Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2016/0066/з |
Дугаар | 221/МА2016/0462 |
Огноо | 2016-07-06 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2016/0462
“**************” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энх-Од, Т.Төгсжаргал, Н.Мөнхцацрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 343 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “**************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Туул, Ч.Сугар нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 343 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**************” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Туул, Ч.Сугар нарын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210201522 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агбат давж заалдах гомдолдоо: “Нэмэгдсэн өртгийн албан татварын дахин баталгаажуулалтын актыг үйлдэхдээ Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийг мөрдлөг болгож, хуульд тогтоомжид заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 343 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргалаа. Үүнд:
Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... татварын улсын байцаагч нар нь “**************” ХХК нь дутуу гүйцэтгэлтэй, дуусаагүй агуулахын барилгыг “М Си Эс Коко кола” ХХК болон “Ньюгор” ХХК-иас худалдан авч Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж ангилан “Дуусаагүй барилга” дансанд бүртгэсэн ба бүртгэхдээ нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээр тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийн, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын илүү үлдэгдэлтэйгээр алдаатай тайлагнасан байна гэж үзэн төсвөөс буцаан авах үлдэгдэл 1,056,606,1 мянган төгрөгийг бууруулж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дутуу үлдэгдлийг 43,680,6 мянган төгрөгөөр баталгаажуулсан байна. Ингэж баталгаажуулахдаа Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7, НББОУС-2 НББОУС-16д тус тус заасны дагуу шийдвэрлэжээ гэсэн мөртлөө шүүх шийдвэрээ гаргахдаа Тогтоох хэсгийн 1-д Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, ... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ************** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ... “ гэж татварын улсын байцаагчдын акт тогтоохдоо хэрэглэсэн дээрх заалтуудыг заасан нь татварын улсын байцаагчдын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210201522 дугаар актын үндэслэл хууль зөрчөөгүй, хууль тогтоомжид нийцсэнийг илэрхийлнэ.
Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэсэн заалтад нэхэмжлэгч компанийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор худалдан авсан барилга нь хамаарч байна” гэжээ.
а. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7-д зааснаар хасалтыг хийхдээ мөн хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээнд төлсөн буюу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж орлого олохтой холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдэл өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасалт хийхээр зохицуулсны дагуу “**************” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогод хувь тэнцүүлэн худалдан авалтын хасалтыг хийж /төсвөөс буцаан олгох/ акт үйлдсэн.
б. Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283-р тушаалаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 5.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус, цахилгаан, болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, худалдан борлуулах зорилгогүй, өөрийн хэрэгцээнд барьж байгаа, хөрөнгө оруулалтын зориулалттай уг үндсэн хөрөнгө нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ биш бөгөөд өөртөө бэлтгэж байгаа үндсэн хөрөнгө юм. Өөртөө хөрөнгө бэлтгэхэд зориулсан худалдан авалт буюу “**************” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө олж бэлтгэхэд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7, мөн Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалаар баталсан Нэмэгдэл өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам-ын 5.1.1-д тус тус үндэслэн төсөвт төлөх албан татвараас хасах хууль зүйн үндэслэлгүй болно.
“*******” ХХК нь татварын тайлангаа Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх,” мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “....татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна” гэж заасны дагуу, татвар ногдуулалт, төлөлтөө тайлагнадаг байсан болох нь нэхэмжлэгч компанийн шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримтаар тогтоогдож байна гэж үнэлсэн нь буруу юм. Өөртөө хөрөнгө бэлтгэхэд зориулж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдэл өртгийн албан татварыг төсвөөс буцааж авахаар тайлагнасан байна. Гэтэл тайлагнадаг байсан нь чухал биш, буруу тайлагнасан нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтойг шүүх анхаараагүй шийдвэрээ гаргасан.
“**************” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах ...,” Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх ... , “10 дугаар зүйлийн 10.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад ... нийцүүлэн санхүүгийн тайлангаа гаргана..... “ гэснийг зөрчиж дутуу гүйцэтгэлтэй, дуусаагүй агуулахын барилгыг “М Си Эс Коко Кола” ХХК болон “Ньюгор” ХХК-иас худалдан авч Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж ангилан Дуусаагүй барилга дансанд бүртгэсэн ба нэмэгдсэн өртгийн албан татварыг тайланд хасалт хийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд буруу тусгаж, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын илүү үлдэгдэлтэйгээр тайлагнасан тул татварын улсын байцаагчид нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан дээрх зөрчилд 2015 оны 210201555 дугаар актаар захиргааны хариуцлага тооцож хуулийг зөв хэрэглэсэн.
Хоёр. Бичгээр олгосон итгэмжлэлд тавигдах Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” гэсэн шаардлагыг хангасан итгэмжлэлийг шүүхэд хүргүүлсэн байтал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хариуцагч Н.Туулыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг хангаагүй үндэслэлээ. “Учир нь хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн итгэмжлэлд зөвхөн улсын байцаагч Ч.Сугарын улсын байцаагчийн тамга дарагдсан боловч татварын улсын байцаагч Н.Туулын тамга тэмдэг дарагдаагүй байх тул Н.Туулаас А.Агбатад олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй....” гэж үзсэн, түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцааж шүүх хуралдаан дээр гаргасан /амаар/ тайлбар, мэтгэлцээний явцад гаргаж байсан үндэслэлүүдийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт оруулаагүй, энэхүү маргааныг хянан шийдвэрлэхдээ огт анхаарч үзээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа тул нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2015 оны 210201555 дугаар акттай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 343 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргаан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Хариуцагчаас “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг ... борлуулсан бол тухай бүрд /нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах/”-аар заасны дагуу нэхэмжлэгч “**************” ХХК нь 2013 онд борлуулсан бараа, ажил үйлчилгээндээ тухай бүрт нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төсөвт төлсөн, ийнхүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах илүү үлдэгдэл 1.056.606.1 мянган төгрөгийг бууруулж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл 43.680.6 мянган төгрөгөөр баталгаажуулсан нь хууль зөрчсөн гэж үзсэн үндэслэлээ “...компани дутуу баригдсан барилгыг худалдан борлуулах зорилгогүй, өөрийн хэрэгцээнд барьж байгаа, хөрөнгө оруулалтын зориулалттай үндсэн хөрөнгө...” гэж тайлбарласан, харин нэхэмжлэгчээс “...бараа, ажил үйлчилгээг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан тул нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох ёстой” гэж маргажээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд ... доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн”, 14.4-д “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтаас үзвэл аливаа хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсний дараа Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд мөн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд тус тус төлсөн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцохоор, түүнчлэн суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нь үндэслэн хасалтыг хийхээр төсөвт төлөх албан татвараас хасч тооцохоор байна.
Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч “**************” ХХК нь дутуу гүйцэтгэлтэй, дуусаагүй агуулахын барилгыг “М Си Эс Кока Кола” ХХК болон “Ньюгор” ХХК-иас худалдан авч хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж ангилан “Дуусаагүй барилга” дансанд бүртгэсэн ба дансанд бүртгэхдээ нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээр тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг хасалт хийн, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын илүү үлдэгдэлтэйгээр алдаатай тайлагнасан байна гэж үзэн Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж хариуцагч үзсэн нь үндэслэлгүй байна” гэж зөв дүгнэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тайлагнадаг байсан нь чухал биш, буруу тайлагнасан нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой, ...худалдан авч хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж ангилан “Дуусаагүй барилга” дансанд бүртгэсэн ба нэмэгдсэн өртгийн тайланд хасалт хийж, нэмэгдсэн өртгийн тайланд буруу тусгаж, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварыг илүү үлдэгдэлтэйгээр тайлагнасан тул ... нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан зөрчилд захиргааны хариуцлага тооцсон...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д татвар төлөгчийн үүргийг тодорхойлон заасан бөгөөд 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө”, 4.1.1-д “Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт” гэж тус тус заасан бөгөөд “**************” ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татвар ногдуулалт, төлөлтөө дээрх хуульд заасны дагуу тайлагнасан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2013 оны санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдож байна.
Маргаан бүхий актын “...Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001/ 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллаганы санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартанд нийцсэн байх”, 10 дугаар зүйлийн 10.1-д “аж ахуйн нэгж, байгууллага нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад ...нийцүүлэн санхүүгийн тайлангаа гаргана” гэж үзсэн маргаан бүхий актын холбогдох хэсэг үндэслэлгүй байна.
Санхүүгийн тайлагналын Олон улсын стандартын Хүлээн зөвшөөрөлтийн үеийн хэмжилт хэсгийн 16-д “...худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгогдохгүй худалдааны татварын дүн... /зэргийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаана/” гэснээс үзэхэд уг заалт нь үндсэн хөрөнгийн өртгийг нягтлан бодох бүртгэлийн баримт бичигт хэрхэн тодорхойлох талаар зааснаас бус “нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох”-той холбоотой асуудалд хамааралгүй, “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох”-оор заасан хуулийн дээрх зохицуулалтыг үгүйсгэх үндэслэл болохооргүй байна.
Нэхэмжлэгч “**************” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дутуу гүйцэтгэлтэй, дуусаагүй агуулахын барилгыг “М Си Эс Кока Кола” ХХК болон “Ньюгор” ХХК-иас худалдан авсан байх ба цаашид тус барилгыг барьж дуусгахтай холбоотой үйл ажиллагаа нь баялаг бүтээх үйл ажиллагаа болохоор байх тул үйлдвэрлэл гэж үзэх, түүнд зориулж худалдан авсан бараа (барилгын материал, тоног төхөөрөмж гэх мэт) ажил, үйлчилгээ (барилга угсралтын ажил гүйцэтгэх, бусад зөвлөх үйлчилгээ гэх мэт)-г үйлдвэрлэлийн зориулалтаар худалдан аваагүй гэх үндэслэлгүй, түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ байх тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохгүйгээр байх тул хариуцагчаас худалдан авсан дутуу гүйцэтгэлтэй агуулахын барилгыг “Дуусаагүй барилга” дансанд бүртгэж, нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээр тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын хасагт хийж, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын илүү үлдэгдэлтэй тайлагнасан гэх үндэслэлээр акт тавьсан нь буруу байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...бичгээр олгосон итгэмжлэлд тавигдах шаардлага хангасан итгэмжлэлийг хүргүүлсэн.., ...хариуцагч Н.Туулыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг хангаагүй...” гэх давж заалдах гомдлыг мөн хүлээн авах боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллагыг төлөөлөх итгэмжлэлд тавигдах шаардлагыг тухайлан заасан бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” гэж заасан бөгөөд хэдийгээр хэрэгт авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлд хариуцагч татварын улсын байцаагч Н.Туул гарын үсгээ зурсан ч байцаагчийн тамга тэмдгээ дараагүй байх тул хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч татварын улсын байцаагч Н.Туулыг шүүх хуралдаанд оролцуулах нөхцөл боломжоор хангаж хуульд заасан хугацаанд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх бөгөөд шүүх хуралдаан товлогдсон өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй талаар хүсэлт, түүнийгээ нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.5-д заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ