Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 102/2019/00862/И |
Дугаар | 001/ХТ2021/00143 |
Огноо | 2021-02-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2021/00143
Д.Ж-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01799 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1556 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Д.Ж-
Хариуцагч: Ц.Б-
нэхэмжлэл: үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагч Ц.Б-, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хороо, Товчооны зам 25 дугаар байрны 3 тоотод 2013 оноос эхлэн амьдарч байгаа бөгөөд 2015-03 сараас эхлэн 2016-03 сар хүртэлх хугацаанд уг мөн хорооны, товчооны зам 25 байр 3 дугаар байрны 3 дугаар давхрын модон шалыг хуулж, цементээр хучиж паркетан шалтай болгож, өрөөнүүдийн дотор заслын ажлыг бүрэн хийж, дээвэр, гадна фасадны ажлыг гүйцэтгэсэн. Дээрх ажлыг гэрээгээр бусдаар хийж гүйцэтгүүлэн ажлын хөлсийг өөрийн эзэмшлийн Хаанбанкны данснаас шилжүүлсэн бөгөөд нийт өртөг нь зах зээлийн үнэлгээгээр 8,542,500 төгрөг болж байсан. Дээрх засварын ажлыг хийж дуусгаад Казахстан улс руу ажлаар яваад ирэн очин байсан. 2016 оноос эхлэн тус байрны 3 дугаар давхрын хамтран өмчлөгчөөр орох саналыг Ц.Б-д тавьсан боловч уг саналыг хүлээж авахгүй бидний хооронд маргаан үүссээр өнөөдрийг хүрсэн. Ц.Б- өөрийн төрсөн дүү Ц.Шаарийбууд дээрх байрыг бусдын барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэл өгснөөр Ц.Шаарийбуу 2015-09-24-ний өдөр П.Саруул-Очиртой 32,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан. П.Саруул-Очир 2015-09-24-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэн шүүхэд хандаж иргэний хэрэг үүсгэн шүүхийн шийдвэр гарч уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, тус байрны 3 дугаар давхрыг дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа талаарх мэдэгдлийг 2019-02-28-ны өдөр хүргүүлсэн болохыг миний бие 2019-03-04-ний өдөр өөрийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байгааг мэдсэн. Иймд Баянгол дүүргийн 20-р хороо, Товчооны зам 25 байр 3 дугаар байрны 3 дугаар давхрын орон сууцны барилгын хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Д.Ж- миний хүүхэд мөн, байр эзэмшигч нь би учир хамаагүй эрх олгохыг хүсээгүй. Хүүхэд маань бага залуу байна, ямар нэгэн эрсдэл гаргах вий гэсэн болгоомжлол байсан учир зөвшөөрөхгүй байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 102/ШШ2019/01799 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Б-д холбогдох Баянгол дүүрэг 20 дугаар хороо товчооны зам 25/3 дугаар байрны 3 дугаар давхрын 64м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Д.Ж-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид Д.Ж-ын төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1556 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01799 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод үлдээсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Минжүүрдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.Ж- БГД-н 20-р хороо, Товчооны зам 25 дугаар байрны 3 тоотод 2013 оноос эхлэн амьдарч байгаа бөгөөд ээж буюу хариуцагч уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэр бүлийн гишүүн болж тухайн хаягт бүртгэгдэж, хүн амын тооллогоор уг хаягаар бүртгэлд авагдсан байдаг. Нэхэмжлэгч 2015-03 сараас эхлэн 2016-03 сар хүртэлх хугацаанд тус байрны 3 дугаар давхрын модон шалыг хуулж, цементээр хучиж паркетан шалтай болгож, өрөөнүүдийн дотор заслын ажлыг бүрэн хийж, дээвэр, гадна фасадны ажлыг гүйцэтгэсэн. Дээрх ажлыг гэрээгээр бусдаар хийж гүйцэтгүүлэн ажлын хөлсийг өөрийн эзэмшлийн ХААН банкны данснаас шилжүүлсэн бөгөөд нийт өртөг нь зах зээлийн үнэлгээгээр 8,542,500 төгрөг болж байсан. Иргэний хуулийн 126.3-т заасны дагуу нэхэмжлэгч уг үл хөдлөх эд хөрөнгийн 3 давхрын 64 мкв талбайд их засварын ажил хийсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Д.Ж- нь 2019-03-06-ны өдөр шүүхэд хандаж, Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хороо, Товчооны зам 25 дугаар байрны 3 дугаар давхарт байрлалтай орон сууцны 64 кв.м. талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргахдаа “.... уг байрны 3 тоотод 2013 оноос хойш амьдарч эхэлсэн... 3 дугаар давхрын дотор заслын ажлыг иж бүрэн хийсэн...” гэснийг хариуцагч эс зөвшөөрсөн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8022/5064 дугаартай, 68 кв.м талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээнд худалдаа, үйлчилгээний зориулалтаар Ц.Б-д эзэмшүүлсэн байх бөгөөд уг газарт хувийн сууцны зориулалттай 3 давхар 192м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө баригдаж, “...Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс-1, Товчооны 25-03...” гэсэн хаягаар тэмдэглэгдэж, өмчлөгчөөр нь 2012-12-21-ний өдөр Ц.Б- бүртгэгдсэн байна.Түүнчлэн, уг үл хөдлөх эд хөрөнгийг давхар бүрээр 64м2 талбайгаар 3 хувааж тус бүрийг нь Ц.Б- өөрийн нэр дээр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг 2013-08-01-ний өдөр авчээ.
Маргааны зүйл болсон эд хөрөнгө нь хариуцагчийн хуваарьт хөрөнгө болох нь тогтоогдсон байх бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 125,126, 127 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, энэ тухай үндэслэлээ тодорхой заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.
Хэргийн оролцогч нь шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэнэ.
Шүүх Ц.Б-д холбогдох Д.Ж-ын нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01799 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1556 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧ Б.УНДРАХ