Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 294

 

 

 

 

 

 

 

 

 

                                       А.А-д холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч Б.Х-, О.Б-, тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар, хохирогч Б.Х-, Д.А-, тэдний өмгөөлөгч М.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч А.А-д холбогдох эрүүгийн 1803006920413 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А.А- нь согтуурсан үедээ, 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн салааны эцсийн буудал руу явдаг “Одонт”-ын 23-04 тоот хашааны баруун талын замд “Тоёота Приус” загварын 52-92 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Б.Х-ийн жолоодож явсан “Тоёота Приус” загварын 17-10 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Х.А-, Х.И-нарын амь насыг хохироож, О.Б-, Б.Х- нарын эрүүл мэндэд хүнд, Д.Э-, М.Б-нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Д.А-, Б.т-нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, согтуугаар үйлдсэн, хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508  дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан А.А-ээс 31.344.378 төгрөг гаргуулж хохирогч .........................нарт тус тус олгож, А.А-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Б.Х- ажилгүй байсан хугацааны орлого, байрны түрээсийн төлбөр болон хохирогч нар групп тогтоолгосон тохиолдолд олох байсан орлогын зөрүү зэргийг холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн А.А-ийн өмчлөлийн 01870722 дугаарын гэрчилгээтэй “Тоёота приус” загварын 52-92 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл /гэмтэлтэй, хохиролд тооцуулахаар/-ийг, мөн А.А-ийн 845121 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэх, 01870722 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Х-, Д.А- тэдний өмгөөлөгч М.Энхжаргал нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч А.А-д 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч, энэ хэрэгт амь хохирогч Х.А-, Х.И-нарын хууль ёсны төлөөлөгч бөгөөд хохирогч Д.А-, хохирогч Б.Х- болон хохирогч нарын өмгөөлөгчдийн зүгээс уг хэрэгт хэргийн нотлох баримт болон тогтоогдсон нөхцөл байдлуудыг дутуу үнэлж, үндэслэлгүйгээр хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх шүүгдэгч А.А-ийг 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 13:10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота Приус” загварын 52-92 УБН автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мэдсээр байж жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж, согтуугаар, хурд хэтрүүлэн, эсрэг урсгалд орж хохирогч Б.Х-ийн жолоодож явсан “Тоёота Приус” загварын 17-10 УБН дугаартай тээврийн хэрэгслийг маш хүчтэй мөргөж насанд хүрээгүй Хурметбекийн Инга, Хурметбекийн Амер нарын 2 хүүхдийн амь насыг хохироож, мөн Б.Х-, Д.А-, О.Б- нарын амь биед аюултай хүнд гэмтэл, хамт зорчин явсан М.Баярхүү, Д.Э- нарын биед хүндэвтэр гэмтэл учруулан маш ноцтой зам тээврийн осол гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуульд нийцсэн үнэн зөв дүгнэлт болсон. Гэвч шүүгдэгчийн гэм бурууд ял шийтгэл оногдуулахдаа хоёрын хоёр хүүхдийн амь насыг хохироож, 3 хүний амь биед аюултай хүнд гэмтэл учруулж, 2 хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгтээ огт гэмшээгүй, хохирол төлбөрийн өчүүхэн хэсгийг нэхэж гуйлгаж байж барагдуулсан, бүх буруугаа архи уусан байдал руу хандуулж, хохирогч нарыг илт басамжилсан этгээдийн эдлэх ялыг хуульд заасан хэмжээ болох 8 жилийн хорих ялыг шууд оногдуулах хангалттай нотлох баримт байхад улсын яллагч 4 жилийн ял оногдуулах санал гаргаж, анхан шатны шүүх 6 жил хорих ял оноож, нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч А.А-ийн гэм бурууд илт хөнгөдсөн гэж хохирогч нараас маш их гомдолтой байна.

2. Шүүгдэгч А.А-ийн үйдсэн хэрэг нь хэдийгээр болгоомжгүй гэмт хэргийн ангилалд багтах боловч хуульд заасан ялыг оногдуулахад хангалттай буюу тээврийн хэрэгсэл жолоодож байгаа этгээд согтууруулах ундаа хэрэглэх нь хуулиар хориотой болохыг мэдсээр байж, зориуд олон хүн цуглуулж, зохион байгуулан санаачилж, худалдан авч ууж байгаа, мөн согтуурлын зэрэг нь ухаан алдахаар хэмжээнд хүрэхгүй бага /0.5 хувь промиль/ байгаа нь болгоомжгүй үйлдэл эсэхэд ноцтой эргэлзээ төрүүлж байна.

3. Шүүгдэгч А.А- нь хохирол төлбөрийг барагдуулах талаар ямар ч санаачлага гаргаагүй. Удаа дараа худал хэлж, ар гэрээс нь ч анхаарал тавихгүй, ээжтэйгээ хоёулаа байдаг гэх боловч шүүх хуралд ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь гэх олон хүн ирж оролцож байсан нь хохирогч нарыг илэрхий басамжилж, үйлдсэн хэрэгтээ огт гэмшихгүй, шүүхийн өмнө гэмшсэн худал дүр илт үзүүлж байгаа байдлыг шууд харуулж байна.

4. Шийтгэх тогтоолд зааснаар хохирогч Д.А-т 31.344.378 төгрөг, Б.Х-т 16.767.690 төгрөг, О.Б-д 2.504.850 төгрөг, нийт 50.616.918 төгрөгийг А.А- нь төлөх ямар ч боломжгүй, төлбөрийн чадваргүй ба төлнө гэсэн өчүүхэн ч итгэл байхгүй. Энэ төлбөр олдох найдваргүй болсон гэдгийг хохирогч талаас шүүх хуралд илэрхийлсэн. Шийтгэх тогтоолоор хохирогч нарт олгохоор заасан боловч төлбөр төлөх хугацаа, цаашид үүсч болох олон тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалж төлбөр төлөгдөх ямар ч итгэл үнэмшилгүй, найдваргүй болох нь тодорхой байна.

Дээрх байдлуудыг үндэслэн хохирогч тал туйлын гомдолтой байх тул шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4, 6.6 дугаар зүйлийн 1.3, 1.8-д заасныг журамлан хүндрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялын хэмжээ болох 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд гомдлыг хүлээн авч А.А-ийн ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж өгнө үү” гэжээ.

Хохирогч Б.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хоёр хүүхдийн маань амь насыг хохироож, хэзээ ч арилхааргүй, нөхөн сэргээгдэхгүйгээр хор уршиг учруулсан. Шүүгдэгч А.А- шүүх хуралдаан болох хүртэл гэм буруугаа хүлээгээгүй төдийгүй түүний ар гэрээс хэн нэгэн нь бид нартай нэг ч удаа уулзаагүй. Тэгээд анхан шатны шүүх хуралдаанд уучлаарай гэж хэлснийг худал үг гэж бодож байна.  Согтуурлын зэрэг шүүгдэгчид  0.5 промиль илэрсэн байдаг. Тэрээр 140 км цагийн хурдтай явж байснаас осол гарсан. Дээрээс нь замын хөдөлгөөний дүрэмд согтууруулах ундаа хэрэглэх, хурд хэтрүүлэх, урсгал сөрж болохгүй гэдгийг заасан байхад, үүнийг зөрчиж байгаа нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Шүүхээс тогтоосон хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй. Иймд А.А-ийн ялыг 2-3 жилээр нэмж, хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлж өгөхийг хүсэж байна” гэв.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, болон зүйлчлэлийн хувьд маргаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьнаас оролцсон.

Энэхүү хэргийн субьектив шинжийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба А.А-ийн хувьд анхнаасаа гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн ар гэрийнх нь хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай байдлууд байна.

Тухайлбал: Дүү М, эх А нарын хамт айлын хашаанд гэр түрээслэж амьдардаг ба дүү Мөнхчулуун нь хүнд өвчтэй группт байдаг, эх нь өндөр настай асран хамгаалагчаар тогтоогдсон зэрэг хувийн байдал болон бусад хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж А.А-д оноосон ялыг хөнгөрүүлж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Хохирогч талаас хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хүндрүүлж өгнө үү. Үйлдэл тус бүр дээр хэргийг зүйчлэн ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж давж заалдах гомдолд өөрчлөлт оруулж байна. Давж заалдах гомдол гаргах үед Үндсэн хуулийн цэцээс давах болон хяналтын шатны шүүх ялыг хүндрүүлэх асуудал дээр түдгэлзүүлээгүй байсан. Энэ үед гаргасан гомдол юм ” гэв.

Хохирогч О.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хотын хөдөлгөөн ихтэй нарийхан замд 140 км цагийн хурдтай явж байгаа нь санаатай, зориуд, хүн алах зорилготой явж байсан гэж ойлгож байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд ослын дараа эмнэлэгт ямар байдалтай байсан, одоо ямар байгаа талаараа тодорхой ярьсан. Хоёрын хоёр хүүхдээ 8 хоногийн зайтай алдчихаад байна. Эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт нэг гэр бүлийн гурван хүн 10 хоног хэвтсэн. Бид энэ хүнд байдлыг тэсэж гарсан. Хөгшин хүн бид нар яахав. Гэтэл бидний ирээдүй болсон хүүхдүүдийн амь нас хохирсон. Бид тэдний ирээлдүйн төлөө л ажиллаж, амьдардаг. Маш хүнд хохирол учирсан. Мөн миний хүү 2 удаа хагалгаанд орж, группт орсон. Манай хүүхдэд одоо эмчилгээ байхгүй гээд эмчилгээг зогсоосон. Жилийн дараа протез хийлгэнэ гэсэн. Энэ хүү маань гэр бүлээ тээж, авч явдаг. Би 3 удаа наркозтой хагалгаанд орсон. Миний охин дахин хагалгаанд орно. Ийм арилашгүй хохирол учруулсан. Үүнээс болж нэг гэр бүлийн амьдрал сүйрчихээд байна. Гэтэл шүүгдэгчийг 6 жил хорих нэртэй асрамжинд байлгах гэж үү. Миний хоёр хүүхэд сэтгэл заслын эмчилгээг 2 удаа хийлгэсэн ч арилахгүй байна. Хохирол ямар ч байдлаар арилгах боломжгүй. Эмнэлгийн коридорт 10 хоног бид нар өдөр, шөнө нойртой, нойргүй байж байхад Алтангэрэлийн ар гэрээс хэн ч ирж уулзаагүй. Уучлаарай гэж хэн ч хэлээгүй. Биднийг хүн гэж үзээгүй, яс үндсээр ялгаварлаж байна. Насаараа цуглуулсан мөнгөө дуусгаж, эмч нарыг бараадаж өдрийг өнгөрөөж байна. Учирсан хохирлоос 3.000.000 төгрөгөөр өөр хохирол төлөөгүй. 8 сарын хугацаанд хохирлыг төлөх боломжтой байсан. Ийм байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийг 8 жилийн хугацаагаар хорих ял өгч, шударгаар шийдэж өгнө үү” гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч нарын гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа хүндрүүлэх заалтыг түтгэлзүүлсэн асуудалд тайлбар хийе. Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээгээр бол хэргийг бүхэлд нь хянаж үзэх гэж хуулинд заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан гэм буруугийн үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын 1 дэх хэсэгт А.А-ийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, согтуугаар үйлдсэн, хоёр хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцсон мөртлөө ганцхан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг хэрэглээгүй гэж үзэж байна. Хоёр хүний амь насыг хохироосон үйлдэлд зүйлчилсэн. Хүний биед хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 2 хүний амь нас хохирсон гэх гэмт хэргийн 4 шинж байна. Зүйлчлэл тус бүр дээр гэм буруугийн асуудал яригдах ёстой. Энэ хэргийн зүйлчлэлийг зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчилсэн нь буруу гэж үзэж байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т согтуурсан буюу мансуурсан үедээ гэх заалтад заасан гэм буруутайд шүүх тооцсон мөртлөө яллагдагчаар татаагүй, гэм буруугийн асуудал дээр давхардаж шийдвэрлэгдээгүй. Тус тусад нь зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн практик байгаа. Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг хүндрүүлэн шийдвэрлэдэг асуудлыг түтгэлзүүлсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр уг хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Уг хэргийг үйлдэл тус бүрээр нь зүйлчлэн шийдвэрлэх ёстой юу, зүйлчлэл тус бүрт ял оноох ёстой юу, хөнгөн ялыг хүндэд нь багтаах уу гэдгийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хорих ял оногдуулах дэглэмийг шийдвэрлэх эрх нь шүүхэд бүрэн олгогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 97 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан зүйлчлэлийн асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд ярьж, удаа дараа хүсэлт гаргасан байдаг. Тухай бүрт нь хуулийн үндэслэлтэйгээр хүсэлтийг нь хангахаас татгалзаж шийдвэрлэж байсан. Бас нэг асуудал нь шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг гэм буруугаа гэмшсэн байдлыг ярьж байна. Анхан шатны шүүх хуралд шүүгдэгчээс хохирогч нарт 3.000.000 төгрөгийг өгсөн байдаг. Хохирогч нарын зүгээс хэлээд байгаа гэм буруугаа гэмшээгүй гэдэг нь үндэслэлтэй гэж үзэж байна. Даатгалын мөнгө хөөцөлдөж байгаа гэж ярьдаг боловч одоо хүртэл шийдэгдээгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй маргаж, гэм буруугаа хүлээж гэмшдэггүй. Хэргийн үйл баримт бүрэн дүүрэн тогтоогдсон, зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос А.А-ийг согтуурсан үедээ, 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн салааны эцсийн буудал руу явдаг “Одонт”-ын 23-04 тоот хашааны баруун талын замд “Тоёота Приус” загварын 52-92 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа хэрэглэсэн”, мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Б.Х-ийн жолоодож явсан “Тоёота Приус” загварын 17-10 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Х.А-, Х.И-нарын амь насыг хохироож, О.Б-, Б.Х- нарын эрүүл мэндэд хүнд, Д.Э-, М.Б-нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Д.А-, Б.т-нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж шударга ёсны зарчим, мөн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хамтран гаргасан “...А.А-д оногдуулсан ял хөнгөдсөн...” гэсэн гомдол хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хохирогч Б.Х-, Д.А-, тэдний өмгөөлөгч М.Энхжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.А-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч А.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                                                

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                          ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                          ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ