Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 108

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч Г.Бямбасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0440/, иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Тээврийн прокурорын  газраас:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамж 4а тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:АД60120112/ Тугчин овогт Ганбаатарын Бямбасанд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201624000343 дугаар 185/2016/0025/Э индекстэй хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Шүүгдэгч Г.Бямбасан 2016 оны 4 сарын 15-ны өдөр 10 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр эмнэлгийн хойд замд Хьюндай Верна маркийн 84-57 УНЗ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс Ж.Зоригтбаатарын жолоодон явсан Тоёота Приус маркийн 05-63 УНА, Д.Хатанбаатарын жолоодон явсан нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын эзэмшлийн Тоёота Рав-4 маркийн 29-83 УБВ, Х.Тогтохын жолоодон явсан З.Цэлмэний эзэмшлийн Тоёота Хайландер маркийн 67-66 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг, мөн нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын эзэмшлийн төмөр хайсыг мөргөснөөс, зорчигч С.Майнбаярын бие махбодид хүнд, жолооч Д.Хатанбаатарын бие махбодид хүндэвтэр, зорчигч З.Дуламсүрэн, М.Мөнхзул нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-т 200.000 төгрөгийн, Ж.Зоригтбаатарын жолоодон явсан Тоёота Приус маркийн 05-63 УНА дугаартай тээврийн хэрэгсэлд 2.863.000 төгрөгийн шууд, Д.Хатанбаатарын жолоодон явсан Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын эзэмшлийн Тоёота Рав-4 маркийн 29-83 УБВ дугаартай тээврий хэрэгсэлд 2.639.000 төгрөгийн шууд, Х.Тогтохыг жолоодон явсан З.Цэлмэний эзэмшлийн Тоёота Хайландер маркийн 67-66 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.939.500 төгрөгийн шууд хохирол, бусдад нийт 7.641.500 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бямбасангийн: Мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хохирол төлбөрийг бүгдийг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэбаатарын: ...Манай байгууллага 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр татан буугдсан. Би энэ байгууллагыг төлөөлж байгаад эргэлзээтэй байна. Дээрх эвдэрч гэмтсэн машин нь Ус барилга, байгууламжийн нэр дээрх машин байсан. Гэхдээ шүүгдэгч Бямбасан нь учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч С.Майнбаярын: ...2016 оны 04 сарын 15-ны өглөө 10 цагт байгууллагын эзэмшлийн 29-83 УБВ дугаартай Т.Рав-4 автомашинтай ажлаасаа гарч явсан. Машиныг Хатанбаатар жолоодож явсан. Машинд Дуламсүрэн хамт явсан. Дуламсүрэн бид 2 арын сандалд сууж байсан. Ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш арслантай гүүр өнгөрөөд УБДС-ийн гэрэл дохионы уулзвар өнгөрөөд Хангарьд ордон орохоор явсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй их дуу чимээ гарсан. Нэг ухаан ороход 1 эмч гараад ир гээд байх шиг байсан. Шоконд ороод 2-3 хоног болсон. Тухайн үед зам руу хараагүй, Дуламсүрэнтэй юм ярьж явсан. Тархи хавдартай байгаа, хүзүү хугарсан, баруун хуруу хугарсан. Зүүн хөлний хавдар буурч байна. Хүзүү их зовиуртай байгаа. ...Зүгээр ажилтай явж байгаад хохирч эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Эмнэлэгт байнга үзүүлэх шаардлагатай байгаа. Одоо гарч байгаа болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-24-25/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Хатанбаатарын: ...Байгууллагынхаа эзэмшлийн 29-83 УБВ дугаартай Рав-4 маркийн автомашиныг жолоодоод орлогч захирал Майнбаярын хамтаар зүүн 4 замаас хөдлөөд замаасаа 1 эмэгтэй суугаад би машинаа жолоодоод ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ Улаанбаатар зочид буудлын урд замаар 2-р эгнээгээр 20-30 км/цагийн хурдтай явж байхад 1 цагаан өнгийн Т.Приус маркийн автомашин урсгал сөрж орж ирээд урдаас мөргөөд хойноос Хайландер автомашин мөргөсөн. Дарга арын суудалд сууж явсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтээгүй, эмчилгээнд 1 сая төгрөг гараад байгаа... Гомдолтой байна, одоо гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Эсрэг урсгал түгжрээтэй байсан. Миний урд машин байгаагүй. Гэрэл дохиогоор дөнгөж ороод явж байсан. Цас ороод, зам нойтон байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-27-28/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч М.Мөнхзулын: ...2016 оны 4 сарын 15-ны өглөө 10 цагийн орчимд Жигүүр грандын урд замаас цагаан өнгийн Т.Приус маркийн автомашины арын сандалд суугаад ХААЯам орохоор ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ 1-р эмнэлгийн арын замаар 3-р эгнээгээр явж байхад нэг цагаан өнгийн машин урдуур орж ирээд л түс тас хийгээд л явсан. Миний сууж явсан машины жолооч намайг машинаас буулгаад толгойноос цус гараад байхаар нь буцаад машиндаа суугаад түргэн ирэхээр нь гэмтлийн эмнэлэг явсан. ...Машины хөдөлгөөн бага байсан. Тухайн өдөр цас орж байсан. Миний баруун гар талаас машин урдуур орж ирсэн. ...Одоогоор миний толгой их өвдөж байгаа. Би жирэмсэн 5 сартай. Тухайн өдөр Эхо-д харуулсан хүүхэд зүгээр байсан. 9 сарын эхээр төрнө. Толгойгоо бариулж байгаа. Жирэмсэн болохоор урагт нөлөөлнө гэж байгаа болохоор толгойгоо томографид харуулж чадахгүй байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-30/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч З.Дуламсүрэнгийн: ...2016 оны 4 сарын 15-нд Майнбаяртай машинд арын сандалд суугаад хотын төв орохоор зүүн 4 замаас ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ Багшийн дээд сургуулийн гэрэл дохиотой уулзвар өнгөрөөд 1-р эмнэлгийн хойд замаар 3-р эгнээгээр явж байхад түс тас хийгээд л явсан. Машин хойшоогоо хараад төмөр хайс мөргөөд зогссон байсан. Жолооч эхлээд буусан, дараа нь би буусан. Түргэн ирээд бид нар гэмтлийн эмнэлэг явсан. ...Яг юу болсныг хараагүй. Гэнэт түс тас хийгээд явсан. Манай машин зөөлөн явсан. Ямар машин мөргөсөн талаар мэдээгүй. ...Гомдолтой байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-33/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ж.Зоригтбаатарын:. ...2016 оны 4 сарын 15-ны өглөө 10 цагийн орчимд өөрийнхөө эзэмшлийн 05-63 УНА дугаартай цагаан өнгийн Т.Приус маркийн автомашиныг жолоодоод замаасаа нэг зорчигч аваад ХААЯам орохоор ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ 3-р эгнээгээр 30 орчим км/цагийн хурдтай 1-р эмнэлгийн арын замаар явж байхад урд туслах замаас цагаан өнгийн Х.Верна маркийн автомашин 1-р эгнээгээр ороод шууд 3-р эгнээнд миний урдуур ороод ирэхээр нь тоормос гишгээд нөгөө машины зүүн урд карлон хэсэгт мөргөөд эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж явсан ногоон өнгийн Рав-4 маркийн автомашины зүүн хажуу талаас нь мөргөөд миний машин бүтэн эргээд баруун тийшээгээ хараад 3-р эгнээнд зогссон. Хэсэг сууж байгаад машинаасаа буугаад хойно сууж явсан эмэгтэйг машинаасаа гарахад толгойноос нь цус гарч байхаар нь цусыг нь арчаад машиндаа буцааж суулгаад түргэн ирэхээр нь явуулсан. Хэмжилт хийхэд би оролцсон. Мөргөсөн Х.Верна маркийн машин хөдөлсөн байсан. Надаар заалгаж хэмжилтийг хийсэн. ...Хөдөлгөөн бага байсан. Миний урд болон 1, 2-р эгнээнд машин байгаагүй. Зам нойтон, цас орж байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Миний биед гэмтэл учраагүй. Би хамгаалах бүсээ зүүсэн байсан. Арын зорчигч бүс зүүгээгүй байсан. Х.Верна машин гэнэт урд гарцнаас гараад шууд 3-р эгнээ рүү орж ирсэн. Хүчтэй мөргөлдсөн. 50 гаран насны ах байсан. ...Би зүүн гар тийшээгээ жолоогоо дараагүй, учир нь эсрэг урсгалд машинууд явж байсан. Голдоо үргэлжилсэн цагаан зураастай байсан. Гэнэт ороод ирэхээр нь тоормос гишгээд л мөргөсөн. ...Машиндаа үнэлгээ хийлгэсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-36/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч З.Цэлмэний: ...Х.Тогтох миний машиныг хариуцан жолоодож явдаг. Машиныг зөвшөөрөлтэй жолоодож явсан. Осол хэргийн газарт очоогүй. Машиндаа үнэлгээ хийлгэсэн. Машины жолоочтой уулзаагүй байна. Хохирол төлөгдөөгүй байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-47/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмждэгч С.Эрдэнэбаатарын: ...Д.Хатанбаатар машиныг хариуцан жолоодож явдаг. Хатанбаатар тухайн өдөр ажилтай, орлогч дарга Майнбаяртай хамт явж байгаад осолд орсон. Осолд орсон талаар тухайн өдрөө мэдсэн. Машиныг засаж янзлаагүй байгаа. Одоо машин байгууллагын гражид байгаа. Машиндаа үнэлгээ хийлгэсэн. Машины үнэлгээгээр гарсан 3.179.000 төгрөгийг буруутай жолоочоос нэхэмжилнэ. Машин бүрэн бүтэн байсан. Энэ оны 3-р сард оношлогоонд орсон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-51/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч О.Хадбаатарын: ...Төмөр хайс эвдэрч гэмтсэн талаар тэр өдрөө мэдсэн. Төмөр хайсыг засаж янзлаагүй байгаа. Машины жолоочтой уулзаагүй. Хохирол төлөгдөөгүй байгаа. Машиндаа үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр гарсан төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна. Хохирол төлөгдчихвөл гомдол санал байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-57/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Аранжингийн: ...2016 оны 4 сарын 15-ны өдөр 67-66 УНО дугаартай Т.Хайландер маркийн автомашины жолоочийн хажуу талын урд сандалд суугаад машиныг Тогтох жолоодоод ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй Голомт банк орохоор 2-р эгнээгээр дунд зэргийн хурдтай гэрэл дохиотой уулзвар өнгөрөөд явж байхад зүүн урд талаас ногоон өнгийн Рав-4 маркийн автомашин мөргөсөн. Тэгээд машинаасаа буухад 2-3 автомашин мөргөлдсөн байсан. Замын цагдаа ирж хэмжилт хийсэн. 10 цагийн орчимд уг хэрэг болсон. Тухайн өдөр цас бага орж байсан. Зам нойтон байсан. Верна маркийн автомашиныг хараагүй. Машины хөдөлгөөн дунд зэрэг байсан. Сууж байсан машины Цэлмэний эзэмшлийн машин... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-58/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Тогтохын: ...2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн орчимд би 67-66 УНО дугаартай Т.Хайландер маркийн автомашиныг жолоодоод Аранжингийн хамтаар Голомт банк орохоор ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтиэй 2-р эгнээгээр 30 орчим км/цагийн хурдтай гэрэл дохиотой уулзвар, өнгөрөөд явж байхад миний зүүн гар талд буюу 3-р эгнээнд ногоон өнгийн Рав-4 маркийн автомашин гэнэт миний зүүн урд талаас хөндөлдөөд ороод ирсэн. Би тоормос гишгэсэн боловч мөргөлдсөн. Рав-4 маркийн автомашин хойд төмөр хайс мөргөөд зогссон. Аранжин бид хоёр машинаасаа буугаад харахад цагаан өнгийн Т.Приус маркийн автомашин мөргөлдсөн байдалтай байсан. Би тухайн үед цагаан өнгийн Т.Приус маркийн автомашиныг урсгал сөрж орж ирээд мөргөсөн гэж бодсон. Цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирж хэмжилт хийсэн. Рав-4, Т.Приус маркийн автомашинд сууж явсан хүмүүсийг түргэн ирж авч явсан. Хэмжилт хийхэд Аранжин бид 2 байсан. Машины хөдөлгөөн хэвийн байсан. ...Осолд орсон машины жолооч нар бүгд архи уугаагүй эрүүл байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-60/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн ¹5486 тоот:

  1. С.Майнбаярын биед хүзүүний 2-р нугалмын их биеийн далд хугарал, баруун 1-р хурууны 2-р шивнүүрийн хугарал, зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч А.Амгаланболд гэсэн дүгнэлт /1хх-71/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹5544 тоот:

  1. Д.Хатанбаатарын биед сээрний 11, 12-р нугалам, бүсэлхийн 1,2,3-р нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал, баруун талд 12-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн

хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

  1. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт /1хх-74/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн ¹5487 тоот:

  1. З.Дуламсүрэнгийн биед зүүн гуя өвдөг шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч А.Амгаланболд гэсэн дүгнэлт /1хх-81/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹5309 тоот:

  1. М.Мөнхзулын биед тархи доргилт, духанд шарх, 2 нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Энхтайван гэсэн дүгнэлт /1хх-84/,

 

Техникийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ¹126 тоот:

  1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураг, жолооч зорчигчийн өгсөн тайлбар, бусад мэдүүлэг зэргээс үзэхэд Х.Верна маркийн 84-57 УНЗ дугаарын автомашины жолооч Ганбаатар овогтой Бямбасан нь МУ-ын ЗХД-ийн 7.7-д Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Т.Приус маркийн 05-63 УНА дугаарын автомашины жолооч Жамбал овогтой Зоригтбаатар нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
  3. Т.Рав-4 маркийн 29-83 УБВ дугаарын автомашины жолооч Доржготов овогтой Хатанбаатар нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
  4. Т.Хайландер маркийн 67-66 УНО дугаарын автомашины жолооч Хувшар овогтой Тогтох нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Цагдаагийн ахлах дэслэгч С.Одхүү гэсэн дүгнэлт /1хх-117/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-4/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /1хх-5/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-6/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-8/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1хх-9-12/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-21/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-22/, Ашид билгүүн ХХК-ийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /1хх-88-90, 98-101/, хохирлын баримтууд /1хх-153-171, 175-181/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-138, 78/, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-139/, жолоочийн лавлагаа мэдээлэл /1хх-140/, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт /1хх-142/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-144/, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 12/6182 тоот албан бичиг /1хх-148/, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /1хх-76/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

       

Шүүгдэгч Г.Бямбасанг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн орчим  “Хьюндай Верна” маркийн 84-57 УНЗ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс Ж.Зоригтбаатарын жолоодон явсан “Тоёота Приус” маркийн 05-63 УНА, Д.Хатанбаатарын жолоодон явсан нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Тоёота Рав-4” маркийн 29-83 УБВ, Х.Тогтохын жолоодон явсан З.Цэлмэний эзэмшлийн “Тоёота Хайландер” маркийн 67-66 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг болон нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн төмөр хайсыг мөргөж,зорчигч С.Майнбаярын бие махбодид хүнд, жолооч Д.Хатанбаатарын бие махбодид хүндэвтэр, зорчигч З.Дуламсүрэн, М.Мөнхзул нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан, Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-т 200.000 төгрөгийн, Ж.Зоригтбаатарын жолоодон явсан “Тоёота Приус” маркийн 05-63 УНА дугаартай тээврийн хэрэгсэлд 2.863.000 төгрөгийн шууд, Д.Хатанбаатарын жолоодон явсан Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Тоёота Рав-4” маркийн 29-83 УБВ дугаартай тээврийн хэрэгсэлд 2.639.000 төгрөгийн шууд, Х.Тогтохыг жолоодон явсан З.Цэлмэний эзэмшлийн “Тоёота Хайландер” маркийн 67-66 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.939.500 төгрөгийн шууд хохирол буюу бусдад нийт 7.641.500 төгрөгийн шууд хохирол учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдон нотлогдож байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                                             

    

          Шүүгдэгч Г.Бямбасан хохирогч С.Майнбаярын бие махбодид учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд 1.850.000 төгрөг, хохирогч Д.Хатанбаатарт 1.300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Дуламсүрэнд 300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Мөнхзулд 300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Цэлмэнд 900.000 төгрөгийг нөхөн төлсөн нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын шүүхэд ирүүлсэн хүсэлтүүдээр /2хх-3-8/ тус тус тогтоогдон нотлогдов.

 

Шүүгдэгч Г.Бямбасан урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /1хх-144/ тогтоогдов.

 

Шүүгдэгч Г.Бямбасан болгоомжгүйгээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт эмчилгээний зардал, нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтүүд шүүхэд ирүүлсэн байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцаг, Г.Бямбасангийн жолооны №094677 дугаар үнэмлэхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ганбаатарын Бямбасанг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                 
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар Ганбаатарын Бямбасанг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.           
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Бямбасанд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар Г.Бямбасанд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.             
  5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг уг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, Г.Бямбасангийн жолооны №094677 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.                                             
  6. Г.Бямбасан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.                                     
  7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Г.Бямбасанд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
  8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Г.Бямбасанд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                                                                         
  9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                                                                                                                                           
  10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Бямбасанд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.               

           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ