Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Болормаа

Улсын яллагч: Ж.Отгонбаяр

Хохирогч: Ц.Золжаргал;

Шүүгдэгч: Э.Очирбат, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Намсрайзаан овогт Эрдэнийн Очирбатыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201625021734  дугаартай хэргийг 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймагт төрсөн, одоо 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологич мэргэжилтэй, ам бүл 3, ээж, эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамж 295 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Намсрайзаан овогт Эрдэнийн Очирбат /регистрийн дугаар ИМ92082412/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Очирбат нь 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 511-68 тоотод иргэн Ц.Золжаргалыг болгоомжгүй үйлдлийн улмаас цээжин тус газар нь нэг удаа хутгалж, цээжний хөндий рүү нэвтэрсэн буюу хүнд зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Э.Очирбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Тэр өдөр Ц.Золжаргал бид хоёр н.Балжиннямынд 11 цагийн үед 2,5 литр пиво, 0,33 граммын нэг шил архи аваад орсон. Архи пиво уучхаад хоол хийж идэх гээд, би төмс арилгах гээд сууж байхад Ц.Золжаргал одоо нэг барилдъя гэхээр нь би хутга барьсан байснаа мартаад барилдах гэж босоод, манай найз унаад би дээрээс нь унахдаа хутгалсан байсан…” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Золжаргал миний гарт хутга байгаа гэдгийг мэдэлгүй намайг татаж босгож ирээд өөрөө надаас татаж хойшоо унасан. Тэгэхэд нь Золжаргалын дээрээс нь унасан ба унахдаа хутгатай гараараа Золжаргал дээр тулж унасан. Тэгээд босож иртэл Золжаргалын цээжинд хутгалагдсан байсан...” гэсэн мэдүүлэг \хх-53\,

 

Хохирогч Ц.Золжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Тэр би ажлаа тараад найз охин дээрээ очоод Э.Очирбат бид хоёр 2,5 литрийн пиво, 0,33 гармын архи аваад н.Балжиннямын гэрт орсон. Тэгээд хоол хийж идэх гээд Э.Очирбат төмс арилгах гээд сууж байгаад бид хоёр барилдах гэж байгаад намайг унахад миний дээрээс Э.Очирбат унаад болгоомжгүй үйлдлийн улмаас ийм хэрэг гарсан...” гэв,

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “…Очирбат бид хоёр дахин дэлгүүр гарч 1 ширхэг 2,5 литрийн пиво аваад эргэж Балжиннямын гэрт ороод авсан пивоо хувааж ууж байгаад хоол хийж идэхээр болсон. Тэгээд Очирбат төмс арилгах гэж сууж байгаад бид 2 жаахан тоглоод барилдсан. Тэгээд Очирбат эргээд төмсөө арилгах гээд суугаад хутга аваад төмс арилгаж байхад нь би дахин барилдах гээд араас нь татаад босгоод ирсэн чинь Очирбат эргэж хараад байж бай төмсөө арилгаадхая гэсэн. Тухайн үед би Очирбатыг хутга барьсан босож ирснийг нь мэдээгүй. Унахдаа Очирбатыг татаад унасан чинь Очирбат миний дээр унасан ба унахдаа хутгатай гараа саваад хутга нь миний зүүн хөхний дээд талд зоогдсон. Тэгээд Очирбат дээшээ босохдоо гараа татсан чинь хутга нь эргээд сугарсан...” гэсэн мэдүүлэг \хх-18\,

 

Гэрч Т.Балжиннямын “…2016 оны 06 дугаар сарын 18-ны орой би гэртээ унтаж байхад Очирбат, Золжаргал хоёр гаднаас 23 цаг өнгөрч байхад 1 ширхэг 2,5 литрийн пиво авсан орж ирсэн. Тэгээд тэр хоёр манай гэрт хононо гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд пивоноос жаахан ууж байгаад унтахаар хэвтсэн. Тэгтэл Золжаргал, Очирбат хоёр хоолны юм аваад орж ирсэн. Тэгээд бид гурав хамт эргэж гараад Сүхбаатарын талбайн урд байрлах Золжаргалын найз охины ажил дээр очиж Золжаргал найз охинтойгоо уулзчихаад эргээд манай гэрт ирсэн. Тэгтэл Золжаргал, Очирбат хоёр хоолны юм авсан торноосоо 0.33 литрийн архи 1 ширхэг, 2.5 литрийн пиво 1 ширхгийг гаргаж ирсэн. Тэгэхээр нь би ядраад байна гэж хэлээд унтсан. Тэгээд сэртэл Золжаргалыг Очирбат хутгалчихлаа гээд намайг сэрээсэн... намайг унтаагүй байхад л лав огт маргалдах асуудал гараагүй... бид гурав багийн найзууд. Тэр хоёрт өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг \хх-19\,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹8751 тоот актын “…Золжаргалын биед цээжний зүүн  талд 2,3-р хавирганы түвшинд цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус, хий хуралдалт, зүүн уушигны уналт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-28/,

 

Э.Очирбатын иргэний үнэмлэхний хуулбар /хх-56/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-59/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-61-71/, Э.Очирбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-73/, фото зургийн үзүүлэлтүүд /хх-5-7,76-77/ зэргээр шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Э.Очирбат нь 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 511-68 тоотод иргэн Ц.Золжаргалын цээжин тус газар нь нэг удаа хутгалж цээжний зүүн талд 2,3-р хавирганы түвшинд цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус, хий хуралдалт, зүүн уушигны уналт бүхий хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Ц.Золжаргал, гэрч Т.Балжинням нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹8751 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Э.Очирбатын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Э.Очирбатыг бусдын бие махбодид хүнд  гэмтэл болгоомжгүй учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна.

 

 Хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Э.Очирбатыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ц.Золжаргал нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд "…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй" гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Очирбатыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Э.Очирбат дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа харгалзав.

 

Шүүх Э.Очирбат нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн түүний хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18.5 см урттай, шаргал өнгийн хуванцар иштэй 1 ширхгийг устгахаар шийдвэрлэж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Очирбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Намсрайзаан овогт Эрдэнийн Очирбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар Э.Очирбатад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Очирбатад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн 201625021734 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Очирбат нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй ишиндээ хөндлөн хар судал болон 2 ширхэг хадаастай, 18,5 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.Очирбатад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Очирбатад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР