласан. Тухайн 15сая төгрөгийг экска түрээс болон түүний түлшинд зарцуулсан. Тэр нь дансны хуулгаар нотлогдоно. Би тухайн мөнгийг И.М-аас зээлээгүй. И.М- хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн хөрөнгө оруулалтаа оруулсан. Ийнхүү хамтран ажиллах гэрээний дагуу ажил эхлэн өнгөн хөрс хуулалт явагдаж жоншны олборлолт дөнгөж эхлээд бага зэргийн жонш олборлоод байж байх үед урсгал зардал маш их гарч байсан тул санхүүгийн зогсолтонд орж жонш олборлох ажлаа үргэлжлүүлэхэд хүндрэл орж ажил одоогийн байдлаар зогссон. Эхний ээлжинд олборлосон бага зэргийн жоншийг миний бие борлуулж хамтран ажиллах гэрээнд тохиролцсоны дагуу ашгийн тал хувь буюу 2,430,000 төгрөгийг И.М-т өгсөн. И.М- нь анх ярьж байснаасаа хувирч хамтран ажиллахад гаргасан 15сая төгрөгөө надад зээлсэн мэт ярьж байгааг ойлгохгүй байна. Дансны хуулган дээр ч зээлсэн гэсэн ямар нэгэн зүйл харагдахгүй байгаа. Хэрэв ажил зогсоогүй ашигтай явж байсан бол И.М- одоог хүртэл ашгаа аваад байх байсан. Ашигтай байсан бол 15сая төгрөгөөс илүү ашиг олох байсан. Ажил дахин эхэлсэн тохиолдолд ашгаасаа И.М-т хамтран ажиллах гэрээний дагуу өгөх болно. Миний хувьд И.М-аас 15сая төгрөгийг зээлээгүй ба хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан. ИХ-н 476.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасны дагуу амаар хамтран ажиллах гэрээ байгуулсан тул И.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 136/ШШ2019/00213 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Ж.М-аас 12,570,000 төгрөгийг гаргуулж, И.М-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 216,070 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Ж.М-аас 216,070 төгрөгийг гаргуулж, И.М-т олгохоор шийдвэрлэжээ.

         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 202/МА2019/00018 дугаар магадлалаар Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 136/ШШ2019/00213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Ж.М-ын гомдлыг хангахгүй орхиж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Ж.М-ын  төлсөн 216,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

         Хариуцагч Ж.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Зохигчийн хооронд үүссэн харилцааг ИХ-н 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ИХ-н 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэхийг ойлгоно гэж заасан байдаг. 15 сая төгрөгийг М-ын данснаас Отгончимэгийн данс руу шилжүүлсэн учраас мөн дээрээс 2,430,000 төгрөгийг буцааж төлсөн байдал нь Зээлийн гэрээ байгуулагдсан шинжийг агуулж байна гэж үзсэн. 15 сая төгрөгийг шилжүүлсэн үйлдлийг зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд энэхүү маргааныг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        И.М- 2019-05-29-ний өдөр шүүхэд хандаж, Ж.М-аас 12,570,000 төгрөг гаргуулахыг шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...зээл бус, хамтран ажилласан..” гэжээ. 

        Анхан шатны шүүх зохигч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, нэхэмжлэлийг бүрэн хангасныг, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.   

       Хяналтын шатны шүүхэд гаргасан, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Нэхэмжлэгч зээлийн төлбөрт 12,570,000 төгрөг шаардаж үндэслэлээ тайлбарлахдаа “...хариуцагч мөнгө зээлүүлээч гэсэн тул хэлснийх нь дагуу эхнэр лүү нь  2018-07-19-ний өдөр нийт 15,000,000 төгрөг шилжүүлсэн...2,430,000 төгрөг төлөгдсөн байгаа ...” гэжээ. 

        Хэрэгт авагдсан баримтаар, Ж.М- буцааж төлөх үүрэг хүлээж нэхэмжлэгчээс мөнгө авсан нь тогтоогдсон байх тул зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.  

       Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулж болно.  

       Нэхэмжлэгч нь 15,000,000 төгрөгийг хариуцагчид зээлүүлсэн, хариуцагч буцааж  2,430,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул анхан шатны шүүх үлдэх мөнгөний хэмжээгээр  нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцжээ.

       2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө зээл аваагүй, харин жонш олборлож хамтран ажилласан гэсэн нь хяналтын гомдлыг хангах нөхцөл болохгүй байна.

       Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно.

       Ж.М- нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг тухай баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар үндэслэлгүй, шүүх  нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1., 189 дүгээр 189.1-189.3 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзнэ.      

       3. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

        Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 136/ШШ2019/00213 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 202/МА2019/00018 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 216,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦОЛМОН

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ