Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2017/00757

 

     Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн П сумын ***дугаар багт оршин суух, А-гийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч; Баян-Өлгий аймгийн П сумын ****дүгээр багт оршин суух, К, Р нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х, Б, хариуцагч Е, хариуцагчийн өмгөөлөгч З, орчуулагч В, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн П сумын **дүгээр багт байршилтай, 160 м кв талбай бүхий барилгын өмчлөгчөөр тогтоолгохыг шаарджээ.

     Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 оны 7 дугаар сард Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Л” захын урьд иргэн Егийн дэлгүүрийн хашааны зүүн булангийн гадна “Я-2” дэлгүүр буюу одоогийн “Ю” гуанзны барилгатай зэрэгцээ газарт 160 м кв талбайтай барилгыг өөрийн зардлаар барьсан юм.

     Уг үл хөдлөх хөрөнгийг би өөрийн хөрөнгөөр барьж босгосон бөгөөд миний өмчлөлийн эд хөрөнгө юм. Уг үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл ямар нэгэн саадгүйгээр эзэмшиж байна. Е нь А-г байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу уг иргэний хэргийг Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 049 дүгээр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэж, байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор бидэнд уг үл хөдлөх хөрөнгийг эзэмшихэд ямар нэгэн саад байгаагүй.

     Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дүгээр захирамж болон Е, Р нарыг П сумын 4 дүгээр багт байршилтай, 160 м кв талбайтай барилгын өмчлөгчөөр бүртгэсэн 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч дээрх захиргааны актууд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэх үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар 04-ний өдрийн 4 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/00269 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаар тогтоолоор тус тус миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

     Гэхдээ уг шүүхийн шийдвэрээр “өмчлөлийн маргаан”-ыг шийдвэрлээгүй бөгөөд өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй юм.

     Е, Р нар нь миний өмчлөлийн П сумын 4 дүгээр багт байршилтай, 160 м кв талбай бүхий барилгын өмчлөгчөөр бүртгүүлж, 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахдаа “А-гийн нөхөр Ш 2006 онд худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах зорилгоор Е-н эзэмшил газраас 160 м кв-ыг ашиглахаар “Түрээслэх гэрээ” байгуулан, уг газар дээр барилга барьж, барилгын үнэ болох 2600000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцохоор харилцан тохиролцсон”, дэлгүүр барихдаа уг дэлгүүр баригдахад гарсан өртгийг түрээсийн төлбөрт оруулахаар тохиролцсон. Тухайн үед дэлгүүр барьсан өртөг 2600000 төгрөг болсон бөгөөд үүнийг 15 сарын түрээс болгон тооцсон гэж тус тус шүүхэд мэдүүлсэн.

     Нэхэмжлэгч би Е, Р нартай үл хөдлөх хөрөнгө барихад гарсан зардлыг түрээсийн үнэд тооцохоор тохиролцсон хэлцэл байхгүй болно. Гэтэл миний хөрөнгөөр барьсан өмчлөлийн эд хөрөнгийг 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, өмчилж байгаа нь хууль бус юм.

     Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна” гэж зааснаар миний барьж байгуулсан 160 м кв талбайтай дэлгүүрийн барилга нь үл хөдлөх хөрөнгө бөгөөд байрлаж буй газрын эзэмшигч нь Е байж болно.

     Е, Р нар нь миний өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлж авч байгаа бол Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх гэж заасны дагуу хэлцэл байгуулж, түүнийг нотариатаар гэрчлүүлсний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх олж авах байсан. Гэтэл ямар ч хэлцэл байхгүй байхад миний барьж байгуулсан үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, бүртгүүлсэн үйлдэл нь бүхэлдээ хууль бус.

     Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасныг тус тус баримтлан намайг “Хошахан-2” дэлгүүр буюу одоогийн “Ю” гуанзны барилгатай зэрэгцээ газарт байрлах 160 м кв талбай бүхий барилгын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгч А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Би өөрийн хөрөнгөөр 40 мкв талбайтай дэлгүүр барьсан. Энэ дэлгүүрийг барьж өгсөн Ц, А, Д, В нарын тодорхойлолт байгаа. Би дэлгүүрээ Л гэдэг хүний гуанзны оронд барьсан. Тэр хүний тодорхойлолт бас байгаа. Е бид хоёрын хооронд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-т зааснаар бичгээр хийсэн худалдах, худалдан авах гэрээ байхгүй. Мөн амаар ч тохироогүй.

     Эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.2-т “Урьдчилсан тэмдэглэл хийлгэх хүсэлтийг өмчлөгч, худалдан авагч эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад хамтран гаргах ба хүсэлтэд худалдан авагч болон өмчлөгчийн хооронд байгуулсан гэрээний эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана” гэж заасан. Бид хоёрын хооронд тийм зүйл хийгдээгүй учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаан болоход шүүгчээс энэ дэлгүүрийг Е барьсан уу, А барьсан уу гэхэд А барьсан гэж хэлсэн. Мөн та хоёрын хооронд бичгээр хийсэн худалдах, худалдан авах гэрээ байна уу гэхэд Е байхгүй гэж хариулсан. Тэгэхэд бичгээр хийсэн худалдах, худалдан авах гэрээ байхгүй учраас хүчин төгөлдөр бус байна гэсэн. Би ашигтай талбайд барьсан гэсэн чинь шүүгч чиний хашааны буланд жаахан зүйл барьчихвал чиний барилга болчихдог юм уу, ашигтай талбай болчихдог юм уу гэж асуусан. Тэгээд надаас чи үл хөдлөх хөрөнгийн талаар иргэний хэргийн шүүхэд хандсан уу гэхэд үгүй гэж хариулсан.  Тэгвэл өмчлөлийн хэргийг иргэний хэргийн шүүх шийддэг гэсэн. Тэгээд би захиргааны хэргийн шүүх биш иргэний хэргийн шүүх шийддэг юм байна гэж ойлгосон.

     Улмаар энд ирж өмгөөлөгч авч нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.3-т “Худалдагч гэрээ болон дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан. Гэтэл бид хоёрын хооронд шилжүүлсэн баримт бичиг байхгүй. 40 мкв талбайтай дэлгүүрийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ юуг үндэслэж бүртгүүлсэн нь тодорхой бус байна. Дэлгүүрийг намайг барьсан гэдгийг Е нь шат шатны шүүхэд хэлж байсан. Е нь 86 м кв, 50 м кв, 40 мкв талбайн гэрчилгээтэй байгаа. Ен газрын хэмжээ нь 1876 мкв гэж байгаа. Газрын хэмжээнээс үл хөдлөх хөрөнгийн хэмжээ их байгаа. Үл хөдлөх хөрөнгө нь 176 мкв газраар илүү байгаа.  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 146 дугаартай шийдвэр байгаа. Энэ шийдвэрт  1786 мкв талбайд нэг давхарт барилга байгуулна, хууль ёсны өмчлөгч мөн гэсэн утгаар шийдвэр гаргуулчхаад дараа нь захиргааны хэргийн шүүхээр явахдаа 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тайлбар дээр 1786 гэдэг нь миний газрын хэмжээ болохоос биш үл хөдлөх, барилга байгууламжийн хэмжээ биш. Үүнийг шүүх газар дээр нь очиж тогтоох боломжтой гэж бичсэн байгаа. Е-гийн газар  нь нэг бол дэлгүүр болж, нэг бол газар болж хувирдаг юм уу гэж бодож байна. Яагаад гэвэл 1876 газар дээр нэг ч см зөрөхгүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байгаа. Цаана нь 40, 50 мкв газар илүү гараад явж байгаа. Яагаад зөрүүтэй байдаг юм бэ. Захирамж гараагүй байхад 1786 мкв газрын гэрчилгээ авчихсан. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 146 дугаартай шийдвэр дээр тодорхой байгаа. Ерөөсөө Е-д газар түрээслэх эрх байхгүй юм байна. 314 мкв газар хасахдаа би заавал түрээс авна гэж хэлэхэд захиргааны хүмүүсээс танд газар түрээслэх эрх байхгүй, тийм эрх аваагүй. Та улсын бүртгэл газраас газар түрээслэх эрх авснаар газар түрээслэх эрхтэй болно гэсэн. Е газраа ч гэсэн зарсан байгаа. Газар нь үл хөдлөх хөрөнгийн хэмжээнээс илүү яваад байгаа.

     Е нь А нь банкнаас зээл авахын тулд намайг шаардаж байгаад гэрчилгээ авахуулсан гэж ярьсан. Би арилжааны банкнуудаас зээл авсан эсэх талаар лавлагааг гаргуулахад 2006 онд ямар ч зээл аваагүй гэж гарч ирсэн. Би үнэний төлөө явсан маань нотлогдсон. 2,6 сая төгрөгийг түрээсэнд оруулна гээд анхны түрээсийн гэрээнд бичсэн гэж байгаа. Тэрийг Ш бичсэн гэж хэлсэн. Гэтэл Ш бичээгүй гэж хэлсэн. Тэрэн дээр гарын үсгийг шинжилгээ хийлгэх гэхэд хүсэлтийг хангаагүй. Нотариатаас ч гэсэн зөв шалгаж өгөөгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ” гэж заасан.  Би Ед үл хөдлөх хөрөнгөө өгч байна гэсэн зүйл бичиж өгснөөр бүртгүүлэх ёстой юм байна. Тийм зүйл байхгүй учраас хүчин төгөлдөр бус гэж бодож байна. Газар нь хүртэл Егийн газар биш. Түрээсийн гэрээнд миний гарын үсэг огт байхгүй. Гэрчилгээг 6 сая төгрөгөөр үнэлж авсан. 2,6 сая төгрөгийг түрээсэнд оруулсан гэж байгаа. Гарын үсэг ч байхгүй, миний өгсөн баримт ч байхгүй. Би үнэн шударгаар ажлаа явуулдаг. Тийм учраас миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

     Хариуцагч Е, Р нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн П сумын 3 дугаар багт оршин суух Е, Р бид П сумын 2 дугаар багт оршин суух Агийн “П сумын 4 дүгээр багт байршилтай 160 м кв талбай бүхий барилгын өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлд танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна.

     Нэхэмжлэгч   А   нь   нэхэмжлэлийн   шаардлагад “П сумын  9 дүгээр   багт байршилтай 160 м кв талбай бүхий барилгын өмчлөгчөөр тогтоолгох”-ыг хүсжээ.

     1. А-гийн нэхэмжлэлийн шаардлага болгож буй П сумын 4 дүгээр багт “Л” захын урьд байрлах 160 м кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай, барилга нь Е, Р бидний өмчлөгчийн эд хөрөнгө болох нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой  эд хөрөнгө  бусад  эрхийн  улсын бүртгэлийн 2006  оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 тоот гэрчилгээгээр батлагдаж байх тул Аг өмчлөгчөөр тогтоох боломжгүй болно.

     2. Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн  84.3-д  “Газар,  түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна” гэж заажээ.

     Тэгвэл Агийн нэхэмжлэлийн шаардлага болгож маргаж байгаа А-гийн түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа “Э” дэлгүүрийн, доорх газар нь Е миний эзэмшилд байгаа газар болох нь П сумын Засаг даргын 1999 оны 80 дугаар захирамж, тус аймгийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн  А/129 дүгээр захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/00269 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаар тогтоол зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна.

     Иймд нэхэмжлэгч А-гийн өмчлөгчөөр тогтоолгох гэж буй “Э” дэлгүүрийн байрлаж буй газарт Агийн эзэмшилд ямар ч газар байхгүй байх тул Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д заасан үл хөдлөх эд хөрөнгө А-д байх учиргүй болох нь тодорхой байна. Учир нь Агийн эзэмшил, өмчлөлд газар байхгүй байхад үл хөдлөх эд хөрөнгө яаж байх билээ.

     3. Агийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүсч байгаа П сумын 4 дүгээр багт байршилтай 160 м кв талбай бүхий “Э” дэлгүүрийн өмчлөгчөөр Е, Р бид хоёр мөн болохыг тогтоож, баталгаажуулсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 0002011220 тоот гэрчилгээг хүчингүй болгохоор гаргасан Агийн нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгож, түүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны   шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/00269 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаар тогтоолоор хэвээр баталснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн цорын ганц хууль ёсны өмчлөгчид Е, Р бид хоёр болохыг эцэслэн шийдвэрлэсэн болно.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасны дагуу Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр байгаа эрхийн актуудаар /шийдвэр, магадлал, тогтоол/ тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Е, Р бид хоёрыг тогтоосон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000201220 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай   А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир шүүхээс дахин нотлохгүй болно.

     4. Агийн нэхэмжлэлд дурдсанчлан Е, Р бид А-гаас ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж авах тухай хэлцэл байгуулаагүй учир Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан хэлцэл хийх, нотариатаар батлуулах шаардлага байхгүй учир нэхэмжлэлийн энэхүү шаардлага үндэслэлгүй юм.

     5. Маргаан бүхий дэлгүүрийн өмчлөгчөөр Е, Р бид хоёр болохыг тогтоож баталгаажуулсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000201220 тоот гэрчилгээг хүчинтэйд тооцсон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэр, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/00269 тоот магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 тоот тогтоол зэрэг нь хүчин төгөлдөр байх тул шүүхээс хүсэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг үндэслэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Агийн “П сумын 4 дүгээр багт байршилтай, 160 м кв талбай бүхий барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Хариуцагч Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн худлаа ярихаас өөр зүйл мэддэггүй. Көгершин хоршооны схем зураг байгаа. Ю гуанз ажиллаж байгаа 50 мкв газар байгаа. Хашааг авч байж эд нарыг өрөвдөөд дэлгүүр барьсан. Дараагаар нь одоо түрээст оруулаад чамд түрээс төлье гэсэн. Би найз нөхөд гэж найдаад зөвшөөрсөн. Дэлгүүрийг 2,6 сая төгрөгөөр барьсан. Анхны хийсэн гэрээ нотариат дээр байхгүй гэлээ. Би энэ хүнд дэлгүүр худалдаагүй. Би түр зуур түрээсэлсэн учраас ямар гэрээ байх юм бэ. Би гэрчилгээг аваад зээл авъя гэхээр нь би 50 мкв газрын гэрчилгээг барьцаанд өгөөд зээл авсан. Үүнийг далимдуулаад банк гээд хэлмэгдүүлж байгаа. Өмнөх шүүх хурал кадастрын зургаас болж хойшлогдсон. Аймгийн Засаг даргаас шийдвэр гарч зам тавина, зогсоол тавина гэхээр нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад өөрийн ухамсраар татаж авсан. Хүнийг хэлмэгдүүлж худлаа хэлж болохгүй гэв.

 

     Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч А нь Баян-Өлгий аймгийн П сумын 4 дүгээр багт байршилтай, 160 м кв талбай бүхий барилгын өмчлөгчөөр тогтоож өгөхийг хүссэн байна.

     Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ миний бие 2006 онд Л захын урьд талд Егийн дэлгүүрийн хашааны зүүн булангийн гадна Х-2 дэлгүүр буюу одоогийн Ю гуанз барилгатай зэрэгцээ газар 160 м кв талбайтай барилгыг өөрийн зардлаар барьсан бөгөөд уг өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө ямар нэгэн саадгүйгээр эзэмшиж байгаа ба Е, Р нартай үл хөдлөх хөрөнгө барьсан зардлыг түрээсийн үнэд тооцохоор тохиролцсон хэлцэл байхгүй тул хариуцагч нар нь миний өмчлөлийн эд хөрөнгөнд эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, өмчилж байгаа нь буруу гэж тайлбарлажээ.

     Хариуцагч нараас нэхэмжлэгч А-гийн түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа Э дэлгүүрийн газар нь Е миний эзэмшилд байгаа газар бөгөөд Э дэлгүүрийн өмчлөгчөөр Е, Р бид хоёр мөн болох нь газар эзэмших гэрчилгээ болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

     Шүүх  хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгч Агийн Баян-Өлгий аймгийн П сумын 4 дүгээр багт байршилтай, 160 м кв талбай бүхий барилгын өмчлөгчөөр тогтоож өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     Нэхэмжлэгч А-гийн нөхөр Ш 2006 онд худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулахаар Е-н эзэмшлийн газраас 160 м кв газрын ашиглахаар Түрээслэх гэрээ байгуулан газар дээр барилга барьж, барилгын үнэ болох 2600000 төгрөгийг 15 сарын түрээсийн төлбөрт тооцохоор харилцан тохиролцсон, үүнээс хойш 2007, 2009, 2011 онуудад тухайн барилгыг түрээсийн гэрээгээр ашиглаж ирсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогджээ.

     Дээрх гэрээнээс үзэхэд Егийн эзэмшлийн газарт барьсан барилга буюу одоогийн Э дэлгүүрийг түрээслэгч болох Ш-ээс Е-д шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

     Нэхэмжлэгч А нь худалдааны байранд талбай түрээслэх тухай гэрээнд бичигдсэн “Түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөг нь түрээсийн төлбөр болон 15 сард багтах болно” гэснийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 761 дугаартай шийдвэрээр  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, уг шийдвэр нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/00559 дугаартай тогтоол гарснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

     Улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг өмчлөгч гэж үздэг бөгөөд хариуцагч нар болох Е, Р нар нь Баян-Өлгий аймгийн П сумын 9 дүгээр багт байршилтай, үйлчилгээний зориулалттай 160 м кв талбайтай байрны өмчлөгчөөр бүртгүүлж 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 000201220 дугартай Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээ авсан байна.

     Нэхэмжлэгч А-гаас Е-д газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, Е, Р нарыг өмчлөгчөөр бүртгэсэн 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай шийдвэрээр улсын бүртгэл болон Засаг даргын захирамж нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

     Дээрх байдлаас үзэхэд Баян-Өлгий аймгийн П сумын 9 дүгээр багт байршилтай, үйлчилгээний зориулалттай 160 м кв талбайтай дэлгүүрийг хариуцагч Е, Р нар нь хууль бусаар өмчилж байгаа гэх үндэслэл үгүйсгэгдэж байгаа ба А нь уг барилгын өмчлөгч болох нь тогтоогдохгүй байгаа болно. Нэхэмжлэгч Агаас 2006 оны 7 дугаар ард Л захын урьд Егийн дэлгүүрийн хашааны зүүн булангийн гадна 160 м кв талбайтай дэлгүүрийн барилгыг өөрийн зардлаар барьсан бөгөөд уг барилга барьсан газар нь Егийн эзэмшлийн газарт хамаарахгүй гэж тайлбарлаж нотлох баримтаар Д, Б, А, Ц, И нарын тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч энэхүү үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул нэхэмжлэгч А нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр газар Л захын урьд, Е-гийн эзэмшлийн газрын гадна газар эзэмшиж байсан тухай нотлох баримтгүй, тухайн дэлгүүрийн барилга байрлаж байгаа газар нь хариуцагч Егийн эзэмшлийн газарт хамаарахгүй байдлыг нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

     Иймд А-гийн Баян-Өлгий аймгийн П сумын 4 дүгээр багт байршилтай, 160 м кв талбай бүхий барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А-гийн Баян-Өлгий аймгийн П сумын 9 дүгээр багт байршилтай, 160 м кв талбай бүхий барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             М