Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 449

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ВЮ, Боржигон овогт Б-ийн Д-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д п ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохиролд  82 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг  хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа, гэрч Э.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов. 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д п   ХХК нь Б.Д-тай 2013 онд 138 м.кв гараж бүхий 2 давхар канад амины орон сууц барилга, засварын ажлыг хийх нөхцөлтэй “Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж ажлын төлбөрт 63 000 000 төгрөгийг авахаар тохиролцсон. Улмаар ажлын явцад гэрээний үнийг 20 000 000 төгрөгөөр өсгөсөн ба үүний дараа дахин 2 000 000 төгрөгөөр өсгөж нийт 85 000 000 төгрөг болгосон. Үүнээс 74 500 000 төгрөгийг бэлнээр цувуулан авсан бөгөөд мөн миний өмчлөлийн портер машиныг 10 500 000 төгрөгт тооцон бичиг баримтыг шилжүүлэн авсан. Ингээд нийт гэрээний үнийн дүн болох 85 000 000 төгрөгийг надаас бүрэн авсан. Гэтэл гэрээ байгуулснаас хойш 1 сарын хугацаанд барилгаа барьж байгаад орхиж явсан ба өнөөг хүртэл барилгаа бариагүй байна. Улмаар миний бие 2016 оны 8-р сард уг хэргийг цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан боловч 2016 оны 12-р сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний шүүхэд хандахаар шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 30 000 000 орчим төгрөгийн ажил хийгдсэн бөгөөд 4 жил эзгүй орхисноос барилга элэгдэлд орж эхэлсэн. Тиймээс миний бие гэрээний үүргээ биелүүлээгүй компаниас нийт өгсөн 85 000 000 төгрөгөөсөө хийсэн ажлын төлбөрт 30 000 000 төгрөгийг хасаж, үлдсэн 55 000 000 төгрөгөө, мөн гэрээний 6.2-т заасан “Хэрэв гүйцэтгэгч энэхүү гэрээний 2.1-т заасан хугацаанд захиалагчид актаар хүлээлгэн өгөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувийн алданги тооцон захиалагчид төлнө” гэж заасны дагуу барилга баригдаж дуусах байсан хугацаа болох 2013 оны 6-р сарын 1-нээс хойш хугацааны алдангийг тооцон нэхэмжилнэ. Иргэний хуульд заасны дагуу алдангийн дээд хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул 55 000 000 төгрөг, алданги 27 500 000 төгрөг нийт 82 500 000 төгрөгийг Д п   ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д-  нь зуслангийн хашаандаа 3 давхар канад хаус бариулахаар 2013 оны 3-р сард  Эрдэнэбаяр, Батчулуун нартай холбогдсон. н.Батчулуун нь Б.Д- ын нөхрийн хүргэн байсан, одоо бол дүүгээс нь салсан. Тухайн үед Эрдэнэбаяр, Батчулуун нар нь ...манайх үйл ажиллагаа явуулж байгаагүй, одоо л эхлэж байгаа учраас мөнгөө өгчихвөл бид богино хугацаанд, хямд зардлаар барилгыг барьж өгнө гэсэн байдаг. Эхлээд 2013 оны 4-р сарын 01-ний өдөр 64 м.кв талбай бүхий байшин бариулахаар тохирсон боловч 15 хоногийн дараа хэмжээг нь 138 м.кв болгосон. Ингээд хэмжээ томрохоор үнийн дүн өссөн, тэгээд 2013 оны 4-р сарын 15-нд гэрээ хийсэн. Барилгын ажил эхлээд санхүүжилтийг Б.Д- аас хэд хэдэн удаа гаргуулж 63 000 000 төгрөгөөр баригдах барилгат 74 500 000 төгрөгийг Д п   ХХК авсан. Хавтас хэрэгт 51 500 000 төгрөг, 23 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримт нь байгаа. Мөн н.Батчулуун нь Б.Д- аас Солонгос улсаас оруулж ирсэн “Портер” машиныг 10 500 000 төгрөгөнд тооцож авсан. Ингээд нийт ажлын өртөг 85 000 000 төгрөг болсон. Гэтэл 2013 оны зун барилгыг талд нь оруулаад бүрэн зогссон. Үүнээс хойш Даваажаргал нь байшинг барьж дуусгах талаар утсаар ярьж, цугларч уулзахдаа болон нөхрөөрөө дамжуулж байнга ярьж байсан. Гэвч барилга баригдах боломжгүй нь тодорхой болсон тул Батчулуун, Эрдэнэбаяр нарт холбогдуулан гомдол гаргаснаар 2016 оны 9-р сарын 21-ний өдөр прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Прокурор 2016 оны 12-р сарын 28-ны өдөр ...энэ маргаан нь иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан, гэрээний дагуу иргэний журмаар шийдвэрлэвэл зохих асуудал...гэж үзээд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа одоо баригдсан байгаа барилга 30 000 000 төгрөгийн үнэлгээтэй гэж үзээд 85 000 000 төгрөгнөөс хасч 55 000 000 төгрөг нэхэмжилсэн. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар алданги 27 500 000 төгрөг  нийт 82 500 000 төгрөгийг нэхэмжилсэн. Ингээд 2 талд барилгын үнийн зөрүү гарсан тул шинжээч томилуулсан. Шинжээчийн дүгнэлтээр барилга 53 466 850 төгрөг гэсэн дүгнэлт гаргасан. Дахин шинжээч томилуулахаар цаг хугацаа орох байсан учраас энэ үнийн дүнг зарчмын хувьд зөвшөөрч байгаа. Үүнээс, Д п   ХХК-д шилжүүлсэн 85 000 000 төгрөгөөс 53 500 000 төгрөгийг хасч 31 500 000 төгрөгийн хохирол учирсан, үүнд алданги 15 750 000 төгрөгийг нэмж нийт 47 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Нэхэмжлэгч 2016 оны 9-р сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ хэргийг Прокурорын газар шалгаад хэрэгсэхгүй болгосон. 2013 оны 4-р сарын 15-ны өдөр Б.Д-  нь  Эрдэнэбаяртай гэрээ байгуулсан байдаг. Р.Эрдэнэбаяр нь “Д п  ” ХХК-тай ямар ч холбоогүй. Б.Д-  нь 1 давхар барилга бариулна гэж тохирсон боловч 3 давхар болгоё гэсэн. Тэгэхээр анх тохирсон 63 000 000 төгрөг хүрэхгүй нь ойлгомтой бөгөөд 2, 3 дахь давхар нь адилхан 63 000 000 төгрөг болно. Нэхэмжлэгч 1 давхар барилгын үнээр 3 давхар барилга, гаражийг бариулсан. Хариуцагчийн маргаад байгаа шалтгаан нь мөнгө нь 3 давхар барилгат хүрэхгүй тул нэмэх, хариуцагч нь Эрдэнэбаяр, Батчулуун хоёр байгаа. Гэрээг нөхрийнхөө дүүгийн нөхөр болох Эрдэнэбаяртай байгуулсан. Үүнээс үзэхэд “Д п  ” ХХК нь хариуцагч биш, компанид нэг ч төгрөг ороогүй. Б.Д-  нь Эрдэнэбаяр гэдэг хүнтэй тохироод мөнгөө өгөөд байсан. Тийм учраас 2013 оны 4-р сарын 15-ны барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Д п  ” ХХК-ийн ажилчид авчирсан мөнгөнд нь ажлыг сайн хийсэн,  сүүлдээ мөнгөө өгөхгүй барилга зогссон. Шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг аваад үзвэл 2017 оны 6-р сарны 7-нд “Д п  ” ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсэн хугацаа алдагдсан,  2017 оны 10-р сарын 25-ны байдлаар 4 жилийн дараа нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах хугацаа дуусгавар болсон гэж үзэж байгаа. Одоо нэхэмжилж байгаа 31 500 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Батчулууны хувьд тухайн үед ажиллаж байсан 20 ажилтны цалинг өөрөөсөө өгч байсан, эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгөхдөө энэ талаар хэлсэн байдаг. Барилгат 58 461 450 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн нь цаашдаа ийм зардлаар босох юм гэдгийг харуулсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Д-  нь Д п   ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохиролд  82 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 47 250 000 төгрөг гаргуулахаар шаардсан, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 39 827 825 төгрөгийг гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Б.Д-  нь Д п   ХХК-тай 2013 оны 04-р сарын 01-ний өдөр “Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж 64 м.кв талбай бүхий амины орон сууцны ажлыг гүйцэтгүүлэх, ажлын хөлс 32 000 000 төгрөгийг төлөхөөр /хх 25-28/  тохирчээ.

 

            Талууд 2013 оны 4-р сарын 15-ны өдрийн гэрээгээр байшингийн талбайн хэмжээг 138 м.кв болгож, ажлыг 45 хоногийн дотор гүйцэтгүүлэх, ажлын хөлс 63 000 000 төгрөг төлөхөөр гэрээгээ өөрчилсөн /хх 5-9, 29-33/ байх ба гэрээний дагуу захиалагч нь Д п   ХХК-д 2013 оны 6-р сарын 16-ны өдөр 0616 тоот кассын орлогын ордероор 51 500 000 төгрөг, 0617 тоот ордероор 23 000 000 төгрөгийг /хх 10/, мөн Портер маркийн машиныг 10 500 000 төгрөгт тооцон нийт 85 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

            Харин талуудын хооронд захиалагч нь байшингийн талбайн хэмжээг ихэсгэсэн, гүйцэтгэгч нь шилжүүлсэн мөнгө нь байшинг барихад хүрэлцэхгүй гэснээс маргаж, гүйцэтгэгч барилгын ажлыг дутуу орсон нь зохигчийн тайлбар, гэрч Э.Батчулууны  мэдүүлгээр тогтоогджээ. 

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, энэ хугацааг хэтрүүлсэн, мөнгө нь Д п   ХХК-д ороогүй, хариуцагч биш” гэж маргасан байна.

 

            Д п   ХХК-д мөнгийг шилжүүлсэн, барилгын ажлыг гүйцэтгэсэн нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, Иргэний хуулийн 72-р зүйлийн 72.2.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар тогтоосон тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзнэ.

           

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Согоотын зусланд баригдсан 2 давхар, гараж бүхий амины орон сууцны зориулалтаар баригдсан барилгын ажлын хэмжээ, үнэлгээг шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд Хөрөнгийн үнэлгээ төв ХХК-ний 2018 оны 01-р сарын 22-ны өдрийн 21 тоот дүгнэлтээр барилга барихад 58 461 450 төгрөгийн зардал гарсныг /хх 108-126/ тогтоожээ.

 

            Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа 53 500 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэж энэ хэмжээгээр багасгасан боловч 58 461 450 төгрөгийн зардал гарсан гэж үзнэ.

 

            Захиалагчийн шилжүүлсэн 85 000 000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэгчийн гаргасан зардал 58 461 450 төгрөгийг хасч үлдэх төгрөгийг 26 558 550 хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

            Талууд гэрээний 6 дахь хэсэгт “...гүйцэтгэгч гэрээний 2.1-д заасан хугацаанд захиалагчид актаар хүлээлгэн өгөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлөх”-өөр тохирсон байх ба гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй 26 558 550 төгрөгийн ажлаас 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги буюу 13 269 275 төгрөгийн алданги тооцож  нийт 39 827 825 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Б.Д-  нь          Э.Батчулуун, Р.Эрдэнэбаяр нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргаж шалгуулсан бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн 1735 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй /хх 11/ болгосон, хэргийн 34-95 дахь талд авагдсан баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт цугларсан баримтууд байна.  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэг, 352-р зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д п   ХХК-иас 39 827 275  /гучин есөн сая найман зуун хорин долоон мянга найман зуун хорин тав/ төгрөг гаргуулж Б-ийн Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болох 7 422 175 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570 450 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д п   ХХК-иас 357 089 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА