Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/00098

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00924 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1419 дүгээр магадлалтай,

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Л.Чадраабалд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 133 040 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч*******ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төмөрсүх, М.Баярцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пүрэв-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төмөрсүх, М.Баярцэнгэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч*******тай зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Талууд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар*******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48г байр, 75 тоот хаягт байрлах 76 м.кв талбайтай Ү-2204095751 тоот улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж, 87 тоот хаягт байрлах 431 м.кв талбайтай Г-2205002233 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн тус хаягт байрлах 324 м.кв талбайтай Ү-2205031279 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууцыг барьцаалсан юм.

Хариуцагч тал 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3 500 000 төгрөг төлснөөс хойш огт зээлийг төлөөгүй. Өнөөдрийн байдлаар буюу 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 30 450 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 590 000 төгрөг, нийт 133 040 000 төгрөгийг нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж байна.

Бид хариуцагчтай удаа дараа утсаар холбогдож, сар бүр тогтмол төлөх ёстой зээлийг төлөх талаар сануулж, шаардаж байсан боловч тэрээр үүргээ биелүүлээгүй, эдийн засгийн нөхцөл байдлаас болж эрхэлж буй бизнес нь асуудалтай байгаа гэж тайлбарладаг ч үүнийг баримтаар нотлохгүй байна.

Иймд хариуцагчаас 133 040 000 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийг хүлээн авсан болон 3 500 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргахгүй. Нэхэмжлэгч тал өнгөрсөн хугацаанд надад зээлийг төлөх талаар утсаар мэдэгдэж байсан.

Гэвч Иргэний хуулийн 224, 225, 226 дугаар зүйлд гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах талаар зохицуулсан байхад нэхэмжлэгч нь урьдчилан мэдэгдэхгүйгээр нэмэлт хугацаа тогтоож өгөхгүй шууд шүүхэд хандсан байна. Талууд зээлийн гэрээг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан ба одоо хугацаанаас нь өмнө цуцлах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие уг 100 000 000 төгрөгийг барилгын салбарт хөрөнгө оруулалт хийсэн хэдий ч эдийн засгийн нөхцөл байдлаас болж үйл ажиллагаа нь түр зогсон. Гэвч одоо удахгүй барилгын ажил эхлэх тул мөнгийг төлж барагдуулах боломжтой болно.

Бид утсаар ярьсан гэдгийг нэмэлт хугацаа тогтоосон, гэрээ цуцлах саналыг бичгээр хүргүүлсэн гэж үзэхүй, хариуцагч нь өөрөө хуульч биш учраас гэрээний заалтыг сайн мэдэхгүй, ойлгоогүй байна. Иймд зээлийн гэрээний харилцааг үргэлжлүүлж өгнө үү гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Алтанцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие хариуцагч*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00924 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч*******аас 129,007,807.04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Даймонд очир ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,032,192.96 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48г байр, 75 тоот хаягт байрлах Ү-2204095751 тоот улсын бүртгэлийн дугаартай 76 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж, 87 тоот хаягт байрлах Г-2205002233 тоот улсын бүртгэлийн дугаартай 431 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж, 87 тоот хаягт байрлах Ү-2205031279 тоот улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,172,964 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 873,189 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1419 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00924 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, ИХШХШТХуулийн 172-р зүйлийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргаагүй байхад шүүх шууд зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгож Иргэний хуулийн 219, 221, 225-р зүйлүүдийг баримтлан хэргийг шийдсэн нь ИХШХШТХуулийн 172.2.1.-т зааснаар Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд нийцэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 ******* ХХК нь хариуцагч******* холбогдуулан үндсэн зээлд 100 000 000 төгрөг, зээлийн хүүнд 30 450 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 590 000 төгрөг, нийт 133 040 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 26 417 807,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 590 000 төгрөг, нийт 129 007 807.04 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 00002201 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК зээлдэгч******* 100 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүг нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцож, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож зээлдэгч нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5-р хороо 15 дугаар хороолол, 48г байрны 75 тоот 76 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Ж.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 14 дүгээр гудамжны 87 тоот 431 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус газарт байрлах 324 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ.

 Гэрээний дагуу Даймон-Очир ББСБ ХХК-иас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгч*******ын дансанд 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүд 3 500 000 төгрөг төлснөөс өөр төлбөр хийгээгүй талаар зохигч маргаагүй байна.

 Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа үндэслэлээр зээлдүүлэгч үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 15 259 989.2 төгрөг, нийт 115 259 989.2 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагад заагдсан дүнг гэрээний хугацаанд буюу 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тэнцүү хувааж төлж барагдуулах хүсэлтэй гэж маргажээ.

 Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, зээлдэгчээс эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь хууль зөрчөөгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх зохицуулалтад нийцжээ.

 Барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл болох талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2., 175 дугаар зүйлийн 175.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үлдэгдэл төлбөр буюу үндсэн зээл, нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд төлөх зээлийн хүүгийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх тул түүнийг гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсан атлаа хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэлийн шаардлагыг хоёр ч удаа нэмэгдүүлж, нийт 133 040 000 төгрөгийг шаарджээ.

 Нэгэнт гэрээг цуцалсан тул тэрээр гэрээ цуцалснаас хойших хугацааны гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрхгүй юм.

 Иймд хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэгчээс гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хангах боломжгүй тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1.-д зааснаар ямар нэг үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээнээс татгалзаж болохоор, мөн зохигчийн хооронд байгуулсан Зээлийн гэрээний 7.1.1.-д зээлдэгч нь зээлийн хүү болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг 7 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн бол зээлдүүлэгчийн саналаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах-аар харилцан тохиролцжээ.

 Хариуцагч******* нь 2 жилийн хугацаатай гэрээний үүрэгт гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 сарын хугацаанд эргэн төлөх хуваарьт заасан эхний сарын зээлийн хүүг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, зээлдүүлэгчээс гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсантай маргаагүй байна.

 Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зөвхөн тухайн хугацаанд төлөх төлбөрийг бус гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлага хууль болон гэрээний холбогдох заалтыг зөрчөөгүй байх тул шүүх гэрээг цуцалж, шаардлага гаргасан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

 Иймд ...гэрээний хугацаа дуусаагүй, ...нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргаагүй байхад шүүх гэрээний харилцааг дуусгавар болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар хариуцагчийн хүлээх гэрээний үүргийг тооцож, энэ үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1419 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00924 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 129 007 807.04 төгрөгийг гэснийг 115 259 989.2 төгрөгийг гэж, 4 032 192.96 төгрөг гэснийг 17 780 010.8 төгрөг гэж, 3 дахь заалтын 817 189 төгрөгийг гэснийг 734 249.95 төгрөгийг гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч*******ын гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******аас 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 873 190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Б.УНДРАХ

                                ШҮҮГЧ            Х.ЭРДЭНЭСУВД