Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2018/00046

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2018/00046

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1985 оны 11 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хилчингийн 02 дугаар гудамжны 17 тоотод оршин суух Павай овогт Зоригтын Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах, Багануурын Дулааны станц ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ариунбаатар, Ё.Ариунаа, нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 2 дугаар сарын 24-нд тус компанид Дотоод хяналтын ажилтнаар томилогдож, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажиллаад 2 жил болсны дараа эрх барих нам солигдож, компанийн захирлаар Н.Ганбаатар гэж хүн томилогдсон. Н.Ганбаатар нь гүйцэтгэх захирал болмогц Б.Жаргалсайхан захирлын үед ажиллаж байсан 5-6 хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Намайг ч гэсэн ажлаас чөлөөлөх гэхэд нь намайг ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй, би хууль журмынхаа дагуу явна гэхэд ажлаас чөлөөлөхөө больсон. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 1-нээс компанийн шинэ бүтэц орон тоогоор Дотоод хяналтын аудитороор томилогдон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байтал 2017 оны 06 дугаар сарын 05-ны өглөөний шуурхай хурал дээр Гүйцэтгэх захирал Н.Ганбаатар Төрийн өмчийн бодлого зохицуулах газар нь надтай жилийн хугацаатай гэрээ байгуулж ажилладаг учир би бас бүх инженер техникийн ажилтнуудтай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулна гэж хэлээд 2017 оны 12 дугаар сарын 20 хүртэл хугацаатай, урьдчилан бэлдсэн хөдөлмөрийн гэрээг тараан, ямар ч тайлбар, санал, хүсэлт авалгүйгээр тэнд байсан бүх инженер, техникийн ажилтнуудаар гарын үсэг зуруулсан. Би энэ талаар Н.Ганбаатар захиралд миний ажлын байр бол байнгын ажлын байр, хугацаатай гэрээ байгуулах шаардлагагүй гэхэд энэ гэрээ бол жилийн эцэст ажил дүгнэх л зорилготой хийгдэж байгаа гэрээ гэж хууран мэхэлж, зурахгүй бол одоо халагд гэж шахалт үзүүлж зуруулсан. Тухайн үедээ тус гэрээний нэг хувийг надад өгөөгүй. 2017 оны 11 дүгээр сарын 20-нд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, цаашид сунгагдахгүй болсон учир өөр ажил олно уу гэсэн мэдэгдлийг надад болон бүх инженер техникийн ажилтнуудад өгсөн. Жилийн эцэст ямар ч ажил дүгнээгүй, мэдэгдэл аваад би цаашдаа ажиллах хүсэлтэй, саналтай байгаагаа албан ёсоор мэдэгдсэн боловч хариу өгөөгүй байж байгаад 2017 оны 12 дугаар сарын 20-нд Н.Ганбаатар захирал намайг өрөөндөө дуудаад чамайг ажлаас чөлөөллөө гэсэн. Яагаад намайг ингэж байгаа юм бэ гэхэд чи миний шууд удирдлаган доор ажиллаж байж тендертэй холбоотой бичиг баримтанд шалгалт хийж, зөрчил илрүүлж, миний эсрэг ажилладаг. Тиймээс би чамайг ажлаас халж байна, чиний энэ цаашдаа ажиллах санал хүсэлт надад хамаагүй гэж хэлээд тушаал гаргасан. Би БНДС ТӨХК-ийн 2017 оны зарим худалдан авалт, тендерийн материалд шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдийг танилцуулсан байсан. Мэдэгдэл өгсөн 10 гаран ажилтнуудаас зөвхөн намайг ажлаас чөлөөлсөн, бусад инженер техникийн ажилтнууд одоо ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа. 2017 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулчихаад 2017 оны 06 дугаар сард гэнэт хугацаатай гэрээ байгуулсан явдал нь намайг ажлаас чөлөөлөх гэж урьдаас зохион байгуулсан, хууран мэхлэх үйл ажиллагаа байсан байна. Ингээд дээрх гэрээг үндэслэн намайг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б/218 тоот тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон . Дээрх тушаал нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэсэн заалтыг зөрчсөн. 2017 оны 6 сард байгуулсан гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд ажилтан, албан хаагчдын эрх ашигт бүдүүлгээр халдсан асуудал болсон. Хөдөлмөрийн харилцааны тухай зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33-р тогтоолын 15-р зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэсэн заалтыг зөрчсөн. Ямар шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй болсон үндэслэл, шалтгааныг тушаалд тусгаагүй. Багануурын дулааны станц ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ийн 6.1.5-д Ажилтан өөрийн ажлын байр болон өөртэй нь холбоотой аливаа асуудлыг шийдэхэд биеэр оролцох, санал, бодлоо илэрхийлэх эрхтэй гэсэн заалтыг зөрчиж санал бодлыг минь авалгүйгээр хугацаатай гэрээ байгуулж, мөн цаашид ажиллах саналыг маань харгалзан үзээгүй, хариу өгөлгүй шууд ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Надад шахалт дарамт үзүүлж гарын үсэг зуруулсан, хөдөлмөрийн гэрээний 1 хувийг тухайн үед надад хүлээлгэн өгөөгүй бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 20-нд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсний дараа миний бие тус хөдөлмөрийн гэрээг хуулийн зөвлөх Ё.Ариунаагаас асууж байж авахад гүйцэтгэх захирлын гарын үсэг, тамгагүй хөдөлмөрийн гэрээ өгсөн. Миний ажлын байр ямар нэг байдлаар орон тоо хасагдаагүй, өөрчлөлт ороогүй, хэвээр байгаа. Мөн ажиллаж байх хугацаанд сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Багануурын дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганбаатарын гаргасан Б/218 тоот тушаал нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн, намчирхаж, албан тушаалаараа ноёрхож гаргасан тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд намайг урьд эрхэлж байсан Багануурын дулааны станц ТӨХК-ийн Дотоод хяналтын аудитор ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, тус хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2017 оны 01 сард бид нарын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаад намайг дотоод хяналтын аудиторын ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн, нам солигдоод өөр даргатай болсноос хойш намайг халах оролдлого байнга хийж байсан, дарга солигдоод манайд ажиллаж байсан Дандар гэж хүнийг өөр намын хүн гээд ажлаас нь халсан, тэр хүн шүүхэд хандаад эргэж ажилдаа томилогдсон, шүүхэд хандаж байх үед нь дарга надад Дандар та 2 найз өргөдлөө татаж ав гэж хэл, эсвэл чамайг халаад Дандарыг чиний оронд ажилд авна гэж хэлсэн. 2017 оны 11 сарын 20-нд манай инженер техникийн ажилтнуудад бүгдэд нь ажлаас халах тухай мэдэгдэл бөөнд нь өгсөн, би ажилтнуудаас мэдэгдэл аваад одоо яах гэж байгаа талаар асуусан, тэгэхэд тэд нар дарга Дандар та хоёрыг халах гэж ингэж байгаа гэсэн, бид нарт хамааралгүй юм шиг байна лээ гэж хэлж байсан, би байгууллага дээрээ ажил үүргийнхээ дагуу шалгалт хийж зөрчил илрүүлж ажлаа хийсний төлөө хавчин гадуурхагдаж захирал өөрийн үзэмжээрээ халсан, би хэлэх үгээ хэлдэг, миний саналыг хүлээж авдаггүй намчирхсан байдлаар надад ханддаг би нам бус, би ажлаасаа халагдмааргүй байгаа тухайгаа захиралд хэлсэн, би мэдэгдэл аваад дарга дээр ороод юун мэдэгдэл юм бэ гэхэд мэдэхгүй гээд урдаас инээгээд байсан, гэтэл гэнэт 12 сарын 20-ны өдөр ердөө 30 минутын дотор миний ажлыг хүлээж аваад, яасан их бичгээр санал гаргадаг юм бэ, энэ чинь юу юм бэ гээд байсан, надтай хамт мэдэгдэл авсан хүмүүс бүгд одоо ажлаа хийж байгаа, тэр хүмүүстэй байнгын ажлын байранд дахиад хугацаатай 1 жилээр гэрээ байгуулсан гэсэн. Хөдөлмөрийн тухай хууль тэгш эрхийн зарчим дээр үндэслэдэг гэж бодож байгаа, дуртай нэг дарга нь ирээд өөрт дургүй хүнээ халдаг, хугацаагүй гэрээгээр ажиллаж байгаа хүнтэй шахаж шаардаж байгаад шууд хугацаатай гэрээ байгуулаад өөрийн үзэмжээр асуудлыг шийддэг байж болохгүй, намайг халах өөр шалтаг шалтгаан олдохгүй байсан болохоор надтай байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээг жилийн эцэст ажил дүгнэх зорилготой гэж хуурч мэхлэн хугацаатай болгоод хугацааг нь дуусахаар халсан юм шиг байгаа юм. Захирлын гаргасан тушаал хууль зөрчсөн, хүний хөдөлмөрлөх эрхэд бүдүүлгээр халдсан тушаал учраас хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Миний ажлын байрны тодорхойлолтоор дотоод хяналтын аудитор нь хуульч, эдийн засагчийн аль нэг нь байж болохоор заасан, тэгэхээр ажлын байрны шаардлага хангахгүй гэж үзэхгүй, миний бичгээр өгсөн гэрээгээ сунгаач гэсэн саналыг эд нар хүлээж аваагүй, тушаалдаа гэрээ цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээ бичээгүй. Би гэрээгээ сунгаж цаашид үргэлжүүлэн ажиллах хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн. Намайг халах л байсан юм бол миний 2018 онд ажиллах ажлын төлөвлөгөөг баталдаг нь ямар учир байна. Би ажлаас халагдаад Үйлдвэрчний хороондоо хандах гэтэл байгууллагын ажилчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Үйлдвэрчний хороон дарга нь хуулийн зөвлөх, бид нартай хугацаатай гэрээ байгуулсан, бид нарт мэдэгдэл өгсөн хуулийн зөвлөх энэ Ариунаа байгаа юм. Энэ хүн миний эрх ашгийг хамгаалахгүй нь ойлгомжтой, надад хамаагүй, чи тэргүүлэгчдэд хандаад өргөдөл гарга гэж надад хэлж байгаа юм. Би хандаагүй, яагаад намайг ганцааранг нь ажлаас чөлөөлсөн талаар хэн ч хариулт өгч чадахгүй байсан гэв.

Хариуцагч байгууллага шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн иргэн З.Оюун-Эрдэнийн тус дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. 2017 оны 06 сарын 05-ны өдөр Дотоод хяналтын аудитороор ажиллаж байсан З.Оюун-Эрдэнэтэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Дээрх гэрээ нь 2 талын харилцан тохиролцсон гэрээ бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг үндэслэн байгуулсан явдал нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. З.Оюун-Эрдэнэ нь тухайн үед энэхүү хөдөлмөрийн хугацаатай гэрээтэй танилцаж хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан. Хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө компаний захиргаа ажилтан нар харилцан тохиролцсоноор хугацааг сунгах буюу хугацаагүй гэрээ болгон өөрчилж болно. Хэрэв хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусахад талуудын аль нэг нь түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бол уг гэрээг гэрээнд анх заасан хугацаагаар дахин сунгасанд тооцдог. З.Оюун-Эрдэнэ нь дахин хөдөлмөрийн гэрээг сунгаж цааш ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч анх тохиролцсоны дагуу хөдөлмөрийн гэрээг цаашид сунгаж ажиллахгүй тухай мэдэгдлийг 2017 оны 11 сарын 20-ны өдөр өгсөн. З.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлд дурдсан эрх зүйн зөрчилтэй акт /тушаал/ гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтад байнгын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоны дагуу хугацаатай байгуулна заасны дагуу З.Оюун-Эрдэнэтэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж ажилласан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн гаргасан бөгөөд хууль зүйн үндэслэл нь хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул эрх зүйн зөрчилгүй акт юм. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Ариунбаатар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Оюун-Эрдэнийн хувьд намчирхсан, дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. 2014 онд анх ажилд ороод, 2016 онд дотоод хяналтын аудитор болсон. Манай байгууллагын аудитор нь санхүүгийн мэргэжилтэй хүн ажиллах шаардлагатай байдаг, гэтэл энэ хүний үндсэн мэргэжил бол хуульч. Энэ хүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Оюун-Эрдэнийн ажлын байранд одоо өөр хүн ороогүй хэвээр хадгалагдаж байгаа. 2017 оны 06 сарын 05-ны өдөр Оюун-Эрдэнээс гадна бүх инженер техникийн ажитнуудтай хугацаатай гэрээ байгуулсан, бүгдэд нь 2017 оны 11 сарын 20-нд ажлаас халах тухай мэдэгдэл өгсөн, тэр хүмүүс ажлын байрны шаардлага хангаж байгаа учраас гэрээг цааш сунгасан гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ё.Ариунаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.8-д Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрчлөх, дуусгавар болгох, цуцлахдаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ болон энэхүү журмыг баримтална гэж зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар гэрээний талууд харилцан тохиролцож гэрээгээ хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг байгуулсан. Хугацаатай гэрээ байгуулахыг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, гэрээнд 2 тал гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болдог. Энэ гарын үсэг зураагүй гэрээг хаанаас авсныг би мэдэхгүй, надаас аваагүй, ажлаас чөлөөлөгдөөд Үйлдвэрчний хороонд албан ёсоор өргөдөл гаргаж өгөөгүй. Манай байгууллагын ажилтнуудаас дотоод хяналтын аудитор гэж ажил хийдэггүй хүн байна, энэ орон тооны оронд цахилгааны мастер, цахилгааны засварчин авмаар байна гэсэн санал ирүүлж байсан. Оюун-эрдэнэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас эрх зүйн харилцаа дуусгавар болж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн, 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг тушаалд баримтлах шаардлагагүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Инженер техникийн бүх ажилтнуудтай хугацаатай гэрээ байгуулсан, бүгдэд нь мэдэгдэл өгсөн. Манай байгууллага дээр аваар осол их гардаг учраас ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс ажилтнуудтай хугацаатай гэрээ байгуулсан. Оюун-Эрдэнээс бусад хүмүүс нь гэрээгээ сунгаад ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч З.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Багануурын Дулааны станц ТӨХК-д холбогдуулан Багануурын Дулааны станц ТӨХК-ийн дотоод хяналтын аудиторын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Ажил олгогч Багануурын Дулааны станц ТӨХК нь нэхэмжлэгч З.Оюун-Эрдэнийг дотоод хяналтын аудиторын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай 2017 оны 12 сарын 20 ны өдрийн Б/218 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-ийн үндэслэлийг заажээ. Хариуцагч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа ажилтантай харилцан тохиролцож хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байх ба нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа 2017 оны 12 сарын 20-ны өдөр гардан авч 2018 оны 01 сарын 15-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч З.Оюун-Эрдэнэ нь Багануурын Дулааны станц ТӨХК-д 2014 оны 02 сарын 24-ний өдрөөс дотоод хяналтын ажилтнаар томилогдон хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан ажиллаж байгаад 2017 оны 01 сарын 01 нээс шинэ бүтэц орон тоогоор компанийн Дотоод хяналтын аудитороор томилогдон хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан ажиллаж байсан байна. Ажил олгогч нь ажилтантай 2017 оны 06 сарын 05-ны өдөр дахин гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай болгон ажиллуулж байгаад 2017 оны 11 сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг ажилтанд өгч 2017 оны 12 сарын 20-ны өдөр гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь ажилтантай 2014 оны 02 сарын 24, 2017 оны 01 сарын 25, 2017 оны 06 сарын 05-ны өдрүүдэд байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд, 2017 оны 11 сарын 20-ны өдөр ажил олгогчоос ажилтанд өгсөн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, ажлаас чөлөөлөх тухай Багануурын Дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 сарын 20-ны Б/218 дугаартай тушаал зэргээр тогтоогджээ.

Багануурын Дулааны станц ТӨХК-ийн дотоод хяналтын аудиторын ажлын байр нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нөхцлүүд, Багануурын Дулааны станц ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 18 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт, Багануурын Дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Ажил албан тушаалын жагсаалт, үндсэн цалингийн сүлжээ жишиг тогтоох тухай 2017 оны 01 сарын 06-ны өдрийн Б/13 тоот тушаал зэрэг баримтуудаас харахад батлагдсан норм үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч ажлын өдөр, ээлж давтамжтайгаар үргэлжилдэг байнгын ажлын байр гэж үзэхээр байх ба тухайн ажлын байр нь байнгын ажлын байр байсан гэдэгт талууд маргаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан бөгөөд ажил олгогч нь ажилтантай байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй байхаар хуульчилсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д талууд харилцан тохиролцож байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болохоор зохицуулсан боловч энэ нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачлагаар тэдгээрийн харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд л байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болохоор заасан зохицуулалт юм.

Гэтэл ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээгээр, гэрээг хугацаатай байгуулж болох ямар нэгэн үндэслэл шаардлагын талаар тохиролцоогүй, ямар үндэслэл шаардлага үүссэний улмаас байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулах болсон талаар гэрээнд тусгаагүй атлаа 2017 оны 01 сарын 01-ний өдөр хугацаагүй байгуулсан гэрээг 2017 оны 06 сарын 05-ны өдөр гэнэт дуусгавар болгон, дахин шинээр хугацаатай гэрээг 2017 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл байгуулсан, хугацаатай гэрээ байгуулах болсон үндэслэл шаардлага нь тодорхойгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг зөрчжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар ажил албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар тус тус хугацаатай гэрээ байгуулж болох ба харин байнгын ажлын байран дээрээ, ердийн журмаар, хэвийн ажиллаж байгаа, орон тоо нь хэвээр байгаа ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр, тодорхой үндэслэл шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар хууль зохицуулсан.

Ажил олгогч нь ажилтантай харилцан тохиролцож гэрээг хугацаатай байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч ажилтантай харилцан тохиролцсон, гэрээг хугацаатай байгуулах тодорхой үндэслэл шаардлага бий болсон гэдгээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх , татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Ажил олгогч нь 2017 оны 06 сарын 05-ны өдөр 2017 оны 12 сарын 20 хүртэл өөрийн байгууллагын байнгын ажлын байранд ажиллаж байсан бүх инженер техникийн ажилтнуудтай хугацаатай гэрээ байгуулсан, тэдгээрт хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг гэрээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө өгсөн, мэдэгдэл авсан хүмүүсээс зөвхөн Оюун-Эрдэнийг ажлаас чөлөөлөн, бусад ажилтнуудын гэрээг цааш сунган ажиллууж байгаа болох нь бусад ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд, 2017 оны 11 сарын 20-ны өдөр өгсөн мэдэгдлүүд зэргээр тогтоогдож байгаа ба энэ нь ажилтан З.Оюун-Эрдэнийн өөрийнх нь хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож гэрээг хугацаатай байгуулсан гэхэд эргэлзээ төрүүлж байгаа төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан иргэний хөдөлмөрлөх үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Ажил олгогч нь З.Оюун-Эрдэнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасныг баримталсан боловч гэрээ цаашид сунгагдахгүй болсон ямар үндэслэл шаардлага бий болсон талаараа тушаалдаа тусгаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч З.Оюун-Эрдэнийг урд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно... гэж зааснаар З.Оюун-Эрдэнийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор тооцон олгох нь зүйтэй гэж үзэв.

Нөхөн олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмын дагуу ажилтны сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар тодорхойлох нь зүйтэй.

Ажилтан 12 сард бүтэн ажиллаагүй учраас Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас 9,10,11 сард бүтэн ажиллаж авсан цалингийн дундажаар тооцож 2017 оны 12 сарын 20-ноос 2018 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан нийт 46 ажлын хоногт тооцон ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2.573.392 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Павай овогт Зоригтын Оюун-Эрдэнийг Багануурын Дулааны станц ТӨХК-ийн дотоод хяналтын аудиторын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.    Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан Багануурын Дулааны станц ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2.573.392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Оюун-Эрдэнэд олгосугай.

3.    Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Оюун-Эрдэнийн дээрх олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг Багануурын Дулааны станц ТӨХК -д үүрэг болгосугай.

4.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 56.124 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

5.    Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.