Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 213/МА2018/00012

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 1 дүгээр сарын 15-ний өдрийн 131/ШШ2018/00078 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Түлшний модны үнийн үлдэгдэл 1.520.000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч *******гийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч *******гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь Бууцагаан сумын захиргааны орлогч дарга байхдаа надаас түлшний мод авч борлуулж өгч байсан боловч модны үлдэгдэл үнэ 1.520.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байгаа тул надад гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******гээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* нь сумын орлогч дарга байхдаа надтай уулзаж чи наад модоо надад зарж байгаач, би мөнгийг саадгүй авч өгнө гэсэн санал тавьж байсан. *******д 2007 онд нэг удаагийн ачилтын 3 машин мод буулгаж өгсөн. Надад 400.000 төгрөг өгөөд 1.520.000 төгрөг үлдсэн. Тэгээд ******* нэг ямааны мах надад өгсөн. Тэгээд би *******д үлдсэн мөнгөө авъя гэхэд нэг ямааны мах өгөөд танай өр дуусч байгаа гэсэн гэж манай эхнэр хэлсэн гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ******* нь машинаа мөргүүлээд хэрүүл хийгээд машиныг мөргөсөн хүнээс мөнгө авна гээд зогсож байхад нь би би чамаас мөнгө авах ёстой юм чинь энэ асуудлыг чинь би хөөцөлдөөд мөнгийг нь авчих уу гэхэд ******* нь тэг чи хөөцөлдөөд өрөндөө ав гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2000 оноос 2008 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. ******* нь 2007 онд Зил-130 автомашинаар нэг удаа мод ачиж ирж байсан. Тухайн үед эмнэлгийн нярваар ажиллаж байсан Б.Баянсүрэн машинтай ирж уг модны тэн хагасыг ачихад Зил 130 автомашины тэвш бараг дүүрэхгүй байсан. Би 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр аймгийн төвийн Мобиком салбарын өмнө Ланд-100 автомашин гэнэт ухарч миний машины урд талын нүүрийг гэмтээсэн.

Энэ үед ******* тааралдаж энэ машины нүүрийг ямар үнэтэй болохыг лавлаж би 750.000 төгрөг, хуучин нь 450.000 төгрөг байдаг гэж хэлсэн. Гэтэл би энэ хүнээс нүүрийг нь аваад чамд олж өгье гэж хэлсэн. Гэтэл хамт явсан хүмүүс яараад би машины жолооч С.Сумъяасүрэнтэй ярилцаад тэрхүү хэлцлийг хийж байсан. Гэтэл одоо ******* надад машины нүүр олж өгөөгүй нөгөө хүнээс мөнгө аваагүй талаар ярьж байна гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2006 онд намайг орлогч дарга байхад манай сумын сургууль эмнэлэг зэрэг байгууллагууд төвийн эрчим хүчинд холбогдоогүй байсан учраас түлшинд мод хэрэглэдэг байсан нь үнэн. Надад мод өгөөгүй. Сургууль дээр мод буулгасан юм байна лээ. Тэгээд тэр модны нь мөнгө нь надаар дамжаагүй, тухайн сургуулийн нягтлан болон нярав нар мэдэх асуудал. Мөн сүүлчийн нэг машин мод гэж байгаа нь 2007 оны асуудал 2010 онд би мод аваагүй. Тэгээд тухайн үед сургууль мод авахгүй гэхээр нь би *******г манай хашаанд буулгачих чадвал борлуулаад өгье гэсэн тухайн мод нэг машин мод байсан, нэг машинд гурван машин мод орохгүй ******* нь худлаа ярьж байна. Мөн тэр модыг хэнд ч зарж чадаагүй би түлээд дуусгасан. Тэгээд тэр модны мөнгө болох 400000 төгрөгийг ******* нь нэхэж ирэхээр нь би өгсөн. Дараа нь нэг ямааны мах өгсөн. Ингээд бид хоёрын тооцоо дууссан.

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 399 дүгээр зүйлийн 399.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох түлшний модны үнийн 1.520.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.270 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******гээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримт болоод хариуцагч *******гийн тайлбараар бид хоёрын дунд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хэлцэлээс харвал ******* надад өртэй гэдгээ нотолсон энэ талаараа шүүхэд хариуцагч үгүйсгээгүй болно.

Гэтэл энэ нотлох баримт мөн гэрч Т.Сүхбаатарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 тоот албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт зэрэг нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн би *******д 2010 онд 1 ачилтын 3 машин мод буулгаж өгсөн ба нийт модны үлдэгдэл 1.920.000 төгрөгийг 2010 оны 10 сард нэхэхэд надад байгаа нь гээд 2007 оны өрний үлдэгдэл шүү гээд 400.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг боломжтой болохоороо өгье гэхэд нь би за тэгээрэй гэж харилцан ярилцаж зөвшөөрсөн.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 131/ШШ2018/00078 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******гээс түлшний модны үнийн үлдэгдэл 1.520.000 төгрөгийг *******гээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар зохигч талуудын хооронд түлшний мод худалдах худалдан авах гэрээний үйл ажиллагаа явагдаж, нэхэмжлэгч ******* нь нэг машин түлшний модыг хариуцагч *******д худалдаж, хариуцагч нь нэг машин модны үнэ 400.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин ******* нь нэг ачилт буюу нэг Зил 130 автомашинаар гурван машин модыг *******д худалдсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь гурван машин мод хүлээлгэж өгсөн гэдэгээ нотлож чадахгүй байна.

******* нь 2007 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 10 жилийн сургуульд буулгасан модныхоо үнийг надаас нэхэмжилж байна гэж хариуцагч ******* тайлбарладаг байна.

*******, ******* нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хэлцэл гэсэн гар бичмэл дээр түлшний модны үнэ нэхэмжлэх тухай огт дурьдаагүй байна.

Хариуцагч ******* нь 2013 онд нэхэмжлэгч *******д нэг ямааны мах өгөөд тооцоо дууслаа гэж хэлж байсан болох нь тогтоогдож байна. ******* нь нэг ямааны мах авсан гэдэгээ хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч нь 2013 оноос 2017 оныг дуустал хугацаанд *******гээс үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 39.270 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ний өдрийн 131/ШШ2018/00078 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 39.270 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                  Г.УЛАМБАЯР