Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 213

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1988 оны 11 дүгээр сарын сарын 30-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, 104-02 тоотод оршин суух, Боржгон овогт Ихбаярын Мөнхбаатар /РД:УП88113092/-ын

 

Хариуцагч: 1980 оны 07 дугаар сарын сарын 16-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Шизүокагийн 55-р байр, 38 тоотод оршин суух, Харнууд овогт Жамбалсэнгийн Мөнхбат /РД:ЕЛ80071617/-д холбогдох

 

 12 570 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Мөнхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, хариуцагч Ж.Мөнхбат, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, гэрч О.Номин-Эрдэнэ, гэрч Б.Отгончимэг, гэрч Ж.Алтанзул, гэрч Ж.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.Мөнхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Мөнхбат бид хоёрын хувьд 2014 оноос эхлэн найзалж нөхөрлөөд багагүй хугацааг өнгөрөөсөн. Тэрээр мөнгө зээлэх талаар 2018 оны 7 сард манай ажил дээр ирж уулзаад жоншны ажил хийж байгаа тухайгаар яриад явсан, дараа нь 2 дахь удаа ирж уулзахдаа экскэний түрээсийн мөнгө хэрэгтэй байна, чамд мөнгөтэй хүн байна уу гэхээр нь хүн байхгүй, надад цалингаас өөр юу байхав дээ гэсэн гэтэл 3 дахь удаа ирж уулзаад жоншны ажил зогсоод байна, найзад нь чамаас өөр гуйх хүн алга, экскэний түрээс 15 000 000 төгрөг хэрэгтэй байна банкнаас 20 хоногийн хугацаатай зээлээд аваад өгөөч ээ, банкнаас зээлсэн 15 000 000 төгрөгийг 20 хоногийн хүүтэй нь буцаагаад банкинд төлөөд зээлээ хаачихна гэж хэлсэн. Би 20 хоногийн хугацаатай юм бол найздаа туслая, найдвартай байлгүй гэж бодоод, бидний хооронд өмнө нь мөнгөний асуудал гарч байгаагүй болохоор итгээд 2018 оны 07 сарын 19-ний өдөр Хаан банкнаас цалингийн зээл 13.500.000 төгрөг, ээж Нинагаас 1 500 000 төгрөгийг зээлж, нийт 15.000.000 төгрөг болгоод Ж.Мөнхбатын хэлснээр түүний эхнэр Отгончимэгийн данс руу тэр өдрөө шууд шилжүүлсэн. Ж.Мөнхбат бид хоёрын дунд Ж.Мөнхбат нь зээлсэн 15.000.000 төгрөгөө банкны хүүтэй нь хамт төлж 20 хоногийн дотор банкны зээлээ хаагаарай гэж ярилцаж тохиролцоод зээлсэн. Түүнээс биш хариуцагчийн хэлж байгаа шиг хамтран ажиллах аман гэрээ байгуулсан зүйл огт байгаагүй. Жонш борлуулж гэрээгээр тохиролцсоны дагуу ашгийн тал хувь болох 2 430 000 төгрөгийг Ж.Мөнхбат нь надад өгсөн гэсэн тайлбар бичсэн байна. Энэ мөнгөний тухайд Ж.Мөнхбат хэдий хэмжээний ашиг олоод түүнийхээ хэдэн хувийг өгч байгаа талаар миний хувьд огт мэдэхгүй, тийм зүйл байгаагүй. Энэ 2 430 000 төгрөгийг нэг дор бөөнөөр нь Ж.Мөнхбат өөрөө сайн дураараа ашиг олоод санаачлагаараа өгсөн зүйл биш. Би 2018 оны 7 сард амралтаа аваад амарч байгаад 8 сард ажилдаа орсон ба Ж.Мөнхбат 2018 оны 8 сард банкнаас авсан зээлээ хаах байтал төлөөгүйн улмаас банк миний цалингаас шууд зээл татаад авчихаж байсан. Би Ж.Мөнхбаттай удаа дараа ярьж миний цалингаас зээл татаад байна, зээлээ хаах талаар ярьж хэлж байсан боловч сүүлдээ утас нь холбогдохгүй байж байгаад 2018 оны 10 сард холбогдоод нэхэж байж 500 000 төгрөг, 11 сард 530 000 төгрөг, 12 сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөг, 2 сард цагаан сарын дараа 400 000 төгрөг зэргээр нэхсээр байж цувуулж авсаар нийтдээ 2.430.000 төгрөгийг Ж.Мөнхбатаас зээлэндээ авсан. Банкнаас Ж.Мөнхбатад зээлж авсан мөнгийг шууд суутгаад авчихаар миний цалин амьдралд хүрэлцэхгүй болохоор би гэртээ хэрэглэх мөнгөө энэ хугацаанд дандаа ээж, эгч нараасаа зээлээд эргүүлээд төлсөөр одоо ч энэ байдпаар амьдарч зээлийг хүүгийн хамт төлсөөр байна. Хариуцагч Ж.Мөнхбаттай зээлээ төлөх талаар удаа дараа эхнэрийн хамт очиж уулзахад жоншны газар зарах гэрээ байгуулах гэж байгаа тэгээд мөнгө ороод ирэхээр төлнө ойлгож байна гэдэг эсвэл эхнэр төрөх гээд бие нь өвдөөд байгаа жоохон хүлээж бай удахгүй мөнгөтэй болно, цагдаад ажиллаж байсан Гомбо гэрээг хөөцөлдөж байгаа удахгүй мөнгийг чинь төлнө хүлээж бай гэдэг хамгийн сүүлд шүүхийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд Ж.Мөнхбат нь энэ мөнгийг төлнө, гэхдээ яг хугацаа зааж тохирч чадахгүй гэдгээс болоод эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Нэгэнт миний хувьд Ж.Мөнхбатад 15.000.000 төгрөгийг зээлүүлэхдээ амаар гэрээ байгуулж тохиролцсон боловч өөрөө хүүтэй нь хамт банкинд төлөөд хохироод явж байна. Иймд Ж.Мөнхбатаас үлдэгдэл 12 570 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.гэжээ.

 

Хариуцагч Ж.Мөнхбат шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тухайн 15 000 000 төгрөгийг орж ирэнгүүт би шууд экскэний түрээс болон түүний түлшинд зарцуулсан. Тэр нь дансны хуулгаар нотлогдоно. Би тухайн мөнгийг И.Мөнхбаатараас зээлсэн зүйл байхгүй. Мөнхбаатар өөрийн хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн хөрөнгө оруулалтаа оруулсан. Миний зүгээс ч энэ жоншны ажилд 25 сая орчим төгрөг гаргасан. Ийнхүү хамтран ажиллах гэрээний дагуу ажил эхлэн өнгөн хөрс хуулалт явагдаж жоншны олборлолт дөнгөж эхлээд бага зэргийн жонш олборлоод байж байх үед урсгал зардал маш их гарч байсан тул санхүүгийн зогсолтонд орж жонш олборлох ажиллаа үргэлжлүүлэхэд хүндрэлд орж ажил одоогийн байдлаар зогссон байна. Эхний ээлжинд олборлосон бага зэргийн жоншийг миний бие борлуулж хамтран ажиллах гэрээнд тохиролцсоны дагуу ашгийн тал хувь болох 2 430 000 төгрөгийг И.Мөнхбаатарт өгсөн. И.Мөнхбаатар нь анх ярьж байснаасаа хувирч хамтран ажиллахад гаргасан 15 000 000 төгрөгөө надад зээлсэн мэт одоо ингэж ярьж байгааг ойлгохгүй байна. Дансны хуулган дээр ч зээлсэн гэсэн ямар нэгэн зүйл харагдахгүй байгаа. Хэрэв ажил зогсоогүй ашигтай явж байсан бол Мөнхбаатаар нь одоог хүртэл ашигаа аваад байж байх байсан. Ашигтай байсан бол 15 000 000 байтугай олох байсан. Ажил дахин эхэлсэн тохиолдол ашигаасаа Мөнхбаатарт хамтран ажиллах гэрээний дагуу ашигаа өгөх болно. Миний хувьд И.Мөнхбаатараас 15 000 000 төгрөгийг зээлээгүй ба Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан. И.Мөнхбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Мөнхбаатар нь хариуцагч Ж.Мөнхбатад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 12 570 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар И.Мөнхбаатартай хамтран ажиллах гэрээ амаар хийсэн, харин хамтран ажиллах гэрээний явцад И.Мөнхбаатар оролцоогүй. Би төрийн албаны ажилтан болохоор аж ахуйн үйл ажиллагаанд оролцож болохгүй гэж,   15 000 000 төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн. Жонш олборлоход урсгал зардал маш их гарч санхүүгийн зогсолтонд орж жонш олборлох ажиллаа үргэлжлүүлэхэд хүндрэлд гарсан одоогийн байдлаар зогссон. Нэхэмжлээд байгаа 12 570 000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч И.Мөнхбаатар нь хариуцагч Ж.Мөнхбатад 2018 оны 07 сарын 19-ний 15.000.000 төгрөгийг Ж.Мөнхбатын хэлснээр түүний эхнэр Отгончимэгийн данс руу  шилжүүлсэн. Ж.Мөнхбат нь зээлсэн 15.000.000 төгрөгөө банкны зээлийн хүүтэй нь хамт  20 хоногийн дотор өгнө. Тэгээд банкны зээлээ хаагаарай гэж ярилцаж тохиролцоод зээлүүлсэн. 2018 оны 10 сард холбогдоод нэхэж байж 500 000 төгрөг, 11 сард 530 000 төгрөг, 12 сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөг, 2 сард цагаан сарын дараа 400 000 төгрөг зэргээр нэхсээр байж цувуулж авсаар нийтдээ 2 430 000 төгрөгийг Ж.Мөнхбатаас авсан. Хариуцагчийн хэлж байгаа шиг хамтран ажиллах аман гэрээ байгуулсан зүйл огт байгаагүй гэж тайлбарласан.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээг амаар хийсэн. Жонш олборлох явцад урсгал зардал маш их гарсан /шатсан/ тул нэхэмжилж байгаа 12 570 000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа боловч энэ талаараа нотлоогүй, үйл баримтаар тогтоогоогүй байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тдорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан.

 

Гэтэл нэхэмжлэгч И.Мөнхбаатар, хариуцагч Ж.Мөнхбат нарын хоорондын хэлцэлд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт заасан “...гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээний хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна”, 477 дугаар зүйлийн 477.3-т “...талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна.” 477.4-т “...Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлсэнээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна”  гэсэн хамтран ажиллах гэрээний гол нөхцлүүд агуулагдаагүй байна.

 

Гэрч О.Номин-эрдэний шүүх хуралдаанд өгсөн “Би Ж.Мөнхбаттай 2017 оны 08 дугаар сарын үед үйл ажиллагаа эхэлснээс хойш очоод дуустал нь хамт ажилласан... Хамтран ажиллах хугацаанд хөрөнгө оруулалтын талаар сонссон мэдсэн байхгүй” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Отгончимэгийн шүүх хуралдаанд өгсөн “Ж.Мөнхбат надад чиний дансанд хөрөнгө оруулалтын мөнгө болох 15 000 000 төгрөг орж ирнэ. Орж ирхээр нь экскаватор түрээсийн мөнгө шилжүүлээрэй гэж хэлж байсан... И.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нарыг    15 000 000 төгрөг өгөх авах асуудлыг ярьж байхад нь ба хажууд нь байгаагүй” гэсэн мэдүүлэг,

 гэрч Ж.Эрдэнэбатын шүүх хуралдаанд өгсөн “Ж.Мөнхбат Айраг суманд жонш олборлох гээд машин, мөнгө байхгүй байсан. Ж.Мөнхбат нь тагнуулд ажилладаг манай найз хөрөнгө оруулъя гэж байна... Би хөрөнгө оруулалт хийх талаар уулзаж байхыг нь хараагүй” гэсэн мэдүүлгээс үзэхэд зохигчид хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж нотлогдохгүй байна.

 

           Иймд талуудын хооронд хийсэн хэлцлийг хамтран ажиллах гэрээг амаар хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох

бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх гэж заажээ.

           

Нэхэмжлэгч И.Мөнхбаатар нь хариуцагч Ж.Мөнхбатын эхнэр Б.Отгончимэгийн Хаан банк дахь 5360267026 тоот дансанд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр             15 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Ж.Мөнхбат нь 2018 оны 10 сард 500 000 төгрөг, 11 сард 530 000 төгрөг, 12 сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 2 сард 400 000 төгрөг, нийт 2 430 000 төгрөгийг буцаан өгсөн болох нь нэхэмжлэгч И.Мөнхбаатарын Хаан банк дахь 5072023868 тоот дансны хуулга /хх-8/, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй энэ үйл баримт нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ж.Алтанзулын шүүх хуралдаанд өгсөн “... 2018 оны 07 сар гараад Мөнхбат манайд ирж Мөнхбаатартай хэд хэдэн удаа уулзаж байсан. Нэг удаа ирэхдээ мөнгө хэрэгтэй байна хүнээс мөнгө зээлээд өгөөч гэхэд нь би хэн бид хоёрт мөнгө өгөх хүн байхгүй гэж хэлсэн. Дараа нь ахиж ирэхдээ цалингийн зээл аваад өгөөч гэж хэлж байсан тухайн үед бид хоёр цалингийн зээлтэй байсан.  Тэгээд бид хоёр 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Хаан банк”-наас 13 500 000 төгрөгийг Мөнхбаатар өөрийнхөө нэр дээр, би батлан даагчаар зээлж авсан. Хадам ээжээс 1 500 000 төгрөг зээлж, тухайн өдөр 15 000 000 төгрөгийг Мөнхбатын эхнэрийн данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг 20 хоногийн хугацаатай зээлээд 20 хонгийн дараа авсан мөнгөө хүүтэй нь буцааж өгнө гэж авсан ...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч И.Мөнхбаатар нь хариуцагч Ж.Мөнхбатад 15 000 000 төгрөгийг зээлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Уг 15 000 000 төгрөгөөс хариуцагч Ж.Мөнхбат 2 430 000 төгрөгийг нь нэхэмжлэгч И.Мөнхбаатарт төлж барагдуулсныг дурдах нь зүйтэй.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Мөнхбатаас 12 570 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Мөнхбаатарт олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Мөнхбатаас 12 570 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Мөнхбаатарт олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 216 070 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Мөнхбатаас 216 070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Мөнхбаатарт олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ