Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
Хэргийн индекс | 105/2015/1406/э |
Дугаар | 0164 |
Огноо | 2016-10-04 |
Зүйл хэсэг | 091.1., |
Улсын яллагч | М.Цэнд-Аюуш |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 0164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн, даргалж шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: Д.Чинзориг,
Улсын яллагч:М.Цэнд-Аюуш,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:Т.Туул,
Иргэдийн төлөөлөгч Г.Баяраа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Саранзул, шүүгдэгч П.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Пүрэвжавын Алтангэрэлд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201525010828 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Боржигон овогт Пүрэвжавын Алтангэрэл 1962 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, эрэгтэй, 54 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо,Улиастайн хэсэг,Шарын амын 11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1985 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Булган аймгийн шүүхийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ялыг Сэлэнгэ аймгийн Бэрлэг дэх хорих ангид эдлэж байгаад 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 02 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдаж байсан. РД: ФМ-62062674,
П.Алтангэрэл нь 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 15.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шарын амны 11 тоотод байх өөрийн гэртээ Д.Эрдэнэмөнхийг “чиний муу эхнэр хаана байна, миний мууг үзэх гэж хот руу явсан уу” гэж орж ирэхэд нь түүнийг хөөж гаргасны дараа Д.Эрдэнэмөнх нь дахин орж ирээд чамайг ална гэж зүй бусаар авирлахад нь түүний цээжин тус газар нь хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч П.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 14-15 цагийн хооронд талийгаач өөрөө хашаа давж Улиастайн Шарын амны 11 тоотод байх манай гэрт орж ирсэн. Намайг гамбир хайрч байхад орж ирээд агсам тавиад юм эвдээд байхаар нь би түүнтэй
зодолдоод хөөгөөд явуулсан. Дахин орж ирэхдээ гартаа чулуу барьсан байсан нь хальт харагдсан. Намайг босохын завдалгүй хүзүүдэн багалзуурдаж чирсэн. Би эрүүл байсан тулдаа л түүнд алуулалгүй үлдсэн. Талийгаач тэгж ноцолдохдоо гэрийг маань орвонгоор нь эргүүлсэн бөгөөд тэрийг би цагдаа ирэхээс өмнө янзалж, талийгаачийг гэрийнхээ гадна гаргасан нь буруу болсон байна. Манайд талийгаач дахин орж ирэхдээ багалзуурдсан, би эрүүл байсан тулдаа амьд үлдсэн гэдгээ байцаагчдаа дахин дахин хэлж байсныг маань мэдүүлгэн дээр минь дурдахгүй байгаад гомдолтой байгаа юм. Тэрнээс биш би түүнийг алах санаа байгаагүй. Гамбир хайрч байсан хутгыг би хэзээ авсанаа өөрөө сайн санахгүй байгаа юм. Мөн гэрчийн мэдүүлэг өгсөн Ажаахүү чавганц мэдүүлэг өгөхдөө “Алтангэрэл унагааж байгаад дээр нь гарч сууж байгаад зүрх рүү хутгалсан гэж ярьсан” гэж хэлсэн байна. Би түүнд тэгж яриагүй бөгөөд түүний утсыг гуйж л түргэн дуудахдаа “би талийгаачийг хутгалчихсан, гэдэснээс нь цус гараад байгаа учир түргэн дуудмаар байна” гэж хэлсэн юм. Тэрнээс биш өөр зүйл түүнтэй яриагүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саранзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ : Талийгаач Эрдэнэмөнх нь манай 6 дахь дүү юм. Дүү маань 1973 онд төрсөн. Дунд сургуулиа төгсөөд ээж, дүү нараа хараад хамт амьдардаг том хүү нь юм. Түүнийг хотод ирэхэд нь хашаа, үхэр аваад ээждээ туслуулах гэж Шарын аманд аваачаад 4 жил болж байна. Миний дүү архийг тэгтлээ их ууж байгаагүй. Ээжийгээ болон дүүгээ тэжээж явдаг хүн байсан. Мөн тэргүүний уран сайханч цолтой, сайн дуучин хүн байсан. Харин Шарын аманд байхдаа яагаад тэгж архи их уудаг байсныг мэдэхгүй. Алтангэрэл нь манай ах дүү болох учир дүү маань тэднийд очиж байдаг. Алтангэрэл дүү хоёр маань хамт архи уудаг нь үнэн байсан. Өнөөдөр Алтангэрэл нь дүүг маань “согтуу орж ирэхэд нь хөөж гаргасан. Буцаж орж ирэхдээ чулуутай орж ирсэн” гэлээ. Шинжээчийн дүгнэлтээс харахад манай дүү нь дунд зэргийн согтолттой байсан бөгөөд тэр яриад байгаа чулуу нь хэргийн газар байхгүй байсан. “Чулуу” гэх зүйл дээр эргэлзэж байна. Мөн амиа хамгаалах гэж хутгалсан гэлээ. Гэтэл Алтангэрэл нь эрүүл байсан байж яагаад заавал тэр хутгаар 2 удаа хутгалсан юм бэ. Энэ хэрэг жил гаран болсон байтал өөрийн хамаатан хүнийхээ ажил явдалд сэтгэл гаргаагүй юм. Мөн 100.000 төгрөг хохиролд өгсөн гэдэг. Гэвч тэр мөнгийг Алтангэрэл өөрийн сэтгэлээрээ өгөөгүй, хоёр хөгшин нь өгсөн гэж бодож байна. Оршуулгын зардал гэх 5.532.600 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүгдэгч П.Алтангэрэлийн өмнөх шүүх хурлын хэлэлцүүлэгт өгсөн:“…Хэрэгт мэдүүлэг өгсөн Зундуйдагвын хөгшин худал мэдүүлэг өгсөн байна. Тэр хүнтэй би огт харилцаагүй. Харин түүний өвгөнтэй утсаар яриулж өгөөч гэж хэлсэн. Анх би хэргийн газраас баригдахдаа болсон явдлын талаар бүх үнэнээ хэлсэн. Тухайн үед талийгаагаач намайг ална гээд багалзуурдаад чирэхэд нь өөрийгөө хамгаалж тэмцэж байгаад ийм хэрэг хийчихлээ. Би оногдох хариуцлагаа хүлээхэд бэлэн байгаа. Талийгаач чулуугаар бол намайг цохиогүй. Би хохирогчийг санаатай алах санаа зорилго байгаагүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саранзул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ : Бид эцэг эхээс 9-үүлээ юм.Талийгаач Эрдэнэмөнх айлын 6 дахь хүүхэд нь юм. Одоо 7 нь байгаа Эрдэнэмөнх бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй малчин, хугацаатай цэргийн алба хаасан, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй ухаан санаа эрүүл архаг хууч өвчин байхгүй. Дэлүүгээ авахуулж байсан. Архи тамхи бага зэрэг хэрэглэдэг Гэрэлмаа гэж хүүхэнтэй 1997 онд гэр бүл болж амьдарч байгаад салсан . 7 жил хамт амьдраад салсан. Нэг охинтой нэг охин нь одоо 17 настай одоогоос 4 жил гаруйн өмнө Отгоо хочтой хүүхэнтэй хамтран амьдрах болсон. Дундаасаа хүүхэд байхгүй. Зан байдлын хувьд төлөв даруухан хүнтэй нийцтэй харьцаатай, яриа хөөрөөтэй, малчин. Миний муу ээжийг ганц авч явдаг хүн байсан. Хааяа нэг уухдаа агсан согтуу тавьдаг байсан. Тэр нь энэ гэж хэлж болно. Манайх шарын голд очоод 4 жил болж байна. Ах дүүсийн хүүхдүүд Эрдэнэмөнх, Алтангэрэлийн эхнэр хоёр архи уухаараа ах дүүс шиг л байдаг ш дээ. Би ямар байнга хажууд нь байдаг биш. Оршуулгын зардалд 7 сая 627 мянга 600 төгрөг /7.624.600/ зарцуулсан. Энэ мөнгийг Алтангэрэлээс нэхэмжилж байна. Энэ 2 таарамжгүй харьцаатай эд хөрөнгийн асуудал байхгүй гэжээ. /1-р хх-ийн 33-34/
Гэрч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Эрдэнэмөнх нь манай хажуу талын ашаанд байдаг. Манайхтай хамар хашаанд амьдраад 4-5 жил болж байгаа,танихаас цаашгүй юм даа.Талийгаач эхнэртэйгээ хамт амьдардаг, хэдэн үхэр маллаж, ногоо тарьж амьдардагюм. Талийгаач архи их уудаг,уусан үедээ агсам зантай байнга орилж хашгирдаг. Архи уухаараа их авьтаргүй,ам хэл нь их хурц болж хүний дургүй хүргэмээр болчихдог. Гэхдээ уусан үед нь хүнтэй маргалдаж байхыг нь үзээгүй. 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр талийгаач хот руу ээжийнх рүүгээ явж байна гээд явж байсан ба гэртээ ирж хоноогүй. Тэгээд 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 15 цаг өнгөрч байхад сүүний машинтай ирж Алтангэрэлийн гэрийн ойролцоо буусан гэсэн. Бууж үлдэхдээ согтуу байсан гэсэн. Тэгтэл талийгаачийн эхнэр Алтанцэцэг “Эрдэнэмөнхийн бие муу байна гэнэ,очихоос”гэхээр нь би хамт явъя гээд иртэл талийгаач Алтангэрэлийн гэрт хутгалагдаж нас барсан байсан. Хэн хутгалсан юу болсон талаар мэдэхгүй. Алтангэрэл гэдэг хүнийг сайн мэдэхгүй. Ер нь их хөөрүү, сагсуу зантай, хааяа бас архи уучихдаг юм. Манай эндхийнх гэдгийг нь л мэднэ,зүс л мэддэг” гэсэн мэдүүлэг/хх-36-37/,
Гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:“...Эрдэнэмөнх өчигдөр 19 цагийн үед хот орж ээж дээрээ очно гээд сүүний машинд суугаад явсан. Талийгаач 16 цагий үед сүүний машинтай ирээд шарын аманд ирсэн байна гэж хамт явж ирсэн манай айлын Гэрэлээ утсаар надад хэлсэн. Шарын амнаас манай гэр 3-4 км зайтай. Би нөхөртэйгээ уулзаж гэртээ харих санаатай 17 цагийн үед ирэхэд талийгаачийг Алтангэрэлийн гэрт бусдад алуулсан гэж сонссон.Би талийгаачийн цогцсыг хараагүй. Алтангэрэл талийгаачийг алсан гэж өөрөө хэлж байгаа. Эгч дүүсийн хүүхдүүд юм. Энэ хоёр юунаас болж маргалдаад байдгийг нь хэлж мэдэхгүй. Архи уучихаараал хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаг. Аль аль нь л болдоггүй юм шиг байгаа юм. Одоогоос хэд хоногийн өмнө талийгаач Алтангэрэлийн эхнэрийг зодсон гэж ярьж байсан. Яагаад эхнэрийг нь зодсоныг нь хэлж мэдэхгүй. Алтангэрэлийн эхнэр нь бас архи уудаг. Алтангэрэл талийгаач хоёр саахалт бөгөөд 5-6 жил болж байгаа. Талийгаач архи ууна. Архи уухаараа нилээн агсам согтуу тавина. Хотоос ирэхдээ архи уучихсан гэж манай хажуу айлын Гэрэлээ надад хэлсэн. Архи уучихаараа л агсам тавих гээд байдаг болохоос биш эрүүлдээ ямар нэгэн ааш араншин байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-40-42/,
Гэрч Д.Сундуйдагвын мөрдөн байцаалтад өгсөн:“...Би тухайн үед гэрийнхээ саравчинд сууж байтал Алтангэрэл гаднаас орж ирээд түргэн, цагдаа дуудах шаардлагатай байна гэсэн. Эрдэнэмөнх үхэж байх шиг байна гэсэн. Тэгээд би наад заваарсан юмаа цаанаа шийд гэж уурлаад 102, 103 дугаарт 15 цагийн орчимд дуудлага өгсөн. Тэгэхэд Алтангэрэл “Эрдэнэмөнх надад орж ирж гай болоогүй бол би бургасанд явах байсан юм. Миний хутга руу орчихлоо гэсэн. Алтангэрэл гэхдээ хутгалсан гэж хэлээгүй, хутга руу орчихлоо л гэсэн. Миний ойлгосноор талийгаач Алтангэрэлийнд орж ирээд түүнийг өдсөн, түүнээс болж маргаан үүссэн гэж ойлгосон. Тухайн үед Алтангэрэл одоо би өнгөрсөн гээд жаахан сандарсан байдалтай байсан. Миний хувьд хэрэг болсон гэх газар руу ороогүй.
…Би саравчаа цэвэрлэж байгаад Алтангэрэлийг гэр рүү орохоор нь араас нь орсон. Би тухайн үед хөгшин Адъяахүүгийн хамт байсан. Би саравч цэвэрлэж байхдаа Алтангэрэлийн хашаанд хэн нэгэн хэрэлдэж маргалдсан талаар юм сонсоогүй, хараагүй” гэсэнмэдүүлэг/хх-2-13/,
Гэрч Ш.Доржхандын мөрдөн байцаалтад өгсөн:“...Алтангэрэл 1962 онд Булган аймгийн Орхон суманд төрсөн айлын 4 дэх хүү. Эцэг эхээс 7-уулаа Алтангэрэл бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, хугацаат цэргийн алба хаасан гэсэн. Урьд өмнө зодооны хэрэгт шалгагдаад 3 жил хорих ялаар шийтгүүлж байсан гэсэн. Ухаан санаа эрүүл. Бид хоёр гэр бүл болоод 16 жил болж байна. Бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй. Би нэг охинтой. Алтангэрэл тамхи татахгүй,өмнө нь татдаг байж байгаад гарчихсан. Архийг хааяа нэг тааралдвал ууна.Зан байдлын хувьд цагаан цайлган, цочир ууртай, хүнд их тусархуу тийм л хүндээ. Эрдэнэмөнхийн нас барсан аав нь манай ээжийн төрсөн ах юм. Бид нар ах дүүсийн хүүхдүүд юм. Хааяа орж гардаг. Эрдэнэмөнх Шарынаманд ирээд 4 жил болж байгаа. Хамгийн анх 4 жилийн өмнө Эрдэнэмөнхийн дүү нь хэрэгт холбогдоод 2 жилээр таслагдсан. Энэ байдалд тусалсангүй гэж нөхөр Алтангэрэл бид хоёрт агсам тавьсан. Тухайн үед зодоогүй, 2011 оны 03 дугаар сарын 8-ны өдөр мартын 8-ны баяр тэмдэглээд ганц хоёр шил архи уусан учир бага зэрэг халцгаасан. Тэгсэн чинь Эрдэнэмөнх дахиад манай дүүг шоронд явахад нь танай аав, дүү 2 чинь туслаагүй гэж өмнөх асуудлыг сөхсөн. Би тэгэхэд нь яахлаараа манай аав, дүү хоёр тусалдаг юм гэхэд хамрын голд өшиглөхөд нь миний хамарнаас цус гарсан, эхнэр нь миний цусыг угаасан. Бид ах дүүс учраас цагдаад гомдол гаргаагүй юм. 2015 оны сар шинийн 6-ны өдөр Эрдэнэмөнхийн гэрт нь очиж цайлсан юм. Тэгсэн чинь Эрдэнэмөнх танай аавын чинь нүд сохорсон,хуулийн ажил хийж хүний муу үзсээр байгаад хараал хүрсэн гэх зэргээр авирласан. Энэ асуудлаас болж маргалдахад миний зүүн дээд шанаан тус газар 3-4 удаа цохисон. Би энэ асуудлаар цагдаад хандаагүй тухайн үед талийгаачийн эхнэр нь байсан. 2015 оны 05 дугаар сарын 20- д гарч байхад манай хашааны гадаа согтуу ирчихээд оръё гээд байхаар нь хаалгаа тавихгүй, чимээгүй л хэвтээд байсан.Тэгсэн чинь амбаарын хаалганы хавтасыг татаж ороод гэрийн хаалгыг өшиглөсөн. Алтангэрэл хаалга эвдэх нь гээд хаалга онгойлгосон. Тухайн үед манай гэрэл шатсан байсан учир асаагуур асаасан. Би Эрдэнэмөнхөд “яах гэж орж ирсэн юм зайл,би чамд олон удаа зодуулсан цагдаад хэлээгүй нь их юм гэж бод” гэж хэлэхэд шууд хүрч ирээд миний толгойн тус газар гараараа 2 удаа цохисон. Энэ үед Алтангэрэл хувцасаа өмсөөд гараад явсан. Би бодохдоо Алтангэрэлий гзугтааж байна гэж бодсон. Намайг хамгийн анх зоддог жил Алтангэрэлийн духруу нь цохиод духыг нь хавтгасан байсан. 2014 оны 7 дугаар сард Алтангэрэлийн нүүр нь хавдсан байхаар нь юу болсон талаар нь асуухад Эрдэнэмөнхийг зодсон гэж ярьдаг” гэсэнмэдүүлэг/хх-47-49/,
Гэрч С.Бямбадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие Алтангэрэлтэй 2009 онд анх танилцсан. Би Алтангэрэлийн амьдарч байгаа газрын ойролцоо зусланд гардаг байсан. Алтангэрэл эхнэртэйгээ цугтаа амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн зан байдлын хувьд хүнд тусархуу цайлган зантай тийм л хүн байсан. Урьд өмнө ял шийтгэгдэж байсныг нь мэдэхгүй, Булганых гэж ярьж байсан. Ухаан санаа эрүүл, архаг өвчин мэдэгдэггүй. Үе үе архи уучихдаг, тамхи татдаггүй. Ер нь тэндэхийн хүмүүстэй өргөн харьцаатай нийтэч зантай хүн юм. Талийгаач Эрдэнэмөнхийг зүс мэднэ. Алтангэрэлийн эхнэртэй нь эгч дүүсийн хүүхдүүд юм. Эрдэнэмөнх миний ажигласнаар зан байдлын хувьд задгайдуу яриатай архи нилээн уучихдаг, уусан үедээ жаахан агсамдуу зантай, өнгөрсөн жил нэг халиу морьтой байсан. Согтуу морьтойгоо давхиж яваад намганд шигдэж морио алсан. Алтангэрэлийн эхнэр Доржханд нь Эрдэнэмөнхийг миний хамрыг цөм цохисон гэж ярьж байсан. Манайхаар ална гэж орж ирэх юм. Энэ үед Алтангэрэл зодуулна гэж айгаад гэрээсээ зугтаагаад явчихдаг гэж ярьж байсан. Эрдэнэмөнх 40 орчим настай залуу. Алтангэрэл нь 50 гарсан, зодолдох юм бол дийлэхгүй гэж ярьж байсан. Нөхрөө айгаад намайг хамгаалж чадахгүй гэж ярьж байсан”гэсэн мэдүүлэг/хх-50-51/,
Гэрч Гоогормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эрдэнэмөнх зан байдлын хувьд тун тааруухан, ирсэн цагаасаа хойш байнга л архи уудаг, айл амьтанд орж агсам согтуу тавьдаг. …Алтанцэцэг гэж сүүлд суусан эхнэрээ олон удаа зодсон байх. Байнга л хар нүдний шил зүүчихсэн явдаг,эхнэр нь хожим суусан юм болохоор үгүй л гэж хэлэх байлгүй дээ.Өөр олон хүнд агсам тавьж байхыг нь харж байсан. Савсагнаад л явж байдаг. Нөхөр бид хоёр шар хад явахдаа хүн ачаа их ачиж явдаг байсан. Нэг удаа ачаа ачиж байхад ирж суугаад явах гэхэд нь багтахгүй гэхэд манай нөхрийг цохиж байсан. Алтангэрэл нь манай энд ирээд 10-аад жил болж байгаа, мэр сэр архи уусан харагддаг. Уусан үедээ гэртээ уудаг байх. Гадуур яваад бусад хүнтэй маргаад байхыг нь мэдэхгүй. Алтангэрэл зан байдлын хувьд яг ямар хүн гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй ,би албан тушаалтай хүн учраас тэднийхээр хэд хэдэн удаа орж гарч байсан.Тэгэхэд байдгаараа л дайлаад гаргадаг. 2015 оны 5 сар хавьцаа байж магадгүй гэртээ ганцаараа байгаа, эхнэрийн бие муу байгаа, Эрдэнэмөнх эхнэрийг нь зодсон гэж ярьж байсан”гэсэн мэдүүлэг/хх-59-61/,
Гэрч Д.Баярмагнайгийн мөрдөн байцаалтад өгсөн:“...Эрдэнэмөнхийг танихгүй, зүсч сайн хараагүй. Алтангэрэлийг яг хэзээ нүүж ирснийг нь мэдэхгүй байна. Энд байдаг болохоор нь бие биенээ мэдэх болсон. Би одоо сар, өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна, энэ оны 5 дугаар сарын дундуур шиг санагдаж байна үд дундын үед шиг санаж байна. Би гэртээ ганцаараа байж байтал нэхий дээл өмсчихсөн, царай зүс нь цонхийсон орж ирэхээр нь юу болов гэхэд өнгөрсөн шөнө Хандаагийн дүү Эрдэнэмөнх согтуу орж ирээд агсам тавихаар нь зугтааж гараад хойд талынхаа барьж дуусгаагүй байшинд хоноод, Эрдэнэмөнх гэрт байгаад байх шиг байна тэгэхээр нь танайд орж ирлээ гэсэн. Гэртээ хонох гэхээр агсам тавиад айгаад гэж байсан. Алтангэрэл өмнө нь Эрдэнэмөнхийг манайд ирж эхнэр зодсон, намайг зодох гэлээ гэж ярьж байсан.Би зодуулж байхыг нь хараагүй….Эхнэр нь хэлэхдээ Эрдэнэмөнх шөнө бөөлжөөд надруу дайрсан, хацар билүү мөр рүү цохисон гэж хэлж байсан шиг санаж байна. Намайг харахад гэрийнх нь хойно байх ширээний өмнө шалан дээр 2 шил архины шил байсан. Миний ойлгосноор Эрдэнэмөнхийг орж ирэхээр Алтангэрэл зөрөөд зугтааж гарсан юм билээ. Буцаж гэртээ ирээд танай гэрт эхнэрээс чинь өөр хүн байхгүй байна гэхэд гэрлүүгээ орсон. Алтангэрэл хааяа манайхаар орж гарч л байдаг. Хүнд их тусархуу цайлган сэтгэлтэй хүнд хор хийхээргүй л харагддаг” гэсэн мэдүүлэг/хх-67-68/,
Гэрч Г.Цэвэлдуламийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 9 хүүхдийн эх, одоо 7 нь амьд сэрүүн байгаа. Миний талийгаач хүү Эрдэнэмөнх айлын 6 дахь хүү, бүрэн бус дунд боловсролтой, малчин, хугацаат цэргийн алба хаасан, хөдөө мал маллаж байсан, уран сайханч,миний хүү ачтай хүү байсан. …Одоо миний санаж байгаагаар 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр манай гэрээс өглөө гарч явсан. Урьд өдөр нь ирж аргал,сүү авчирч өгсөн байсан. Гэр лүүгээ явахгүй бол болохгүй, үхэр туглана гэж байсан. Машинд сууж явна гэж байсан. Орой нь нас барсан гэдгийг мэдсэн. Алтангэрэлийн эхнэр, Эрдэнэмөнх хоёр төрөл садангийн харьцаа холбоотой. Энэ хоёр ах дүүсийн хүүхдүүд учраас таарамжтай харьцаа холбоотой. Энэ хоёр хааяа хааяа архи дарс уух асуудал байдаг. Манай хүү ногоо тарихаар нь Алтангэрэл шуудай шуудайгаар нь аваад л явдаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-76-77/,
Гэрч Ц.Цогтбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хэрэг болдог өдөр Алтангэрэл, талийгаач нартай огт уулзаж ярилцаагүй. Сүүний машин ирэх үеэр талийгаач Эрдэнэмөнх Алтангэрэлийн хашаа руу ганцаараа орж байгаа харагдсан. Эрдэнэмөнх тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг нь анзаараагүй.
….Би тухайн үед гэрийнхээ үүдэн дээр зогсож байхад талийгаач хашаан дотор нь яваа харагдсан. Гэр дотор юу болсныг нь мэдэхгүй. Алтангэрэл манай гэр хоёр хоорондоо хоосон хашаатай. Тухайн үед Алтангэрэлийн хашааны хэсэг банз унасан байсан. Яг түүгээр талийгаач явж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 2-11/,
Гэрч Р.Аажаахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэртээ сууж байтал гаднаас Алтангэрэл утсаар ярих гээд л гүйгээд ороод ирсэн. Араас нь манай өвгөн орж ирсэн. Би тэгэхээр нь Алтангэрэлээс “яасан” гэж асуухад “би утсаар ярьмаар байна, хүн алчихлаа” гэсэн. Би тэгэхэд нь чи ямар гээч юм алчихваа гэхэд Эрдэнэмөнхийг алчихлаа гэсэн. Тэр нь ч гэсэн манай энд архи уучихаараа алдартай агсам согтуу тавьдаг залуу байсан юм. Алтангэрэл эхнэр рүүгээ яриад “чи ирж гэр орноо ав, би явлаа” гэсэн. Би сэргийлэх л авч явах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Би араас нь гарахад Эрдэнэмөнх үхчих шиг боллоо, хөдлөөд байсан хөдлөхөө больчихлоо, үхсэн хүн мэдэх үү? үзээд өгөөч гэхээр нь мэдэхгүй ээ? гэсэн. Энэ үед Эрдэнэмөнхийн эхнэр нь ирэхэд Алтангэрэл “би ч явлаа, чи ч амарлаа” гэж Эрдэнэмөнхийн эхнэрт хэлсэн. Би дотроо бодохдоо Эрдэнэмөнх эхнэрээ байнга зоддог учир тэгж хэлсэн байх гэж бодсон” гэсэн мэдүүлэг /хх-н 2-15/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1026 тоот дүгнэлтэд: “Талийгаачийн биед цээжний зүүн талын хөндийн нэвтэрсэн шарх, зүрхний зүүн ховдолын нэвтэрсэн шарх, цээжний 4,5-р хавирганы түвшиндэх нэвтрээгүй зөөлөн эдийн хавсан шарх тогтоогдлоо. Дээрх шархнууд нь ажлын хэсэг нь 2,5 см өргөнтэй, 8 см-ээс илүү урттай ир үзүүүртэй зүйлийн 2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.Цээжний хөндий нэвтэрсэн шарх нь ШЭГЗТЖ-ын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, цээжний зүүн хэсгийн хавсан шарх нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх тухайн цаг үед дээрх гэмтлүүд нь үүссэн байж болно.Шинжилгээгээр үхэлд хүргэхээр өвчин, эмгэгүгүй байлаа. Талийгаач нь цээжний зүүн хөндий, зүрхний зүүн ховдлыг нэвтэрсэн шархны улмаас үнхэлцэг дэх цусанд зүрх дарагдаж нас баржээ.Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Шинжилгээгээр талийгаач нь 1-р бүлгийн цустай байна” гэсэн дүгнэлт/хх-80-82/,
Шинжээчийн 5208 тоот дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн Д.Эрдэнэмөнхийн гэх цусанд 2,3 промилли, ходоодны шингэнд 2,8 промилли спиртийн агууламж илэрсэн” гэжээ/хх-83/,
Шинжээчийн 5209 тоот дүгнэлтэнд: “Талийгаач Д.Эрдэнэмөнхийн гэх цус нь АВО системээр O/I/ бүлгийн харъяалалтай байна” гэсэн дүгнэлт /хх-84/,
Шинжээчийн 5169 тоот дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн П.Алтангэрэлийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй байна” гэжээ/хх-86/,
Шинжээчийн 5432 тоот дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх футболк, бэлтгэлийн цамцнууд дээр цус илэрсэн. АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.Бусад хувцаснууд дээр цус илрээгүй” гэжээ/хх-94/,
Шүүх сэтгэц, эмгэг судлалын 737 тоот дүгнэлтэд: “П.Алтангэрэл нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан байна. Алтангэрэл нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Алтангэрэл н сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Алтангэрэлд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Алтангэрэл нь санаа сэтгэл нь хүчтэй цочирон давчидсан гэх баримт шинж үгүй байна” гэжээ. /хх-162/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, ажлын хэсэг томилох тухай /хх-4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8, 91-94/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 14/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-147/, тодорхойлолт /хх-н 117/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-132/зэрэг болно.
П.Алтангэрэл нь 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Шарын амны 11 тоотод буюу өөрийн гэртээ Д.Эрдэнэмөнхийг “чиний муу эхнэр хаана байна, миний мууг үзэх гэж хот руу явсан уу” гэж орж ирэхэд нь өөдөөс нь маргалдан улмаар түүнийг хөөж гаргасны дараа Д.Эрдэнэмөнх нь дахин орж ирээд чамайг ална гэж барьцалдаж авах үед нь түүний цээжин тус газар нь 2 удаа хутгалж санаатай алсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
“Талийгаачийн биед цээжний зүүн талын хөндийн нэвтэрсэн шарх, зүрхний зүүн ховдолын нэвтэрсэн шарх, цээжний 4,5-р хавирганы түвшин дэх нэвтрээгүй зөөлөн эдийн хавсан шарх тогтоогдлоо. Дээрх шархнууд нь ажлын хэсэг нь 2,5 см өргөнтэй, 8 см-ээс илүү урттай ир үзүүүртэй зүйлийн 2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Цээжний хөндий нэвтэрсэн шарх нь ШЭГЗТЖ-ын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, цээжний зүүн хэсгийн хавсан шарх нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх тухайн цаг үед дээрх гэмтлүүд нь үүссэн байж болно. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр өвчин, эмгэггүй байлаа. Талийгаач нь цээжний зүүн хөндий, зүрхний зүүн ховдлыг нэвтэрсэн шархны улмаас үнхэлцэг дэх цусанд зүрх дарагдаж нас баржээ.Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Шинжилгээгээр талийгаач нь 1-р бүлгийн цустай байна” гэсэн дүгнэлт /хх-н 82/
Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэгтээ: талийгаач намайг ална гээд багалзуурдаад чирэхэд нь өөрийгөө хамгаалж тэмцэж байгаад ийм хэрэг хийчихлээ. Би оногдох хариуцлагаа хүлээхэд бэлэн байгаа. Талийгаач чулуугаар бол намайг цохиогүй гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгч П.Алтангэрэл нь талийгаач Д.Эрдэнэмөнхийг согтуурсан үедээ дахин дахин орж маргаан үүсгэн агсан тавиад барьцалдаж авахаар нь тосон дотор байсан хутгыг авч Д.Эрдэнэмөнхийн цээжин тус газар нь 2 удаа хутгалж амь насыг нь хохироосон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх ба түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.Тэдний хооронд хувийн таарамжгүй харьцаа байсан нь хэрэгт авагдсан гэрүүдийн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байна.
Иймд П.Алтангэрэлийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч П.Алтангэрэлийн өмгөөлөгчийн “…уг хэрэг нь сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны улмаас үйлдэгдсэн тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн мэдүүлгээс өөр ямар нэгэн нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан гэрч нараас дахин мэдүүлэг авсан боловч гэмт хэргийн сэдэлтийг тогтоох ач холбогдолтой нотлох баримт шинээр илрээгүй, мөн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
П.Алтангэрэл нь 1985 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Булган аймгийн шүүхийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ялыг Сэлэнгэ аймгийн Бэрлэг дэх хорих ангид эдлэж байгаад 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 02 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдаж байсан байна.Эрүүгийн хуульд зааснаар ялгүй болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 7.627.600 төгрөг нэхэмжилсэн байх ба уг нэхэмжлэлээс шашны зан үйлтэй холбоотой гарсан 695.000 төгрөг, 1.400.000 төгрөг, нийт 2.095.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 5.532.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар ногоон иштэй хутга нэг ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвжавын Алтангэрэлийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар П.Алтангэрэлийг 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Алтангэрэлд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар ногоон иштэй хутгыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч П.Алтангэрэлээс оршуулгын зардалд 5.532.600 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 1-252 тоотод оршин суудаг /РД: НЙ 69101800/ Д.Саранзулд олгосугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Алтангэрэлд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэс өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.
9.Шүүхийн тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
11. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Алтангэрэлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД С.ӨСӨХБАЯР
Т.ШИНЭБАЯР