Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2111

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/01591 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д-Ө” ХХК, Г.А нарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 10 000 000 ам.доллар буюу 24 702 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Алтжин бөмбөгөр худалдааны төвийн захирал Г.А-тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 2.1-д заасны дагуу 1 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг 10 000 ам.доллараар худалдан авсан. Гэтэл иргэн Г.Алтан, "Д-Ө" ХХК нь өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөх үүргээ биелүүлээгүй юм. "Д-Ө" ХХК, Г.А нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 10 000 ам.доллар буюу 24 702 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Бөмбөгөр худалдааны төвөөс 1 м.кв талбай худалдан аваад үлдэх хэсгээ боломжгүй учир түрээслэе гэж тохирсноор 1 м.кв-ыг худалдах худалдан авах гэрээ хийсэн. Үлдэх 5 м.кв-т эд хөрөнгө хөлслөх гэрээ хийсэн. 1 м.кв-ийн хувьд худалдагч 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр худалдан авсан. Энэ хүний үйл ажиллагаа явуулж буй талбай нь гутал зардаг хэсэг байна. Б.А 1 м.кв талбайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад "Д-Ө" ХХК-ийн зүгээс татгалзах зүйлгүй бөгөөд өөрөө нэмж талбай авна гэсний дагуу хүлээж байгаа болно. Гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ өөрөө авах үүрэгтэй. "Д-Ө" ХХК нь худалдан аваад 4 жил гаран болсон эд хөрөнгийг буцаан авах хууль эрх зүйн үндэслэлгүй болно. Б.А 4 жил ажилласан байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.А, хариуцагч Г.А нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хариуцагч Г.А-аас 10 000 ам.доллар буюу 24 702 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжпэгч Б.А-ийн хариуцагч "Д-Ө" ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу нэхэмжлэгч Б.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А-аас 281 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтантуяад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...”Д-Ө” ХХК-нь 1 хөрөнгө оруулагчтай нэг хувьцаа эзэмшигч нь Г.А бөгөөд Г.А нь Алтжин бөмбөгөр худалдааны төвийг өөрийн хөрөнгөөр барихдаа өөрийн компани болох газрын гэрчилгээ бүхий “Д-Ө” ХХК-ийг захиалагч компаниар авсан талаар хувьцаа эзэзмшигчийн шийдвэр гаргаж, улмаар худалдан авагч Д.А нь гэрээний 1.4-т заасан “Д-Ө” ХХК-тай эзэмших, ашиглах гэрээ хийхийг хүлээн зөвшөөрсөн байна. Шүүгч Г.А-г өмчлөгч биш гэж үзэхдээ Чингэлтэй дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын даргын гарын үсэг бүхий Алтжин бөмбөгөрийн талбай худалдан авсан 100 гаруй иргэдэд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг олгохдоо Г.А-тай байгуулсан гэрээ, “Д-Ө” компанийн жагсаалтыг үндэслэн олгосон талаарх хэрэгт авагдсан баримтыг огт хэрэгсэхгүйгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан Алтжин бөмбөгөрийн талбай эзэмшигчийг гэрчээр оруулах хүсэлтийн хэрэгт ач холбогдолгүй гэж хангаагүй.

Шүүгч “Д-Ө” ХХК-ийг Алтжин бөмбөгөр худалдааны төвийн худалдан авагч нартай худалдан авах гэрээ хийх ёстой мэт шийдвэрт тусгажээ. Гэтэл “Д-Ө” ХХК-ийг Г.а үүсгэн бйгуулсан нэг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд Г.А-ийн өмч хөрөнгөөр баригдсан барилга болох Алтжин бөмбөгөр худалдааны төвийн үйл ажиллагааг нь хувьцаа эзэмшигч Н.А-ийн шийдвэрээр хариуцан явуулж байгаа талаар “Д-Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг авч хэлэлцэхгүйгээр хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг болон маргаагүй өмчийн эзнийг тогтоох гэж оролдож, нэхэмжлэлийн шаардлагаас хальж нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нэхэмжлэл гаргасан байхад гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна.

Худалдах, худалдах авах гэрээний 2.2-т 1 м.кв талбайг 14 566 000 төгрөгөөр хийсэн бөгөөд гэрээний үнийг худалдан авагч төлөхдөө ам.доллараар төлсөн. Гэтэл шүүгч гэрээний үнийг төлүүлэхийн оронд ам.долларын шүүхийн шийдвэр гарах өдрийн ханшаар бодож төлбөр гаргуулж байгаа нь шүүгч илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн хариуцагч гэрчилгээ гаргаж өгөөгүй, 1 м.кв талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй тул гэрээнээс татгалзаж байна гэсэн нэхэмжлэл үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч хэдэн м.кв талбай худалдан авч хэдэн м.кв талбай түрээслэн ажиллуулах нь өөрийнх нь эрхийн асуудал бөгөөд өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч 1 м.кв талбай худалдан авч 5 м.кв талбай түрээслэн үйл ажиллагаа явуулаад 4 жил болж байгаа, гэрээний 5.2.8-д зааснаар худалдан авагч өөрөө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар материал бүрдүүлэх үүргээ биелүүлэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар материал өгөхөд Н.А өмчлөнч биш учир бүртгэхгүй байна гэсэн тайлбараа нотлох баримт авч ирээгүй. Иймд нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Алтантуяа нь хариуцагч “Д-Ө” ХХК, Г.А нарт холбогдох Г.А, Б.А нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 204-26 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 10 000 ам.доллар буюу 24 702 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 204-26 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 10 000 ам.доллар буюу 24 702 500 төгрөг гаргуулах гэж тайлбарласан байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргах боломжтой байсан эсэх нь гэрээнээс татгалзах эрхтэй эсэх талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой бөгөөд хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой байсан гэж, нэхэмжлэгч нь өмчлөгч нь өөр хүн учраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй гэж тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Дээрх байдлыг нотлуулахаар хариуцагч талаас гэрчээр н.Нямхүүг оролцуулах тухай хүсэлт гаргахад шүүх гэрч н.Нямхүүгээр гэрчлүүлэх үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй гэж үзэж хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.  

 

Хэргийн оролцогчийн гэрч оролцуулах тухай хүсэлтийг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар талуудын мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/01591 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Д-Ө” ХХК-ийн төлсөн 281 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ