Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 05

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, .. дугаар хороо, Ажилчны гудамж өөрийн байранд байрлах, “Я” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар байрны .. тоотод байрлах, “Ү Б” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.326.518.208 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С, Д.Г, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            Нэхэмжлэгч Я ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ү Б” ХХК 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн манай ХХК санхүүгийн хүнд байдалд орох гээд байна зээл олгож туслаач хэмээн манай ХХК дээр ирж уулзсан. Уг ХХК-ийн захирлын төрсөн дүүг таньдаг байсан учраас итгэж 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 1.326.518.208 төгрөгийг зээлдүүлсэн. Тус компани бусдад асар их хэмжээний өртэй байсан нь дараа нь мэдэгдэж бид тэдэнд хөрөнгө оруулалт хийх, хамтарч ажиллах санал тавьсан. Гэтэл тус компанийн захирал манай компанид өөрийн компаниа 2 тэрбум төгрөгөөр авбал ав үгүй бол өгөхгүй, хамтарч ажиллахгүй гэж тулгаж эхэлсэн. Иймд “Ү Б” ХХК-иас 1.326.518.208 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

   Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Р.С шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ү Б ХХК-ийн захирал Ч.Н манай компани дээр ирж бидэнтэй уулзсан. Манай захирал энэ хүнийг танихгүй, түүний төрсөн дүү А-ийг таньдаг, А манай эгчид зээл олгож туслаач компани нь өр зээлтэй боллоо гэж захирлаас гуйсны дагуу 2011 онд 110.000 доллар С гэдэг  хүнээс хүүтэй авч зээлдүүлсэн. Энэ зээлээс 2 жил огт төлөлт хийгээгүй, манай компани өмнөөс нь хүүг төлж байсан, энэ 110.000 долларын зээл одоог хүртэл төлөгдөж дуусаагүй, манай компани хэдэн төгрөг орж ирэхээр нь боломжоороо өгөхөөр хүүндээ тооцож авлаа гэдэг, нэгэнт хүнээс авсан мөнгөө бид өгөхгүй гээд яахав гээд одоо болтол их бага хэмжээгээр төлөөд л явж байна, Н гуай хүүтэй мөнгө хүнээс авч өгсөн гэдгийг сайн мэдэж байгаа. Зээлээ төлөхгүй янз бүрийн шалтаг тоочоод явдаг байсан, 2013 онд өр зээлээ төлөх талаар ярилцсан, тэгэхэд  манай компанитай хамтарч ажиллаач гэсэн хүсэлт гаргасны дагуу 2013 оноос удаа дараа зээл өгсөн. Зээл авахдаа төсөл хэрэгжүүлж байгаа, төслийн мөнгө орж ирэхээр удахгүй төлнө, тахианы аж ахуй байгуулж байгаа, тахиандаа тэжээл авах мөнгөгүй боллоо, ажилчдынхаа цалинг тавих мөнгө хэрэгтэй байна гээд авдаг байсан. Манай нэрийг бариад өөр компаниас тахианы тэжээл зээлээр авсан байсан. Тэр асуудлаар манай компани шүүхэд хамтран хариуцагчаар татагдаад эвлэрлийн гэрээ байгуулж шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэрээр төлөхөөр гарсан 42.700.000 төгрөгийг  манай байгууллага Б Э компанид төлж өгсөн. Эдний авсан зээл өр маш их болсон учраас хоёр тал тооцоогоо нийлье гэж ярилцаад 2015 оны 10 сарын 14-ний өдөр тооцоо нийлж, харилцан хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж тамга тэмдгээ дарж өглөг авлагаа баталгаажуулсан. Энэ тооцоогоор Ү Б ХХК манай компанид  2015 оны 10 сарын 14-ний өдрийн байдлаар 947.160.545 төгрөгийн өртэй болсон байсан. 2015.10.14 нээс хойш 2015.12.30-нд зээлийн өрөнд 19.500.000 төгрөг, 2016.01.21 нд Б Э ХХК-ийн үлдэгдэл өрөнд 12.193.200 төгрөг, 2017.05.31-нд К банкны өрөнд 84.100.000 төгрөг, 2016.01.22-нд Ү Б ХХК-ийн өрөнд тооцуулахаар Г-т 15.000.000 төгрөг, 2016.02.26-нд бэлнээр 500.000 төгрөг нийт 131.293.200 төгрөг өгсөн байгаа. 2011.08.20 ноос 2015.10.1-ний өдөр хүртэл өгсөн зээлүүд дээр хүү тооцсон, 2015.10.14 нд өгсөн зээл болон түүнээс хойш өгсөн зээлүүд дээр захирал хүү тооцоод хэрэггүй гээд хүү тооцуулаагүй байгаа, хүү тооцсоноо өөрөө хүлээн зөвшөөрөөд тооцоо нийлсэн байгаа гэв.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би энэ компанид дэд захирлаар ажилладаг. Манай компаний  зүгээс энэ хүмүүст маш их итгэж байсан, манай захирал өөрөө Завханы хүн, Н бас Завханы хүн, эдний дүү А гэж яруу найрагч олны танил хүн байдаг учраас  бид итгэсэн, хамгийн анх 100.000.000 төгрөгийг дүү А-ээ дамжуулан аваад  2 сар болоод өгнө гэж хэлээд алга болсон. Зээлээ төлөхгүй 2 жил болсон учраас би  2013 оны 6 сард Багануурт ирж энэ хүмүүстэй уулзсан. Н, түүний нөхөр Б-д нар нь манай захирлыг ах гэж дууддаг байсан. Ах бид нарт  мөнгө зээлдүүлж тус болсон, бурхан шиг хүн, ачийг нь санаж байгаа, авсан мөнгөө удахгүй төлнө гэж хэлж байсан. Манайхаас авсан  мөнгөөрөө юу хийснийг нь үзэхэд газар авсан, хашаа барьсан, тахиа авсан ажлаа эхэлсэн байсан, бид нар ямар ч байсан зээлсэн мөнгөөрөө ажлаа эхлүүлсэн байна гээд итгэл төрсөн. Бид нар өөрсдөө С ахтай уулзана гээд үлдсэн. Үүнээс хойш удаа дараа уулзсан боловч зээл нь бүтэхгүй, төслийн мөнгө орж ирэхгүй байна,  хамтарч ажиллая гэсэн санал тавьсан байсан, манай захирал хүнд их тусархуу хүн учраас эдний саналыг хүлээж аваад хамтарч ажиллахаар болсон байсан. Энэ хүмүүс ийм ажил байна, ийм хэмжээний мөнгө хэрэгтэй байна гээд очдог, захирал өгдөг л байсан. 2011.08.20 ноос 2015.10.14 хүртэл зээлдүүлсэн 110.000 доллар, 100.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг, 8.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг, 81.000.000 төгрөгийг хүүтэй зээлдүүлсэн. 2015.10.14-ний өдөр зээлдүүлсэн 113.643.545 төгрөг, 2015.10.14 нээс  хойш зээлдүүлсэн 131.293.200 төгрөг нийт 244.936.745 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн. 2011.08.20-ны өдөр зээлдүүлсэн 110.000 доллар, 100.000.000 төгрөгийн хүү нийлээд 248.064.463 төгрөг болоод байгаа. Ингээд нийт 1.326.518.208 төгрөг болж байна. Манайх Багануур дүүрэгт замын ажил хийх болоод банкны баталгаа хэрэгтэй болсон. Банк баталгаа гаргаад өгвөл улсаас мөнгө орж ирдэг. Баталгаагаа К банкаар гаргуулах болсон, гэтэл энэ хүмүүс К банканд баахан өртэй байсан, К банк манай компанийг энэ хүмүүстэй холбоотой гэдгийг яаж мэдсэн юм мэдэхгүй, мэдсэн байсан, энэ хүмүүсийн өрийг дарчих тэгвэл баталгаа гаргаж өгье гээд бид нар тэр банканд байсан өрнөөс нь дарсан, банкнаас баталгааныхаа мөнгийг авсан, манайхаас эднийд зээлдүүлсэн  мөнгө нилээн их болсон болохоор нь хоорондоо тооцоо нийлье гээд 2015.10.14 нд тооцоо нийлсэн. Тооцоогоо 2 тал хоёулаа хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Тооцоо нийлснээс хойш дахиад хэд хэдэн удаа зээл өгсөн. 2015.10 сараас хойш өгсөн мөнгөн дээрээ хүү бодоогүй шүү гэв.

  Хариуцагч “Ү Б” ХХК-ийн  төлөөлөгч Ч.Н  шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ү Б ХХК-ийн захирал Ч.Н миний бие 2011 оны 08 сарын 20-нд Я  ХХК-иас  100.000 ам доллар, 100.000.000 төгрөгийг  төслийн зээл хөөцөлдөж  байгаа зээл авахаар  өгье гэж авсан. 2012 онд Ж олон улсын  байгууллагаас 1 тэрбум 500 сая төгрөгийн зээл хүсэж төсөлд хамрагдсан боловч  барьцаа хөрөнгийн  хэмжээ хүрэхгүй  гээд  400.000.000 төгрөгийн зээл олгогдож санхүүжилт  дутуу хийгдсэн. 2013 онд дахин Засгийн газрын  үнэ тогтворжуулах  төсөлд хамрагдсан. Төсөл сонгон шалгаруулалтаар  уг төслийн  санхүүжилтийг олгохоор  шийдвэрлэсэн  бөгөөд Засгийн газар мөнгөгүй болсон шалтгаанаар  уг зээл олгогдохгүй  болж манай   компани санхүүгийн  хүнд байдалд орсон.  Дөнгөж эхэлж байгаа үйлдвэрлэл  хэвийн жигд  үйл ажиллагаа  явуулж  чадахгүй бусдад их хэмжээний  өр төлбөртэй  хэцүү байдалд орсон  учир 2013 оны 11 сард Я ХХК-ийн захиралтай уулзаж манай төслийн зээл бүтсэнгүй танай мөнгийг өгөх боломжгүй, үйл ажиллагаа явуулж чадахгүй  байдалд хүрээд байна. Одоо яах вэ, туслаач, хамтарч  ажиллах боломж  байна уу гэж очиж уулзсан. Бид ярилцаж  тохиролцоод 2013 оны 11 сарын 20-нд хамтарч ажиллах  тухай тэмдэглэл үйлдэж  Я ХХК нь манай компанид хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллахаар шийдвэрлэсэн. Я ХХК-иас Ү Б ХХК-д  450.936.745 төгрөг, 100.000 ам долларын хөрөнгө оруулалт  оруулсан. Я ХХК хөрөнгө оруулагч  байхаа больж  агуулгаа бүрэн өөрчилж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад туйлын харамсаж байна. 2013 оны 11 сард хийсэн тохиролцоогоор хамтарч  ажиллах, цэвэр ашиг, алдагдлыг 51/49-ийн харьцаагаар  эзэмшиж  хариуцахаар тохиролцсон. Хүнээс авсан мөнгөө төлөлгүй яахав, гэхдээ хамтран ажиллах гэрээнээсээ татгалзаж манайхыг шүүхэд өгсөн учраас авсан мөнгөө л төлнө бусдыг нь төлөхгүй гэв.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Р.С шүүх хуралдаанд өгсөн 2 дахь тайлбартаа: Хамтарч ажиллах талаар тохиролцсон 2013.11.20-ны өдрийн тэмдэглэл байгаа, би 2008 оноос энэ компанид ажиллаж байгаа, 2013.11.20-ны өдөр  зээл төлөгдөхгүй байгаа учраас хойшдоо яах вэ гэдэг зарчмын асуудлыг энэ өдөр ярилцаж тэмдэглэл үйлдсэн, түүнээс хамтран ажиллах гэрээ байгуулагдсан юм байхгүй. Ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй учраас гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн асуудал яригдахгүй. Ү Б ХХК өөрсдөө хэлсэн ярьсандаа байдаггүй, С гэж хувь хүний ярьсан яриа биш, цаана нь компаний эрх ашиг хөндөгдөж байгаа, хамтран ажиллана гэснээс болоод өрөнд орлоо гэж яриад байх юм, авсан мөнгөө зориулалтынх нь дагуу тахианыхаа аж ахуйд зарцуулсан уу гэвэл үгүй, энэ талаарх ямар ч баримт  байхгүй, тахианы байр гэж юу ч байхгүй, зарим үед хүнээс хүүтэй мөнгө авч өгсөн гэдгийг Н гуай мэдэж байсан, хүү төлөхгүй гэж болохгүй,  бид нар өмнөөс нь төлж байгаа, хүлээн зөвшөөрөөд тооцоо нийлсэн баримт байгаа, харин ч 300 орчим сая төгрөгөн дээр хүү бодоогүй шүү  гэв.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд өгсөн 2 дахь тайлбартаа: Бид эд нарт тус больё л гэж бодсон. Энэ хүмүүс хамтраачээ, туслаач ээ гэж өөрсдөө гуйсан, түүнээс хамтарч ажиллах гэрээ байгуулсан бол өөр, манайхаас авсан зээлээ хаашаа юунд зарцуулдаг, юу хийдэг юм бүү мэд,  манайхаас гадна өөр хүмүүсээс өчнөөн зээл аваад явдаг юм байна лээ, залилан маягийн юм яваад байгаа юм уу хаашаа юм,  бараг оффшор данстай ч юм уу гэж бодогдох юм, захирал дүүг нь сайн таньдаг, нутгийн хүмүүсийн  хувьд туслаад  итгээд явсан, хамтран ажилласан гэж ярьж болохгүй, захирал сүүлдээ энэ хүмүүст итгэл алдарсан, гомдсон. Шувууны чинь байр, мужаан цехийн байр хоёрыг чинь өрөндөө аваад салъя  гэж ч санал тавьж байсан, эргээд уулзана  гээд л алга болдог, хүнээс өчнөөн мөнгө зээлж авч хэрэглэж хэрэглэчихээд, хүний тусыг бодож ёс зүй, хүн чанартай байх ёстой гэж бодож байна гэв.

  Хариуцагч “Ү Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н  шүүх хуралдаанд өгсөн 2 дахь тайлбартаа:  Манай компаний үйл ажиллагаа 2015 оноос бүрэн зогссон мөн банк, санхүү, ШШГБ, хувь хүнд маш их хэмжээний өртэй байгаа  тул өр төлбөр  барагдуулах ямар ч боломжгүй  байгааг  Я ХХК-ийн захирал сайн мэдэж байгаа, захирал С гэж хүн манай нутгийн хүн байгаа юм. 2011.8 сард очихдоо төрсөн дүү А-ээ дагуулаад очсон, 2011.8.20 ны өдөр 100.000 доллар авсан, эд нар 110.000 доллар гээд байна, нэг боодол мөнгө л авсан, 3 хоногийн дараа 100.000.000 төгрөг бэлнээр авсан. Энэ мөнгийг авахдаа Багануур дүүрэгт 5 га газар аваад үйл ажиллагаа явуулах, тахианы аж ахуй эрхлэх гэж байгаа, төсөл хөтөлбөрт хамрагдах гэж байгаа талаараа хэлсэн, төсөл хөтөлбөр дэмжигдэхээр мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн. Зээлж авсан мөнгөөрөө 30.000 дэгдээхэйний байрны суурь хийсэн, шал цутгасан. Төслийн зээл 1.500.000.000 төгрөг орж ирэхээс  400.000.000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн,  2012.5 сард батлагдсан мөнгө 11 сард орж ирсэн,  мөнгө хугацаандаа орж ирэхгүй байсаар банкнаас авсан зээлийн хүү гэхэд 40.000.000 төгрөг болсон байсан. Дараа нь өөр хөтөлбөрт хамрагдаад бүтсэн гэхээр нь өөр компаниас 106.000.000 төгрөгийн тахиа, 15.000 дэгдээхэй, тэжээл зээлээр авсан. 2013.10.05 ны өдөр яаман дээр хурал хийсэн чинь энэ төсөл хөтөлбөр хэрэгжихгүй болсон, мөнгө байхгүй гэсэн хариу өгсөн. Ингээд компани өрөнд орж эхэлсэн. 2015 оны 2 сар хүртэл эднийхээс байнга мөнгө нэхээд очдог байсан, зарим үед өөрсдөө мөнгөгүй болоод бусад хүнээс зээлж аваад манайд өгдөг байсан нь үнэн. Эднийхээс зээлж авсан мөнгөнүүд компанийн үйл ажиллагаагааг бүрэн сэргээх боломжтой мөнгөнүүд биш, түр зуурын гал унтраах, амьжиргаа залгуулж байсан л мөнгө. Я компани  манай компанийг манайд өгсөн өр төлбөртөө авъя гэсэн санал тавьсан. Гэтэл надад эдний өрнөөс гадна цаана нь өчнөөн өр байгаа, би компаниа өгөөд юу ч үгүй үлдээд бусад өрөө яаж дарах вэ, хамтарч ажиллах саналаасаа татгалзаад надаас зээлсэн мөнгөө нэхэмжилж байгаад гайхаж байна, ач тус болсныг үгүйсгэхгүй, энэ итгэмжлэгдсэн төлөөлөгч нар захиралд нөлөөлөөд шүүхэд манайхыг өглөө гэж бодож байна. Хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй, харилцан тохиролцож тэмдэглэл үйлдсэн. Гэрээ байгуулах загвараа би хийж ирээд нотариатаар батлуулах болсон чинь гэрээнийхээ нөхцөл дээр тохирч чадаагүй учраас гэрээ байгуулагдаагүй, мөнгө нь гүйцэд орж ирэхгүй байсан. 2015.10.14 ний өдөр хоорондын өр зээлийн асуудлыг тооцож үзээд тооцоо нийлж хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан нь үнэн. Нэгэнт хамтарч ажиллах юм чинь гээд тооцоо нийлэхдээ  ач холбогдол өгөөгүй, тооцоо нийлсэн баримтаа зөвшөөрч байгаа, үнэн гэв.

Шүүхээс талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч “Я” ХХК нь хариуцагч “Ү Б” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.326.518.208 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 ам доллар, 450.936.745 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч бусад шаардлагыг “нэхэмжлэгч байгууллага манай компанитай хамтарч ажиллах гэрээнээсээ татгалзсан учраас төлөхгүй” гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

           Нэхэмжлэгч Я ХХК нь хариуцагч Ү Б ХХК-д 2013.12.04-ний өдөр 10.000.000 төгрөг, 2015.08.03-ны өдөр 30.000.000 төгрөг, 2015.10.14-ний өдөр 113.643.545 төгрөг, 2015.12.30-ны өдөр 19.500.000 төгрөг, 2015.09.21-ний өдөр 30.000.000 төгрөг, 2016.01.21-ний өдөр 12.193.200 төгрөг, 2017.06.03-ны өдөр 84.100.000 төгрөг нийт 299.436.745 төгрөгийг данснаас данс хооронд, 2011.08.26 ны өдөр 110.000 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 136.155.800 төгрөг, 2011.08.29-ний өдөр 100.000.000 төгрөг, 2013.11.12-ны өдөр 3.000.000 төгрөг, 2013.12.17-ны өдөр 8.000.000 төгрөг, 2014.09.03-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015.06.30-ны өдөр 20.000.000 төгрөг, 2016.02.26-ны өдөр 500.000 төгрөг нийт  287.655.800 төгрөгийг бэлнээр тус тус зээлдүүлсэн, хариуцагч нь зээлдэж авсан болох нь Капитал банкны 2017.10.18-ны өдрийн депозит дансны харилцагчийн монгол хуулга, Г банкны 2017.10.31-ний өдрийн дансны хуулга, Капитал банкны төлбөрийн баримт, Я ХХК-ийн 2011.08.26, 2011.08.29, 2013.11.12, 2013.12.04,  2013.12.27, 2015.06.30, 2015.08.03, 2016.02.26-ны өдрүүдийн бэлэн мөнгөний зарлагын баримтууд, Х банкны 2013.12.04-ний өдрийн орлогын мэдүүлэг, К банкны 2015.07.31-ний өдрийн орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох  бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй  ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг  тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зээлдүүлэгч Я ХХК  нь зээлдэгч Ү Б ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтээ шаардах эрхтэй байна.

Зээлдүүлэгч нь 222.000.000 төгрөг, 110.000 ам долларыг хүүтэй зээлдүүлсэн, үлдэх зээлийг хүүгүй зээлдүүлсэн, энэ нь талуудын хооронд 2015.10.14-ний өдөр хийсэн тооцоо нийлсэн баримтаар тогтоогдоно гэж тайлбарлажээ.

             Талуудын хооронд 2015 оны 10 сарын 14-ний өдөр хийсэн тооцоо нийлсэн баримтаар нийт 222.000.000 төгрөгийн 1-4 жилийн хүүд 138.077.000 төгрөг, 110.000 ам долларын 4 жилийн хүүд 126.720 ам доллар, нийт 947.160.545 төгрөг төлүүлэхээр тооцоо нийлсэн, зээлдэгч уг тооцоог хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж Ү Б ХХКомпанийнхаа тамгыг дарж баталгаажуулсан байна.

            Хариуцагч Ү Б ХХК 110.000 ам доллар биш, 100.000 ам доллар зээлдэж авсан гэж маргадаг боловч хариуцагч нь 110.000 ам долларыг тухайн өдрийн ханш 1237.78 төгрөгөөр тооцон хүлээн авч, гарын үсгээ зурсан болох нь хавтаст хэргийн 22 дугаар хуудсан дахь бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол бичгээр хийх хэлцлийг  хийсэн гэж үзнэ” гэж, 43.3-д “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж тус тус заасан.

           

 

Нэхэмжлэгч Я ХХК-ийн хариуцагч Ү Б ХХК-д зээлдүүлсэн 110.000 ам доллар, 222.000.000 төгрөгт тус тус  хүү тооцсон 2015.10.14 ний өдрийн баримтан дээр хариуцагч Ү Б ХХК болон зээлдүүлэгч тал хоёулаа гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулан талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдсэн байна гэж үзэн тухайн баримтыг үндэслэн 947.160.545 төгрөгийн, 2015.12.30 ны өдөр зээлдүүлсэн 19.500.000 төгрөг, 2016.01.21-ний өдөр зээлдүүлсэн 12.193.200 төгрөг, 2017.05.31-ний өдөр зээлдүүлсэн 84.100.000 төгрөг, 2016.02.26-ны өдөр зээлдүүлсэн 500.000 төгрөг нийт 116.293.200 төгрөгийн, /947.160.545+116.293.200/ нийт 1.063.453.745 төгрөгийн  шаардлагыг хангаж, 2011.08.26-ны өдөр зээлдүүлсэн 110.000 ам доллар,  2011.08.29-ний өдөр зээлдүүлсэн 100.000.000 төгрөгт 2015.10.14-ний өдрөөс хойш тооцсон хүү 248.064.463 төгрөг, 2016.01.22- ны өдөр Ганчимэг гэгч хүнээр дамжуулан Ү Б ХХК-д шилжүүлсэн гэх 15.000.000 төгрөг нийт 263.064.463 төгрөгийн шаардлагыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “ хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан шаардлагыг хангаагүй, 15.000.000 төгрөг шилжүүлсэн , хүлээлгэн өгсөн гэх баримт байхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 6.790.541 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5.475.219 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага  болгон ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1  дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч “Ү Б” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.063.453.745 / нэг тэрбум, жаран гурван сая, дөрвөн зуун тавин гурван мянга, долоон зуун дөчин таван/  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  “Я” ХХК-д олгож, 263.064.463 /хоёр зуун жаран гурван сая, жаран дөрвөн мянга, дөрвөн зуун жаран гурван/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.790.541 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5.475.219 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.ЦЭЦЭГДУЛАМ