Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2017/00786

 

     Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Л сумын ***дугаар багт оршин суух, Б-ны нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд сургууль /захирал Х/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С, хариуцагч Х, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н, гэрчүүд А, М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар К нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1 дугаартай Арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүйд тооцуулах тухай.

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн Б намайг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дүгээр сарын 16-ны өдрийн 128 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогч биелүүлэн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр "Ажилд томилох тухай" 81 тоот тушаалаар намайг тус сургуульд Иргэний боловсролын багшийн ажилд томилсон юм. Гэтэл тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х нь намайг шүүхээр ялсан явдалд өшөөрхөн, ажилд орсноос хойш 3 хоногийн дараа Б надад ажил олгогчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1 тоот тушаалаар миний үндсэн цалинг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Би албан ажилдаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй юм. Би маш их гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймгийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1 тоот тушаалын хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Намайг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэлийг хангаж намайг хуучин ажилд эгүүлэн тогтоож ажилдаа эргэж орсон. Тэрнээс хойш захирал маань юм болгон дээр нотлох баримт цуглуулаад надаас арга хэмжээ авахыг боддог болсон. Ингээд надаас арга хэмжээ авсан. Би ажлын байранд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Тийм учраас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын сургуульд бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1 дугаартай арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүйд тооцуулахыг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд сургуулийн захирал Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б-ыг ажил олгогч захирал Х 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 74 тоот тушаалаар үндсэн мэргэжлийн дагуу Аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00065 шүүхийн магадлал, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1 заалт, Захирлын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Англи хэлний цагийн түр багшаар ажиллуулсан. Ер нь өнгөрсөн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн захирлын 109 тоот тушаалаар түр багшаар томилогдсон байсан. Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газарт ард иргэдээс ирсэн гомдол, өргөдлийн дагуу албан тоотоор хүсэлт тавьж Б-ны бичиг баримтыг шалгуулахад Англи хэлний багш, нийгмийн ажилтан мэргэжилтэй тул Иргэний боловсролын хичээл зааж байгаа нь зөрчил байна. Иргэний боловсролын хичээлийг түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, багшлах эрхтэй хүн заах болно гэсэн 2017.01.19-ний өдрийн 3/27 албан бичиг ирсэн. Тухайн үед Мэргэжлийн Хяналтын Газрын дарга Б гадаадад томилолтоор явсан үед тамгыг нь авч орлож байсан А. гарын үсэг зуржээ. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б-д Аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж Англи хэлний багшаар түр хугацаагаар томилж байна, цаашид ч ажиллуулах болно гэж мэдэгдэхэд захирал Х намайг элдэв төрлөөр "Битгий хуцаа" чиний өгсөн ажлыг би хийхгүй, чам шиг новшийг би үзээгүй мэтээр хэл амаар доромжилсон. Залуу багшлах боловсон хүчин байна уурлаж уцаарласан биз, уучлал гуйн биз ээ гэж бодсон. Гэтэл тэгсэнгүй. 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн Англи хэлний багшаар ажиллаж хичээлээ зааж эхэлсэн. Мэргэжлийн дагуу ажиллаж байгаад иргэн Б нь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Иргэний боловсролын хичээл заах ёстой гэж Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсанаар 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн захирлын 81 тоот тушаалаар Иргэний боловсролын хичээлийн багшаар томилсон. Иргэн Б 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1500 цагийн орчимд захирлын өрөөнд ажил төрлийн яриа хийж байсан аж ахуйн ахлагч А, багш Е нар сууж байхад захирал намайг хэл амаар битгий хуцаж бай, толгойг минь битгий өвтгөөд бай чи" хэмээн доромжилсон. Багш Бы талаар Сургуулийн ёс зүйн хороонд өргөдөл бичиж, ёс зүйн асуудлыг авч хэлэлцэж шийдвэр гарсан болно. Сургуулийн ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэн багш Баас Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 дахь заалт, Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1 тоот тушаалаар 3 сар хүртэл хугацаагаар цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан болно. Иймд багш Баас авсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1 тоот тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн т Ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд сургуулийн захирал Х шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Иргэн Б-ыг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 74 тоот тушаалаар үндсэн мэргэжлийн дагуу англи хэлний цагийн багшаар ажиллуулсан. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Быг аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж англи хэлний цагийн багшаар томилж ажиллуулж байхад цаашид энэ тушаалд ажиллах боломжгүй гээд Х намайг битгий хуц, чиний өгсөн ажлыг хийхгүй, чам шиг новшийг үзээгүй гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгээд би залуу багшлах боловсон хүчин байна, уурлаж уцаарласан байх, уучлалт гуйх байх гэж хүлээсэн. Гэтэл уучлалт гуйсангүй. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр англи хэлний цагийн багшаар мэргэжлийн дагуу ажиллаж байгаад иргэн Б нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, аймгийн рүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар иргэний боловсролын хичээл заах ёстой гэж аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсанаар 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 81 тоот тушаалаар иргэний боловсролын багшаар томилсон. Иргэн Б нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн үед захирлын өрөөнд аж ахуйн эрхлэгч Х, багш Е нарын хамт хамт ажил төрлийн яриа хийж сууж байхад намайг битгий хусаж бай, толгойг минь битгий өвтгөж бай гээд хэл амаар доромжилсон. Багш Б-ны талаар сургуулийн ёс зүйн хооронд өргөдөл бичиж тухайн асуудлыг авч хэлэлцэж шийдвэр гаргасан. Улмаар сургуулийн ёс зүйн хорооны шийдвэр болон Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь заалтыг үндэслэн Б-д 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1 дугаартай тушаалаар 3 сар хүртэлх хугацаагаар цалинг 20 хувь бууруулах арга хэмжээ авсан болно. Иймд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1 дугаартай арга хэмжээ авах тухай тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б нь Ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Арга хэмжээ авах тухай 1 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүссэн байна.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1 дугаартай Арга хэмжээ авах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, сургуулийн Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийг үндэслэн багш Б-ны үндсэн цалинг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б нь хөдөлмөрийн гэрээ, болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчаас сургуулийн Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан талаар тайлбарлаж Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд сургуулийн Ёс зүйн хорооны хурлын протоколыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дугаартай тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийн гуравдугаар зүйлд Багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн талаар зохицуулсан бөгөөд уг дүрмийн 3.1-д "Багшийн ёс зүйн дүрэм"-ийн заалтуудыг зөрчсөн багшид, "Хөдөлмөрийн тухай хууль" "Багшлах эрх олгох, хасах журам", "Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам"-ын хүрээнд хариуцлага хүлээлгэх ба энэ талаарх заалтыг байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгана, 3.3-т Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дэргэд "Багшийн ёс зүйн дүрэм"-ийн хэрэгжилтийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий орон тооны бус "Ёс зүйн зөвлөл" (Цаашид "зөвлөл" гэнэ) ажиллана, 3.3.1-д Зөвлөлийн гишүүдийг аймаг, нийслэлийн багш нарын бага хурлаас сонгоно. Зөвлөлийн бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын арга зүйч, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын ажилтан, эцэг эх, төрийн бус байгууллагын төлөөлөл орно. Зөвлөл 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байна, 3.3.3 Зөвлөл нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, багш, цэцэрлэгийн арга зүйч, багш, туслах багш, албан бус боловсролын багшийн ёс зүйн байдлын талаар цэцэрлэг, сургууль, эцэг эх, багш, суралцагч төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичиг, бичгээр гаргасан гомдлыг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага болон гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ гэж тус тус заажээ.

 

Иргэний хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн ажил олгогч болох Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд сургуулийн захирал болон ажилтан Б нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, мөн тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд "Багшийн ёс зүйн дүрэм"-ийн заалтуудыг зөрчсөн багшид хариуцлага хүлээлгэх талаарх заалтыг тусгаагүй байна. Хариуцагчаас Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 0сургуульд сарын 14-ний өдрийн 40 дугаартай Ёс зүйн хороо байгуулах тухай тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Уг тушаалд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дугаартай тушаал болон сургуулийн дотоод журмын 5.1.6 дахь заалтыг үндэслэжээ. Захирлын дээрх тушаалаар тухайн сургуульд салбар хороо байгуулсан нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дугаартай тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийн 3.3-т заасантай нийцээгүй байх ба Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.6-д заасан буюу Багш нь, багшийн ёс зүйн дүрэм, сургуулийн киррикюлим, багшийн баримтлах зүйлсийг чанд сахин биелүүлнэ гэх заалтыг "Багшийн ёс зүйн дүрэм"-ийн заалтуудыг зөрчсөн багшид хариуцлага хүлээлгэх талаар зохицуулсан зохицуулалт гэж үзэх боломжгүй болно.

 

Өлгий сумын сургуульд бүрэн дунд сургуулийн ёс зүйн хорооны хурлын протоколд багш Быг ёс зүйн доголдолтой байна гэж үзээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Боловсролын тухай хуулийн 28.1.18, 4сургуульд зүйлийн 44.2.1, Бага дунд боловсролын тухай хуулийн 22.1.1 заалтын дагуу арга хэмжээ авах шийдвэр гаргав гэжээ. Энэхүү протоколд багш Б нь "Багшийн ёс зүйн дүрэм"-ийн ямар заалтыг зөрчсөн талаар тусгаагүй, мөн энэхүү протоколыг "Багшийн ёс зүйн дүрэм"-ийг зөрчсөнийг тогтоосон албан ёсны дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэмд Ёс зүйн зөвлөл нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, багш, цэцэрлэгийн арга зүйч, багш, туслах багш, албан бус боловсролын багшийн ёс зүйн байдлын талаар цэцэрлэг, сургууль, эцэг эх, багш, суралцагч төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичиг, бичгээр гаргасан гомдлыг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага болон гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ гэж заасан байхад арга хэмжээ авахаар шийдвэр гаргав гэж тусгасан нь хууль тогтоомжид нийцээгүй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч А 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр сургуулийн захирлын өрөөнд захирал Х, сургалтын менежер Е бид гурав байхад Б орж ирээд би англи хэлний багшаар ажиллахгүй, иргэний боловсролын үндсэн багш байх ёстой гээд ажил үүргийн хувьд ч юм уу, тушаалын хувьд ч юмуу тохиролцож чадаагүйн улмаас хуцваа гэж гараад явсан гэж мэдүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 81 дугаартай тушаалаас үзэхэд Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар буюу ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэсэн үндэслэлээр Б-ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу иргэний боловсролын хичээлийн багшаар 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн томилсон байна. Гэрч А мэдүүлгээс үзэхэд Б орж ирээд би англи хэлний багшаар ажиллахгүй, иргэний боловсролын бүр багш байх ёстой гээд ажил үүргийн хувьд ч юм уу, тушаалын хувьд ч юм уу тохиролцож чадаагүйн улмаас маргалдсан гэж мэдүүлсэн байдал, ёс зүйн хорооны протокол, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б нь ажил олгогчийн мэргэжлийн дагуу англи хэлний цагийн түр багшаар ажиллуулах болсныг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлж, Монгол улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхээ эдэлснийг сахилгын зөрчил гэж үзэх боломжгүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Арга хэмжээ авах тухай 1 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд сургуулиас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Арга хэмжээ авах тухай 1 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд сургуулиас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М