Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 102/2016/04943/И |
Дугаар | 001/ХТ2021/00079 |
Огноо | 2021-01-26 |
Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, Компанийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2021/00079
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00984 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1358 дугаар магадлалтай,
******* нэхэмжлэлтэй,
Ж.Чимэдцэрэнд холбогдох,
Тахько ХК-д учруулсан хохирол 403 671 862 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч*******, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Түвшинтамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшинтамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч******* нь******* ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд 1999 оны Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэг, 2004 оны компанийн дүрмийн 7.3.4-т заасан их хэмжээний хэлцлийг заавал ТУЗ-ийн зөвшөөрлөөр байгуулна гэх заалтыг тус тус зөрчсөн. Түүнчлэн компанийн дүрмийн 7.2, 7.2.2-т заасан ТУЗ бол компанийн өдөр тутмын үйл ажиллагаанаас бусад их хэмжээний хэлцлийг гүйцэтгэх удирдлагад олгосноор гүйцэтгэх удирдлага их хэмжээний хэлцэл байгуулах эрхтэй. Гэтэл хариуцагч дур мэдэж их хэмжээний хэлцэл байгуулсан. 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хас банк ХХК-тай их хэмжээний хэлцлийг байгуулахдаа******* ХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Баруун Сэлбийн гудамж, 22/2 тоотод байх дэлгүүр, засварын цехийн зориулалттай барилгыг барьцаалж 150 000 ам.долларыг сарын 1.9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээл авах зорилго нь Энэрэл холдинг ХХК-ийн захирал н.Энхбаатартай 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ юм.
Тодруулбал, 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зээлийг Энэрэл холдинг ХХК-д дамжуулан олгоно гэж гэрээ байгуулж Хас банк ХХК-иас 150 000 ам.доллар зээлж, Энэрэл холдинг ХХК-д зээлүүлсэн. Эдгээр зээл хэлцлүүд нь Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэл гэдэг нь дараах байдлаар тогтоогдоно.
Зээлсэн 150 000 ам.доллар сарын 1.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тул зээлийн хугацаа дуусахад хүү 58 000 ам.доллар болж үндсэн зээлийн хамт 208 000 ам.доллар төлөх үнийн дүнтэй гэрээ байгуулсан нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн******* ХК-ийн нийт хөрөнгийн 28 хувьтай тэнцүү байсан. Үүнтэй холбоотой Юнистар аудит компаниар шалгалт хийлгэсэн. 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ТУЗ-ийн зөвшөөрлөөр хийгдсэн 11/70 дугаар аудитын шалгалтын тайлангаар******* Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1,******* ХК-ийн дүрмийн 7.3.4-т заасныг тус тус зөрчиж эрх мэдлээ хэтрүүлж, их хэмжээний хэлцэл ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр байгуулсан нь тогтоогдсон.
Ж.Чимэдцэрэн нь тус компанитай хөдөлмөрийн менежментийн гэрээ байгуулсан. Хас банк ХХК-иас зээл авахад******* ХК-ийн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан нь мөн л******* ХК-ийн дүрэм, гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг зөрчсөн. Нэхэмжлэлд дурдагдсан 202 606.85 ам.долларыг******* ХК нь Хас банк ХХК-д 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн. Энэ мөнгийг компани үйл ажиллагаандаа зарцуулаагүй, ямар нэгэн байдлаар эргэлтийн хөрөнгөнд ашиглаагүй, Энэрэл холдинг ХХК ямар нэгэн байдлаар зээлийг буцааж төлөөгүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ж.Чимэдцэрэнг эрх мэдлээ хэтрүүлж компанид хохирол учруулсан их хэмжээний хэлцэл байгуулсан талаар удаа дараа гомдол гаргаж шалгуулж, энэ ажиллагаа 6 жил үргэлжлээд Чингэлтэй дүүргийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаар прокурорын тогтоолоор дүгнэлт гарсан. Тогтоолд******* хамтран ажиллах гэрээний дагуу татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор хөрөнгө оруулалт хийхдээ ТУЗ-ийн зөвшөөрөл аваагүй, албан тушаалынхаа хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компанид 243 147 150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед холбогдогч нарт хууль сануулж мэдүүлэг авах үед******* их хэмжээний хэлцэл хийхдээ ТУЗ-өөс зөвшөөрөл авахгүйгээр Хас банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан гэж мэдүүлсэн. Их хэмжээний хэлцэл байгуулах үед компанийн сүүлийн баланс 756 000 000 төгрөг байсан ба их хэмжээний хэлцэл нь 243 147 150 төгрөг гэж аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Энэ нь 2006 оны санхүүгийн тайлангаар компанийн нийт хөрөнгийн 32.3 хувийг эзэлсэн байна.
Иймд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар их хэмжээний хэлцлийн шинж чанарыг бүрэн агуулсан. Мөн дахин аудитын шалгалт оруулж өмнөх аудитын тайлантай адил дүгнэлт гарч*******г их хэмжээний хэлцэл байгуулсан гэж дүгнэсэн. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10355 тоот шүүгчийн захирамжаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 227 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шалгалтын тайланд******* ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр хийлгэсэн аудитын тайлангаар******* ХК нь Энэрэл холдинг ХХК-тай 243 147 150 төгрөгийн хэлцэл хийсэн гэж дүгнэсэн. Хувьцаа эзэмшигчдийн нэхэмжлэлийн шаардлагаар аудитын 17/58 дугаартай тайлангаар******* ХК-ийн нийт актив 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр 756 706 995.79 төгрөг байгаа тул 189 176 748 95 төгрөгөөс дээш үнийн дүнтэй хэлцэл байгуулах нь их хэмжээний хэлцэлд тооцогдох үндэслэлтэй, мөн 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Энэрэл холдинг ХХК-тай байгуулсан зээл дамжуулж олгох гэрээнд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэлд тооцогдож байна гэж дүгнэгдсэн.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан 3 удаагийн аудитын дүгнэлтүүд хоорондоо зөрүүгүй гарсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс томилогдсон шинжээч нар************** ХК-д их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн тул хариуцагч Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1, 86 дугаар заалтыг тус тус зөрчсөн учраас нэхэмжлэгч******* нь Компанийн тухай хуулийн 84.7, 86.1-д заасны дагуу компанид учирсан 202 606 ам.доллар 85 центийг нэхэмжилсэн, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол банкны ам.долларын ханш 1 992.39 төгрөгөөр тооцож 403 671 862 төгрөгийг хариуцагч*******гээс гаргуулж компанид олгоно уу гэжээ.
Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие******* ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Энэрэл холдинг ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд зээл дамжуулан олгох гэрээ байгуулж мөнгө шилжүүлсэн. 150 000 ам.долларын гэрээ байгуулж хувьдаа энэ мөнгийг аваагүй.******* ХК-тай Энэрэл холдинг ХХК эрх зүйн харилцаанд орсноор зээлсэн тул хариуцагч нь Энэрэл холдинг ХХК тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Энэрэл холдинг ХХК нь******* ХК-д 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаалийн татваргүй барааны дэлгүүр нээх зөвшөөрөл авсан,******* ХК-ийг хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулахлаар хүсэлт гаргаснаар 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээг үндэслээд Хас банк ХХК-иас 150 000 ам.долларын зээл авсан нь тухайн үеийн ханшаар 174 750 000 төгрөг, энэ нь компанийн тайлан балансад зээл гэж бүртгэгдсэн.
Зээлийн барьцааны хөрөнгийн үндсэн үнэлгээ нь 147 493 000 төгрөг. Үүнийг Нью аудит ХХК-иар 2003 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үнэлүүлсэн энэ дүгнэлт, нэхэмжлэгчийн дүгнэлт гаргуулсан аудитын компанийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй гарсан тул Юнистар аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. 756 000 000 төгрөгийн жилийн эцсийн тайлан, баланс актив хөрөнгийн дүнд барьцаалсан хөрөнгө нь 19.5 хувьтай тэнцүү, 174 750 000 төгрөг нь их хэмжээний хэлцлийн хэмжээнд хүрэхгүй байгаа тул ТУЗ-өөс зөвшөөрөл авалгүйгээр өөрийн эрх мэдлийн хүрээнд Энэрэл холдинг ХХК-д тухайн өдөр мөнгө зээлүүлж, шилжүүлсэн. Намайг гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад энэхүү зээл нь төлөгдөж дуусаагүй байсан.
2010 онд би ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсаны дараа 2012 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн байгууллага намайг их хэмжээний мөнгө завшсан, компанид хохирол учруулсан гэж үзэж 6 жилийн турш шалгасан. Тухайн үед Хас банк ХХК-иас авсан зээл******* ХК-ийн нийт хөрөнгийн 19.5 хувьтай тэнцүү байна. Их хэмжээний хэлцэл байгуулаагүй, Компанийн тухай хууль зөрчөөгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Мөн Энэрэл холдинг ХХК-тай хамтран ажиллах үед хоёр талаас хүсэлт гаргаад тооцоо нийлүүлсэн акт үйлдэж баталгаажуулаад тайлан балансад бүртгэж байсан. Энэрэл холдинг ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу******* ХК нь тус компаниас мөнгөө нэхэмжлэх бүрэн боломжтой. Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 316 дугаартай тогтоолоор******* ХК, Энэрэл холдинг ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчинтэй гэж дүгнэсэн. Дээрээс нь гэрээний дагуу******* ХК ямар хэмжээний ашигтай эсхүл ямар хэмжээнд ашиггүй байсан талаар дурдаагүй. Үүнийг тогтоох шаардлагатай тул Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч энэ талаар******* ХК-иас ямар ч баримт ирүүлээгүй гэж хэлж байсан.
Иймд энэхүү хамтран ажиллах гэрээнээс үүдэн компани хохирол хүлээсэн талаар нотлох баримт байхгүй. Аудитын хувьд би өөрөө 2013 оноос эхлэн******* ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.******* нь өөрөө ТУЗ-ийн даргаар ажилладаг. Тэгэхээр Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хууль болон компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 76.1.10-т аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох гэж заасан байдаг. Иймд компанид аудитын шалгалт хийлгэхийн тулд ТУЗ-ийн зөвшөөрөл авах ёстой.******* ТУЗ-ийн дарга боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. ТУЗ-ийн зөвшөөрөлгүй аудитын шалгалт оруулж тухайн шалгалтын дүгнэлтийг үндэслээд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.******* ямар үндэслэлээр ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр өөрөө дур мэдэн компанид аудитын шалгалт хийлгэсэн нь ойлгомжгүй, иймд тухайн аудитын дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргаж байсан.
Миний бие 1996-2010 он хүртэл******* ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, 2007-2009 онд гэрээ байгуулахад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. ТУЗ-өөс гүйцэтгэх захиралтай жил болгон гэрээ байгуулж, гэрээг дүгнэдэг. ТУЗ-ийн 9 гишүүний шийдвэрээр гүйцэтгэх захирлын гэрээг сунгадаг. Гүйцэтгэх захирал жил болгон хийсэн ажлынхаа үр дүнг ТУЗ-д тайлагнадаг бөгөөд зээл олгосон гэх маргаан бүхий цаг хугацаанд ТУЗ-ийн 9 гишүүний дүгнэлтээр 2010 он хүртэл миний гэрээг сунгасан.
Тухайн үед намайг ажлаа хангалтай сайн гүйцэтгэж байсан тул компаниас шагнах талаар яригдаж байсан. Энэхүү зээлийг ямар шалтгааны улмаас олгосон талаар яриагүй атлаа зээл аваад 10 жилийн дараа энэ асуудлыг сөхөх нь ойлгомжгүй байна.******* энэ мөнгийг Энэрэл холдинг ХХК-иас нэхэмжлэх боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00984 дүгээр шийдвэрээр: Компанийн тухай хуулийн /1999 оны/ 81 дүгээр зүйлийн 81.3, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.6-д зааснаар хариуцагч*******гээс 259 251 673 төгрөгийг гаргуулж******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 144 420 189 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 395 733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 454 208 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1358 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00984 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 395 733 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч*******, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/00984 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 1358 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4.6, 172 дугаар зүйлийн 172.1 дэх заалтыг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт өгч, хууль буруу хэрэглэснээс гаргасан шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн хуулийн заалтад нийцээгүй гэж үзэж байна.
Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхүүд ...Тахько ХК болон Хас банк ХХК-ийн хооронд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан хэлцлүүд нь Компанийн тухай хуулийн /1999 оны/ 84 дүгээр зүйлийн 84.1.1-д заасан Их хэмжээний хэлцэл мөн гэж дүгнээд гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан хариуцагч******* нь дээрх их хэмжээний хэлцлийг байгуулахдаа компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй нь баримтаар нотлогдож тогтоогдсон, ...хариуцагч************** ХК-д хохирол учруулсан. гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:
Нэг. Шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэлийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг няцааж буй үндэслэлийн тухайд.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ болон шүүх шийдвэртээ ...Ж.Чгшэдцэрэн нь******* ХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хас банктай 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хэлцэл нь ... Компанийн тухай /1999 оны/ хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д зааснаар их хэмжээний хэлцэлд хамаарна.******* нь их хэмжээний хэлцэл хийхдээ Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлэлгүйгээр /зөвшөөрөлгүйгээр/ дур мэдэн хийсэн. гэх агуулгаар үндэслэлээ тодорхойлсон байх боловч хариуцагчийг буруутгаж буй дээрх үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудаар няцаагдаж байхад шүүх бодит дүгнэлт хийгээгүй байна. Тухайлбал:
1.1. Иргэн******* нь******* ХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа******* ХК-ийн нэрийн өмнөөс 2007 онд Хас банктай Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд уг зээлийн гэрээний үүрэгт компанийн өмчлөлийн дэлгүүр, засварын цехийн барилгыг барьцаалсан Барьцааны гэрээ байгуулжээ.
Дээрх гэрээнүүдийг байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Компанийн тухай /1999 оны/ хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ... барьцаалахтай холбогдсон хэлцлийг их хэмжээний хэлцэлд тооцно. гэж заасан.
Тахько ХК-ийн гүйцэтгэх захирал*******г компанийг төлөөлөн гэрээ байгуулахын өмнөх компанийн тайлан баланс нь 2006 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон гарсан байх ба тухайн тайлан баланс нь холбогдох аудит, татварын байгууллагаар баталгаажсан. Уг тайлан балансад компанийн нийт актив хөрөнгийн хэмжээ нь 756 707 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө нь 147 496 300 төгрөгийн балансын үнэтэй байгаа нь нийт активын 19.5 хувийг эзэлж байгаа тухай******* ХК-ийн 2006 оны жилийн эцсийн тайлан баланс, аудитын байгууллагын тайлан, дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул компанийн хөрөнгийг барьцаалсан хэлцэл нь Компанийн тухай /1999 оны/ хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д заасан Их хэмжээний хэлцэл-д хамаарахгүй.
1.2. Нэхэмжлэгч нь******* ХК болон Хас банкны хооронд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээнд барьцаалагдсан хөрөнгө нь 147 496 300 төгрөгийн балансын үнэтэй боловч зах зээлийн үнэ нь 245 000 000 төгрөг байсан учраас уг хэлцэл нь их хэмжээний хэлцэлд хамаарна гэж нэхэмжлэгч маргасан, 2 шатны шүүх ч үүнийг үндэслэлтэй мэтээр дүгнэсэн.
Барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хэлцэл хийгдсэнээс хойш 7-оос 10 жилийн дараа хийгдсэн шинжээчийн дүгнэлт, аудитын тайлан зэрэг баримтуудад үндэслэн нэхэмжлэгч маргасан бөгөөд нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй эдгээр баримтуудад хэлцэл хийхийн өмнөх******* ХК-ийн сүүлийн балансын активын нийт хөрөнгийн талаар зах зээлийн үнэлгээ гаргаагүй зөвхөн барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2007 оны байдлаар гаргаж харьцуулалт хийсэн нь бодит байдлыг зориудаар мушгин гуйвуулсан, шүүхийг төөрөгдөлд оруулах зорилготой тайлбар хийснийг шүүх анхаарсангүй.
Компанийн тухай /1999 оны/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т ...компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл тогтооно. гэж заасан. Гэтэл Барьцааны гэрээгээр барьцаалагдсан гэх дэлгүүр, засварын цехийн зах зээлийн үнийг 245 000 000 төгрөг гэж тогтоосон******* ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэр гарч байгаагүй, ийм баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл компанийн тухай хуулиар Их хэмжээний хэлцэл мөн эсэхийг тодорхойлохдоо хэлцэл хийхийн өмнөх балансын актив хөрөнгийн үнэлгээг баримтлах ба балансын актив хөрөнгийн зах зээлийн үнэлгээг зөвхөн тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөл тогтоохоор Компанийн тухай хууль /1999 оны/-ийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт маш тодорхой хуульчилсан байхад шүүх нь хариуцагчийн байгуулсан гэрээ нь Их хэмжээний хэлцэл мөн эсэхийг дүгнэхдээ зөвхөн шинжээчийн дүгнэлт, аудитын тайлангаар тогтоож болохгүй юм.
1.3.******* ХК-ийн гүйцэтгэх захирал*******гийн Хас банктай компанийн хөрөнгийг барьцаалсан хэлцэл байгуулсан нь Компанийн тухай /1999 оны/ хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д заасан Их хэмжээний хэлцэлд хамаарахгүй тул Компанийн тухай /1999 оны/ хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-т заасны дагуу компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авах шаардлагагүй байсан.
Түүнчлэн тухайн хэлцэл хийгдсэн 2007 оны******* ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан дээр нэхэмжлэгч******* өөрөө ...Ж.Чимэдцэрэн зээл авахдаа эрх хэмжээгээ хэтрүүлээгүй хэмээн хүлээн зөвшөөрч байсан нь******* ХК-ийн ТУЗ-ийн 2007 оны 06 дугаартай протоколд тэмдэглэгдэн үлдсэн.
Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ. гэж заасан бөгөөд хэрэв зайлшгүй ТУЗ-ийн зөвшөөрлөөр хийгдэх хэлцэл байсан гэж үзвэл******* ХК-ийн ТУЗ-ийн 06 дугаартай протоколд ..гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа хууль зөрчөөгүй... эрх хэмжээгээ хэтрүүлээгүй. гэж дүгнэснээрээ Хас банктай гэрээ байгуулсан хариуцагчийн үйлдлийг хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Хоёр. Хууль зүйн үндэслэлийг няцааж буй үндэслэлийн тухайд.
Нэхэмжлэгч нь шаардах эрхийн хууль зүйн үндэслэлээ тодорхойлохдоо ...Ж.Чимэдцэрэн нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Компанийн ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр Их хэмжээний хэлцэл хийсэн хууль бус үйл ажиллагааны улмаас компанид хохирол учирсан... энэ нь Прокурорын 2016 оны 1 дүгээр сарын 21 өдрийн 78 дугаартай тогтоолоор тогтоогдсон. гэж үзээд
- Компанийн тухай /1999 оны/ хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 ...компанийн эрх бүхий албан тушаалтан өөрийн хууль бус үйл ажиллагаанаас компанид учирсан хохирлыг хариуцна. гэсэн заалт,
- Гүйцэтгэх захиралтай байгуулсан Хөдөлмөр менежментийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.10 ...захирал өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас компанид эд хөрөнгийн хохирол учруулбал жинхэнэ учирсан хохирлын хэмжээгээр компанийн өмнө эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ. гэсэн заалтуудыг үндэслэн*******гээс гэм хорын хохирол шаардсан, шүүх мөн л уг хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй. Тодруулбал:
2.1. Нэхэмжлэгчийн үндэслэж буй хуулийн дээрх заалтуудыг хэрэглэх хууль зүйн нөхцөлүүдийн нэг нь ...эрх бүхий албан тушаалтан /ажилтны гэм буруутай, хууль бус үйл ажиллагааны улмаас компанид хохирол учирсан байх-ыг шаарддаг.
Хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан баримтуудаар шүүх нь гүйцэтгэх захирлын гэм буруутай, хууль бус үйл ажиллагаа явуулсан... гэх үйл баримтыг шинжээчийн дүгнэлт, аудитын тайлан, дүгнэлт, прокурорын тогтоолоор нотлогдож тогтоогдсон гэж дүгнэдэг.
Тахько ХК-ийн ТУЗ-с гүйцэтгэх удирдлагыг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэх тухай тогтоол, шийдвэр гараагүй, гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байхгүй нөхцөлд нэхэмжлэгчийн эх сурвалж болгож буй дээрх баримтуудаар хариуцагчийг буруутгах нь үндэслэлгүй бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т ...Гэм буруутай нъ хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч ... гэм буруутайд тооцож үл болно. гэж заалтад нийцэхгүй гэж хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
2.2.******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан*******д эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг түүнтэй гэрээ байгуулсан этгээд буюу тус компанийн ТУЗ нь ажил олгогчийн хувьд Хөдөлмөр, менежментийн гэрээг дүгнэн шийдвэрлэж, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзвэл Хөдөлмөр, менежментийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.10-т заасны дагуу эд хөрөнгийн хариуцлагын /хохирлын/ хэмжээг тогтоох тухай шийдвэр гаргахаар заасан. Энэ тухай үйл баримтыг нотлох ТУЗ-ын тогтоол, шийдвэр хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх үйл баримтыг баримтаар нотлоогүй байхад шүүх хариуцагчийг компани эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна,
Тахько ХК-ийн ТУЗ нь гүйцэтгэх удирдлага*******г хэлцэл хийгдсэн гэх 2007 оноос 2009 оныг хүртэл тухай бүр, тухайн жилийн үйл ажиллагаанд зөрчил гаргаагүй гэж дүгнэн, компанийн ашгийн тодорхой хувиар шагнаж урамшуулан 2010 оны 5 сар хүртэл ажиллуулж байсан тухай үйл баримтуудаас үзвэл*******д Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй.
2.3.******* ХК /Гүйцэтгэх захирал*******/-ийн зүгээс 2010 оны 3 сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд Энэрэл Холдинг ХХК-аас зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргаж, улмаар шүүхээс тус компанийг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан байдаг. Мөн 2010 оны 5-р сард Энэрэл холдинг ХХК-ийн удирдлагыг эрүүгийн шугамаар шалгуулахад одоо нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхээд байгаа төлбөрийг төлөхөө илэрхийлж байсан баримтууд хэрэгт авагдсан байхад хариуцагчийг******* ХК-д хохирол учруулсан гэж буруутгах нь үндэслэлгүй бөгөөд харин******* ХК нь Энэрэл холдинг ХХК-иас хохирлоо шаардах хууль зүйн боломж нээлттэй байгаа үйл баримтын тухай огт дүгнэлт хийсэнгүй.
2.4. Хас банктай байгуулсан 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 23000178 тоот зээлийн гэрээний төлбөрт******* ХК-иас төлсөн 202 606.85 ам.доллар буюу 449 716 295 төгрөг нь компанид учруулсан гэм хорын хохирол гэж нэхэмжлэгч тайлбарладаг бөгөөд хохирол учирсан гэх цаг хугацаагаа тодорхойлохдоо 2009 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс тооцон шаарддаг. Харин хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ шүүхэд 2016 оны 4 сарын 19 өдөр гаргасан байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т ...эд хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил. гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. гэж тус тус заасан. Нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэх 2009 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 4 сарын 19 өдөр хүртэл 7 жил 3 сарын хугацаа өнгөрсөн байгаагаас үзвэл нэхэмжлэгч нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ ...Ж.Чимэдцэрэнд холбогдуулан 2012 оны 11 сард эрүүгийн хэрэг үүсгэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.. гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх ч энэ үндэслэлийг зөв гэх агуулгаар дүгнэжээ.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 ...нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд... шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол..., мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 ...гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй. гэж заасан. Харин хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, маргаж буй асуудлаар урьд өмнө нь шүүхийн шийдвэр гарч байгаагүй атал*******д эрүүгийн хэрэг үүсгэснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан мэтээр хууль хэрэглэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байгаа төдийгүй нэхэмжлэлийн үндэслэлийг няцаасан үйл баримтууд нотлох баримтуудаар тогтоогдсоор байхад шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэхэд хүргэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч нь*******д холбогдуулан******* ХК-д учруулсан хохирол 403 671 862 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 259 251 673 төгрөгийг гаргуулж******* ХК-д олгож, нэхэмжлэл шаардлагаас үлдэх 144 420 189 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Л.Буянбат нэхэмжлэлийн үндэслэлээ: ...хариуцагч гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанийн дүрэм болон Компанийн тухай хуулийг зөрчиж, ...ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр их хэмжээний хэлцэл байгуулснаас******* ХК-д 202 606.85 ам.долларын буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар 403 671 862 төгрөгийн хохирол учирсан... гэж тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ... Энэрэл холдинг ХХК-тай байгуулсан ... гэрээний хүрээнд... 2007 онд 150 000 ам.долларыг Хас банкнаас зээлж өгсөн... зээл нь тухайн үеийн ханшаар 174 750 000 төгрөг бөгөөд барьцааны хөрөнгийн үндсэн үнэлгээ 147 493 000 төгрөг байсан... 2006 оны жилийн эцсийн тайлан, баланс, актив хөрөнгийн дүн 756 000 000 төгрөг ба барьцааны хөрөнгө 19.5%-тай тэнцүү байх тул их хэмжээний хэлцэлд хамаарахгүй... гэж маргасан байна.
Энгийн хувьцааны нэг ба түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанийн эрх бүхий албан тушаалтнаар компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Л.Буянбат нь******* ХК-ийн 45 хувийн хувьцаа эзэмшигч болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон байх тул шүүх түүнийг хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзсэн нь Компанийн тухай хуулийн /1999 он/ 83 дугаар зүйлийн 83.1.-д нийцжээ.
2.******* ХК-ийн дүрмийн 7.2.2.-н п-д компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотойгоос бусад их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрлийг Төлөөлөн удирдах зөвлөл олгоно гэж, 7.3.1.-д Гүйцэтгэх захирал нь энэ дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна, 7.3.4.-т энэ дүрэмд заасан Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулах шаардлагатай их хэмжээний хэлцлээс бусад хэлцэл хийх... зэрэг үйл ажиллагааг компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр явуулна гэж тус тус заасан байна.
Түүнчлэн, Компанийн тухай хуулийн /1999 он/ 76 дугаар зүйлийн 76.1.16., 84 дүгээр зүйлийн 84.1.1., 85 дугаар зүйлийн 85.1.-д ....их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл болон шийдвэрийг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл гаргана... хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцлийг ... их хэмжээний хэлцэл гэж үзнэ... гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар******* нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Энэрэл холдинг ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу******* ХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун сэлбийн гудамж, 22/2 тоот дэлгүүр, засварын цехийн барилгыг барьцаалж 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хас банкнаас 150 000 ам.доллар зээлж өгсөн ба тухайн хуулийн этгээд зээлийг буцааж төлөөгүйгээс******* ХХК 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 202 606,85 ам.долларыг банкинд төлсөн нь тогтоогджээ.
Тахько ХК-ийн 2006 оны жилийн санхүүгийн тайлангаар компанийн балансын нийт актив 756 706 986,08 төгрөг, 25 хувь нь 189 176 746,5 төгрөг байх бөгөөд******* Хас банктай байгуулсан гэрээний үүрэг 150 000 ам.доллар нь гэрээний хугацаанд заасан хүүгийн хамт нийт 184 200 ам.доллар /214 593 000 төгрөг/ болсон, энэ нь******* ХК-ийн 2006 оны санхүүгийн тайлан дахь нийт хөрөнгийн 28.36 хувьтай тэнцэж, 140 000 000 төгрөгийн үнэтэй барьцааны хөрөнгийн хамт 354 593 000 төгрөг болох нь Од бүртгэл аудит ХХК-ийн дүгнэлтээр нотлогдсон байна.
Хас банкнаас 2017 онд зээлсэн дээрх гэрээний үүрэг нь үнийн дүнгээрээ их хэмжээний хэлцэл-д тооцогдохоор байгаа, хариуцагч гэрээ байгуулахдаа компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авсан гэх баримт хэрэгт байхгүй тул ...хариуцагч эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр их хэмжээний хэлцэл... хийсэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь хэсэгт нийцсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн /1999 он/ 76 дугаар зүйлийн 76.1.16., 85 дугаар зүйлийн 85.1.-г зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.
3. Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3.-т хуульд өөрөөр заагаагүй бол компанийн эрх бүхий албан тушаалтан өөрийн хууль бус үйл ажиллагаанаас компанид учирсан хохирлыг арилгана, 82 дугаар зүйлийн 82.1.6.-д компанийн эрх бүхий албан тушаалтан ...Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээ, компанийн дүрмээр тогтоосон эд хөрөнгө захиран зарцуулах эрх хэмжээг хэтрүүлсэн бол компани болон түүний хувь нийлүүлэгч, зээлдүүлэгчдэд учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцахаар заасан байна.
Ж.Чимэдцэрэн их хэмжээний хэлцэл хийж Хас банкнаас 150 000 ам.доллар зээлж Энэрэл холдинг ХХК-д шилжүүлэн өгсөн, уг хуулийн этгээд зээлийг төлөөгүйгээс******* ХК зээлийн төлбөрт 202 606,85 ам.долларыг банкинд төлсөн тул хариуцагчаас учирсан хохирлыг******* ХК-иас банкинд зээлийн төлбөр төлсөн үеийн ханшаар тооцож, нэхэмжлэлээс 259 251 673 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах баримтгүй байна.
Шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан, хэрэглэвэл зохих Иргэний хууль, Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
4. Хариуцагч тал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, ...барьцааны хөрөнгө нийт активын 19.5 хувийг эзэлж байх тул барьцааны гэрээ их хэмжээний хэлцэлд хамаарахгүй, хэлцэл хийгдсэнээс хойш 7-10 жилийн дараах үнэлгээ бодит байдалтай нийцээгүй, ...хөрөнгийг үнэлсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэр хэрэгт авагдаагүй, байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн, ...нэхэмжлэгч нь Энэрэл холдинг ХХК-иас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа, ...эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... зэрэг үйл баримтын талаар дүгнээгүй, ...хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан... гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсчээ.
а\. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлд компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл тогтооно, үнийг тогтоохдоо хараат бус үнэлгээний байгууллага, аудиторын дүгнэлтийг ашиглаж болно гэж, ...их хэмжээний хэлцлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тогтооно гэж хуулийн 84.2.-т заажээ.
Хөрөнгийн үнэлгээний төв Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан******* ХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баруун Сэлбийн гудамж, 22/2 тоотод байрлах дэлгүүр, засварын цехийн зориулалттай барилгыг гэрээ байгуулсан 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээг үндэслэн 245 000 000 төгрөгөөр үнэлсэн, энэ үнэлгээ нь ТУЗ Компанийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох хуулийн заалтыг зөрчөөгүй, тухай үнийн дүн компанийн 2016 оны сүүлийн балансын активын нийт дүнгийн 33 хувийг эзэлж байх тул ...Барьцааны гэрээ их хэмжээний хэлцэлд хамаарахгүй, үнэлгээ бодитой, үндэслэл бүхий гараагүй... гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзаа нотлоогүй гэх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтад нийцжээ.
б\. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна, тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд ...шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4., 79 дүгээр зүйлийн 79.1., 79.7.-д зохицуулсан.
Нэхэмжлэгч нь компанид учирсан хохирлыг шийдвэрлүүлэхээр*******, Энэрэл холдинг ХХК-ийн захирал Б.Энхбаатар нарт холбогдуулан 2010 оноос Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шүүхэд хандаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаартай тогтоолоор*******д холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1., 24 дүгээр зүйлийн 24.1.2.-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа 2016 оны 05 дугаар 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
в\. Эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд тэдгээрийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө сонгож, хариуцагчаар татдаг, шүүх нэхэмжлэлд заагаагүй этгээдэд холбогдуулан дүгнэлт хийх боломжгүй.
Л.Буянбат Энэрэл холдинг ХХК-ийг хариуцагчаар татаагүй, түүнд холбогдуулан ямар нэг шаардлага гаргаагүй тул ...уг хуулийн этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй байхад энэ талаар дүгнэлт хийсэнгүй... гэх гомдол үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хууль, Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00984 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1358 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч*******, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******гээс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 395 733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД