Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 37

 

“Сонофорте групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаа, О.Норовбанзад, хариуцагч Ч.Байгалмаа, Ж.Нямдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, Т.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 732 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0757 дугаар магадлалтай, “Сонофорте групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Байгалмаа, Ж.Нямдорж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Н.Туул, Б.Тэгшбуян нарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 732 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 23 дугаар зүйлийн 23.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 14.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сонофорте групп” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаагийн “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Байгалмаа, Ж.Нямдорж нарын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 250000017 тоот акт, Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Туул, Б.Тэгшбуян нарын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210201566 тоот актыг хүчингүйд тооцуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг краны худалдан авалтад төлсөн үнийн дүнг оролцуулсан дүнгээр баталгаажуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 221/МА2016/0757 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 732 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...1. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт "...Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "бараа" гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг", Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д "Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ", 84.2-т "Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна" гэж тодорхойлсноос үзвэл кран нь бараа мөн бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурьдсан бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна.", 7.1.3-т "худалдах, хэрэглэх буюу ашиглах зориулалтаар гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт импортолсон бүх төрлийн бараа" гэж зааснаар уг бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах зохицуулалттай байна.

Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурьдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно.", 14.1.2-т "...худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн" гэж заасны дагуу худалдан авагчийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараанд төлөгдсөн НӨАТ-ыг түүний төсөвт төлөх уг татвараас хасахаар заажээ. Харин нэхэмжлэгч хуулийн этгээдийн худалдан авсан уг краныг үйлчилгээний зориулалтаар импортолсон гэж үзэх боломжгүйн зэрэгцээ ийм зориулалтаар авч, ашиглаж, тус кранаар үйлчилгээ үзүүлж байгаа болох нь тогтоогдоогүй..." гэжээ.

“Сонофорте Групп” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд "кран түрээс, худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдгээр үйл ажиллагааны чиглэлүүдээ зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээндээ тусгасан байдаг. Мөн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн. Түрээсийн үйл ажиллагаагаа импортоор худалдан авсан кранаар эрхэлдэг бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-т "иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртөгийн албан татвараас хасч тооцно", мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д "..."үйлчилгээ" гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг ойлгоно" гэжээ.

Манай компанийн зүгээс дээрх заалтууд болон уг хуулийн холбогдох заалтыг үндэслэн кран худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 57,546,372.00 төгрөгийг буцаан авахаар тайлагнасан бөгөөд бидний зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн холбогдох заалтыг зохих ёсоор дагаж мөрдөн, кран түрээслүүлснээс олсон орлогоо нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан журмын дагуу тайлагнаж ирсэн болохоо уг хэрэг маргаан анх үүссэн цагаас эхлэн тухай бүр тайлбарлаж, ярьж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно.

2. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт "...Худалдан борлуулах зорилгогүй, нэхэмжлэгч "Сонофорте групп" ХХК өөрийн хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах хангамжийн материал болох нэрийн хуудас, хэвлэх машины хор зэргийг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцогдох зохицуулалтад хамаарахгүй юм" гэжээ.

Манай компанийн гаргасан нэрийн хуудас, хэвлэх машины хор зэрэгт төлсөн 61,636.40 төгрөг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1, мөн зүйлийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасны дагуу нэрийн хуудас, хэвлэх машины хор зэрэгт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасч тооцсон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д "Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэсэн заалт болон дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргаан бүхий актуудын үндэслэлд зөв дүгнэлт хийж чадаагүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Байгалмаа, Ж.Нямдорж нар 2015 оны 10, 11 саруудад “Сонофорте групп” ХХК-ийн 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн байдлыг санхүүгийн баримтад үндэслэн шалгаж, улсын байцаагчийн 250000017 тоот актаар, нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл баталгаажуулах /89,358,461.60 төгрөгийн татварыг төсвөөс буцаан авах/-аар тайлан гаргасныг 57,746,372.00 төгрөгөөр бууруулан 2015 оны 9 дүгээр сарын төсвөөс буцаан авах НӨАТ-ын үлдэгдлийг 31,612,089.60 төгрөг болгон баталгаажуулсан байх бөгөөд тус компани актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг давтан шалгалтад хамруулсантай холбоотойгоор хянан шалгаагүй байна.

Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Туул, Б.Тэгшбуян нар тус компанийн НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн байдлыг давтан шалгаж, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210201566 тоот актаар, улсын төсвөөс буцаан авах НӨАТ-ын үлдэгдлийг 31,550,453.2 төгрөгөөр баталгаажуулсаныг эс зөвшөөрч нэхэмжлэгч компани гомдол гаргасан байх ба Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор актыг хянаж хэвээр баталжээ.

Нэхэмжлэгч “Сонофорте групп” ХХК нь дээрх, татварын улсын байцаагч нарын актуудыг хүчингүй болгож, нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг краны худалдан авалтад төлсөн үнийн дүнг оролцуулсан дүнгээр баталгаажуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “манай компанийн импортоор худалдан авсан кран нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан “бараа”-нд хамаарч байгаа учир уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс буцаан авах эрхтэй” гэсэн үндэслэлээр маргаж байна. 

“Сонофорте групп” ХХК нь “машин, тоног төхөөрөмжийн түрээс болон лизинг, худалдаа, зөвлөгөө өгөх” үйл ажиллагаа эрхлэхээр 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлжээ. Тус компани 2014 онд импортоор худалдан авсан краныг үндсэн хөрөнгөнд, 2015 онд “Оюу толгой” ХХК-иас кран худалдан /худалдан борлуулах зорилгоор/ авч бараа материалд тус тус бүртгэж, 89,358,461.60 төгрөгийн илүү үлдэгдэл гарсан талаар НӨАТ-ын тайланд тусгаж тайлагнасан бөгөөд талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тус компани өөрийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд хамаарах түрээсийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор импортоор кран худалдан авч, бусдад түрээслүүлэн орлого олж, түрээсийн орлогоор олсон орлогыг зохих журмаар тайлагнасан байх ба импортоор худалдан авсан краны худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг хасч тооцуулахаар татварын тайлан гаргасан байхад татварын улсын байцаагч нар “...импортоор оруулж ирсэн краныг компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэж, худалдан борлуулах зорилгогүй өөрийн хэрэгцээнд ашиглаж байгаа учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу НӨАТ-ын төлөлтөөс хасч тооцохгүй” гэсэн үндэслэлээр нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохгүй гэсэн нь буруу байна.

Учир нь, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "бараа" гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг;” 4.1.8-д “үйлчилгээ” гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг” ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно:” 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэсэн нь худалдан авагчийн бараа, ажил, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараанд төлөгдсөн НӨАТ-ыг түүний төсөвт төлөх татвараас хасч тооцохоор заасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн өөрийн үйл ажиллагаа /түрээсийн үйлчилгээ/-нд зориулж импортоор худалдан авсан краны худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг хасч тооцохоор хуульчилсан байхад үндсэн хөрөнгөнд бүртгэсэн бараа гэж үзэн 57,746,372.00 төгрөгийн татварын буцаалтыг хасч тооцохгүй гэж дүгнэсэн нь хууль бус юм.

Ийнхүү тус компанийн улсын төсвөөс буцаан авах НӨАТ-ын үлдэгдлийг 89,358,461.60 төгрөгөөр баталгаажуулах үндэстэй тул маргаан бүхий, татварын улсын байцаагчдын 250000017, 210201566 тоот актуудын Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын “31,612,089.60 төгрөг”, “31,550,453.20 төгрөг” гэснийг “89,358,461.60 төгрөг” гэж тус тус өөрчлөх үндэстэй байна.

Харин “Сонофорте групп” ХХК өөрийн хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах 61,636.40 төгрөгийн хангамжийн материал болох нэрийн хуудас, хэвлэх машины хор зэргийг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцогдох зохицуулалтад хамаарахгүй талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийж, мөн хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 732 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0757 дугаар магадлалын 1 дэх заалтыг “1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 14.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сонофорте групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчдын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 250000017 тоот актын Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын “31,612,089.60 төгрөг” гэснийг “89,358,461.60 төгрөг”, Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчдын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210201566 тоот актын Тогтоох хэсгийн 1.2 дахь заалтын “31,550,453.20 төгрөг” гэснийг “89,358,461.60 төгрөг” гэж тус тус өөрчлөн, нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг краны худалдан авалтад төлсөн үнийн дүнг оролцуулсан дүнгээр баталгаажуулахыг хариуцагчид даалган, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж олгосугай.

 

                                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                               ШҮҮГЧ                                                                     Б.МӨНХТУЯА