Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 213/МА2018/00016

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2018/00092 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвд холбогдох

Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4.330.561 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн гомдолтой иргэний хэрэгт нэхэмжлэгч *******гийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 2-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов.

Нэхэмжлэгч *******гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын эмнэлэгт галчаар тасралтгүй 20 жил ажилласан. Ажиллаж байх хуацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Дарга намайг ажлаас халсан тушаал болон өөр бусад зүйлийг бичгээр надад огт өгөөгүй.Тушаалаа авъя гэхээр гэрээгээр учраас тушаал өгөхгүй гэж хэлээд өгөхгүй юм.Тушаалаа авах гэж олон удаа очсон, өгөхгүй байна.

Иймд намайг Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн галчийн ажилд буцаан тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 4.330.561 төгрөг нөхөн гаргуулах, 2017 оны 02 дугаар сараас эхлэн шүүхийн шийдвэр гарах үе хүртэл нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч *******гээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төрийн байгууллагад ажиллаж байна. 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр эмнэлэг дээр шинжилгээ өг гэж дуудсан. Тэгээд аймгийн Засаг дарга өргөдлөө өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би өргөдлөө өгчихөөд ажилдаа ирэхэд миний оронд хүн авсан байсан.Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх, 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин 1.300.701 төгрөг гаргуулах, амралтын мөнгө 600.000 төгрөг нийт 1.900.701 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа;

Тус Эрүүл мэндийн төвд галчаар ажиллаж байсан ******* нь өвлийн улиралд гэрээгээр ажилладаг гэрээт ажилтан юм. ******* нь ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлэхгүй, хэл амаар доромжилдог, байнга хамт олонтойгоо маргадаг, хамтран ажиллахад бэрхшээлтэй ажилтан байсан.

2016 онд *******г ажиллаж байх хугацаанд Эрүүл мэнд,спортын сайд.Сангийн сайдын 2015 оны 498/346 тоот хамтарсан Сум тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн аргачлал тушаал гарсан. Уг тушаалаар Эрүүл мэндийн яамнаас санхүүгийн мэргэжилтэн ирж бүх сумын эрүүл мэндийн төвийн дарга, нягтлан бодогч нарт хичээл зааж, галчийг гэрээгээр ажиллуулж амралтын мөнгө олгохгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэсэн зааварчлага өгсөн гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Галч нарын цалин үндсэн ажилчдын цалингаас тусдаа бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал гэж орж ирдэг. 2016 оны төсөв дээр 12.600.000 төгрөг байсан. 2017 оны төсөвт 7.200.000 төгрөг болж буурж ирсэн.

Нэхэмжлэгч тохироод энэ мөнгийг авсан. Гэрээ нь дуусаад өөр хүн ажилд авсан чинь нэхэмжлэгч ийм зүйл ярьж байна. 2017 оны 9 дүгээр сард манай байгууллага галлагаандаа урсгал засвар хийсэн. Гэрээ нь дууссан гэрээт ажилтан учраас би тушаал гаргахгүй. Амралтын мөнгийг өгөх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4.330.561 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* миний бие 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн галчийн ажилд буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.333.561 төгрөг гаргуулах, 2017 оны 2 дугаар сараас эхлэн шүүхийн шийдвэр гарах үе хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх холбогдох дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан билээ. Би 1997 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш төрийн байгууллагад ажиллаж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргалгүй тасралтгүй 20 жил ажиллаж ирсэн. Гэтэл анхан шатны шүүх нь миний нэхэмжлэлийг хөдөлмөрийн гэрээ

байгуулаагүй, хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэнд би зөвшөөрөхгүй. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхад шүүх хөдөлмөрийн гэрээ биш гэсэн нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2018/00092 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч *******гээс Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4.330.561 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

******* нь 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвд галчаар ажиллаж эхэлсэн тухайн байгууллагын үндсэн ажилтан болох нь тогтоогдож байна.

Ажил олгогчийн зүгээс ажилтанг ажлаас чөлөөлөхдөө гэрээ байгуулсан улирлын хугацаа дууссаны дараа биш харин ******* нь тухайн оны улирлын ажлаа эхлээд 2017 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын 10-ныг хүртэл ажиллаж байх явцад нь ажлаас чөлөөлсөн тушаал болон эрх зүйн баримт бичиг гаргахгүйгээр ажилтанг гэрээ байгуулахгүй гэж хэлээд явуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3-т заасныг зөрчсөн байна.

Ажил олгогч талаас тайлбарлахдаа “…******* нь өвлийн улиралд гэрээгээр ажилладаг гэрээт ажилтан бөгөөд гэрээний хугацаа дууссан тул дахиж гэрээ байгууллаагүй..” гэж тайлбарладаг боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна. Тухайлбал ажил олгогч болон ажилтан хоёрын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь /хх-ийн 6-8, 52-54 дүгээр тал/ Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлэг, 4 дүгээр бүлийг үндэслэж байгуулсан бөгөөд нэр нь хамтран ажиллаж гэрээ нэртэй боловч талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн харилцааг зохицуулах тухай хөдөлмөрийн гэрээ байгууллагдсан байна. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгууллагдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил олгогчоос ажлаас чөлөөлсөн болон хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргаагүй нь ажилтны эрхийг зөрчжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д зааснаар Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасны дагуу ******* нь тухайн оны улирлын ажлаа эхлээд 2017 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын 10-ныг хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

*******гээс анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажилгүй байсан хугацааны цалин 1.300.701 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байх тул Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгууллагдсан хөдөлмөрийн гэрээнд бодитой дүгнэлт өгөөгүй хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******гийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

*******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 131/ШШ2018/00092 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын

“…Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4.330.561 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..” гэснийг

“…Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар *******г Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвд галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1.300.701 төгрөгийг Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж, *******д олгож, цалинд илүү нэхэмжилсэн 3.029.860 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвд даалгасугай..” гэж өөрчилж, 2 дугаар заалтын

“…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай..” гэсэн хэсгийг хасч хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, *******д олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                  Г.УЛАМБАЯР