Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 125/2016/0013/З |
Дугаар | 60 |
Огноо | 2017-02-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 60
“Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт”
БГБХН-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нарыг оролцуулан, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0675 дугаар магадлалтай, “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт” БГБХН-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын орлогч, Ховд аймгийн Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбатын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Санал ирүүлэх тухай” 1/3102 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “г” хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.4 дэх хэсэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Нэхэмжлэгч “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын “Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар “Ажил сайжруулах тухай” тогтоол, Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Ган-Эрдэнийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай”, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар “Ажилд түр томилох тухай” 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар “Комисс байгуулах тухай” захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2016/0675 дугаар магадлалаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1” гэснийг хасч, 2 дахь заалтыг “2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2-ын 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “г”-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/04 дүгээр, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” Б/05 дугаар захирамжуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Ховд аймгийн Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Ажил сайжруулах тухай” 07 дугаар тогтоол, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Комисс байгуулах тухай” Б/35 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Оюунчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “1. Давж заалдах шатны шүүх Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар хуулийн этгээдийн ашиг сонирхолд халдаж, сумын эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлдэг нөхөрлөлийн эзэн Д.Баасанжаргалыг ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан нь илт хууль бус захиргааны акт гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:
А. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалд сумын эмийн эргэлтийн сан нь орон нутгийн өмчид суурилсан хуулийн этгээд биш юм гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогч нарын тайлбарыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдогдолтой талаас нь үнэлээгүй байна.
Учир нь Эрүүл мэндийн сайдын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 297 дугаар тушаалаар баталсан "Эмийн эргэлтийн сангийн ажиллах журам"-ын 3.1 -д эмийн эргэлтийн сангийн хөрөнгө нь орон нутгийн өмч, хамт олны хандив, гадаадын байгууллагын тусламж, өөрийн үйл ажиллагааны орлого зэргээс бүрдэнэ гэж заажээ.
Дарви сумын эмийн эргэлтийн сан нь анх орон нутгийн өмч, иргэд болон олон улсын байгууллагын хандив тусламжаар байгуулагдсан ба сумын эрүүл мэндийн төвийн байранд байрлаж, сумын эрүүл мэндийн төвийн төсөвт тусгагдсан зардлын хүрээнд нэн зайлшгүй шаардлагатай эмийг нийлүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр иргэдэд хөнгөлөлттэй үнийн жорын эмээр үйлчилдэг.
Иймд эмийн эргэлтийн сан нь зөвхөн хуулийн этгээдийн эзэмшлийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг, төрийн оролцоо байхгүй гэж Давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой: үнэн зөв талаас нь үнэлэх журмыг зөрчиж дүгнэсэн байна.
Д.Баасанжаргалыг ажлаас чөлөөлөх эрх хэмжээ сумын Засаг даргад байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д зааснаар сумын Засаг даргын хүн амын нийгэм соёлын үйлчилгээ, нийгмийн хамгааллын талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээн дэх 'г' заалтыг үндэслэж үзэхэд сумын Засаг дарга сумын эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагааг зохицуулах, шаардлагатай арга хэмжээг авах эрхтэй байна. Мөн "Эмийн эргэлтийн сангийн ажиллах журам"-ын 4.5-д заасан эмийн эргэлтийн сангийн эрхлэгчийн эрх, үүргийг талууд хамтран ажиллах гэрээнд тусгаж, гэрээг хугацаанаас өмнө цуцалж болохоор заасан байна.
Д.Баасанжаргал нь сумаас санхүүгийн тусламж дэмжлэг их авдаг байсан хэдий ч сумын ард иргэдэд эрүүл мэндийн даатгалын сангаас олгогдох хөнгөлөлттэй эмээр үйлчилдэггүй, ажлын цаг баримталдаггүй, эмийн хөнгөлөлт үзүүлдэггүй, мөн түүний ээж Цэнд хувийн эмийн сан ажиллуулдаг учраас ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгааг сумын ард иргэдээс 70431111 төвд удаа дараа гомдол гаргасны үндсэн дээр сумын Засаг дарга түүнийг ажлаас чөлөөлсөн байдаг
Уг хамтран ажиллах гэрээнд Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт болох ажил, амралтын цаг болон тоног төхөөрөмж, ажиллах нөхцөл боломжийг зохицуулсан байгаа юм. Түүнээс биш Д.Баасанжаргалын хувийн тоног төхөөрөмж дээр, хувийн орон байранд нь түүний хувийн эд зүйл зарагдаж байгаа асуудал огт биш юм. Улсаас олгож байгаа эмийг улсаас олгосон байранд, улсын тоног төхөөрөмж дээр худалдан борлуулж байгаа хэрэг.
Гэрээний 3.1,8-д зааснаар гэрээний хугацаанд ямар нэг алдаа, дутагдал, ажлын хариуцлага алдахгүй байх үүргийг зааж өгсөн. Төрийн байгууллагын чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэхдээ гэрээнд заасан алдаа гаргаж, ажлаас чөлөөлөгдсөн. Хамтран ажиллах гэрээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дууссан байна.
Хамтран ажиллах гэрээнд талуудын эрх, үүргийг зааж өгсөн бөгөөд Эрүүл мэндийн сайдын "Эмийн эргэлтийн сан байгуулах" тухай журамд орон нутгийн удирдах зөвлөлд орж, эрхлэгчийг томилох чөлөөлөх эрхийг нь зааж өгсөн.
Эрүүл мэндийн тухай хууль болон Эм хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын "Эмийн эргэлтийн сан байгуулах" тухай журмын дагуу төрийн зарим чиг үүргийг сумын эргэлтийн эмийн санд шилжүүлсэн байх тул төр болон төрийг төлөөлж байгаа сумын Засаг дарга түүнд хяналт тавих эрх эдэлж үүрэг хүлээсэн байгаа юм.
2. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалд Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Ган-Эрдэнийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар "Ажилд түр томилох тухай" захирамж илт хууль бус болохыг тогтоосон шүүхийн магадлал нь гуравдагч этгээдийн болон ард иргэдийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа талаар:
Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх нь гуравдагч этгээд Б.Сүнжидмааг сумын эргэлтийн эмийн сангийн эрхлэгчийн ажилд хууль бусаар томилж, нэхэмжлэгчийн аж ахуй эрхлэх, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзжээ. Шүүхээс сумын Засаг дарга хуулийн этгээдийн дотоод ажилд оролцож, эрх хуулиар олгогдоогүй байхад Б.Сүнжидмааг эрхлэгчээр томилсон нь нэхэмжлэгчийн аж ахуй эрхлэх эрхийг нь зөрчиж байна дүгнэсэн.
Д.Баасанжаргалыг ажлаас чөлөөлснөөс 2 сарын дараа буюу 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Б.Сүнжидмааг сумын эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр түр томилж, мөн ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийг томилсноор 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ажлыг хүлээлцүүлсэн байдаг.
Захиргааны актаар зохицуулсан тохиолдол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон байхыг шаардана. Д.Баасанжаргалыг ажлаас чөлөөлсний дараагаар Б.Сүнжидмааг түр томилсон захирамжаар Б.Сүнжидмаатай холбоотой асуудлыг зохицуулсан бөгөөд "Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт" бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөл болон Д.Баасанжаргалтай холбоотой асуудлыг зохицуулаагүй байна.
Д.Баасанжаргалыг 2009 онд сумын Засаг дарга ажилд томилоход өөрийг нь томилох эрхгүй этгээд гэх үндэслэлээр маргаж байгаагүй байдаг. Өөрөөр хэлбэл Д.Баасанжаргал нь Засаг даргын захирамжаар анх ажилд өөрийг нь томилсон тушаал мөн Б.Сүнжидмааг ажилд түр томилсон захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна. Ардчилсан нийгмийн гол үнэт зүйл болох "шударга ёс" ардчилал гэх албан тушаал, ар тал сайтай нэгэнд үйлчилдэг нийгэмдээ устаж алга болсны нэг жишээ нь энэ. Эмийн эргэлтийн сан нь тухайн нутаг дэвсгэрийнхээ ард иргэдэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг нийтэд хүртээмжтэй, хямд төсөр өртгөөр хүртээх ёстой үйлчлэгч атал хууль журам болон гэрээгээр хүлээсэн тэрхүү үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, өөрийнхөө эрх ашгийг бусдын эрх ашгаас илүү дээгүүр тавьдаг, ард иргэдийг үл хүндэтгэдэг байдал нь төрийн энэ төрлийн үйлчилгээний чанар хүртээмж болоод нэр хүндийг унагааж байсан хэрэг юм.
Нэг хүний эрх ашгаас нийтийн эрх, ашиг сонирхол илүү гэдгийг хэн хүнгүй л ойлгоно. Ард иргэд нь өөрсдийнх нь эрх ашиг сонирхол зөрчигдөөд байгааг зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн, харин шийдвэрлэх ёстой этгээд тэр асуудлыг зохицуулсан үйл явдал.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 16.12 дахь хэсэгт зааснаар "Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй, Төрийн байгууллага албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй" гэж заасны дагуу Засаг даргын дээрх хоёр захирамж нь ард иргэдийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалсан, мөн улс эх орныхоо сайн сайхны төлөө гаргасан албан тушаалтны шийдвэр юм.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0675 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
1.Ховд аймгийн Засаг даргын орлогчийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Санал ирүүлэх тухай” 1/3102 тоот албан бичгийн тухайд:
Нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Засаг даргын орлогчийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Санал ирүүлэх тухай” 1/3102 тоот албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай” нэхэмжлэлийг шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж зөв шийдвэрлэжээ.
Маргаан бүхий, “Санал ирүүлэх тухай” 1/3102 тоот албан бичиг нь уг албан бичгийг гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “... нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулах ... эрх зүйн үр дагавар шууд бий болгодог ... захирамжилсан үйл ажиллагаа ...” байх захиргааны актад тавигдах шинжүүдийг агуулаагүй байна. Уг албан бичгээр, Ховд аймгийн Засаг даргын орлогч нь “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт” БГБХН-ийн үйл ажиллагаатай холбогдуулан зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллах”-ыг тус сумын Засаг даргад мэдэгдсэн байх бөгөөд уг албан бичиг нь энэ асуудлаар бие даасан захирамжилсан шийдвэр гаргаагүй, үр дагавар үүсгэхгүй баримт бичиг байна.
2. Ховд аймгийн Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Ажил сайжруулах тухай” 07 дугаар тогтоолын тухайд:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “д”, Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3-д зааснаар Ховд аймгийн Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын Засаг даргын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх эрхтэй. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар орон нутгийн онцлогт тохируулан эм, эмнэлгийн хэрэгслээр хангах үйл ажиллагааг зохицуулах үүргийг нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэсэн байна.
Хуульд заасан үүргийн хүрээнд Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын Засаг даргын 2014 оны тайланг хэлэлцэх явцад Эргэлтийн эмийн сангийн өрийн асуудал яригдаж, сумын эмийн хангалт муу, нийгмийн даатгалын сангаас авах ёстой санхүүжилтийг авч чадаагүй, өр үүсгэсэн зөрчилтэй байдлыг дүгнэн, зөрчлийг арилгуулж ажиллахыг сумын Засаг даргад зөвлөж, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Ажил сайжруулах тухай” 07 дугаар тогтоолыг гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, тогтоолыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүхүүд маргаан бүхий актын үндэслэлийг зөв дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
3. Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Комисс байгуулах тухай” Б/35 дугаар захирамжийн тухайд:
Шүүхүүд уг нэхэмжлэлийн шаардлагыг “Сумын Засаг дарга ...тухайн бүрэн эрхийн хүрээнд сумын эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагааг хянах, удирдах салбар зөвлөлийг байгуулсан нь ямар нэгэн хуулийг зөрчөөгүй, тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу, нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байжээ.
Эрүүл мэндийн сайдын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Журам батлах тухай” 297 дугаар тушаалаар “Эмийн эргэлтийн сангийн ажиллах журам” батлагдсан байх бөгөөд уг журмын 2 дугаар зүйлийн 2.1-д “Аймагт Эргэлтийн эмийн сан /ЭЭС/-г мэргэжлийн болон санхүүгийн удирдлагаар хангах үүрэг бүхий удирдах зөвлөл, суманд ЭЭС-ийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий хяналтын зөвлөл байна” гэж заасны дагуу Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/16 дугаар “Зөвлөл байгуулах тухай” захирамжаар тус аймагт Эргэлтийн эмийн санг мэргэжлийн болон санхүүгийн удирдлагаар хангах үүрэг бүхий удирдах зөвлөлийг, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Комисс байгуулах тухай” А/35 дугаар захирамжаар тус суманд сумын эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагааг хянах удирдах салбар зөвлөлийг тус тус байгуулжээ.
Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга нь өөрийн орон нутагт Эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагааг хянах үүрэг бүхий удирдах салбар зөвлөлийг байгуулахаар гаргасан “Комисс байгуулах тухай” Б/35 дугаар захирамж нь байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулсан, дотогш чиглэсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан шаардлагыг хангаагүй захиргааны акт байна. Иймд нэхэмжлэгчийн “Комисс байгуулах тухай” Б/35 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэстэй байна.
4. Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/04, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” Б/05 дугаар захирамжуудын тухайд:
Нэхэмжлэгч Д.Баасанжаргалыг Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/04 дүгээр захирамжаар “ажлын тавигдах шаардлага хангалтгүй биелүүлж, Аймаг сумын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар хэрэгжүүлээгүй” гэсэн үндэслэлээр Сумын эргэлтийн эмийн сангийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн Засаг даргын Б/05 дугаар захирамжаар Б.Сүнжидмааг тухайн албан ажилд томилжээ.
Мөн, уг захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар “... захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл ... хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана”, “Иргэн, хуулийн этгээд ... энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж, мөн 12.3-т “... хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох ...”-оор тус тус хуульчилжээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан, захирамж танилцуулсан баримт /1хх-ийн 28 тал/-аас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгч Д.Баасанжаргалд ажлаас чөлөөлсөн Б/04 дугаар захирамжийг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гардуулж танилцуулсан байхад нэхэмжлэгч 1 жилийн дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд түүний ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэстэй бөгөөд уг үндэслэл шүүх хуралдааны үед тогтоогдсон тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэстэй байна.
Анхан шатны шүүх “...хариуцагч Д.Ган-Эрдэнээс нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан тэтгэмж өгөхөөр тохиролцсон үйлдэл нь нэхэмжлэгчид итгэл төрүүлсэн, хүлээлгэсэн байдлыг үүсгэж, нэхэмжлэгчийн шүүхэд хандах хугацааг хэтрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн, ... нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн эсэхийг тогтооход хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж хуулийг буруу тайлбарлаж дүгнэсэн, “нэхэмжлэгчид итгэл төрүүлсэн”, “хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн” гэсэн нөхцөл байдлууд тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэнд дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Эдгээр үндэслэлүүдээр давж заалдах шатын шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0675 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1. “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт” БГБХН-ийн гаргасан “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/04 дүгээр захирамж, “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” Б/04 дүгээр захирамж, “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Комисс байгуулах тухай” Б/35 дугаар захирамж, Ховд аймгийн Засаг даргын орлогчийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Санал ирүүлэх тухай” 1/3102 дугаар албан бичиг зэргийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3-д заасныг баримтлан Ховд аймгийн Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Ажил сайжруулах тухай” 07 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн “3, 4, 5” гэсэн дугаарыг “2, 3, 4” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА