Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2017/00780

 

     Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын ***дугаар багт оршин суух, Т-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: В газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 6552000 төгрөгийг гаргуулах, мөн үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон нийгмийн даатгалын байгууллагад төлж өгөхийг даалгаж өгөхийг шаарджээ.

     Нэхэмжлэгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн Х хэлтэст /хуучнаар/ жолоочоор ажиллаж байсан билээ. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Засгийн газрын тогтоолоор тус Х хэлтэс татан буугдаж түүний эрх үүргийг аймгийн В газарт шилжүүлсэн болно. Ингээд миний бие тус газрын мэдэлд шилжсэн боловч тус газрын дарга З нь намайг хуучин ажилд авахгүй болохоор би зөрчигдсөн эрх ашгийг хамгаалуулах зорилгоор тус шүүхэд хандсан болно. Тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 332 дугаартай шийдвэрээр намайг В газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон болно.

     Дараа нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга З давж заалдах гомдол гаргасан байсныг тус аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцээд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталснаар анхан шатны шүүхийн 332 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон болно.

     Миний бие 2016 оны 10 сарыг дуустал цалин хөлсөө бүрэн хэмжээгээр авсан ба сард 404000 төгрөгийн цалинтай ба ур чадварын нэмэгдлийн хамт сард 504000 төгрөгийн цалин авч байлаа. Тийм учраас миний ажилгүй байсан үеийн 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарыг дуустал бүгд 10 сарын нөхөн олговор болох нийт 5040000 төгрөгийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын данснаас гаргуулан олгож, мөн үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын байгууллагад төлж өгөхийг тус газрын дарга З-д даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Т нь 2016 оны 11 дүгээр сарыг хүртэл буюу 10 дугаар сарыг дуустал В газарт жолоочоор ажиллаж ирсэн. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн жолоочийн ажлаас чөлөөлж хуучин жолоочоор ажиллаж байсан Асхарын хүү Ханатыг ажилд авч, Т-ийг ажилд авахгүй байсан. Ингээд Т-ийн эрх ашиг хөндөгдөж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд Т-ийг В газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон. Энэ шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

     Ингээд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар авч хэлэлцээд 92 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Дараа нь хариуцагч талаас хяналтын журмаар гомдол гаргаж Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар авч хэлэлцээд 1367 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр нь баталж эцэслэн шийдвэрлэсэн. Нэгэнт ажилд эгүүлэн тогтоогдсон болохоор тус шүүхэд ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулахаар 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ 2016 оны 11 дүгээр сараас эхлэн 2017 оны 8 дугаар сарыг дуустал 10 сарын нөхөн олговор болох 5040000 төгрөгийг нэхэмжилж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын санд шилжүүлэн өгөхийг тус газрын даргад даалгаж өгөх тухай нэхэмжлэл гаргасан.

     Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж өөрөөр хэлбэл 3 сарын цалин болох 1512000 төгрөгөөр нэмэгдүүлж гаргасан. Энэ хүсэлтийг шүүх хүлээн авч хариуцагч талд танилцуулснаар өнөөдөр шүүх хуралдааныг явуулж байгаа. Бүгд 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарыг дуустал 6552000 төгрөгийг В газраас гаргуулан, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагч байгууллагын даргад даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

     Хариуцагч В газрын дарга З шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Т нь аймгийн В газраас ажилгүй байсан үеийн цалин, хөлс, нөхөн олговор гаргуулан нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.

     Учир нь 1.Баян-Өлгий аймаг дахь Эрүү, Иргэний давж заалдах шатны 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн магадлалаар тус аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 332 дугаартай шийдвэрийг хангаж хэвээр баталсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурджээ. Гэтэл аймгийн В газраас уг магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд гомдол гаргасан бөгөөд бидний гомдлыг Дээд шүүхээс хэлэлцээгүй бөгөөд эцсийн шийдвэр гаргаагүй байна.

     2. Эцэслэн шийдвэр гаргаагүй болохоор Т-ын нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй байгаа тул бидний тайлбарыг шүүх хүлээн авч нэхэмжлэлийг нь шийдвэрлэнэ үү гэжээ.              

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т-ийн нэхэмжилж байгаа 6552000 төгрөгийн тооцоог бодож гаргасан тодорхой байна. Т нь сард 404000 төгрөг авдаг юм байна.

     Миний хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд хариуцагчийн тайлбарыг дамжуулна. Хариуцагчаас нэгэнт шийдвэр гарч 11 дүгээр сард ажилд орохоор шийдэгдсэн. Гэвч энэ цалинг тавьж өгөх боломж байхгүй, төсөв хүрэхгүй байна гэдэг байдлаар тайлбарлаж хэлээрэй гэж дамжуулсан гэв.

 

     Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Т нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ажилгүй байсан үеийн цалин хөлсний олговор 6552000 төгрөгийг гаргуулах, уг үнийн дүнд нийгмийн даатгалын шимтгэл тооцож нийгмийн даатгалын санд төлөхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсжээ.

     Нэхэмжлэгч Т нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 5040000 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн ба 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 1512000 төгрөгөөр ихэсгэж 6552000 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн байна.

     Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

     Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 332 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Т-ыг В газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон байна. Дээрх шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан ба Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00092 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/01167 дугаартай тогтоолоор шийдвэрийг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

     Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр үйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох”-оор заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ.

     Нэхэмжлэгч Т 2016 оны 10 дугаар сарын цалинг бүрэн авсан талаар тайлбарласан ба 2016 оны 11 дүгээр сараас эхлэн 2017 оны 11 дүгээр сарыг дуустал ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилсэн байна.

     В газрын мэргэжилтэн О нь Т-ын үндсэн цалин 404991 төгрөг, ур чадварын нэмэгдэл 25 хувь буюу 101000 төгрөг, нийт 505991 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлсон ба 2016 оны 11 дүгээр сараас эхлэн 2017 оны 11 дүгээр сарыг дуустал ажилгүй байсан хугацаа болох 13 сарын хугацааны цалинг дээрх тодорхойлолтоор тооцоход нийт 6587883 төгрөг болж байна.  Нэхэмжлэгч 6552000 төгрөг гаргуулахыг шаардсан тул хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

     Иймд В газраас ажилгүй байсан үеийн цалин хөлсний олговор 6552000 төгрөгийг гаргуулан Т-т олгох нь зүйтэй байна.

      Нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацаа болох 13 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ажил олгогчид даалгаж өгөхийг хүссэн байна.  Нийгмийн даатгалын шимтгэл нь даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөр тул  нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн хэмжээгээр ажилгүй байсан хугацааны  нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар тооцож ажил олгогчоос төлөх шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

     Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажилтны сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 10 хувьтай тэнцэх шимтгэлийг даатгуулагчаас, 11 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг ажил олгогчоос тус тус төлөх тул  ажилгүй байсан хугацааны  нийгмийн даатгалын шимтгэлд төлөх хувь хэмжээг тооцвол 720720 /6522000х11%=720720/ төгрөгийг ажил олгогч В газраас гаргуулан нийгмийн даатгалын сангийн дансанд төлөхийг В газарт даалгах нь зүйтэй байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д  заасныг баримтлан В газраас ажилгүй байсан үеийн цалин хөлсний олгвор 6552000 төгрөгийг гаргуулан Т-д олгосугай.

     2. Нийгмийн даатгалын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан нийгмийн даатгалын шимтгэл болох 720720 төгрөгийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гаргуулан Нийгмийн даатгалын сангийн дансанд төлөхийг ажил олгогч В газарт даалгасугай.

     3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135350 төгрөгөөс 119782 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 15568 төгрөгийг тус аймгийн Төрийн сангийн Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас буцаан гаргуулж Т-т олгож, хариуцагч В газраас 119782 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т-д олгосугай.  

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

     5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             М