Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0444

 

2016 оны 7 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0444

Улаанбаатар хот

 

Ө-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, түүний өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Б.Б нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийдвэртэй, Ө-н нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 154 дүгээр зүйлийн 154.3.3, 157 дугаар зүйлийн 157.2.5, 157.9, 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг тус тус баримтлан Ө-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ө-н2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Ө-с нэр дэвшүүлсэн Б.Б-г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Булган сумын 3 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн сонгуулийн хороонд даалгажээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: ... Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Монгол Ардын намаас нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгасан. Монгол Ардын намаас нэр дэвшүүлэхээр баримт бичиг ирүүлсэн Б.Б нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ С ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг гэж тусгасан байсан.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.3 дахь хэсэгт нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй гэсэн байх ба уг заалт нь заавал эрх бүхий байгууллагын албан тодорхойлолтоор нотлогддог заалт байх тул нэр дэвшигч энэ заалтыг хангаагүй мөн Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5 дахь хэсэгт заасан өр төлбөргүй болох тухай мэдүүлэгт 51 ба түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшдэг компанийн нэрийг бичсэн атлаа өртэй эсэх талаар дурдаагүй нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байна.

Дээрх асуудлыг аймгийн Сонгуулийн хорооны хуралдаанаар авч хэлэлцээд Б.Б нь С ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг боловч тухайн компанийнхаа албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй болохыг нотлох албан татварын тодорхойлолтыг ирүүлээгүй нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэж үзэж Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 200 тоот зөвлөмжийг үндэслэн олонхын саналаар Б.Б-г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тогтоол гаргасан ба дээрх үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс Өг нэр дэвшүүлэх этгээд биш гэж огт маргаагүй. Гагцхүү Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхэд иргэн, хуулийн этгээд оролцох эрхтэй гэсэн хуулийн шаардлагыг нэхэмжлэл гаргасан Монгол Ардын намын Өмнөговь аймаг дахь салбар болох Ө хангаж буй дээр маргасан болно.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Монгол Ардын намын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний бичилтэд намын даргаар Миеэгомбын Энхболдыг бүртгэсэн байх бөгөөд Монгол Ардын намын дүрмийн аймаг, нийслэлийн намын хороо, түүний эрх, үүрэг гэсэн 14 дүгээр хэсэгт аймгийн намын хороонд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргах эрх олгосон зохицуулалт байхгүй байна.

Тиймээс хариуцагч болон түүний өмгөөлөгч нэгэнт намын дүрэмдээ шүүхэд нэхэмжлэл гаргах асуудлыг аймгийн намын хоронд тусгайлан зааж эрх олгоогүй, Ө нь Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар салбар гэсэн ухагдахуунд хамаарч байхын хувьд Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 Салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна, 29.6 Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэсэн зохицуулалтыг үндэслэн Өг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд Монгол Ардын намын дарга Миеэгомбын Э-с тусгайлан итгэмжлэл авах ёстой гэж маргасан юм.

Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ө-н2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 11 дүгээр тогтоолоор Монгол Ардын Намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Булган сумын 3 дугаар тойрогт нэр дэвшүүлэхээр материал ирүүлсэн Б.Б-г баримт бичиг дутуу ирүүлсэн гэх үндэслэл зааж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Ө-с гаргасан Ө-н 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Булган сумын 3 дугаар тойрогт нэр дэвшигч Б овогтой Б-г бүртгэж тогтоол гаргах, уг сонгуульд нэр дэвшигчээр оролцуулахыг Өмнөговь аймгийн Сонгуулийн хороонд тус тус даалгах тухай нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Ө-н 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгүүлэх тухай 60 дугаар албан бичгээр тус аймгийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр Сонгуулийн тухай хуульд заасан материалуудыг бүрдүүлэн хүргүүлсэн[1] байх ба Булган сумын 3 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Б нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 153 дугаар зүйлийн 153.3, 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт заасан шаардлагаас гадна мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан нэр дэвшүүлсэн тухай шийдвэр, нэр дэвшигчдийн жагсаалт, нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл[2], нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг /сүүлийн бүтэн нэг жилийн/[3], энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг[4], нэр дэвшигчийн намтар[5] зэрэг баримт бичгүүдийг бүрдүүлж, хуульд заасан хугацаанд тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх шаардлагыг хангажээ.

Нэр дэвшигч Б.Б нь намтартаа С ХХК-ийн хувьцааг эзэмшдэг, захирал болох тухайгаа дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолтоор С ХХК-ийг шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тухай тодорхойлолтыг[6] хавсарган ирүүлсэн, харин Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх хэсэгт Шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна гэж зааснаар 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Татварын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид тодорхойлолт авахаар хандаж, улмаар С ХХК-ийг татварын өр төлбөргүй болохыг тодорхойлсон Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/354 дүгээр албан бичгийг татвар төлөгчийн картын хамт ирүүлсэн байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Ө-с нэр дэвшүүлсэн Б.Б нь хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангасан байхад түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан, хариуцагч Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо нь эрх хэмжээнийхээ хүрээнд гаргуулан авсан тодорхойлолтоо үнэлэхгүйгээр Б.Б-г нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлэх бөгөөд Ө нь Монгол Ардын намыг төлөөлж тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд иргэн Б.Б-г нэр дэвшүүлэх эрхтэй[7], улмаар нэр дэвшүүлж буй гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... нэгэнт намын дүрэмдээ шүүхэд нэхэмжлэл гаргах асуудлыг аймгийн намын хороонд тусгайлан зааж эрх олгоогүй, Өг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд Монгол Ардын намын дарга Миеэгомбын Э-с тусгайлан итгэмжлэл авах ёстой гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ