Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00017

 

  С.А-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаар шийдвэртэй, С.А-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух Т.Д, Д.М нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагч Т.Д, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох” тухай.

 

            Нэхэмжлэлд: “Миний бие 2006 оны 7 дугаар сард Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах Тирлик захын урьд иргэн Т.Д-гийн дэлгүүрийн хашааны зүүн булангийн гадна “Х” дэлгүүр буюу одоогийн “К” гуанзны барилгатай зэрэгцээ газарт 40 м.кв талбайтай дэлгүүрийн барилгыг өөрийн зардлаар барьсан миний өмчлөлийн эд хөрөнгө юм. Уг үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл ямар нэгэн саадгүйгээр эзэмшиж байна. Т.Д нь С.А-г байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу уг иргэний хэргийг Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 049 дүгээр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэж, байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор бидэнд уг үл хөдлөх хөрөнгийг эзэмшихэд ямар нэгэн саад байгаагүй.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дүгээр захирамж болон Т.Д, Д.М нарыг Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м.кв талбайтай дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр бүртгэсэн 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч дээрх захиргааны актууд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэх үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар 04-ний өдрийн 4 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/00269 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаар тогтоолоор тус тус миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэхдээ уг шүүхийн шийдвэрээр “өмчлөлийн маргаан”-ыг шийдвэрлээгүй бөгөөд өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй. Т.Д, Д.М нар нь миний өмчлөлийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр бүртгүүлж, 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахдаа С.А-гийн нөхөр Ш.Е 2006 онд худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах зорилгоор Т.Д-н эзэмшил газраас 40 м.кв-ыг ашиглахаар “Түрээслэх гэрээ” байгуулан, уг газар дээр барилга барьж, барилгын үнэ болох 2,600,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцохоор, дэлгүүр барихдаа уг дэлгүүр баригдахад гарсан өртгийг түрээсийн төлбөрт оруулахаар тус тус тохиролцсон. Тухайн үед дэлгүүр барьсан өртөг 2,600,000 төгрөг болсон бөгөөд үүнийг 15 сарын түрээс болгон тооцсон гэж тус тус шүүхэд мэдүүлсэн.

Нэхэмжлэгч би Т.Д, Д.М нартай үл хөдлөх хөрөнгө барихад гарсан зардлыг түрээсийн үнэд тооцохоор тохиролцсон хэлцэл байхгүй болно. Гэтэл миний хөрөнгөөр барьсан өмчлөлийн эд хөрөнгийг 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, өмчилж байгаа нь хууль бус юм.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна” гэж зааснаар миний барьж байгуулсан 40 м.кв талбайтай дэлгүүрийн барилга нь үл хөдлөх хөрөнгө бөгөөд байрлаж буй газрын эзэмшигч нь Т.Д байж болно.

Т.Д, Д.М нар нь миний өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлж авч байгаа бол Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх” гэж заасны дагуу хэлцэл байгуулж, түүнийг нотариатаар гэрчлүүлсний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх олж авах байсан. Гэтэл ямар ч хэлцэл байхгүй байхад миний барьж байгуулсан үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, бүртгүүлсэн үйлдэл нь бүхэлдээ хууль бус.

Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасныг тус тус баримтлан намайг “Х” дэлгүүр буюу одоогийн “К” гуанзны барилгатай зэрэгцээ газарт байрлах 40 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч С.А нь нэхэмжлэлийн шаардлагад Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай 40 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгохыг хүсжээ.

1. С.А-гийн нэхэмжлэлийн шаардлага болгож буй Өлгий сумын 4 дүгээр багт “Тирлик” захын урьд байрлах 40 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай, дэлгүүрийн барилга нь Т.Д, Д.М бидний өмчлөгчийн эд хөрөнгө болох нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгө бусад эрхийн улсын бүртгэлийн 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 тоот гэрчилгээгээр батлагдаж байх тул С.А-г өмчлөгчөөр тогтоох боломжгүй болно.

2. Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна” гэж заажээ.Тэгвэл С.А-гийн нэхэмжлэлийн шаардлага болгож маргаж байгаа С.А-гийн түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа “Т” дэлгүүрийн, доорх газар нь Т.Д миний эзэмшилд байгаа газар болох нь Өлгий сумын Засаг даргын 1999 оны 80 дугаар захирамж, тус аймгийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/129 дүгээр захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/00269 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаар тогтоол зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна. Иймд нэхэмжлэгч С.А-гийн өмчлөгчөөр тогтоолгох гэж буй “Т” дэлгүүрийн байрлаж буй газарт С.А-гийн эзэмшилд ямар ч газар байхгүй байх тул Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө С.А-д байх учиргүй болох нь тодорхой байна. Учир нь С.А-гийн эзэмшил, өмчлөлд газар байхгүй байхад үл хөдлөх эд хөрөнгө яаж байх билээ.

3. С.А-гийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж байгаа Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай 40 м.кв талбай бүхий “Т” дэлгүүрийн өмчлөгч Т.Д, Д.М бид болохыг тогтоож, баталгаажуулсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 0002011220 тоот гэрчилгээг хүчингүй болгохоор гаргасан С.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгож, түүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/00269 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаар тогтоолоор хэвээр баталснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн цорын ганц хууль ёсны өмчлөгчид Т.Д, Д.М бид хоёр болохыг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасны дагуу Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр байгаа эрхийн актуудаар /шийдвэр, магадлал, тогтоол/ тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Т.Д, Д.М бид хоёрыг тогтоосон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000201220 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай С.Агийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир шүүхээс дахин нотлохгүй болно.

4. С.А-гийн нэхэмжлэлд дурдсанчлан Т.Д, Д.М бид С.А-гаас ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж авах тухай хэлцэл байгуулаагүй учир Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан хэлцэл хийх, нотариатаар батлуулах шаардлага байхгүй учир нэхэмжлэлийн энэхүү шаардлага үндэслэлгүй.

5. Маргаан бүхий дэлгүүрийн өмчлөгчөөр Т.Д, Д.М бид хоёр болохыг тогтоож баталгаажуулсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000201220 тоот гэрчилгээг хүчинтэйд тооцсон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэр, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/00269 тоот магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 тоот тогтоол зэрэг нь хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг үндэслэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар С.А-гийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м кв талбай бүхий дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “ гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.А-гийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэг, 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нотлох баримтыг бүрэн цуглуулан хүргүүлсэн байхад хэргийн бодит нөхцөл байдлыг буруу үнэлж, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж ийнхүү давах гомдол гаргасан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 49 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Т.Д-н эзэмшлийн гэх 40 м.кв газарт С.А, түүний нөхөр Ш.Е нар нь 2006 онд худалдаа үйлчилгээний зориулалттай байрыг барьсан. 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хариуцагч С.А-гийн нөхөр Ш.Е-тэй байгуулсан түрээсийн гэрээ гэх баримт байгаа боловч 2006, 2007 онуудад байгуулж байсан түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж байгаагүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр батлагдаж байна...” гэжээ. Үүнээс харахад, Иргэний хуулийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэдэг нь тодорхой байна. Түүнчлэн, Ш.Е, Т.Д нар хоорондоо үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах ямар ч гэрээ байгуулаагүй тул тухайн барилгын өмчлөгч нь С.А, Ш.Е нар байхад Улсын бүртгэлийн хэлтэс бусдын үл хөдлөх хөрөнгийг Т.Д-д өмчлүүлсэн өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгсөн нь буруу юм. Нөгөөтээгүүр, тухайн гэрээнд байгаа нэмэлт нөхцөлийг гараар бичсэн бөгөөд энэ талаар Ш.Е мэдээгүй буюу тухайн гэрээний нэмэлт нөхцөл заасан хэсэгт Ш.Е гарын үсэг зураагүй болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг болон шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна. Мөн мэтгэлцээний шатанд тухайн гэрээнд байгаа нэмэлт нөхцөлийг хэн бичсэн талаар тодруулахад, хариуцагчийн зүгээс хариулт өгч чадаагүй, өөрөөр хэлбэл Ш.Е бичсэн нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдоогүй байхад Ш.Е бичиг хэмээн худал мэдүүлэг өгсөн болохыг шүүх анхаарч үзээгүй. Тухайн түрээсийн гэрээнд байгаа нэмэлт нөхцөлийг хэн бичсэнийг шинжээчийн тусламжтайгаар тогтоолгох тухай хэд хэдэн удаа хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй явдал нь хэргийг шударгаар шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Ер нь хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг нотлоогүй. Өөрөөр хэлбэл, өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, холбогдох гэрээ, хэлцэл хуульд заасан шаардлагыг хангаж байгаа гэдгийг нотлоогүй. Өмчлөлийг шилжүүлж авсан гэх гэрээг улсын бүртгэлийн байгууллагад нуун дарагдуулж өгөөгүй. Энэхүү үйл ажиллагааны улмаас тухайн бүртгэл хууль журмын дагуу явагдаагүй бөгөөд өмчлөлийн гэрчилгээг авахдаа түрээсийн гэрээг гаргаж өгөлгүйгээр өөрсдөө шинээр барьсан мэт мэдүүлгийг буруу зөрүүтэй гаргасан нь нотлогдсон боловч шүүх өмчлөлийн маргааныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн гэж үзээд хууль ёсны үнэлэлт, дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцээгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 757 тоот шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Харин нэхэмжлэгч С.А нь анхан шатны шүүхийн хууль ёсны шийдвэрийг ямар ч үндэслэлгүй, хууль ёсны давж заалдах гомдол гаргах факт, нотлох баримтад тулгуурлалгүй бичсэн байна.

Нэхэмжлэгч С.А нь “Сум дундын 2  дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 49 тоот шийдвэрийн үндэслэх хэсгийг давж заалдах гомдлын үндэслэл болгосон нь үндэслэлгүй болжээ. Учир нь тухайн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Сум дундын 2 дугаар шүүхийн (тухайн үеийн нэршлээр) 49 тоот шийдвэр нь Т. Д миний нэхэмжлэлтэй, С.А-д холбогдох “түрээсийн төлбөр” нэхэмжилсэн тухай шийдвэр бөгөөд шүүхийн шийдвэр Т.Д миний талд гарч, хариуцагч С.А нь надад түрээсийн төлбөр төлсөн. Т. Д миний С.А болон, түүний нөхөр Ш.Е нартай байгуулсан “түрээсийн гэрээг” хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар С.А нь урьд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч, гурван шатны шүүхээс С.А-гийн нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

С.А-гийн нөхөр Ш.Е болон Т.Д бидний хооронд “худалдах-худалдан авах гэрээ байхгүй” хэмээн давж заалдах гомдол гаргасан байна. Т.Д миний бие С.А болон түүний нөхөр Ш.Е нараас ямар нэгэн “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө” худалдан авч байгаагүй тул Ш.Е бид хоёрын дунд “эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байх ёсгүй бөгөөд, “худалдах-худалдан авах тухай” гэрээ байгаагүй явдал нь С.А-гийн үндэслэлгүй маргаж байгааг баталж байна.

С.А, түүний нөхөр Ш.Е нар нь Т.Д миний “эзэмшилд байгаа” газарт өөрсдийн хүч хөдөлмөр, хөрөнгөөр маргаан бүхий “объект” буюу үл хөдлөх эд хөрөнгийг барьсан нь үнэн. Уг баримтыг тэд барьсны дараа “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч” Т.Д надаас “түрээсийн гэрээ” байгуулах хэлбэрээр ашиглаж, уг байрны үнэ өртгийг “түрээсийн төлбөрт шингээж” надад худалдсан. Энэ нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасан үндэслэлд хамаарч байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан. Нэхэмжлэгч С.А-гийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар нь Т.Д миний “эзэмшил газар” болохыг Захиргааны хэргийн 3 шатны шүүхээс тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байгаа болно. Гэтэл С.А-д “эзэмшил газар” байхгүй атлаа түүний өмчлөлд ямар “үл хөдлөх эд хөрөнгө” байх билээ. С.А-гийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан “Т” дэлгүүрийн барилгын хууль ёсны өмчлөгч нь Т.Д, Д.М бид болох нь 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон “эд хөрөнгө өмчлөх эрхийн 000201220 тоот гэрчилгээ”-ээр батлагдаж байна. Энэхүү гэрчилгээг С.А нь “Хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 4 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Уг шийдвэр одоогоор хүчин төгөлдөр байгаа. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 757 тоот шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.А-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

            Нэхэмжлэгч С.А хариуцагч Т.Д, Д.М нарт холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд мэтгэлцжээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзаж байгаа бол үндэслэлээ тус тус нотлох үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч С.А нь маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгыг өөрийн зардлаар барьсан, хариуцагч нар улсын бүртгэлийн гэрчилгээ авч, өмчилж байгаа нь хууль бус гэж тайлбарлах боловч энэ байдлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй байна.

 

Харин хариуцагч нарын шүүхэд  гаргаж өгсөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000201220 дугаартай гэрчилгээгээр нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд үгүйсгэгдсэн бөгөөд уг баримтаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 40 м.кв талбайтай дэлгүүрийг хариуцагч Т.Д, Д.М нар хууль ёсоор өмчилж буй нь тогтоогдсон.

 

            Улсын бүртгэлийн 000201220 дугаартай гэрчилгээний хууль ёсны байдлын талаар гурван шатны шүүхийн шийдвэр гарч /захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/0269 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаар тогтоол/, тус гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

            Иймд, анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль ёсны гэж үзнэ.

            Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн уг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн бөгөөд хуульд заасан журмыг баримталж гаргаагүй /улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй/ нэхэмжлэгчийн  өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэлэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг гомдлоо анхан шатны шүүх хуралдаанд хэргийг шүүгч илтгэж танилцуулахаас өмнө татаж авсан бөгөөд гомдолд дурдсан үндэслэлүүдийг шүүх хуралдаанд өмгөөлөгчийн тайлбар болгон танилцуулахаа илэрхийлсэн болно.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж аваагүй тул түүний гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК