Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 123/ШШ2020/0017

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 29 өдөр                 Дугаар                                           Зуунмод сум

                                            123/ШШ2020/0017

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: иргэн Б.Б,

Хариуцагч: Төв аймгийн Б сумын З.Д-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Б сумын З.Д-н 2014 оны 03 сарын 25-ны өдрийн А/98 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, Төв аймгийн Б сумын З.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, гуравдагч этгээд Х.Ч,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Золчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б нь 1993 оноос 2004 он хүртэл Төв аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ажиллаж амьдарсан ба 1999 оны 06 сарын 14-ний өдрийн 27 тоот захирамжийн дагуу 18040130 нэгж талбарын дугаар бүхий 0.4 га газрыг өмчилж, эрхийн улсын бүртгэлийн Г-1403002237 дугаарт бүртгэж, гэрчилгээ авсан. Ингээд халуун ус, хүнсний дэлгүүрийн зориулалтаар барилга барьж үйл ажиллагаа явуулсан. Миний бие нь эмч мэргэжилтэй бөгөөд 2004 оноос Цэргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж эхэлснээр Улаанбаатар хотод байнга оршиж сууж, амьдарч байсан. Ингээд Хүнс хөдөө аж ахуйн яамны мал хамгаалах сангаас 2011 оны 08 сарын 22-ны өдрийн ММХ/2011/42 тоот зээлийн гэрээг байгуулан 10.000.000 төгрөгийн зээл авсан ба зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн газрыг барьцаалсан юм. Зээлийн төлбөрийг эргэж төлж барагдуулаагүй учир Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр төлбөр төлөхөөр болж Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үүднээс газар дээр нь очиж газрыг хурааж, битүүмжлэх ажиллагаа хийх гэж байхад миний өмчлөлийн газар, барилгын суурь байрлаж байгаа хэсэгт өөр бусад этгээд буюу иргэн н.Чойжамц гэгч нь хашаа барьж, газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан талаар шийдвэр гүйцэтгэгчид тайлбарлаж хэлсэн байна.

Би иргэн Х.Ч гэх этгээдийг танихгүй бөгөөд тэрээр хэрхэн миний өмчлөлийн газар дээр хашаа барьж өөрийн өмчлөлийн газар хэмээн тайлбарлаж байгаа талаар болон ямар эрх зүйн актыг үндэслэн уг этгээд өмчлөгч болсон талаар огт мэдээгүй байсан ба Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.15-ны өдрийн 123/ШЗ2019/0351 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Б сумын З.Д-н Тамгын газраас тус сумын З.Д-н 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/98 тоот захирамжаар иргэн Х.Чад миний өмчлөлийн 0.4 га газар дээр давхардуулан 2895 квадрат метр газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн болохыг олж мэдсэн. Иймд Төв аймгийн Б сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах 180401930 нэгж талбарын дугаар бүхий 0.4 га иргэн Б.Бгийн өмчлөлийн газрыг өөр бусад этгээдэд давхардуулан олгосон Б сумын З.Д-н 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/98 тоот газар өмчлүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Төв аймгийн Б сумын З.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2005 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гарсан иргэн Б.Бд холбогдох газрын захирамж нь 0.4 га газрын захирамж байна. Тухайн үед газрын албан ёсны координат байгаагүйтэй холбогдуулан гар зураг буюу тойм зураг нь кадастрын мэдээллийн санд албан ёсоор бүртгэгдээгүй. Мөн урьд нь байсан хашаагаа удаа хугацаагаар амьдраагүйгээс хашаа байсан байхгүй болсон. Тиймээс газрын мэдээллийн санд 2008 онд нөхөн бүрдүүлэлт хийхэд тухайн үед байсан хашаагаар нь координаттай зургийг гарган нөхөн бүрдүүлэлт хийж мэдээллийн санд бүртгэн оруулсан байна. Тиймээс гуравдагч этгээд иргэн Х.Чад 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2895 квадрат метр газрыг З.Д-н захирамжаар олгосон байна гэжээ.

Гуравдагч этгээд Х.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дархчууд овгийн Хоохорын Чойжамц миний бие Батзолбоогийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Б З.Дд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсантай холбогдуулан дараахь тайлбар, хүсэлтийг гаргаж байна.

Х.Ч миний 1955 онд төрсөн. Одоо 65 настай 1983 онд Баянбууралын амралт шинээр байгуулагдахаас эхлэн Төв аймгийн Б суманд малчнаар ажиллаж, амьдарч байна. Миний бие Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд зохих журмын дагуу өргөдөл гаргаж 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/98 тоот захирамжаар Г-1403002237 нэгж талбарын дугаартай 0.4 га газрыг өмчилж авсан юм. Уг газар дээрээ 2014 оноос хашаа барьж, 7х7 хэмжээтэй дүнзэн байшин барьж амьдарч байгаа. Намайг уг газрыг өмчилж авахад ямар нэгэн барилга, байгууламж байгаагүй. Би уг газрыг өмчилж авахдаа ямар нэгэн хууль журам зөрчөөгүй бөгөөд эхнэр 6 хүүхдийн хамт ажиллаж амьдрахдаа улсаас анх удаа өмчилж авсан газар маань байгаа юм. Тиймээс Батзолбоогийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ ямар нэгэн хууль журам зөрчөөгүй, өндөр настай, тухайн газар нутагтаа олон жил ажиллаж амьдарч, идээшиж дассан зэргийг маань харгалзан үзэж миний эрх ашигт хохирол учруулахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.

Гуравдагч этгээд Хөдөө, аж ахуйг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүнболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 416 дугаар шийдвэрээр Б.Б /РД:НИ76041516/ -гаас 11.960.000 төгрөг гаргуулж Мал хамгаалах санд олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ММХ-2011/42 дугаартай зээлийн гэрээний өр төлбөр бөгөөд барьцаа нь Төв аймаг Б сумын З.Д-н 2005 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаартай захирамжийн дагуу 180401930 нэгж талбарын дугаар бүхий 0.4 га газрын Г-1403002237 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа болно.

Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар байж байгаа бөгөөд сан нь барьцаа үүргийн гүйцэтгэлд хангуулах эрхтэй болно.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Уг хуулийн 22-р дугаар зүйлийн 22.3-д Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны орон тооны хязгаарыг Засгийн газар батлахаар заасан. Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” тогтоол гарсан. Уг тогтоол гарсан: Уг тогтоолд зааснаар Тариалан дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө өглөг, авлага болон Мал хамгаалах сангаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих сан хүлээн авах ажиллагаа явагдаж байна. Иймд зээлийн барьцаанд тавьсан Г-1403002237 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг цуцалсныг сэргээж өгнө үү гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Цацралтуяа миний бие 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн итгэмжлэлийн дагуу Батзолбоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Батзолбоогийн хууль ёсны буюу 2005 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 27 тоот захирамжийн дагуу Б сумын Цогтын 2 дугаар баг Баянбууралын амралтанд олгосон 0.4 га газрыг хууль ёсны дагуу өмчилж байсан. Өмчлөлийн газраа 2011 онд Хүнс хөдөө аж ахуйн харьяа мал хамгаалах сангийн Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн хөрөнгөө барьцаалсан. Зээлийн хугацаа болоход зээлээ эргэн төлөөгүй учраас Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа Мал хамгаалах сангаас шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж зээлийн барьцаанд тавьсан маргаан бүхий газрыг шийдвэр гүйцэтгэгчээс газар дээр нь очиж шалгаж үзэхэд өөр бусад этгээд хашаа, байшин барьсан байна гэж 2019 оны 09 дүгээр сард мэдэгдсэн. Батзолбоо нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоож өөрийн газар дээр 2014 оны 03 сарын 25-ны А/98 тоот захирамжаар иргэн Чойжамцад давхцуулан газар олгосон талаар мэдсэн. Уг З.Д-н захирамжийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр архиваас авч албан ёсоор захиргааны акт гарсан талаар мэдэж уг захирамжийг эс зөвшөөрч аймгийн З.Дд гомдол гаргасан. Зөрчигдсөн эрхээ сэргээхээр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч мэргэжилтэнүүд шинжлээд газрыг давхардуулан олгосон байна гэдгийг нотолсон байгаа. Иймд Төв аймгийн Б сумын 2-р багийн 18040930 нэгж талбарын дугаар бүхий Батзолбоогийн өмчлөлийн 0.4 га газрыг өөр бусад этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа Х.Чад давхардуулан олгосон 2014 оны 03 сарын 25-ны өдрийн А/98 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Б сумын З.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Батзолбоо нь Мал хамгаалах санд тухайн газраа Шүүхийн шийдвэрээр алдсан байгаа. Энэ газар нь Мал хамгаалах дэмжих сангийн хөрөнгө болсон. Эхний хурал дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Гүнболдтой эвлэрлийн гэрээ байгуулъя, газраа шилжүүлээд авах боломжтой гэж тохиролцсон. Тухайн газар дээр нь байшин барьсан байгаа учраас Чойцжамц гуайг хохироож болохгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Б сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн багийн иргэдийн өргөдлийг аваад сумын З.Д, газрын даамал, багийн З.Д, багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар нь тухайн хүсэлтийг шийдвэрлэдэг. Багийн З.Д хүсэлтийг хүлээн аваад сумын З.Д газрын даамалд үүрэг болгоод захирамжийг гаргадаг байгаа. Чойжамц гуай нь 2014 онд өргөдлөө өгөөд багийн дарга нь цааш нь уламжлаад газрыг нь шийдэж өгсөн асуудал байгаа. Мэдээллийн санг шүүгээд үзэхээр тухайн байршилд хүн бүртгэлгүй байсан учраас Чойжамц гуайд газар олгосон байгаа гэв.

Гуравдагч этгээд Х.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 04 сарын 25-ны захирамж гаргуулаад кадастрын зураг аваад хашаа, байшингаа барьсан. Би энэ газар дээр амьдарч байгаагүй. Энэ газар нь хоосон байшингийн хундамны суурь байсан. Манай эхнэр бид хоёр Баянбуурал амралтын газар 40 жил ажилласан. Амралтын байранд нь амьдардаг байсан. Орох оронгүй байж байгаад өргөдлөө өгөөд олж авсан газар. Хүн амьтнаас худалдаж аваагүй. Газрын даамал, З.Д-н захирамж гаргуулсан байгаа. Би бол 2014 оны 04 сарын 25-ны өдрөөс эхлээд амьдарч эхэлсэн гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг .хангаж шийдвэрлэлээ.

1. Маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Б сумын З.Д-н 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/98 дугаар захирамжаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 21 дүгээр зүйлийн 21.1 дахь хэсэгт заасныг үндэслэн, хашааны газраа өмчилж авах хүсэлтээ ирүүлсэн Х.Чад 2-р баг, Цогтын 12-14 тоот хаягт байршилтай, 2895 квм газрыг Х.Чад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. Иргэн Х.Ч нь тухайн газрыг өмчилж авах хүсэлтээ 2011 оны 06 сарын 03-ны өдөр гаргасан байх бөгөөд түүнд 000303103 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 11 сарын 03-ны өдөр олгож, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гуравдагч этгээд Х.Чын тайлбар зэргээр тогтоогдож байна.

2. Нэхэмжлэгч Б.Бд Төв аймгийн Б сумын З.Д 2005 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 27 дугаар захирамжаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг үндэслэн тус сумын нутаг дэвсгэрт эзэмшиж байгаа хашааны газраа өмчилж авах хүсэлтээ ирүүлсэн 2-р багт байршилтай, нэгж талбарын  180401931 дугаартай 0,4 га газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2005 оны 5 сарын 10-ны өдөр өмчлөх эрхийн 000043944 тоот гэрчилгээ олгосон байх бөгөөд газар өмчлөлийн хувийн хэрэгт газрын байршлын тойм зургыг хавсаргасан. Тухайн үед 0,4 га газрыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгээгүй, харин 2842 квадрат метр газрыг нь 2011 оны 8 сарын 22-ны өдөр Б.Бгийн нэр дээр мэдээллийн санд бүртгэсэн. Харин үлдсэн 1158 мкв газартай нь давхцуулан нийт 2895 метр квадрат газрыг маргаан бүхий захиргааны акт болох Б сумын З.Д-н 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/98 дугаар захирамжаар иргэн Х.Чад өмчлүүлсэн нь хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 07/134 тоот Шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдлоо.

Гуравдагч этгээд Х.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Намайг уг газрыг өмчилж авахад Батзолбоогийн байшингийн суурь байсан, сумын газрын даамал, Тамгын дарга нар газар дээр очиж үзээд та өмчилж авч болно гэж хэлсэн, сумын З.Д надад газар өмчлүүлэх захирамж гаргасны дараа 2014 оны 4-р сараас эхлэн өмчлөлийн газар дээрээ хашаа байшин барьж амьдарсан” гэж тайлбарласан байна. Үүнээс үзэхэд гуравдагч этгээд Х.Ч нь 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө маргаан бүхий газар дээр хашаа бариагүй, уг газрыг эзэмшиж ашиглаж байгаагүй бөгөөд түүнд маргаан бүхий газрыг өмчлөх эрх хуульд заасан журмаар үүсээгүй байна.

2005 оны 03 дугаар сарын 19-ны өдөр иргэн Б.Бд өмчлөх эрх үүссэн 4000 мкв /0,4 га/ газрын 1158 мкв газартай нь давхцуулан иргэн Х.Чад 2895 мкв газар өмчлүүлсэн Б сумын З.Д-н 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/98 дугаар захирамж нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.-д “газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй: ...19.1.4 дэх хэсэгт “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1 /4.1.1.гэр бүлийн хэрэгцээний/-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн З.Дд хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий З.Д иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заасныг зөрчсөнөөр  нэхэмжлэгч Б.Бгийн газар өмчлөх эрхийг зөрчсөн гэж дүгнэлээ.

 Иймд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно.” гэж зааснаар Б сумын З.Д-н 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/98 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт иргэнд өмчлүүлэх газрын хэмжээг тодорхойлон заасан бөгөөд Х.Чад газар өмчлүүлсэн Б сумын З.Д-н 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/98 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Х.Ч нь өөрийн өмчлөлд байсан 2895 мкв газрын нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай давхцаагүй хэсэг дээр хуульд заасан хэмжээгээр газар нэмж өмчлүүлэх асуудлыг сумын З.Дар шийдвэрлүүлэх эрх нь нээлтэйг дурьдаж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Б сумын З.Д-н 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/98 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3, 108.4, 108.5, 108.6, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг гардуулахыг шүүгчийн туслах Г.Шаравдоржид даалгаж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ОДСҮРЭН