Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00013

 

     Ж.Б-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 786 дугаар шийдвэртэй, Ж.Б-ны нэхэмжлэлтэй, тус аймгийн Өлгий сумын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Өлгий сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаартай “Арга хэмжээ авах” тухай тушаалыг хүчингүйд тооцуулах” тухай.

 

            Нэхэмжлэлд: “Монгол улсын иргэн Ж.Б намайг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дүгээр сарын 16-ны өдрийн 128 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баян-Өлгий сумын бүрэн дунд сургуульд иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогч биелүүлэн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр "Ажилд томилох тухай" 81 тоот тушаалаар тус сургуульд Иргэний боловсролын багшийн ажилд томилсон. Гэтэл тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Х нь намайг шүүхээр ялсан явдалд өсөрхөн, ажилд орсноос хойш 3 хоногийн дараа ажил олгогчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 85 тоот тушаалаар миний үндсэн цалинг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Би албан ажилдаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Би маш их гомдолтой байна. Иймд Өлгий сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 85 тоот тушаалын хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.     

           

Хариуцагчийн тайлбарт: “Иргэн Ж.Б-ыг ажил олгогч захирал Х.Х 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 74 тоот тушаалаар үндсэн мэргэжлийн дагуу аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00065 шүүхийн магадлал, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1 заалт, Захирлын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Англи хэлний цагийн түр багшаар ажиллуулсан. Ер нь өнгөрсөн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн захирлын 109 тоот тушаалаар түр багшаар томилогдсон байсан. Аймгийн Мэргэжлийн Хяналтын газарт ард иргэдээс ирсэн гомдол, өргөдлийн дагуу албан тоотоор хүсэлт тавьж Ж.Б-ы бичиг баримтыг шалгуулахад “Англи хэлний багш, нийгмийн ажилтан” мэргэжилтэй тул “Иргэний боловсролын хичээл зааж байгаа нь зөрчил байна. Иргэний боловсролын хичээлийг түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, багшлах эрхтэй хүн заах болно” гэсэн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3/27 албан бичиг ирсэн. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ж.Б-д Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж “Англи хэлний багш”-аар түр хугацаагаар томилж байна, цаашид ч ажиллуулах болно гэж мэдэгдэхэд захирал Х.Х намайг элдэв төрлөөр "Битгий хуцаа" чиний өгсөн ажлыг би хийхгүй, чам шиг новшийг би үзээгүй мэтээр хэл амаар доромжилсон. Залуу багшлах боловсон хүчин байна уурлаж уцаарласан л биз, уучлал гуйна биз гэж бодсон. Гэтэл тэгсэнгүй. 2017 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн “Англи хэлний багш”-аар ажиллаж хичээлээ зааж эхэлсэн. Мэргэжлийн дагуу ажиллаж байгаад иргэн Ж.Б нь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Иргэний боловсролын хичээл заах ёстой гэж Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсанаар 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн захирлын 81 тоот тушаалаар Иргэний боловсролын хичээлийн багшаар томилсон. Иргэн Ж.Б 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 15:00 цагийн орчимд захирлын өрөөнд ажил төрлийн яриа хийж байсан аж ахуйн ахлагч А.Х, багш С.Е нар сууж байхад захирал намайг “хэл амаар битгий хуцаж бай, толгойг минь битгий өвтгөөд бай чи" хэмээн доромжилсон. Багш Ж.Б-ы талаар Сургуулийн ёс зүйн хороонд өргөдөл бичиж, ёс зүйн асуудлыг авч хэлэлцэж шийдвэр гарсан болно. Сургуулийн ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэн багш Ж.Б-аас Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 дахь заалт, Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 85 тоот тушаалаар 3 сар хүртэл хугацаагаар цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан болно. Иймд багш Ж.Б-аас авсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 85 тоот тушаалыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 786 шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Өлгий сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” 85 дугаартай тушаалыг хүчингүй болгожээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 786 дугаар шийдвэрийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр хүлээн авсан. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр нэг талын ашиг сонирхлын үүднээс үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Багш ажилтан Ж.Б нь ажил олгогчоо хэл амаар доромжилж зөрчил гаргасан явдлыг сургуулийн багш ажилтнуудын ёс зүйн хороогоор авч хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн. Багш ажилтан Ж.Б-ы гаргасан зөрчил нь тогтоогдсон байхад зөвхөн нэг талын ашиг сонирхлын үүднээс миний тушаал шийдвэрийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ажил олгогчоо доромжилж, ёс бус хэллэгээр доромжилсон явдлыг зөрчилд тооцох боломжгүй гэж шүүхээс үзэж байгаа нь ажил олгогчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан хууль бус үйлдлийг өөгшүүлэн дэмжсэн явдал боллоо. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийн 3.3.6-д зааснаар “Ёс зүйн зөрчилд ногдуулсан хариуцлагыг үндэслэлгүй эсвэл, хүндэдсэн гэж үзвэл тухайн багш 30 хоногийн дотор зөвлөлд бичгээр гомдлоо гаргаж болно’’ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл сургуулийн багш ажилтны ёс зүйн хороо буруу дүгнэлт гаргасан гэж үзвэл 30 хоногийн дотор зөвлөлд бичгээр гомдлоо гаргах ёстой байсан. Хэрэв ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд хандах ёстой байсан. Ж.Б нь 30 хоногийн дотор ёс зүйн зөвлөлд бичгээр гомдлоо гаргаагүй нь ёс зүйн зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн явдал болно. Нэгэнт ёс зүйн зөвлөлд бичгээр гомдол гаргаж шалгуулаагүй багшийн ёс зүйтэй холбоотой гомдлыг шүүх шууд хүлээн авч хэрэг үүсгэн шийдвэрлэж байгаа нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг зөрчсөн явдал болсон. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарт: “Анхан шатны шүүх Ж.Б-ы нэхэмжлэлтэй Өлгий сумын бүрэн дунд сургуульд холбогдох хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын хэргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 786 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдлыг хангахгүй орхихыг хүсэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх ажилтан Ж.Б-ы ажил олгогч Өлгий сумын бүрэн дунд сургуулийн захиралд холбогдуулан гаргасан сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдлыг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Ажил олгогчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2.-т заасныг удирдлага болгож, сургуулийн Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийг үндэслэн Ж.Б-д үндсэн цалинг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар, 20 хүртэл хувиар буруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

           

            Хариуцагчаас ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийн талаар шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 15.00 цагийн орчимд захирлын өрөөнд ... /захирал Х.Хыг/ хэл амаар доромжилсон.” гэж тайлбарлаж, сургуулийн захирал Х.Х-ын тус сургуулийн Ёс зүйн хороонд гаргасан өргөдөл, Ёс зүйн хорооны 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн протокол зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгч, гэрч М.М, А.Х нарын мэдүүлгийг үндэслэл болгожээ.

            Дээрх нотлох баримтуудаар ажилтан Ж.Б нь “сургуулийн захирлыг хэл амаар доромжилсон” гэх хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь хангалттай, бүрэн тогтоогдоогүй байхад ажил олгогчоос 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар тушаал гаргаж, ажилтанд цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн “багш Ж.Б нь Багшийн ёс зүйн дүрмийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн нь тогтоогдоогүй, ажилтны гаргасан сахилгын зөрчлийг ажил олгогчоос ажилтанд сахилгын шийтгэх ногдуулах шийдвэр гаргахаас өмнө хууль тогтоомжид зааснаар бүрэн шалгаж, тогтоогоогүй” гэж дүгнэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн ажил олгогчийн уг шийдвэрт “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар...” гэж зааснаас үзвэл, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрт түүний үндсэн цалинг хэдэн сарын хугацаатай, хэдэн хувиар бууруулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Хэргийн 3, 26, 49-50, 60-61 дүгээр хуудаст авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Хариуцагчийн давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Өлгий сумын бүрэн дунд сургуулийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК