Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00103

 

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2018/00103

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, “Ихгифт финанс” ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, А.Ч-д холбогдох

         Зээлийн гэрээний үүрэг 14 460 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Түмэн-Өлзий, хариуцагч А.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ихгифт финанс” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллага нь №12 тоот зээлийн гэрээг А.Ч байгуулж, зээлдэгчид 6 000 000 төгрөгийг 30 хоног 6 хувийн хүүтэй, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 21 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэрээний 2.1.7-д хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр тохирлцсон. Гэрээний 2.5-д зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй. МУ-ын Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “ үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийн хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, барьцаалагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэж заасан. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 5 000 000 төгрөг, 30 хоногийн 6 хувийн хүүгийн хэмжээнд 5 140 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 320 000 төгрөг, нийтдээ 14 460 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.Ч  шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:А.Ч  миний бие “Ихгифт Финанс ББСБ” ХХК-наас 6 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 639 хоногийн хугацаатай зээлсэн. Би өөрөө оюутан, ажилгүй болохоор графикийн дагуу үндсэн төлбөр болон хүүг хугацаанд нь төлж чадаагүй. Зээлийн хугацаанд үндсэн төлбөр 6 000 000 төгрөгнөөс 1 000 000 төгрөгийг төлсөн. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 180 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 250 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 170 000 төгрөг нийт 2 200 000 төгрөгний төлбөр төлсөн байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөгийг төлж барагдуулна. Харин хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Ихгифт Финанс ББСБ” ХХК нь хариуцагч А.Ч т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу зээлийн үндсэн төлбөрт 5 000 000 төгрөг, хүүний төлбөр 5 140 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 320 000 төгрөг нийт 14 460 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

            Хариуцагч А.Ч  нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөр төлөхийг зөвшөөрч, хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөхгүй гэж мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

            2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч А.Ч  нь “Ихгифт Финанс ББСБ” ХХК-аас 6 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 21 сарын хугацаатай, хувийн хэрэглээнд зориулан авсан байх бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсан хийгээд мөнгө авсан талаар талууд маргаагүй. /хх 8-12/

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Түмэн-Өлзий хариуцагчаас нийт 5 320 000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс үндсэн зээлд 1 000 000 төгрөг, хүүний төлбөрт 4 320 000 төгрөг авсан гэж, хариуцагч А.Ч  2 200 000 төгрөг төлсөнөөс өөрийн дансаар 1 200 000 төгрөг,  эцэг эхээс 1 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тодорхойлсноор 5 320 000 төгрөг, үүнээс үндсэн зээлд 1 000 000 төгрөг төлөгдсөн байна гэж шүүх дүгнэв.

            Хариуцагч А.Ч  үндсэн зээлийн төлбөрийг хувааж төлөхөөр Б.Тэрбиштэй тохиролцож тодорхойлолт гаргасан, зээлийг хугацаандаа төлөөгүй тул гэрээ сунгасан хугацаанд мөнгөө барагдуулна гэсэн нь нэмэгдүүлсэн хүү болон хүүний төлбөрөөс чөлөөлсөн хэлцэл хийгдсэн гэж дүгнэх боломжгүй байна. /хх-12/

            Нэхэмжлэгч “Ихгифт Финанс ББСБ” ХХК нь хариуцагч А.Ч т холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 12 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагаар үндсэн зээлийн төлбөр 5 000 000 төгрөг, хүүний төлбөрт 3 600 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3 960 000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч түүний төлөөлөгч 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буцааж шийдвэрлэжээ. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа буюу энэ хэрэгт  үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 5 140 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4 320 000 төгрөг нийт 14 460 000 төгрөг нэхэмжилсэн байна.  

            2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр товлосон шүүх хуралдаанд хариуцагч А.Ч  хүрэлцэн ирж зохигчийн эрх үүргээ хэрэгжүүлэн оролцсон ба хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй, хэрэв шүүх хуралдаан товлосон өдөр, цагтаа үргэлжилсэн бол шүүхээс шийдвэр гарч хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан. Тодруулбал: нэхэмжлэлийн шаардлагыг буцаасан нь хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ирээгүй талаар буюу хүндэтгэн үзэх шалтгааны талаар тайлбар гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүүний төлбөрийг анх шүүхэд гаргасан хугацаагаар буюу 25 сараар тооцож, хариуцагчаас төлсөн 4 320 000 төгрөгийг хасч, нэмэгдүүлсэн хүүг хуульд заасны дагуу 20 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож гаргуулахаар шийдвэрлэв.

            Иймд хариуцагч А.Ч аас үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүүний төлбөрт 3 600 000 төгрөг /2015.06.15-ны өдрөөс 2016.01.15-ны өдөр хүртэл 360 000х7 сар=2 520 000, 2016.01.15-2017.07.18 хүртэл 300 000х18 сар=5 400 000 төгрөг 2 520 000+5 400 000-4 320 000=3 600 000 төгрөг/ нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 720 000 төгрөг нийт 9 320 000 гаргуулан нэхэмжлэгч  “Ихгифт Финанс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 140 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 230 250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 164 070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ихгифт Финанс ББСБ” ХХК-д олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон                                         ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Ч аас 9 320 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ихгифт Финанс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 140 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 230 250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч А.Ч аас 164 070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ихгифт Финанс ББСБ” ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.АРИУНЦЭЦЭГ