Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2019/01183

 

 

 

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2019/01183

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Ш.Оюунтуул, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Г.Ч-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А Э ХХК-д холбогдох гэм хор учруулсны хохиролд 14 545 700 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ч-ын эзэмшлийн 2014 онд үйлдвэрлэсэн BMW 320D маркийн 86-85 УБГ улсын дугаартай авто машиныг Ш.П 2018 оны 02-р сарын 05-ны өдөр жолоодож явсан. Түүнийг Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг Төв шуудангийн уулзвар дээр замын хөдөлгөөнд оролцож явахад нь А Э ХХК-ийн Hyundai Starex маркийн 85-11 УНП улсын дугаартай машины жолооч Б.Т Замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам тээврийн осол гаргаж мөргөсөн байдаг. Замын цагдаагийн албаны шинжээч нь жолооч Б.Т Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5-р зүйлийн 5.6 дахь хэсгийн Г заалтыг зөрчин осол гаргасан гэсэн дүгнэлт гаргасан. Зам тээврийн ослын улмаас Г.Ч-д 19 545 700 төгрөгийн хохирол учирсан нь Вендо ХХК-ийн 2018 оны 02-р сарын 07-ны өдрийн үнэлгээний тайлангаар нотлогдсон. Энэ хохирлоос Б.Т 5 000 000 төгрөг төлсөн. Иймд гэм хорын хохиролд 14 545 700 төгрөгийг А Э компаниас гаргуулахаар нэхэмжилсэн. Үүнээс 1 300 000 төгрөг төлсөн тул одоо 13 245 700 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Осол гарсан өдөр А эмнэлгийн тусгай зориулалтын авто машин албан үүргээ гүйцэтгэж явсан. Осол болсонтой холбоотойгоор замын цагдаагийн дүгнэлт гарсан. Замын цагдаагийн дүгнэлтийг эс зөвшөөрч, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэгдсэн. Нэгэнт шат шатны шүүхийн шийдвэр гарсан учраас хэн буруутай вэ гэдгийг ярихаасаа илүүтэйгээр нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарлъя. Осол болсны дараа Г.Ч, Ш.П нар жолооч Б.Т нар эвлэрэн хэлэлцэхээр тохирсон байдаг. Г.Ч нь 9 000 000 төгрөгийн хохирол гарсан гэсэн, үүнээс Б.Т нь 5 000 000 төгрөг, 1 300 000 төгрөг нийт 6 300 000 төгрөгийг төлсөн. Одоо 2 700 000 төгрөгийг төлөхөд маргахгүй. Харин 19 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй, гаалиар орж ирж байгаа ижил төрлийн авто машин Монгол улсын зах зээлд ямар үнэтэй вэ гэдгийг тогтоож, гааль татвараа авдаг. Хэрвээ машин гаалиар орж ирэхдээ 40 000 000 төгрөгийн үнэтэй байсан бол гаалийн 5 хувь, нэмэгдсэн өртөгийн албан татварын 10 хувь гээд 4 000 000 төгрөгийн татвар ногдуулна. Гэтэл Г.Ч-ын машиныг гааль 22 000 000 төгрөгөөр үнэлж, 2 000 000 төгрөгийн татвар авсан. 22.000.000 төгрөгийн үнэтэй машины урд хэсэг нь эвдэрхэд 19 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж байгаа бол тухайн машин 95, 96 хувийн эвдрэлтэй болно. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Гэрэгэ эстимейт ХХК нь тухайн авто машины 26 хувийн эвдрэлтэй гэж дүгнэсэн. Тэгэхээр 6 000 000 төгрөг, эсвэл эвлэрэн хэлэлцсэн 9 000 000 төгрөгийн хэмжээнд 2 700 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар өөрсдийнхөө нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч машинаа зарсан гэсэн. Тухайн авто машин хэдэн төгрөгөөр худалдан борлогдсон, засагдаж зарагдсан, засваргүй худалдсан эсэх асуудал шийдэгдэх ёстой байсан. Хэрэгт 19 000 000 төгрөгийн машины засварын зардалтай холбоотой төлбөр, санхүүгийн баримт авагдаагүй. Вендо ХХК-ийн дүгнэлтийн дагуу ямар, ямар засвар хийсэн, ямар сэлбэг худалдаж авсан эсэх талаарх хохирлоо нотолсон баримт байхгүй байна. Бид гэм буруугийнхаа хэмжээнд нэхэмжлэгчид учирсан хохирлыг тохиролцооныхоо хэмжээгээр төлье гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ч нь А Э ХХК-д холбогдох гэм хор учруулсны хохирол 14 545 700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 13 245 700 төгрөг гаргуулахаар шаардсан, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6 648 364 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

А Э ХХК-ний А эмнэлэгийн жолооч Б.Т нь 2018 оны 02-р сарын 05-ны өдөр Hyundai Starex маркийн 85-11 УНП дугаартай машиныг жолоодон Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг Төв шуудангийн уулзварт явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5-р зүйлийн 5.6-д Гэрэл дохио нь дор дурьдсан утгатай байна: г/ улаан гэрэл дохио ассан буюу анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхаарауулна гэж заасныг зөрчиж, хориглосон улаан гэрлээр уулзвар нэвтэрч Ш.П-ийн жолоодож явсан BMW 320D маркийн 86-85 УБГ улсын дугаартай авто машиныг мөргөж осол гаргасан буруутай болох нь зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 20-26/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10-р сарын 12-ны өдрийн 450 тоот шийтгэвэр /хх /, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2-р сарын 14-ний өдрийн 22 тоот магадлал /хх / зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон, шийтгэвэр, магадлал хүчин төгөлдөр байна.

 

Дээрх осол гарах үед 86-85 УБГ BMW 320D маркийн машиныг Ш.П жолоодож явсан боловч тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Г.Ч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хх 27/ тогтоогдсон, эзэмшигч эд хөрөнгөд учирсан хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Ослын улмаас Г.Ч-ын машинд учирсан хохирлыг Вендо ХХК үнэлэхдээ тухайн машины зах зээлийн үнийг 130 000 000 төгрөгөөр тогтоож, хохирлыг 19 545 700 төгрөгөөр үнэлсэн /хх 6-7/ бол шүүхээс томилсон шинжээч Гэрэгэ эйстимэйт ХХК машины зах зээлийн үнийг 40 000 000 төгрөг, учирсан хохирлыг 12 978 364 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжээч дүгнэлтээ гаргахдаа Эрүүгийн хуулийн 21.4, 21.5 дахь заалт, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14, 15-р зүйлтэй танилцаж, автомашинд гарсан эвдрэл гэмтлийг засварлах боломжгүй эд ангийг орлуулах өртөг, засварлах боломжтой эд ангиудыг засварлах материалын зардлын нийлбэрээр тооцсон, зах зээлд тухайн элэгдэл хорогдолтой сэлбэгийн худалдагдаж байгаа үнийн судалгаанд үндэслэсэн, үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж дүгнэлээ.

 

Иймд Гэрэгэ эйстимэйд ХХК-ний гаргасан хохирлын үнэлгээ 12 12 978 364 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 6 300 000 төгрөгийг хасч 6 678 364 төгрөгийн хохирлыг А Э ХХК арилгах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч машинаа захиран зарцуулсан, машины эвдрэлийг засварласан, засварлаагүй нь хохирлыг арилгахад саад болохгүйгээс гадна тухайн машиныг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ суурь үнэлгээг 22 013 964.56 төгрөг гэж мэдүүлснийг зах зээлийн үнэлгээ гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 499-р зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан А Э ХХК-иас 6 678 364 /зургаан сая зургаан зуун далан найман мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулж Г.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 6 567 336 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 680 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А Э ХХК-иас 140 827 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Чад олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА

ШҮҮГЧИД Ш.ОЮУНТУУЛ

Х.ЭНХЗАЯА