Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 35

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ... дугаар хороо ... байрны ... тоотод оршин суух, Б овогт Г.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МЦХ” ХК-ийн Багануур дүүргийн Х Г-т холбогдох тус газрын даргын 2016 оны ... дугаар сарын ...-ний өдрийн .... тоот албан бичгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ч, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Адъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.              

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Г.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Ч 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр тэтгэвэрт гарах өргөдөл гаргахдаа  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан өндөр насны тэтгэврийг даатгуулагч нь өөрөө гаргаж, өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхэлж тооцно гэж зааснаар баримт бүрдүүлэн тэтгэвэрт гаргах гэтэл таны улсад ажилласан байдал хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэрт гарах боломжгүй юм байна гэж Нийгмийн даатгалын ажилтан Ө.М хувиараа худал зөвлөгөө өгсний улмаас би өндөр насны тэтгэвэрт гарах байсан, нөхөн төлбөр гаргуулах, мөн хууль бус зөвлөгөө өгсөн тухай нэхэмжлэл гаргаж хариуцагчаар Ө.М-ыг татаж тайлбар авах гэтэл Г.Ч миний ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тушаалыг нотлох баримт болгон ашиглаж байгаа нь хувь хүний нууцыг хуулиар хамгаална гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна. Тэрээр Ө.М Багануур дүүргийн Х Г-ын маркетинг үйлчилгээний ажилтан Б.Л-тай үгсэн хуйвалдаж, удирдлагаас үүрэг өгөөгүй байхад холбооны ажилтан П.Э жирэмсний амралттай маркетинг үйлчилгээний ажилтны оронд 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллахдаа Г.Ч-д хамаарах газрын даргын 1991 оны .. дугаар сарын ...-ны өдрийн .... тоот тушаалыг дур мэдэн хуулбарлан, гарын үсгээ зурж тэмдэг дарж, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст явуулсан байдаг. Багануур дүүргийн Холбооны газрын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот албан бичиг компанийн дотооддоо мөрддөг 5 заалтыг болон маркетинг үйлчилгээний ажилтан “МЦХ” ХК-ийн түр орлон ажиллах болон сэлгэн ажиллуулах журмын 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсгийг зөрчсөн байна. Иймд Багануур дүүргийн Х Г-аас гарсан 2016 оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... тоот албан бичгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Ч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 34 тоот албан бичиг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 161 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон. Нотлох баримтыг хуурамч гэж үзэж байна. Энэ талаар “МЦХ” ХК-ийн Багануур холбооны газраас хууль бус гэдгийг нотолж өгсөн. Ө.М шүүх дээр ирж тайлбар өгөхдөө хүний нууцтай холбоотой бичиг баримтыг шүүхийн хавтаст хэрэгт, жишээ нь 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртлэх хугацаанд буюу өндөр настан М-ын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тайлбар гаргаж өгснөөс өмнөх хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримтан дотор хувь хүний нууцтай холбоотой баримт бичиг буюу 1999 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн ... тоот тушаал хавтаст хэрэгт байхгүй гэдгийг шүүхийн архивын газраас нотолж өгсөн тул үүнийг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү, мөн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот албан тоотыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Ч “МЦХ” ХК-ийн Багануур Х Г-ын өндөр настан юм.

1.Багануур дүүргийн Х Г-ын 2016 оны .. дугаар сарын ..-ний өдрийн ... тоот албан бичгийг “МЦХ” ХК-иас хүчингүй гэж үзээгүй, харин гарын үсэг зурах эрх бүхий хүн “МЦХ” ХК-ийн Багануур Х Г-ын түр орлон гүйцэтгэгчийн журмын дагуу ахлах инженер зурах ёстой боловч маркетинг үйлчилгээний ажилтай зурсан байна гэсэн тайлбарыг өгсөн.

2.Нэхэмжлэгч Чгийн нэхэмжлэлтэй холбоотой, Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу манай байгууллага хариу албан бичиг өгсөн байдаг. Энэ албан тоотод гарын үсэг зурах эрхгүй гэж үзээд байгаа хүн, манай Х Г-ын “Орлон гүйцэтгэгч”-ийн журмын дагуу “Х Г-ын даргын эзгүйд ахлах инженер, ахлах инженер байхгүй буюу онцгой үед маркетинг үйлчилгээний мэргэжилтэн орлож болно” гэж зааснаар тухайн үед маркетинг үйлчилгээний мэргэжилтэн хийж байсны хувьд энэ албан бичигт гарын үсэг зурсан Л гэх хүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасныг шүүх хангасан байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Г.Ч нь “МЦХ” ХК-ийн Багануур дүүргийн Х Г-т холбогдуулан тус газрын даргын 2016 оны ... дугаар сарын ..-ний өдрийн .. тоот албан бичгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, манай байгууллага хариуцагч биш гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

“МЦХ” ХК-ийн Багануур дүүргийн Х Г-ын 2016 оны :: дугаар сарын ..-ний өдрийн ... тоот албан бичигт “Тус Х Г-т П овогтой Э нь жирэмсний амралттай, Маркетинг үйлчилгээний ажилтны оронд 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд ажиллахдаа Г.Ч-д хамаарах газрын даргын 1991 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... тоот тушаалыг хуулбарлан өгсөн болно” гэсэн албан тоотыг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлжээ.

 Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж заасан бөгөөд Багануур дүүргийн Х Г-ын 2016 оны ... дугаар сарын ..-ний өдрийн ... тоот албан бичиг нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцлийн агуулгад хамааралгүй, тушаалыг хуулбарлан өгсөн талаарх  тодорхойлолт байх ба Иргэний хуульд тухайн агуулга бүхий тодорхойлолтыг хүчин төгөлдөр бусад тооцох зохицуулалт тусгагдаагүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

           1. Г.Ч-гийн нэхэмжлэлтэй, “МЦХ” ХК-ийн Багануур дүүргийн Х Г-т холбогдох тус газрын 2016 оны ... дугаар сарын ..-ний өдрийн ... тоот албан бичгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ