Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 092

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт оршин суух, эрэгтэй, ВГ90012913 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт  С.Дгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвд холбогдох

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 433567 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн гомдлыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  С.Д, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь1997 оны 11 сарын 25-ны өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын эмнэлэгт галчаар тасралтгүй 20 жил ажилласан. Ажиллаж байх хуацаандаа ямар нэгэн алдаа эндэгдэл,сахилгын шийтгэл авч байгаагүй.2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эмнэлгийн зарим өрөөнд паарны шугам солих гээд хүмүүс байсан.Халаалтын шугам буруу тавьсан байхаар нь би зөв талаас нт хийлгэхээр зөвлөгөө өгөхөд эмчийн нөхөр н.Батаа өөрийгээ зөв хийж байгаа гэж өөрийгээ өмөөрч над руу чамайг ална гээд намайг боож унагасан. Би тухайн үед цагдаад дуудаж өгчихөөд маргааш нь гомдлоо татаж авсан.

Үүнээс болж манай эрхлэгч намайг чамтай гэрээ хйихгүй, чамаас өөр хүнтэй гэрээ байгуулж сангийн ажил хийлгэсэн чи миний ажлыг хийлээ, чамтай би гэрээ хийгээгүй байгаа шүү гэж хэлсэн. Түүний дараа 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал Баян-Овоо сумд ирж иргэдтэй уулзах үед нь би нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, амралтын мөнгө өгдөггүй гэж хэлсэн. Түүний дараа аймгийн дарга манай байгууллагын даргатай ирж уулзаад хариугаа хүлээж аваарай гэж хэлэхээр нь аймгийн даргад маргааш нь өргөдлөө өгчихөөд сумдаа очоод ээлжиндээ гарах гэтэл миний оронд өөр хүн авсан байсан. Ер нь намайг ажиллаж байх хугацаанд буюу 2017 оны 02 сараас эхлэн миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй мөртлөө миний цалинг өгдөг байсан гэдгийг минй оронд хүн авсан үед нь л мэдсэн. Мөн амралтын мөнгө олгоогүй.Би сард 433567 төгрөг авдаг байсан. Дарга намайг ажлаас халсан тушаал болон өөр бусад зүйлийг бичгээр надад огт өгөөгүй. Тушаалаа авъя гэхээр гэрээгээр учраас тушаал өгөхгүй гэж хэлээд өгөхгүй юм. Тушаалаа авах гэж олон удаа очсон,өгөхгүй байна.

Иймд намайг Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн галчийн ажилд буцаан тогтоох,ажилгүй байсан хугацааны цалин 4330561 төгрөг нөхөн гаргуулах, 2017 оны 02 сараас эхлэн шүүхийн шийдвэр гарах үе хүртэл нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага гаргаж байна гэжээ

 Нэхэмжлэгч  С.Д хуралдаанд гаргасан тайлбартаа;

 Нэхэмжлэгч: Би 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төрийн байгууллагад ажиллаж байна. 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр эмнэлэг дээр шинжилгээ өг гэж дуудсан. Шинжилгээгээ өгчихөөд байж байтал шугам сольж байхаар нь доогуураа явуулбал сайн хална гээд Тэгшээтэй ярьж байтал эмчийн нөхөр ирээд намайг боож унагаасан. Аймгийн Засаг даргад амралтын мөнгө өгөхгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр дээр бичилт хийж өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд аймгийн засаг дарга өргөдлөө өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би өргөдлөө өгчихөөд ажилдаа ирэхэд миний оронд хүн авсан байсан.Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэр бичилт хийлгэх, 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин 1.300.701 төгрөг гаргуулах, амралтын мөнгө 600.000 төгрөг нийт 1.900.701 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэв.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Отгонжаргал шүүхэд гаргасан тайлбартаа;

 Тус Эрүүл мэндийн төвд галчаар ажиллаж байсан  С.Д нь өвлийн улиралд гэрээгээр ажилладаг гэрээт ажилтан юм.  С.Д нь ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлэхгүй,хэл амаар доромжилдог,байнга хамт олонтойгоо маргадаг, хамтран ажиллахад бэрхшээлтэй ажилтан байсан. Миний бие тус Эрүүл мэндийн төвийн даргаар 2012 оноос томилогдон ажиллах хугацаанд  С.Д нь хөдөлмөрийн гэрээний заалтуудыг удаа дараа зөрчиж олон удаа амаар сануулга авч 1 удаа сахилгын шийтгэл авч байсан. Хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 2017 оны 05 сарын 01 хүртэл Эрүүл мэндийн нам даралтын зууханд галлагаа хийхээр гэрээ байгуулан ажиллаж байгаад гэрээний хугацаа дууссан.

 2016 онд  С.Дг ажиллаж байх хугацаанд “Эрүүл мэнд,спортын сайд. Сангийн сайдын 2015 оны 498/346 тоот хамтарсан “Сум тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн аргачлал” тушаал гарсан.Уг тушаалаар Эрүүл мэндийн яамнаас санхүүгийн мэргэжилтэн ирж бүх сумын эрүүл мэндийн төвийн дарга,нягтлан бодогч нарт хичээл зааж, галчийг гэрээгээр ажиллуулж амралтын мөнгө олгохгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэсэн зааварчлага өгсөн. Үүний дараа 2017 оны төсөвт бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ гэсэн галчийн цалин жилийн 7.365.2 болж бууран орж ирсэн.2016 онд жилийн 12.990.0 төгрөг байсан.Үүний дагуу дээрх тушаалыг галч нарт танилцуулан,галчийн цалинг 3 галчид хуваан сард 1 хүнд 343666 төгрөгөөр тооцоон олгосон. Дээрхи цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтан төлүүлж болно гэхэд 3 галч төлөхгүй бүтэн авна гэж тохироод 1 хүн 343000 төгрөгний цалин авахаар болсон. Иймд иргэн  С.Дд амралтын мөнгө олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх боломжгүй бөгөөд тийм цалингийн сан байхгүй болно гэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 2016-2017 онд төсвийн хуваарь өөрчлөгдснөөс ийм асуудал үүсээд байна. Галч нарын цалин үндсэн ажилчдын цалингаас тусдаа бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал гэж орж ирдэг. 2016 оны төсөв дээр 12.600.000 төгрөг байсан. 2017 оны төсөвт 7.200.000 төгрөг болж буурж ирсэн. 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас Батбаяр гэдэг мэргэжилтэн ирээд сум, тосгоны эрүүл мэндийн төвд мөрдөгдөх санхүүгийн аргачлалыг баталсан тушаалыг тайлбарласан сургалт хийсэн. Галч бол үндсэн ажилтан биш гэрээт ажилтан, төсөв бага байхад амралтын мөнгө олгохгүй, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэл төлөхгүй гэсэн зааварчилгааг бид нарт өгсөн. 1.030.000 төгрөгийг 3 хуваагаад 3 галчдаа өгсөн. Нэхэмжлэгч 10 сард нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй гэж ярьж байна. 2017 оны 02 сард 3 галчаа дуудаад бүх процессыг тайлбарлаж хэлсэн. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлвөл энэ цалингаас чинь авна. Төлөхгүй бол 1.030.000 төгрөгийг 3 хуваагаад өгье гэж тохирсон. Нэхэмжлэгч тохироод энэ мөнгийг авсан. Гэрээ нь дуусаад өөр хүн ажилд авсан чинь нэхэмжлэгч ийм зүйл ярьж байна. 2017 оны 9 сар манай байгууллага галлагаандаа урсгал засвар хийсэн. Хувь хүнтэй гэрээ байгуулж сангийн ажил хийлгэсэн чинь Доржсүрэн ийм юм хийлээ. Үүнийг чинь хүлээж авахгүй гэж ярьсан байна лээ. Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар юу ч яриагүй байж одоо ийм зүйл ярьж байна. Гэрээ нь дууссан гэрээт ажилтан учраас би тушаал гаргахгүй. Амралтын мөнгийг өгөх боломжгүй гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын санал болгосон 3-8,23-25,51-52,54-56,58-61 дүгээр талд, хариуцагч талын санал болгосон 20-61,68-71,72-82 талд авагсдан баримтууд болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн тушаал, хамтран ажиллах гэрээ зэрэг нотлох баримтуудыг дэлгэцээр тусган нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч  С.Дгийн нэхэмжлэлтэй хариуцагч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвд холбогдох Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 4330567 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч  С.Д нь 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баян-Овоо сумын хүн эмнэлгийн галчийн ажилд орж 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр галчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан ниймгийн даатгалын 0749572 тоот дэвтэр, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 2008 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай” 14 тоот тушаал зэргээр тогтоогдсон байна./хэргийн 4-5,93 дугаар тал/.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 147 дүгээр тогтоолын 1-ийн 4 дэх хэсэгт төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй харуул хамгаалалт, халаалт дулаан... зэрэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 233 тоот тогтоолын хавсралтын 4 дүгээр хэсгийн 4.2.1-д эмнэлэг,сургууль сургуулийн дотуур байр зэрэг төсвийн газрын халаалтын зуухны галч, механикч, слессарийг гэрээгээр ажиллуулах, мөн тогтоолын зургаадугаар зүйлийн 6.1-д гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ, албан тушаалын жагсаалтад ... галч ... гэж тус тус заасантай холбоотойгоор Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хүн эмнэлгийн эрхлэгч 2008 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай” 14 тоот тушаалаар тус эмнэлэгт ажиллаж байсан галч нарыг ажлаас чөлөөлсөн байна.

 Дээрхи шийдвэрүүдтэй холбоотойгоор “Эрүүл мэнд,спортын сайд,Сангийн сайдын хамтарсан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 498/345 тоот тушаалын 1 дэх хэсгийн 3 дугаар хавсралтаар сум тосгоны эрүүл мэндийн төвийн орон тооны жишигт галчийн орон тоо батлагдаагүй байх бөгөөд тус эрүүл мэндийн төвийн 2016,2017 оны төсвийн хуваарьт “бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ” нэрээр зардлын зүйл ангид төсвийн мөнгө тусгагджээ/хэргийн 53,57 дугаар тал/

 Нэхэмжлэгч  С.Д Баян-овоо сумын эрүүл мэндийн төвийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ гэсэн нэрээр байгуулсан гэрээ нь эдгээр гэрээнүүдийн аль ч шинжийг агуулаагүй нөгөө талаар орон тооны бус ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний асуудлыг Хөдөлмөрийн тухай монгол улсын хуулиар зохицуулсан зохицуулалтгүй байх ба галчийн ажил нь тухайн байгууллагын ажлын орон тооноос хасагдсан, гүйцэтгэдэг ажил нь байнгын бус тодорхой улиралд ажиллаж үйлчилгээ үзүүлж хөлс авдаг зэрэг шинжээрээ хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулж байх тул хөлсөөр ажилладаг гэрээт ажилтан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 Тус төвийн  С.Дтэй бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хамтран ажиллах гэрээ гэж нэрлэж байгуулсан гэрээний хэлбэр, агуулга зэргийг үндэслэн гэрээний тал болох Баян-овоо сумын эрүүл мэндийн төвийн дарга О.Отгонжаргалыг буруутгах боломжгүй.

 Харин хөлсөөр ажиллах гэрээгээр хэнийг авч ажиллуулах болон гэрээгээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр гэрээг цуцлах эрх төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхийн асуудал хэдий ч тус эрүүл мэндийн төвийн дарга О.Отгонжаргал нь  С.Дтэй гэрээ байгуулахаар дуудсан боловч  С.Д нь тус төвд хүрэлцэн ирж гэрээ байгуулаагүй талаар гэрч Б.Лхагвасүрэн, Д.Санжаа нар мэдүүлсэн байх ба  С.Дтэй 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл байгуулсан гэрээний хугацаа дууссан байна гэж үзэх үндэслэлтэй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хэргийн 71-78 дугаар тал/

 Нэхэмжлэгч  С.Д нь байнгын ажлын байранд, эрх бүхий байгууллагаас батлагдсан орон тоон дээр хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан биш харин орон тооны бус, хөлсөөр ажил үйлчилгээ үзүүлдэг гэрээт ажилтан тул түүнийг ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байлгасан хугацааны болон амралтын мөнгөний нөхөх олговор олгох асуудал үүсэхгүй харин улирлын шинжтэй гэрээт ажилтан болохынхоо хувьд ажил үйлчилгээ үзүүлсэн сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийг нь тухайн байгууллага батлагдсан гэрээт ажилтны зардалд тусгагдсан хэмжээний зохих хувиар төлөх, эсвэл гэрээт ажилтан өөрөө төлөх талаар гэрч Б.Үлэмжсонингийн мэдүүлсэн мэдүүлэг үндэстэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д заасан үндсэн ажилтанд хамаарахгүй тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг байгууллага заавал төлөх үүрэггүй байна.

 Харин тус Эрүүл мэндийн төв нь гэрээт ажилтанаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардлыг батлагдаж ирсэн төсвийн хэмжээгээр зарцуулж 2017 оны 02-05 сарын хөлсийг  С.Дд бүрэн олгосон болох нь Баян-овоо сумын Эрүүл мэндийн төвийн 2016, 2017 оны төсвийн хуваарь, сар бүрийн цалингийн хүснэгт зэргээр тогтоогдсон байх тул  С.Дгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тус төвөөс төлөхгүй./хэргийн 53-61 дүгээр тал/

 Иймд нэхэмжлэгч С. Доржсүрэнгийн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвд холбогдох Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 4330567 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч  С.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болооогүй бусад нотлох баримтууд нь хэргийн шийдвэрт нотолгооны ач холбогдолгүй байх тул шүүх үнэлээгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118,160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар нэхэмжлэгч  С.Дгийн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 4330567 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжпэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч  С.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ