Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 078

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Тгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Лд холбогдох

Түлшний модны үнийн үлдэгдэл 1 520 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч Ц.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сайннямбуу  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Т шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн Ц.Л нь  Бууцагаан  сумын орлогч дарга байхдаа түлшний мод авч борлуулж байсан боловч үлдэгдэл 1 520 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банкны хажууд Ц.Лтэй тааралдан мөнгөө нэхэхэд /машинтай мөргөлдсөн байсан/ миний өмнөөс 730 000 төгрөгийг Сумъяасүрэнгээс  аваарай, үлдэгдэл мөнгийг нь дараа өгье гэж хэлсэн.

Сумъяасүрэнгээс мөнгө авах гэтэл олдохгүй байна. Иймд Ц.Лгээс 1 520 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Архангай аймгаас түлшний мод авч ирж борлуулах ажил хийж байсан. Энэ үедээ зах дээр мод зарахын зэрэгцээ өөрийнхөө нутаг болох Баянхонгор аймгийн Бууцагаан суманд очиж модоо зардаг байсан. Тэгээд 2007 онд  Ц.Л нь сумын орлогч дарга байхдаа надтай уулзаж “чи наад модоо надад зарж байгаач, би мөнгийг саадгүй авч өгнө” гэсэн санал тавьж байсан. Тэгээд мод борлуулж өгснийхөө хөлсөнд нэг машин мод борлуулж өгвөл 100000 төгрөг би авъя гэсэн. Тэгээд би энэ саналыг зөвшөөрч 2007 оны Ц.Лд нэг удаагийн  ачилтын 3 машин мод буулгаж өгсөн. Би машин модоо 450000 төгрөгөөр  борлуулна гэж бодоод 1350000 төгрөг болсноос хөлсөнд нь 300000 төгрөг өгнө гэж тооцоод 1050000  төгрөг авахаар болсон. Тэгээд 2007 ондоо 255000 төгрөг өгөөд 795000 төгрөг надад өгөөгүй үлдсэн. 2009 онд манай найз н.Даваагийн борлуулж байсан модноос 75000 төгрөгийн модыг Ц.Л нь авч борлуулсан байсан. Үүнийг нэмээд 870000 төгрөг надад өгөх болсон. Мөн 2010 оны 09 дүгээр сард дахин нэг ачилтын буюу 3 машин модыг 300000 төгрөгийг хасаад 1050000 төгрөгийг мод Ц.Лд өгсөн.

Ингээд урьд нь өгөөгүй байсан 870000 төгрөг дээрээ 1050000 төгрөгөө нэмээд нийт 1920000 төгрөг надад өгөхөөр болсон. 2010 оны 11 дүгээр сард өвлийн идшээ авахаар Баянхонгор аймгийн Бууцагаан суманд очихдоо Ц.Лгийхаар орж мөнгө нэхсэн. Тэгэхэд надад 400000 төгрөг бэлнээр өгсөн. Надад 400000 төгрөг өгөөд 1520000 төгрөг үлдсэн. Тэгээд Ц.Л нь “чиний мод борлоогүй байна. Борлуулж дуусаад үлдсэн мөнгийг нь өгье” гэж хэлэхээр нь би тэрийг нь зөвшөөрсөн. Ингээд 2014 он хүртэл би модныхоо мөнгийг нэхээгүй. Тухайн үед манай гэр бүлийн хүний бие нь муудаж монгол үхрийн мах, ямааны махнаас өөр мах идэж болохгүй гэсэн эмчийн дүгнэлт гарсан учраас би Ц.Лд “чи энэ жил миний мөнгөний оронд идэш өгөөч” гэж хэлэхэд” Ц.Л нь зөвшөөрсөн. Ц.Л шүүхэд гаргасан тайлбартаа “нэг мал өгөөч” гэж бичсэн байсан.

Тэгээд Ц.Л нэг ямааны мах надад өгсөн. Тэгээд би Ц.Лд “үлдсэн мөнгөө авъя” гэхэд “нэг ямааны мах өгөөд танай өр дуусч байгаа гэсэн гэж манай эхнэр хэлсэн” гэж хэлсэн. Би Ц.Лгийн эхнэртэй нь энэ модны талаар ямар  нэг байдлаар тохиролцоогүй. Дараа би Ц.Лтэй уулзаж “ чи юу яриад байгаа юм яахаараа нэг ямааны мах 1520000 төгрөг болдог юмуу” гэхэд Ц.Л нь “танай дүү н.Пүрэвсүрэн гэдэг хүн Бууцагаан суманд байхдаа манайхаас зөндөө их бараа авсан байна. Мөн н.Жаргалсайхан гэдэг дүү чинь манайхаас зөндөө бараа авсан байна ингээд энэ хоёр дүүгийн чинь авсан барааны үнийг суутгаад нэг ямааны мах өгөөд чиний өр дуусч байгаа” гэж надад хэлсэн. Энэ үеэс бидний маргаан эхэлсэн би дүү нараасаа утсаар залгаж асуухад Ц.Лд өр байхгүй гэж хэлсэн.

Тэгээд 2016 оны 12 дугаар сард Ахмадын өргөөнд Ц.Л нь 2 хоног надтай концертын бэлтгэл хийгээд тухайн концерт дуусаад маргааш өглөө нь би Ц.Л рүү залгаад “ чи хаана байна” гэхэд би “ арван мянгатад байна одоо уруудлаа тэгээд уулзъя” гэж хэлээд надтай уулзаагүй алга болсон. Дараа нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би Ц.Лгийн эхнэртэй нь гудамжинд таараад “мөнгө авъя” гэтэл “та надад дансаа, утасны дугаараа өгчих” гээд миний дансны дугаар утасны дугаар хоёрыг аваад явсан. Тэгээд яваад дахин алга болсон. Дараа нь 2017 оны 07 дугаар сард би Ц.Лтэй таараад “мөнгөө авъя” гэтэл Ц.Л нь “шүүхээр ороод аваарай, шүүхээр  ороод юм олж идэхийг чинь харъя” гэж надад хэлж байсан.

 Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ц.Л нь машинаа мөргүүлээд хэрүүл хийгээд машиныг мөргөсөн хүнээс мөнгө авна гээд зогсож байхад нь би “би чамаас мөнгө авах ёстой юм чинь энэ асуудлыг чинь би хөөцөлдөөд мөнгийг нь авчих уу” гэхэд Ц.Л нь “тэг тэг чи хөөцөлдөөд өрөндөө ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл гурвуулаа гурвалсан гэрээ хийе” гэхэд Ц.Л нь өөрөө надад  гурвалсан гэрээ хийж өгөөд машиныг мөргөсөн хүнээс намайг 730000 төгрөг аваарай гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнээс нь мөнгөө авах гэсэн чинь Ц.Лгийн машины марк болон хэдэн онд үйлдвэрлэгдсэнийг нь асуусан.

 Тэгээд би Ц.Лгийн эхнэр рүү нь залгаад машиных нь талаар асуухад надад хэлээгүй дахиад залгасан чинь утсаа аваагүй тэгээд би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн Ц.Л нь шүүхэд гаргасан тайлбартаа яахаараа нэг машин мод гурван машин мод болдог юм гэж бичсэн байсан. Харин миний машин бол ердийн зил 130 маркийн автомашинаас 1 метр урт дээшээ 50 см өндөрлөгөөтэй тэгээд даах хэмжээгээр нь ачиж ашиг гаргадаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Л шүүхэд гаргасан тайлбартаа;

Миний бие 2000 оноос 2008 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Тухайн үед тус сумын төвийн эрчим хүчний шугамд холбогдоогүй төсвийн газруудын гал тогоо модоор галлагаа хийдэг байх үед гаднаас түлшний мод авдаг байсан. 2007 онд С.Т Зил-130 автомашинаар нэг цдаа мод ачиж ирж байсан. Тэр үед машин мод буюу 8 куб метр мод 400 000 төгрөгөөс 450 000 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг байсан. Тэр модыг сургуульд өгөх гэсэн боловч ямар шалтгаанаар гэдгийг нь мэдэхгүй тухайн модыг аваагүй. Ингээд 1 жил шахам болсны дараа Хүн эмнэлэг мод түр зээлье гэсэн.

Тухайн үед эмнэлгийн нярваар ажиллаж байсан Б.Баянсүрэн машинтай ирж уг модны тэн хагасыг ачихад Зил 130 автомашины тэвш бараг дүүрэхгүй байсан. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Би Өвгөнжаргалант зусланд сургалтад явах сумдын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нарыг хүргэхээр Мобиком салбарын өмнө хүлээж байх үед миний өмнө зогсож байсан Ланд-100 автомашин гэнэт ухарч миний машины урд талын нүүрийг гэмтээсэн.

Энэ үед С.Т тааралдаж энэ машины нүүрийг ямар үнэтэй болохыг лавлаж би 750 000 төгрөг, хуучин нь 450 000 төгрөг байдаг гэж хэлсэн. Гэтэл би энэ хүнээс нүүрийг нь аваад чамд олж өгье гэж хэлсэн. Гэтэл хамт явсан хүмүүс яараад би машины жолооч Сумъяасүрэнтэй ярилцаад тэрхүү хэлцлийг хийж байсан. Гэтэл одоо С.Т надад машины нүүр олж өгөөгүй нөгөө хүнээс мөнгө аваагүй талаар ярьж байна гэжээ.

Хариуцагч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2006 онд намайг орлогч дарга байхад манай сумын сургууль эмнэлэг зэрэг байгууллагууд төвийн эрчим хүчинд холбогдоогүй байсан учраас түлшинд мод хэрэглэдэг байсан нь үнэн. Тухайн үед С.Т нь “танай суманд мод зармаар байна” гэхээр би “тэг тэг сургуульд дээр өгчих” гэж хэлсэн. С.Т нь манай хашаанд мод буулгасан гэж ярьж уг сургуулийн хашаанд мод буулгасан. Надад мод өгөөгүй. Сургууль дээр мод буулгасан юм байна лээ.

Тэгээд тэр модны нь мөнгө нь надаар дамжаагүй, тухайн сургуулийн нягтлан болон нярав нар мэдэх асуудал. Мөн сүүлчийн нэг машин мод гэж байгаа нь 2007 оны асуудал  2010 онд би мод аваагүй. Тэгээд тухайн  үед сургууль мод авахгүй гэхээр нь би С.Тг “ манай хашаанд буулгачих чадвал борлуулаад өгье” гэсэн тухайн мод нэг машин мод байсан, нэг машинд  гурван машин мод орохгүй С.Т нь худлаа ярьж байна. Мөн тэр модыг хэнд ч зарж чадаагүй би түлээд дуусгасан. Тэгээд тэр модны мөнгө болох 400000 төгрөгийг С.Т нь нэхэж ирэхээр нь би өгсөн.

 Дараа нь нэг ямааны мах өгсөн. Ингээд бид хоёрын тооцоо дууссан. Мөн 2007 оны орлогч дарга байсан нь үнэн гэхдээ 2007 оны 11 дүгээр сард орлогч даргын ажлаас чөлөөлөгдсөн  захирамжийг өгсөн.

Мөн миний миний машиныг мөргөсөн талаар ярьж байна. Тухайн үед би машинаа мөргүүлчихээд тухайн мөргөсөн хүнтэй нь яриад мөнгө машины нүүрний мөнгө авах талаар ярилцаад зогсож байтал С.Т ирээд намайг “чиний машины нүүр надад байгаа” би энэ хүнээс чинь тухайн нүүрний мөнгийг чинь авчихъя чи надаас өөрийнхөө машины нүүрийг авчих гэж хэлэхээр нь би гурвалсан гэрээ бичиж өгсөн.

Тэгээд тухайн үед явах гэж байгаад миний машиныг мөргөсөн жолоочид “чи миний машины нүүрний мөнгийг С.Тд өгөөрэй энэ хүнээс би машиныхаа нүүрийг авчихъя” гэж хэлж байсан. Тухайн үед надтай хамт хүмүүс явж байсан, тэр хүмүүс мөн гэрчилнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талаас санал болгосон  хэргийн 4,17,37,43-46 талд авагдсан нотлох баримтуудыг дэлгэцээр нэг бүрчлэн харуулж тал бүрээс нь шинжлэн хэлэлцүүлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Тгийн  түлшний модны үнийн үлдэгдэл 1 520 000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хариуцагч Ц.Л нь эс зөвшөөрч маргаан үүсгэсэн нь үндэстэй байна.

 ” Ц.Л нь Бууцагаан сумын орлогч даргаар ажиллаж байхдаа 2007 онд нэг удаагийн ачилтын 3 машин модыг хэрэглэсэн боловч модны үнийн 1175000 төгрөгөөс 870000 төгрөгийг өгөөд үүнээс хойш 2010 онд 400 000 төгрөгийг өгөөд 470 000 төгрөгийг өгөөгүй. 2010 онд дахин 1 удаагийн ачилтын 3 машин модны үнэ 1050000 төгрөг, нийт 1520000  төгрөгийг өгөөгүй байсаар 2014 оны 12 сард нэг ямаа явуулсан байсан. Иймд модны үнэ 1520 000 төгрөгийг гаргуулна” гэх нэхэмжлэгч С.Т,

“...С.Т нь 2007 онд Зил-130 машинаар нэг удаа мод ачиж  ирээд сургуульд өгөх гэсэн боловч аваагүй манай хашаанд буулгасан байсан бөгөөд нэг жилийн дараа эмнэлэг авах гэхэд Зил -130 машины тэвш дүүрэхгүй  мод ачиж яваад аваагүй манай хашаанд буулгасан, манайх хэрэглэсэн. Модны үнэнд 2009 оны намар 400 000 төгрөг өгсөн. 2013 онд 1 ямаа өгсөн. Бидний хооронд тооцоо дууссан гэж бодож байтал 2017 оны 08 сард мөнгө нэхэж эхэлсэн.Би нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэсгүй...” гэж хариуцагч Ц.Л нар маргаж байх ба  тэдгээрийн хооронд  хэдэн онд, ямар хэмжээний, хэдэн төгрөгний модыг хэрэглэсэн түүний үнэ хэд болох талаар хэрэгт  нотлох баримт авагдаагүй буюу дээрх маргааныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн түүнчлэн “...2007 онд нэхэмжлэгч С.Тгийн түлшний модыг  хэрэглэсэн, үнийг нь зохих ёсоор төлж дуусгасан, төлөх төлбөргүй...” гэх хариуцагч Ц.Л, “...  2007 онд буулгасан өмнөх модны 470 000 төгрөг, сүүлчийн  3 машины модны үнэ 1050000 төгрөг, нийт 1520000 төгрөгийг Ц.Лхагвсүрэнгээс гаргуулна...” гэх нэхэмжлэгч С.Т тайлбарлах боловч тайлбарыг нь нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд энэ үйл  явдлаас хойш 10 жил өнгөрсөн байна.

 “хөөн хэлэлцэх хугацааг 2010 оны 10 сараас 2014 оны 12 сар хүртэл үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй” гэж нэхэмжлэгч С.Т, өмгөөлөгч Б.Бурмаа нар тайлбарлаж байгаа нь  хууль зүйн үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-д зааснаар 2007 онд түлшний мод буулгасан үйл явдлаар хугацаа тодорхойлогдож байх  бөгөөд  мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно гэж зааснаар үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж зохигч талуудаас хэлэлцэн тохирсон талаар нотлох баримтгүй байна.

 Мөн түүнчлэн нэхэмжлэгч С.Тгийн түлшний модны үнийн үлдэгдэл 1 520 000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил,хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил өнгөрсөн байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа С.Т нь хариуцагч Ц.Лг модыг хэрэглэсэн, үнийг төлөх ёстой гэдгийг мэдсээр байж  шүүхэд нэхэмжлэлээ гаргалгүй  10 жилийг өнгөрөөсөн байдлаар тодорхойлогдоно.

Иймд хариуцагч Ц.Лээс  түлшний модны үнийн 1 520 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан  2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хэлцэл гэх баримт, гэрч Т.Сүхбаатарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 тоот  албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт зэрэг нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гэж үзэв. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Тгийн төлсөн 39270 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 399 дүгээр зүйлийн 399.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Тгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Лд холбогдох түлшний модны үнийн 1 520 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч  С.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39270 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ