| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 106/2019/0029/Э |
| Дугаар | 259 |
| Огноо | 2019-03-26 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 259
Э.Д-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Хосбаяр,
нарийн бичгийн дарга Д.Нямдаваа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ж.Сандагсүрэнгийн бичсэн эсэргүүцлээр Э.Д-д холбогдох эрүүгийн 1802000000254 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
...........
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;
Э.Д- нь 2018 оны 10 дугаар сард Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрээс “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 22.2 грамм ургамлыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 76 дугаар байрны 54 тоот орон сууцанд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Э.Д-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Д-ийг 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Э.Д- цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “...гялгар уутанд савласан 22.2 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт “өвс” нэршилтэй бодис, ногоон өнгийн хуванцар савтай шингэн зүйл, хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэрийн тугалган цаас буюу бонго гэх зүйл, шүдэнзний хайрцаганд хийсэн ургамлын үр бүхий ороосон цаас”-ыг шүүхийн шийдвэр шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгахыг тухайн байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Ж.Сандагсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, Э.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт, эд мөрийн баримтаар хураагдсан “... 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт”-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгахыг тухайн байгууллагад даалгасан нь Төв банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... Монгол банкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно ...” гэснийг зөрчсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байгаа. Э.Д-д холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт “эд мөрийн баримтаар хураагдсан ...20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг ...” устгахаар даалгаж шийдвэрлэсэн нь Төв бакны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Монгол банкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно...” гэснийг зөрчсөн. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, дээрх мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Э.Д- нь 2018 оны 10 дугаар сард Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрээс “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 22.2 грамм ургамлыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 76 дугаар байрны 54 тоот орон сууцанд хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Э.Д-ий яллагдагчаар: “...Би өөрийн үйлдсэн хэрэгтэй маш их гэмшиж, гэм буруугаа ухаарч байна”, “...Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянцогт сум руу ажлаар явахдаа нэг айлын малын саравчны ойролцоо байх жалганаас Каннабис ургамал түүсэн. Түүж ирсэн өвснөөсөө хоёр удаа хэрэглэсэн. Урьд мансууруулах, сэтгэцэд нөлөөт ямар нэгэн бодис хэрэглэж үзээгүй. Өөрийн түүж ирсэн өвсийг хэрэглэсэн чинь нойр хүрээд ядраад байсан. Цаасанд ороож тамхи татаж, ундааны сав ашиглаж бонго хийж байгаад өвсөө татаж хэрэглэдэг. Хууль бус гэдгийг мэдээллийн хэрэгслээс сонсож байсан” /хх-115-116, 117-119/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11312 дугаартай: “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь тэнцэнэ. “Э.Д- 2018.10.24 РД:НЭ95120616” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Илэрсэн Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” /хх-34/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11308 дугаартай: “1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, ногоон өнгийн хуванцар савтай шингэн зүйл, хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт /серийн дугаартай АL2979368/, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас /дотор талдаа хар өнгийн нунтаг зүйлтэй/, шүдэнзний хайрцаганд хийсэн ургамлын үр бүхий ороосон цаас тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. 4. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 19.5827 гр байсан ба шинжилгээнд 0.5 гр-ыг зарцуулж, бусад обьектуудыг дүгнэлтийн хамт буцаав” /хх-39-40/ гэх дүгнэлтүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-3, 4-6/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-15-16/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-19, 20-21/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Д-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Э.Д-ий “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.
Дээд шатны прокурор Ж.Сандагсүрэн “...Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт “...20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт”-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгахыг тухайн байгууллагад даалгасан нь Төв банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Монгол банкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Анхан шатны шүүх “хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэрийн тугалган цаас буюу бонго гэх зүйл, шүдэнзний хайрцаганд хийсэн ургамлын үр бүхий ороосон цаас”-ыг шүүхийн шийдвэр шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгахыг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.
Төв банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Монголбанкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно.” гэж хуульчилсан байх бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АL2979368 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг устгуулахаар тухайн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь буруу байх тул дээд шатны прокурор Ж.Сандагсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолын зохих заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтын “...Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “...гялгар уутанд савласан 22.2 грамм /гялгар уутны хамт/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт “өвс” нэршилтэй бодис, ногоон өнгийн хуванцар савтай шингэн зүйл, хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэрийн тугалган цаас буюу бонго гэх зүйл, шүдэнзний хайрцаганд хийсэн ургамлын үр бүхий ороосон цаас”-ыг шүүхийн шийдвэр шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгахыг тухайн байгууллагад даалгасугай” гэснийг “...Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “...гялгар уутанд савласан 22.2 грамм /гялгар уутны хамт/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт “өвс” нэршилтэй бодис, ногоон өнгийн хуванцар савтай шингэн зүйл, тогоо хэлбэрийн тугалган цаас буюу бонго гэх зүйл, шүдэнзний хайрцаганд хийсэн ургамлын үр бүхий ороосон цаас”-ыг шүүхийн шийдвэр шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, АL2979368 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ