Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 00066

 

 

 

 

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2018/00066

                   Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Ш.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум П.У-т холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б , хариуцагч П.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь П.У тай 2013 онд танилцаж, дотно харилцаатай байсан. Ингээд хүү У.Б ний өдөр төрсөн. Бид гэр бүл болоогүй хоёр гэрээрээ харилцан ирж, очиж амьдардаг байсан. Гэтэл П.У  нь хамтран амьдрах хугацаандаа болон түүнээс өмнө согтууруулах ундаа архи дарс байнга хэрэглэж бидний хооронд үл ойлголцох асуудал үүсдэг байсан. П.У  нь хамтран амьдрах энэ хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан. Энэ байдал нь хүүхдийг амгалан тайван орчинд амьдруулах зөв боловсон хүмүүжүүлэх, мэдлэг боловсрол эзэмшүүлэхэд сөргөөр нөлөөнө гэж үзэж байгаа тул хүү У.Б ийг миний асрамжинд байлгаж өгнө үү. Миний хувьд төрсөн ганц хүүгээ өөрийн гар дээр өсгөн бойжуулж зөв боловсон хүмүүжүүлж, гал голомтоо залгуулах бодолтой байна гэв.

Хариуцагч П.У  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: П.У  миний бие нь Ш.Б тэй 2012 оны 01 дүгээр сард анх танилцсан. 2013 оны 10 дугаар сард миний хүү У.Б гэдсэнд олдсон. 2014 оны 07 дугаар сард төрсөн. Ш.Б  нь жирэмсэн байх хугацаанд минь согтуу гэдэс рүү өшиглөж, хоолойг минь боосноос болж доошоо цус алдаж эмнэлэгт хэвтсэн. Жирэмсэний хугацаанд үл ойшоож, архидан согтуурч дарамт үзүүлдэг байсан. 3 сартай байхад Ш.Б  ...би өсгөж чадахгүй авхуул гэж 80 000 төгрөг хүртэл өгч байсан удаатай. Хүү бид хоёрыг төрсний дараа эмнэлэг дээр ч ирэхгүй бараа зүсэн ч харагдахгүй, буудал хэсэж архидан согтуурч бүр таг чиг болсон. П.У  миний бие нь 30 нас гарч байж төрүүлсэн анхны нялх үрээ өөрийн биеэр өнөөдрийг хүртэл ганцаараа өсөгчихөөд хүүхэд хайрлаж, өсгөж мэдэхгүй эцэг хүний үүргээ умартсан хатуу сэтгэлтэй амин хувиа хичээсэн хүнд өөрийн хүүгээ өгөхийг хүсэхгүй байна. Хүүг минь цэцэрлэгт анх орох гэж байх үед 2016 оны 08 дугаар сард цэцэрлэгийн хэрэгсэл, хувцас авч өгмөөр байна гээд очиход Ш.Б  шал согтуу би өгч чадахгүй гээд туслалцаа үзүүлээгүй. Хүү У.Б ийг маань төрсөн цагаас өдийг хүртэл Ш.Б  тэжээж, хувцаслаж, хайрлаж, халамж тавьж байгаагүй ба өвдөхөд нь миний бие Ш.Б ийн араас хөөцөлдөн байж арай гэж ганц, хоёр удаа эм тариа авахуулж байсан. Анх хүүхэдтэй болсон үеэс хойш өнөөдрийг хүртэл Ш.Б тэй хэзээ ч амьдарч байгаагүй, гэрлээгүй бөгөөд гэрлэлтийн баталгаа байхгүй. Хүү минь эцгээрээ биш эхээрээ овголдог. Төрсөн цагаас эхлээд хүүг минь хүн гэж тоогоогүй хаясан байж хүний гараас гараад бааж, шээж сураад цэцэрлэгт оронгуут нь авах гээд байгаа хүнд би хөхнөөсөө ч гараагүй нялх үрээ өгөхгүй, өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлмээр байна. Тийм учир Ш.Б ээс хүүхдийн тэтгэмж авдаг болмоор байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч П.У  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: П.У  миний бие нь анх хүүхдээ гэдсэнд олдсоноос эхлээд өнөөдрийг хүртэл өөрийн биеэр ганцаараа хүү У.Б ийгээ өсгөж, асарч байгаа. Ш.Б  нь У.Б ийгээ төрсөн эцэг нь мөн ба хүү бид хоёрт хайр халамж, тус хүргэдэггүй. Миний бие хүүгээ хараад гэрт одоохондоо ажилгүй байна. Миний бие Уранбаяр нь Батхишигтэй хэзээ ч хамт амьдарч байгаагүй, цаашид ч амьдрах боломжгүй учир өөрөө төрүүлж, өөрөө асарч өсгөсөн 2 ой 6 сартай хүүхдээ У миний бие нь хүүгээ цаашид насанд хүртэл нь үргэлжлүүлэн асарч өсгөмөөр байна. Б нь хүү бид хоёрыг гэдсэнд байхаас нь нөөдрийг хүртэл бие сэтгэлийн дарамт үзүүлдэг байсан. Тиймээс Ш.Б ээс хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Ш.Б  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б  нь хариуцагч П.У т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хүүгээ өөрийн асрамжинд байлгах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчид 2013 онд танилцаж, дотно харилцаанд орж хамтран амьдарснаар 00 өдөр хүү У.Б/ төржээ. Хоорондын таарамжгүй харилцаа үл ойлголцол, архины шалтгаантай асуудлаас болж тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ батлуулаагүй болох нь тэдний шүүхэд мэдүүлсэн тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Мэндцэцэн өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Оюут багийн засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргасан. Хүү У.Б  нь төрсөн цагаасаа эхийн хамтаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн 2-4-2 тоотод амьдарч байгаа бөгөөд эх П.У  архи согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэдэг болох нь нэхэмжлэгч болон гэрчүүдийн тайлбар, Орхон аймгийн цагдаагийн газрын тодорхойлолт, Цагдаагийн газрын хайлтын системээс П.У т холбогдох захиргааны зөрчил, түүнд авсан арга хэмжээний талаархи баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ш.Б  хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, эхийн хамт амьдардаг, архи уудаг гэх боловч эрүүлжүүлэгдсэн, захиргааны зөрчил авагдсан баримтгүй байна. Хариуцагч П.У  эрхэлсэн тодорхой ажилгүй,  эх, дүү нарын хамт орон сууцанд амьдардаг бөгөөд зан суртахууны хувьд доголдолтой болох нь дээрх баримтаар батлагддаг.

Хүү У.Б ийг эцэг эхийн хэнийх нь асрамжинд байлгах талаар шүүхээс шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаартай дүгнэлтээр эцэг Ш.Б  хүүхдээ тэжээн тэтгээд явах чадвартай гэж тодорхойлсон байна. Мөн Оюут багийн ХХХБ-ийн хурлаар эх П.У ыг архины эмчилгээнд хамруулах, эцгийн нөхцөл байдлыг сайтар судлах, хүүхдийг асрамжийн газарт шилжүүлэх, аавынх нь асрамжинд өгөх зэрэг санал гарсан байна.

У.Б ий ангийн багш Б.Бүрэнцэцэгийн тайлбараар хүүхэд хүчирхийлэлд өртсөн шинжгүй байдаг боловч эх П.У  голдуу халамцуу архи уусан ирдэг, П.У ын айл хөршүүд хүүхдийн өсөж байгаа орчинг архины хамааралтай, шуугиан ихтэй гэж тодорхойлсон байна.

 Шүүхээс томилогдсон шинжээч У.Б ий өсөж торниж байгаа газарт буюу эх П.У тай уулзахаар гэрт нь очиход тэрээр архи уусан шинжтэй, ариун цэврийн өрөөнөөс гарахгүй байсан тул уулзалт хийх боломжгүй болсон талаар дүгнэлтэндээ дурджээ.

Дээрхи нөхцөл байдлаас дүгнэвэл хүү У.Б ий биологийн эцэг нь Ш.Б  мөн бөгөөд /энэ талаар зохигчид маргаагүй/ хүүхдийн эрүүл аюулгүй өсөх хүмүүжих нөхцөл байдал эрсдэлтэй гэсэн шалтгаанаар хүүгээ өөрийнхөөө асрамжинд авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан Ш.Б ийн нэхэмжлэлийг хангаж, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн У.Б ийг эцэг Ш.Б ийн асрамжинд байлгахаар шүүх шийдвэрлэв.

Хариуцагч П.У  архины эмчилгээнд хамрагдаж, зан суртахууны хувьд эерэг үр дүнд хүрч, эрхэлсэн тодорхой ажилтай болсон цагтаа хүүгээ өөрийн асрамжинд авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

У.Б ий эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учрах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг эх байх эрхээ зүй бусаар ашиглаж байгаа эсэхэд  хяналт тавих, хэрэв хүүхдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзвэл холбогдох газарт хандахыг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,   Баянбулаг багийн нийгмийн ажилтанд тус тус даалгах нь зүйтэй.

Хүүхдийн асрамжийг эцэг Ш.Б т тогтоосон тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.                                                                                                                          

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн  урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.У аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б т олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                   ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү У.Б ийг эцэг Ш.Б ийн асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Ш.Б ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хариуцагч П.У ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг болохыг тайлбарласугай.

4. 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү У.Б ий өсөж байгаа орчин нөхцөл, эрүүл мэнд, ёс суртахууны хүмүүжил, эцэг Ш.Б ийн хүүд тавьж байгаа анхаарал халамж, асаргаанд хяналт тавихыг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянбулаг багийн нийгмийн ажилтанд тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.У аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б т олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ