Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2017/00625/И |
Дугаар | 130/ШШ2017/00776 |
Огноо | 2017-12-18 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2017/00776
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багт оршин суух, Ш овогт Хийн Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суух, Ители овогт Сн Ад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагч С.А, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: С.Аоос 2100000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.А би С.Аыг урьд өмнөөс сайн таньж дотно харьцаж, эд зүйл, мөнгө төгрөг, бараа материал авч өгөлцөн харьцаж байсан билээ. Бид хоёр одоо ч гэмгүй сайн харилцаатай байдаг. Гэвч бид хоёрын дунд өр зээлийн тухай миний түүнээс 2400000 төгрөг авах авлага одоо хүртэл шийдэгдэхгүй яваад байгаа болохоор аргагүйдэж С.Аоос гаргуулахаар шүүхэд хандаж байна. С.А бид хоёрын дунд барааны тооцооноос үлдсэн түүний надад төлөх 6.780.000 төгрөг байсан. Энэ мөнгийг ойрын хэдэн сард төлж өгнө гэж С.А нь надад 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр баримт өгсөн. Энэ баримтад С.А казах хэлээр бичсэн ба утга нь “Би С.А 6780000 төгрөг авлаа” гэж гарын үсэг зурсан юм.
Одоо 2400000 төгрөг үлдсэн. Энэ тухай С.А ч өөрөө сайн мэдэж байгаа боловч төлөх боломжгүй байна гэж тайлбарлаад удаагаад байна. Энэ тухай ч тэрээр шүүхэд тайлбараа ирүүлэх байх. Иймд С.Аоос зээлдүүлсэн 6780000 төгрөгөөс үлдсэн 2400000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Х.А, С.А нар урьд нь дотны харилцаатай, эд бараа авалцаж, өгөлцөж сайн харьцаж байсан тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан байгаа. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ С.А хамгийн сүүлд 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 6780000 төгрөг авсан гээд баримт бичиж өгсөн, үүнээс 1 сая төгрөгийг авсан, 80000 төгрөгөөр үнэлээд 46 ширхэг чонын арьс авсан, энэ нь 3680000 төгрөг, үүнээс үлдсэн 2,4 сая төгрөгийг авах ёстой, үүнийг хариуцагчаас нэхэмжилж байна гээд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би хавтаст хэргийн материА танилцаж байхад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд алдаа гарсан юм шиг байна. Би энэ тухай нэхэмжлэгчийн өөрт нь бас хэлсэн. Тухайлбал тухайн үед 6780000 төгрөгөөс 1 сая төгрөгийг хасаад, мөн 46 ширхэг чонын арьсыг нэг бүрийг 80000 төгрөгөөр үржүүлээд 3680000 төгрөг, нийт 4680000 хасахад 2100000 төгрөг болж байгаа. Тэгээд би нэхэмжлэгчээс чи хариуцагчаас 2400000 төгрөг биш 2100000 төгрөг нэхэмжлэх юм биш үү гэж асуухад алдаа гарсан байж магадгүй, тэгвэл шүүх хуралдаанд 2100000 төгрөг нэхэмжилж өгөөрэй гэж хэлсэн. Иймд хариуцагч С.Аоос 2100000 төгрөг нэхэмжилж байна. Энэ маргааны хувьд шагай, арьс шир гэх мэт янз бүрийн зүйл яригдах юм байна. Гэхдээ хариуцагч С.А би 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 6870000 төгрөг авлаа гээд гарын баримт бичиж өгсөн байна. Тийм учраас нэхэмжлэгч мөнгөөр нэхэмжилж байгаа. Иймд дээрх мөнгөнүүдийг хасаад үлдсэн 2100000 төгрөгийг хариуцагч С.А төлөх нь гарцаагүй болоод байна.
Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ болоод байгаа. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдож байгаа тул хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч С.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 6 дугаар сараас миний бие Х.Аээс чонын арьс зээлээр авч Улаанбаатар хотын арьсны ченжүүдэд зарж мөнгийг нь өгдөг байсан. Тухайн үед 1 ширхэг чонын арьсыг 120000 төгрөгөөр бодож авч байсан. Х.А 2015 оны 07 дугаар сард Х.А бид хоёр БНХАУ-ын хил дээр тааралдсан. Тэнд Х.А 450 ширхэг чонын шагайг хил гаалийнханд хураалгасан. Миний бие тэнд найз нөхдөөрөө яриулж Х.Аийн хураалгасан 450 ширхэг шагайг буцааж авч өгсөн. Тэнд БНХАУ-ын иргэн С гэгч дээрх 450 ширхэг шагайг зарж өгнө гээд авч үлдсэн. Нэг жилийн дараа С үлдэгдэл 200-аад шагайг буцаасан. Одоо хүртэл манай гэрт байна. 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Х.А надаас 46 ширхэг чонын арьс, 1000000 төгрөг авсан. Нэг ширхэг чонын арьсыг 120000 төгрөгөөр авсан. Тэр ханшаар үнэлж өөрт нь өгсөн. Х.Аийн надаас авсан чонын арьс, бэлэн өгсөн мөнгө нь нийлээд 6520000 төгрөг болж байна. Үлдэгдэл 260000 төгрөгт шагайг нэг бүрийг 10000 төгрөгөөр тооцож буцааж өгнө. Бид хоёрын хооронд өөр тооцоо байхгүй болно гэжээ.
Хариуцагч С.А шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Би 2013-2014 онуудад Х.Аээс арьс аваад зарж өгөөд мөнгө төгрөгийг нь өгдөг байсан. Тухайн үед 17 сая, 18 сая төгрөг хүртэл өгдөг байсан. 2015 онд Х.А эхнэртэйгээ Хятад улсын хил дээр явж байгаад 450 ширхэг шагайгаа хураалгасан. Тухайн үед би туслаад шагайг нь авч өгч байсан. Одоо надаас нэхэмжилж байгаа мөнгө нь тухайн 450 ширхэг шагайн мөнгө байх гэж бодож байна. Би 46 ширхэг чонын арьсыг 120000 төгрөгөөр үнэлж авсан. Энэ тухай гарын баримт Х.Аийн өөрт нь байгаа. Тийм учраас өнөөдрийн шүүх хуралдаанд зориуд ирэхгүй байна гэж бодож байна. Тэр шагай нь одоо надад байгаа. Тэр нохойн шагай байсан учраас буцаагдсан. 270 ширхэг шагай надад байгаа. Хэрвээ өнөөдрийн шүүх хуралдаанд Х.А өөрөө байсан бол учир байдлыг нүүрэнд нь хэлэх байсан. Би 46 ширхэг чонын арьсыг 120000 төгрөгөөр үнэлж авсан. Мөнгөө бүрэн төлөөд дууссан. Гэтэл надаас яагаад мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Урьд нь бид нар шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрч чадаагүй. Тэгээд дараа нь 07 дугаар сард ирээд надаас 46 ширхэг арьсыг аваад явсан. Тийм учраас Х.Аэд одоо надаас авах ямар нэгэн авлага байхгүй. Миний тооцоогоор Х.Аэд 180000 төгрөгийн өглөгтэй. Хэрвээ үүнийг өгөх юм бол шагайг нь өгнө гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.А нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч С.Аоос 2400000 төгрөг гаргуулахыг хүссэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхтэй гэснийг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд “...тооцоо буруу гарсан байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч С.Аоос 2100000 төгрөг гаргуулахыг хүссэн болно.
Хариуцагч С.А нь нэхэмжлэгч Х.Аэд 2400000 төгрөг төлөх үндэслэл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан болно.
Нэхэмжлэгч Х.А, хариуцагч С.А нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй болохыг танилцуулсан боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзаж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй болно.
Нэхэмжлэгч Х.А нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хандсан байх ба 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгч Х.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... С.А бид хоёрын дунд барааны тооцооноос үлдсэн түүний надад төлөх 6780000 төгрөг байсан. Бид хоёр дунд өр зээлийн тухай миний бие түүнээс 2400000 төгрөг авах авлага одоо хүртэл шийдэгдэхгүй яваад байгаа болохоор аргагүйдэж С.Ааас гаргуулахаар шүүхэд хандаж байна” гэж, хариуцагч С.А нь “...миний бие Х.Аээс чонын арьс зээлээр авч Улаанбаатарын арьсны ченжүүдэд зарж мөнгийг нь өгдөг байсан” гэх зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Х.А, хариуцагч С.А нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.А хариуцагч С.А нарын хооронд бараа буюу эд зүйлийн тооцоо байсан болох нь тэд нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байгаа боловч нэхэмжлэгч Х.Аийн нотлох баримтаар гаргаж өгсөн С.Аын бичсэн гэх баримтад эд зүйлийн үнийг төлж өгөхөөр болж баримт үйлдсэн байна гэж үзэх боломжгүй байна. Мөн хариуцагч С.Аын 6780000 төгрөг авсан гэж бичсэн баримтаар С.А нь бэлэн мөнгө тоолж авсан болон нэхэмжлэгч Х.А нь 6780000 төгрөг тоолж өгсөн үйл баримт тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд чонын арьсыг зээлээр авч, бусдад худалдах, чонын шагай гэх эд зүйлийг харилцан тохиролцож авч худалдан борлуулан үнийг нь төлж байсан талаар нэхэмжлэгч Х.А, хариуцагч С.А нар үгүйсгээгүй болно. Нэхэмжлэгч Х.А нь өөрийнхөө хувийн тэмдэглэл болон тооцоо нийлсэн бичмэл нотлох баримт, бусад хөндлөнгийн нотлох баримтуудыг гаргаж өгч нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Хариуцагч С.Аын гаргаж өгсөн Х.Аийн “2017.06.23. Ааас 46 ширхэг чонын арьс авлаа” гэж гарын үсэг зурж, “1000000 төгрөг авлаа” гэж гарын үсэг зурсан баримтаар нэхэмжлэгч Х.А нь эд зүйлийг хүлээн авсан нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч Х.А нэг ширхэг чонын арьсыг 80000 төгрөгөөр, хариуцагч С.А нь нэг ширхэг чонын арьсыг 120000 төгрөгөөр тооцож өгсөн буюу авсан гэж тайлбарлаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хавтас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох баримтыг Ө сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн МАХЦЧХУЛСЫН байцаагч Х.Б үнэлгээ тогтоосон байх ба үнэлгээ нь зөрүүтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Х.Аийн хариуцагч С.Аоос 2100000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53350 төгрөгөөс 48550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 4800 төгрөгийг нэхэмжлэгч Х.Аэд буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Аийн хариуцагч С.Аоос 2100000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53350 төгрөгөөс 48550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 4800 төгрөгийг нэхэмжлэгч Х.Аэд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б