Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/00805

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/00805

 

 

Г.Чимгээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 103/ШШ2018/00035 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Чимгээгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануур дүүргийн Холбооны газарт холбогдох

 

Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануур дүүргийн Холбооны газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 34 тоот албан бичгийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Цэдэнбал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Адъяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Чимгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г.Чимгээ 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдөр тэтгэвэрт гарах өргөдөл гаргахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд ...өндөр насны тэтгэврийг даатгуулагч нь өөрөө гаргаж, өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхэлж тооцно гэж зааснаар баримт бүрдүүлсэн боловч таны улсад ажилласан байдал хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэрт гарах боломжгүй юм байна гэж нийгмийн даатгалын ажилтан Ө.Мягмаржав хувиараа худал зөвлөгөө өгсөн. Мөн Ө.Мягмаржав нь Багануур дүүргийн Холбооны газрын маркетинг үйлчилгээний ажилтан Б.Лхагвабадамтай үгсэн хуйвалдаж, П.Энхээг жирэмсний амралттай маркетинг үйлчилгээний ажилтны оронд 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ажиллуулсан бөгөөд энэ хугацаанд Г.Чимгээд хамаарах газрын даргын 1991 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/25 тоот тушаалыг дур мэдэн хуулбарлан, гарын үсгээ зуран тэмдэг дарж, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст явуулсан байдаг. Энэ байдлыг Монголын цахилгаан холбоо ХК-иас маркетинг үйлчилгээний ажилтан орлон ажиллах талаарх журмыг зөрчсөн гэж тогтоосон. Багануур дүүргийн Холбооны газрын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 34 тоот албан бичиг нь компанийн дотооддоо мөрддөг журмын 5 заалтыг ноцтой зөрчсөн. Тодруулбал, Багануур дүүргийн холбооны газрын гүйцэтгэх захирлын 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/87 дугаар тушаалаар баталсан журмын 4 дүгээр хавсралтын 3.2, 3.8, 7.8, 11.1 дэх заалт, түүнчлэн Монголын цахилгаан холбоо ХК-ийн түр орлон ажиллах болон сэлгэн ажиллуулах журмын 3.1.8 дахь хэсгийг зөрчсөн байна. Багануур дүүргийн Холбооны газраас гарсан 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 34 тоот албан бичиг нь ор үндэслэлгүй, утга агуулга нь тодорхой бус байна. Иймд уг албан бичгийг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Багануур дүүргийн Холбооны газрын дарга П.Нямтулга шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Адъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Чимгээгийн гомдолд Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 3А/630 албан тоотоор ... 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хариуцагч байгууллагын даргаар ажиллаж байсан Х.Батбаяр ээлжийн амралттай байсан ба тухайн өдөр ахла инженер Ц.Адъяа эзгүй байсан болохыг тогтоох боломжгүй, холбогдох байгууллагаар тогтоолгоно гэсэн хариу өгсөн. Мөн Ц.Адъяа нь тухайн өдөр ажил дээрээ байсан гэсэн тайлбарыг бичгээр өгсөн, маркетинг үйлчилгээний мэргэжилтэн Б.Лхагвабадам нь журам зөрчсөн гэдэг нь тогтоогдсон боловч хүүхэд асрах чөлөөтэй байгаа тул сахилгын арга хэмжээ авах боломжгүй байгаа. Багануур дүүргийн Холбооны газрын 2016 оны 5 дугаар сарын 9-ний энэ өдрийн 34 тоот албан бичгийг Монголын цахилгаан холбоо ХК-иас хүчингүй гэж үзээгүй, харин уг албан бичигт Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануур холбооны газрын түр орлон гүйцэтгэгчийн журмын дагуу ахлах инженер зурах ёстой боловч маркетинг үйлчилгээний ажилтан зурсан байна гэсэн тайлбарыг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Гомборагчаагийн Чимгээгийн нэхэмжлэлтэй, Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануур дүүргийн Холбооны газарт холбогдох тус газрын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот албан бичгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Чимгээ давж заалдах гомдолдоо:

... "Монголын Цахилгаан Холбоо" ХК-ийн Багануур дүүргийн холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтэнээр ажиллаж байсан Б.Лхагвабадам нь 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 34 тоот албан бичиг үйлдэхдээ "Монголын Цахилгаан Холбоо" ХК-ийн дотоод дүрэм, журмыг ноцтой зөрчсөн, компанийн удирдах ажилтанд мэдэгдэлгүй дур мэдэн Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн байдаг. Энэ тухай миний бие Монголын цахилгаан холбоо ХК-д гомдол гаргаж шалгуулсан бөгөөд "Монголын Цахилгаан Холбоо" ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ЗА/698 дугаар албан тоотоор гомдлын хариуг ирүүлсэн байдаг бөгөөд уг албан бичгээр "Монголын Цахилгаан Холбоо" ХК-ийн гүйцэтгэх захиралын 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/87 дугаар тушаалаар батлагдсан Монголын цахилгаан холбоо ХК-ийн түр орлон ажиллах болон сэлгэн ажиллуулах журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 8-д заасныг зөрчсөн болохыг нотолсон байдаг. Гэвч анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, 34 дугаар албан бичигт тусгагдсан мэдээлэл, гэрчүүдийн мэдүүлэг, төв компаниас ирсэн нотлох баримтуудыг судлан үзэлгүй, бусдыг илтэд үл хүндэтгэж шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хэлцлийн агуулгад хамааралгүй тухайн бичиг нь Иргэний хуульд тухайн агуулга бүхий тодорхойлолтыг хүчин төгөлдөр буст тооцох зохицуулалт тусгагдаагүй болно гэсэн дүгнэлтийг хийсэн нь учир дутагдалтай болсон. Тухайн 34 тоот албан бичигт ... иргэн Г.Чимгээ өөрт хамаарах тушаалыг 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа Г.Чимгээд хамаарах газрын даргын 1991 оны 2 дугаар сарын 23-ний өдрийн Б/25 тоот тушаалыг хуулбарлан өгсөн болно гэж бичсэн байх боловч бодит байдал дээр н.Нарантуяа 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Холбооны газрын архиваас авсан байдаг. Мөн Нийгмийн даатгалын хэлтэст 2012 оны 3 дугаар сарын 6-ний өдөр 1991 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг авсныг иргэн Р.Батбаяр мэдүүлдэг. Шүүх зөвхөн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Багануур дүүргийн Холбооны газар нарын хооронд үүссэн иргэний маргааныг дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл хэлцэл байна гэж шийдвэрлэж болох байтал хэт их нэг талыг барьж шийдвэр гаргасан. Багануур дүүргийн Холбооны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах инженер Ц.Адьяа нь шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, манай байгууллага хариуцагч биш гэж маргаж байсан. Гэтэл Монголын цахилгаан холбоо ХК-ийн гомдлын хариу бичигт Б.Лхагвабадамыг холбогдох дүрэм, журам зөрчсөн гэж бичсэн байдаг. Мөн ахлах инженер Ц.Адьяа 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр ажил дээрээ байсан, Б.Лхагвабадам надад албан бичгийн талаар танилцуулаагүй гэсэн тайлбар өгсөн байдаг. Энэ утгаараа Багануур Дүүргийн Холбооны газар нь ажилтан Б.Лхагвабадамыг ажилд авсан тул ажилтны буруутай үйлдлийг компани өөрөө хүлээнэ гэж компанийн дотоод журамд заасны дагуу өөрөө хариуцагч үүрэгтэй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Багануур дүүргийн Холбооны газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 34 тоот албан бичгийг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгаа боловч тухайн маргаанд хамааралтай хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй хэргийг шийдвэрлэсэн байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Чимгээ нь хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануур дүүргийн Холбооны газарт холбогдуулан тус газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 34 тоот албан бичгийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийгн 3.3 дахь хэсэгт хуулиар харъяаллыг нь тогтоогоогүй маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан байх ба шүүх нэхэмжлэгч Г.Чимгээгийн Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануур дүүргийн Холбооны газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 34 тоот албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Б.Лхагвабадам нь жирэмсний амралттай хүний оронд ажиллаж байхдаа удирдлагаас ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр 34 тоот албан бичигт гарын үсэг зурж, тэмдэг даран Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн гэж тайлбарласан байна.

Хариуцагч буюу Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануур дүүргийн Холбооны газрын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 34 тоот албан бичигт тус холбооны газар Д.Энхээ нь жирэмсний амралттай маркетинг үйлчилгээний ажилтны оронд 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллахдаа Г.Чимгээд хамаарах газрын даргын 1991 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/25 тоот тушаалыг хуулбарлан өгсөн болно гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Чимгээ нь Монголын цахилгаан холбоо ХК-д гомдол гаргаж, уг гомдлын дагуу ... Багануур дүүргийн Холбооны газрын даргаар ажиллаж байсан Х.Батбаяр эзгүй байсан, түүнийг орлож байсан ахлах инженер Ц.Адъяа ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь тогтоогдсон, маркетинг үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Лхагвабадам нь 34 тоот албан бичигт гарын үсэг зурсан нь Монголын цахилгаан холбоо ХК-ийн түр орлон ажиллах болон сэлгэн ажиллуулах журмыг зөрчсөн, Б.Лхагвабадам хүүхэд асрах чөлөөтэй байгаа тул түүнээс тайлбар авах, сахилгын шийтгэл ноогдуулах боломжгүй байна... гэсэн агуулга бүхий хариуг ирүүлсэн байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнө байдлыг сэргээж иргэний эрхийг хамгаална гэж заасан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 34 тоот албан бичгийг хууль бусаар гаргаж нэхэмжлэгч Г.Чимгээгийн эрх ашгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд шүүх аливаа албан байгууллагын дотоод ажилд хөндлөнгөөс оролцож, тухайн албан бичгийг хүчингүй болгох эрхгүй болно.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлийг заагаагүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 103/ШШ2018/00035 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Г.Чимгээгийн Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануур дүүргийн Холбооны газарт холбогдуулан гаргасан тус газрын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 34 тоот албан бичгийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Чимгээ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО