Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/00073

 

  ******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01183 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1345 дугаар магадлалтай,

 ******* нэхэмжлэлтэй,

Ачтан-Элит ХХК-д холбогдох,

14 545 700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтөгсийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* эзэмшлийн 2014 онд үйлдвэрлэгдсэн BMW 320D маркийн 86-85 УБГ улсын дугаартай автомашиныг Ш.Пүрэвсүрэн нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр жолоодож явсан. Түүнийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Төв шуудангийн уулзвар дээр замын хөдөлгөөнд оролцож явахад нь******* ХХК-ийн Hyundai Starex маркийн 85-11 УНП улсын дугаартай автомашины жолооч Б.Туяа Замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам тээврийн осол гаргаж мөргөсөн. Замын Цагдаагийн албаны шинжээч нь жолооч Б.Туяаг Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн Г заалтыг зөрчин осол гаргасан гэх дүгнэлт гаргасан. Зам тээврийн ослын улмаас*******ад 19 545 700 төгрөгийн хохирол учирсан нь Вендо ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээний тайлангаар нотлогдсон. Энэ хохирлоос Б.Туяа 5 000 000 төгрөг төлсөн. Иймд гэм хорын хохиролд 14 545 700 төгрөгийг******* ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн. Үүнээс 1 300 000 төгрөг төлсөн тул одоо 13 245 700 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Осол гарсан өдөр Ачтан эмнэлгийн тусгай зориулалтын автомашин албан үүргээ гүйцэтгэж явсан. Осол болсонтой холбоотойгоор замын цагдаагийн дүгнэлт гаргасан. Замын цагдаагийн дүгнэлтийг эс зөвшөөрч, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэгдсэн. Осол болсны дараа*******, Ш.Пүрэвсүрэн, Б.Туяа нар нь эвлэрэн хэлэлцэхээр тохирсон байдаг.******* нь 9 000 000 төгрөгийн хохирол гарсан гэсэн, үүнээс Б.Туяа нь 5 000 000 төгрөг, 1 300 000 төгрөг нийт 6 300 000 төгрөгийг төлсөн. Одоо 2 700 000 төгрөгийг төлөхөд маргахгүй. Харин 19 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй, гаалиар орж ирж байгаа ижил төрлийн автомашин Монгол Улсын зах зээлд ямар үнэтэй вэ гэдгийг тогтоож, гааль татвараа авдаг. Хэрвээ машин гаалиар орж ирэхдээ 40 000 000 төгрөгийн үнэтэй байсан бол гаалийн 5 хувь, нэмэгдсэн өртөгийн албан татварын 10 хувь гээд 4 000 000 төгрөгийн татвар ногдуулна. Гэтэл ******* машиныг гааль 22 000 000 төгрөгөөр үнэлж, 2 000 000 төгрөгийн татвар авсан. 22 000 000 төгрөгийн үнэтэй машины урд хэсэг нь эвдрэхэд 19 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа бол тухайн машин 95, 96 хувийн эвдрэлтэй болно. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Гэрэгэ эстимейт ХХК нь тухайн автомашины 26 хувийн эвдрэлтэй гэж дүгнэсэн. Тэгэхээр 6 000 000 төгрөг, эсвэл эвлэрэл хэлэлцсэн 9 000 000 төгрөгийн хэмжээнд 2 700 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Хэрэгт 19 000 000 төгрөгийн машины засварын зардалтай холбоотой төлбөр, санхүүгийн баримт авагдаагүй. Вендо ХХК-ийн дүгнэлтийн дагуу ямар, ямар засвар хийсэн, ямар сэлбэг худалдаж авсан эсэх талаар хохирлоо нотолсон баримт байхгүй байна. Бид гэм буруугийнхаа хэмжээнд нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлнө гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01183 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан******* ХХК-иас 6 678 364 төгрөг гаргуулж*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 567 336 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 680 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас 140 827 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******ад олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1345 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 805 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01183 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1345 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хохирлын талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн, шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөнийг давж заалдах шатны шүүх залруулалгүй зөвтгөж шийдвэрлэсэн.

1. Зам тээврийн хэрэгслийн ослын тухай.******* клиникийн эмнэлэгийн тусгай зориулалтын яаралтай түргэн тусламжийн 8511 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үүргийн дагуу өвчтөн тээвэрлэн явахад Төв шуудангийн уулзварт ВМW маркийн 8685 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хажуу талаас ирж мөргөж зам тээврийн осол үүсгэсэн. Осолд Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн ажилтан дүгнэлт гаргасан. Дүгнэлт илт алдаатай буюу манай түргэн тусламжийн автомашинд тээвэрлэгдэж явсан өвчтөнг осол гаргасан ВМW тээврийн хэрэгсэлд зорчиж яваад гэмтсэн мэтээр, түргэн тусламжийн автомашиныг ВМW маркийн тээврийн хэрэгсэлд мөргөж осол бий болсон атал мөргүүлсэн мэтээр худал дүгнэж шийдсэн байдаг.

2. Үнэлгээний талаар. Талууд яг осол болсны дараа харилцан тохиролцож 9 сая төгрөгөөр хохирол тогтоож төлж барагдуулахаар хэлэлцэн тохиролцож хариуцагчийн зүгээс 6.3 сая төгрөгийн төлбөрийг гүйцэтгэж үлдэгдэл 2.7 сая төгрөгийн төлбөрийг гүйцэтгэх явцад нэхэмжлэгч шүүхэд шаардлага гаргадаг. Ингэхдээ осол болсон үйл явдлаар шалтаглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилгоор өөрт учирсан хохирол гэж иргэн өөрийн захиалгаар гүйцэтгэсэн Вендо ХХК-ийн үнэлгээг үндэслэж 19.5 сая төгрөг шаардаж нэхэмжилдэг. Нэхэмжлэгч хохирсон өөрийн тээврийн хэрэгслийг улсын хилээр оруулж ирсэн гааль, татварын мэдүүлгийн баримтаар шүүхэд өгсөн. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа татварын хуулиар хилээр нэвтрүүлж буй барааны зах зээлийн бодит үнээс татвар ногдуулдаг. Тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч худалдан авсан зах зээлийн үнэ 22 сая төгрөгөөр гааль татварын байгууллагад мэдүүлж эрх бүхий байгууллага нь татвар ногдуулсан байдаг. Зах зээлийн 22 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл ослын улмаас 5 хүрэхгүй хувийн хохиролд 19.5 сая төгрөг шаардаж буй нь үндэслэлгүй гэж хариуцагч маргаж шүүхийн журмаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Гэтэл шинжээч бодиттой үнэн зөв бус буюу Вендо ХХК-ийн үнэлгээг хуулбарлах байдлаар үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Шүүх хариуцагчийн дахин шинжээч томилуулах хүсэлтийн тусгайлан шийдвэрлэлгүй татгалзсан. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ өрөөсгөл бодит бус шинжээчийн дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн.

З. Хохирлын талаар. Иргэний эрх зүйн харилцаанд хохирол гэж тухайн этгээдэд бодитой учирсан эд хөрөнгийн ашиг өгөхгүй зарлага буюу нэгэнт зарцуулагдсан алдагдал гэж үздэг. Энд ирээдүйд бий болох үүсэх хөрөнгийн алдагдал хамаардаггүй. Гэтэл нэхэмжлэгч хохирлоо тогтоосон нотолсон нэг ч төгрөгийн баримт шүүхэд гаргаагүй атал шүүх шинжээчийн дүгнэлтэд үндэслэж нэхэмжлэгчийг тэдэн төгрөгөөр хохирсон байна гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзнэ. Хавтаст хэрэгт авагдсан Вендо ХХК-ийн үнэлгээний тайлангийн захиалагч Тэнгэр даатгал ХХК буюу тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын нөхөн төлбөр олгох санхүүгийн байгууллага байдаг бөгөөд үнэлгээний зорилго нөхөн төлбөр олгох, хохирол төлүүлэхээр тодорхойлсон байдаг. Иргэний хэргийн хариуцагч******* ХХК нь даатгалын байгууллага болон түүний харилцагч буюу нэхэмжлэгч нарын хоорондын төлбөр гүйцэтгэлийн баримтыг шаардан гаргуулах эрхгүй хөндлөнгийн этгээд бөгөөд шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Г.Чинбат гэм хор учруулсны хохиролд 14 545 700 төгрөгийг******* ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...миний BMW 320D маркийн 86-85 УБГ улсын дугаартай автомашиныг Ш.Пүрэвсүрэн жолоодож, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Төв шуудангийн уулзвар дээр замын хөдөлгөөнд оролцох үед******* ХХК-ийн эзэмшлийн Hyundai Starex маркийн 85-11 УНП улсын дугаартай автомашины жолооч Б.Туяа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан нь Замын Цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Ослын улмаас миний автомашинд 19 545 700 төгрөгийн хохирол учирсан нь Вендо ХХК-ийн үнэлгээний тайлангаар нотлогдсон. Энэ хохирлоос 6 300 000 төгрөг төлөгдсөн тул үлдэгдэл 13 245 700 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарлажээ.

 Хариуцагч хариу тайлбартаа: ...6 300 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 2 700 000 төгрөгийг төлөхөд маргахгүй. Харин 19 000 000 төгрөгийн хохирол учирсныг зөвшөөрөхгүй, автомашины өөрийн үнэ, машины засварын зардалтай холбоотой төлбөр, санхүүгийн баримт авагдаагүй байна. Бид гэм буруугийн хэмжээнд учирсан хохирлыг төлнө... гэжээ.

 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.Туяа Hyundai Starex маркийн 85-11 УНП дугаартай авто машин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6. дахь заалтыг зөрчиж, хориглосон улаан гэрлээр уулзвар нэвтэрч, Ш.Пүрэвсүрэнгийн жолоодож явсан, ******* эзэмшлийн BMW 320D маркийн 86-85 УБГ улсын дугаартай автомашиныг мөргөж осол гаргасан буруутай болох нь зам тээврийн осол дээр тогтоосон акт, зөрчлийг хянан шийдвэрлэсэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 450 дугаартай шийтгэврээр тогтоогдсон байх бөгөөд зөрчлийн улмаас нэхэмжлэгчийн автомашинд 12 978 364 төгрөгийн хохирол учирсан нь шинжээч Гэрэгэ эйстимэйт ХХК-ийн дүгнэлтэд дурдсан, Б.Туяа******* ХХК-ийн Ачтан клиникийн эмнэлэгт жолоочоор ажилладаг нь нотлогджээ.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардсан нь хуульд нийцсэн байна.

 Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан баримтыг үнэлж, нэхэмжлэгчид учирсан хохирлыг шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тооцож, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан нь үндэслэлтэй байх боловч хэрэглэвэл зохих Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой зөв хэрэглээгүй, үүнийг давж заалдах шатны шүүх залруулаагүй байна.

 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж, 510 дугаар зүйлийн 510.1.-д бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зохицуулжээ.

 Осол гаргасан жолооч Б.Туяа******* ХХК-ийн Ачтан клиникийн эмнэлэгт жолоочоор ажилладаг, тэрээр ажил үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад хохирол учруулсан тул хуулийн дээрх зохицуулалтаар ажилтны учруулсан гэм хорын хариуцлагыг ажил олгогч хариуцна.

 Нэхэмжлэгчид учирсан хохирлыг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх зорилгоор шүүхээс томилогдсон шинжээч Гэрэгэ эйстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэж 12 978 364 төгрөгөөр тооцож, хариуцагчаас төлсөн 6 300 000 төгрөгийг хасч, үлдэх хэсгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байх тул ...шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хохирлыг зөв тогтоогоогүй... талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 Түүнчлэн хариуцагч нь шинжээчийн үнэлгээг үндэслэлгүй гэж үзсэн талаар үндэслэл бүхий хүсэлт гаргаагүй тул хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

 Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1345 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01183 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...499 дүгээр зүйлийн 499.1. гэснийг 498 дугаар зүйлийн 498.1., 510 дугаар зүйлийн 510.1. гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтөгсийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяржаргалаас 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.УНДРАХ

                   ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭСУВД