Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00016

 

   Х.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 780 дугаар шийдвэртэй, Х.Т-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 6.552.000 төгрөг гаргуулах, мөн үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон нийгмийн даатгалын байгууллагад төлж өгөхийг даалгах” тухай.

 

            Нэхэмжлэлд: “2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор аймгийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж түүний эрх үүргийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн. Миний бие аймгийн Хөдөлмөрийн хэлтэст /хуучнаар/ жолоочоор ажиллаж байгаад аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжсэн боловч тус газрын дарга Б.С нь намайг хуучин ажилд авахгүй байсан тул миний бие шүүхэд хандсан. Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 332 дугаартай шийдвэрээр намайг тус газрын жолоочоор эгүүлэн тогтоосон. Тус аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн магадлалаар  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

            Миний бие 2016 оны 10 дугаар сарыг дуустал цалин хөлсөө бүрэн хэмжээгээр авсан ба сард 404,000 төгрөгийн цалинтай ба ур чадварын нэмэгдлийн хамт сард 504000 төгрөгийн цалин авч байсан. Тийм учраас миний ажилгүй байсан үеийн 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарыг дуустал бүгд 10 сарын нөхөн олговор нийт 5,040,000 төгрөгийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын данснаас гаргуулан олгож, мөн үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын байгууллагад төлж өгөхийг тус газрын дарга Б.С-нд даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Иргэн Х.Т-ийн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ажилгүй байсан үеийн цалин, хөлс, нөхөн олговор гаргуулан нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, Баян-Өлгий аймаг дахь Эрүү, Иргэний давж заалдах шатны 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн магадлалаар тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 332 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурджээ. Гэтэл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас уг магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж дээд шүүхийн иргэний хэргийн танхимд гомдол гаргасан бөгөөд бидний гомдлыг дээд шүүхээс хэлэлцээгүй бөгөөд эцсийн шийдвэр гаргаагүй байна. Эцэслэн шийдвэр гараагүй болохоор Х.Т-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй байгаа тул бидний тайлбарыг шүүх хүлээн авч нэхэмжлэлийг нь шийдвэрлэнэ үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 780 дугаар шийдвэрээр:

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас ажилгүй байсан үеийн цалин хөлсний олговорт 6552000 төгрөгийг гаргуулан Х.Т-т олгосугай.

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан нийгмийн даатгалын шимтгэл болох 720720 төгрөгийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас гаргуулан Нийгмийн даатгалын сангийн дансанд төлөхийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт даалгасугай.” гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 780 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрөн тус аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С би дараах үндэслэлтэй гомдол гаргаж байна. Иргэн Хауметбай Тояш нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 6552000 төгрөгийг тус газраас гаргуулан Нийгмийн даатгалын байгууллагад шимтгэлийг тооцож төлүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар анхан шатны шүүхэд тайлбар хүргүүлсэн.

Цалингийн тооцоо нь буруу гарсан гэж үзэж байна. Авах ёстой цалингаа тодорхой нотлох баримтаар үндэслэлтэй гаргаагүй байна. Хэдийгээр ажилд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр дээд шатны шүүхээр батлагдсан боловч цалин болон олговор, мөн нийгмийн даатгалын шимтгэлийг олгох боломжгүй байна. Цалингийн төсвөөр олгогдох мөнгөнөөс илүү мөнгө тус газарт алга байна. Ажилдаа эргэн орох гэж байгаа зарим ажилчин албан хаагчдад олгох нөхөн олговор цалин төлөх шимтгэлийн асуудлаар хөдөлмөр нийгмийн халамжийн ерөнхий газарт асуудал болгож албан бичиг хүргүүлж, биеэр очиж танилцуулсан байгаа. Дээд шатны удирдлагаас олгогдох цалин хөлс, нөхөн олговор шимтгэлийн тооцоог нарийн зөв бодож гаргасан байхыг шаардсан тул нэхэмжлэгчийн буруу тооцож гаргасан цалинг олгох боломжгүйг тайлбарлая. Нөхөн олговор, цалин шимтгэлийг төсөвт багтаан олгох талаар ерөнхий газраас шийдвэрлэх болно. Тэр хүртэл одоогийн ажилтнуудын цалинд халдах нь бусдын эрх зөрчигдөхөд хүргэнэ гэсэн хариу өгсөн тул төсөвт дээрх мөнгө орж иртэл төлөх боломжгүй байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан нийт хугацаанд олгогдох дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч шүүхийн зарим дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй байх тул уг алдааг зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            Х.Т нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 332 дугаар шийдвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00092 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/01367 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоогдсон бөгөөд тэрээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарыг дуустал буюу 13 сарын хугацаанд ажил олгогчийн буруугаас ажилгүй байсан нь зохигчийн тайлбар, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрээр тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ ажилтны ажилгүй байсан хугацаа, нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ зэргийг зөв тогтоосон боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ, ажилгүй байсан нийт хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор зэргийг буруу тооцсон байхад “хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.” гэж дүгнэж, хариуцагчаас 6552000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч нийт 13 сар ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажил олгогчоос нэхэмжлэхдээ нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээг 504000 төгрөгөөр тооцсон нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдээгүй ба энэ тохиолдолд шүүх маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь нотлох баримтыг үнэн зөв талаас нь үнэлэх журмыг зөрчих юм. Иймд хэргийн 59 дүгээр талд авагдсан цалингийн тодорхойлолтыг үндэс болгож ажилтны нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээг 505991 төгрөгөөр тогтоож, Х.Т-ийн ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарыг дуустал буюу 13 сарын хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6577883 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасан зохицуулалтыг баримталсан тохиолдолд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг давхар баримтлах шаардлагагүй бөгөөд энэ хэрэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 (тухайн үед мөрдөгдөж байсан буюу Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх заалт), 5 дахь хэсэг, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтыг баримтлаагүй орхигдуулсан хууль хэрэглээний алдааг залруулах нь зүйтэй байна.

 

            Хариуцагчаас гаргах ажилгүй байсан нийт хугацааны нөхөн олговорт өөрчлөлт оруулсантай холбогдуулан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд /6577883 х 11 хувь = 723567/ өөрчлөлт оруулсныг тэмдэглэж, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

            Хариуцагч төсвийн байгууллага учир давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 780 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

 

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс ажилтан Х.Т-ийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6.577.883 /зургаан сая таван зуун далан долоон мянга, найман зуун наян гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Т-т олгосугай.” гэж,

 

2 дахь заалтыг:

 

“2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос Х.Т-ийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 723.567 /долоон зуун хорин гурван мянга таван зуун жаран долоо/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлж, энэ тухай ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.” гэж,

 

3 дахь заалтын “135350 төгрөгөөс 119782 төгрөгийг” гэснийг “135150 төгрөгөөс 120196 төгрөгийг” гэж, “15568” гэснийг “14954” гэж, “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 119782” гэснийг “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс 120196” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч төсвийн байгууллагын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК