Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01074

 

Б.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/00449 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Дын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Д ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохиролд 82 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д ХХК нь Б.Д-тай 2013 онд 138 м.кв гараж бүхий 2 давхар канад амины орон сууц барилга, засварын ажлыг хийхээр гэрээ байгуулж ажлын хөлс 63 000 000 төгрөгийг авахаар тохиролцсон. Улмаар ажлын явцад гэрээний үнийг 20 000 000 төгрөгөөр өсгөсөн ба үүний дараа дахин 2 000 000 төгрөгөөр өсгөж нийт 85 000 000 төгрөг болгосон. Үүнээс 74 500 000 төгрөгийг бэлнээр цувуулан авсан бөгөөд портер машиныг 10 500 000 төгрөгт тооцон бичиг баримтыг шилжүүлэн авсан. Ингээд нийт гэрээний үнийн дүн болох 85 000 000 төгрөгийг  бүрэн авсан. Гэтэл гэрээ байгуулснаас хойш 1 сарын хугацаанд барилгаа барьж байгаад орхиж явсан ба өнөөг хүртэл барилгаа бариагүй байна. Улмаар 2016 оны 8-р сард уг хэргийг цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан боловч 2016 оны 12-р сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний шүүхэд хандахаар шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 30 000 000 орчим төгрөгийн ажил хийгдсэн бөгөөд 4 жил эзгүй орхисноос барилга элэгдэлд орж эхэлсэн. Тиймээс гэрээний үүргээ биелүүлээгүй компаниас нийт өгсөн 85 000 000 төгрөгөөсөө хийсэн ажлын төлбөрт 30 000 000 төгрөгийг хасаж, үлдсэн 55 000 000 төгрөгөө, мөн гэрээний 6.2-т заасан “Хэрэв гүйцэтгэгч энэхүү гэрээний 2.1-т заасан хугацаанд захиалагчид актаар хүлээлгэн өгөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,3 хувийн алданги тооцон 55 000 000 төгрөг, алданги 27 500 000 төгрөг нийт 82 500 000 төгрөгийг Д ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь зуслангийн хашаандаа 3 давхар канад хаус бариулахаар 2013 оны 3-р сард Э, Б нартай холбогдсон. н.Б нь Б.Дын нөхрийн хүргэн байсан, одоо бол дүүгээс нь салсан. Тухайн үед Э, Б нар нь манайх үйл ажиллагаа явуулж байгаагүй, одоо л эхлэж байгаа учраас мөнгөө өгчихвөл бид богино хугацаанд, хямд зардлаар барилгыг барьж өгнө гэсэн байдаг. Эхлээд 2013 оны 4-р сарын 01-ний өдөр 64 м.кв талбай бүхий байшин бариулахаар тохирсон боловч 15 хоногийн дараа хэмжээг нь 138 м.кв болгосон. Ингээд хэмжээ томрохоор үнийн дүн өссөн, тэгээд 2013 оны 4-р сарын 15-нд гэрээ хийсэн. Барилгын ажил эхлээд санхүүжилтийг Б.Даас хэд хэдэн удаа гаргуулж 63 000 000 төгрөгөөр баригдах барилгад 74 500 000 төгрөгийг Д ХХК авсан. Хавтас хэрэгт 51 500 000 төгрөг, 23 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримт нь байгаа. Мөн н.Б нь Б.Даас Солонгос улсаас оруулж ирсэн “Портер” машиныг 10 500 000 төгрөгт тооцож авсан. Нийт 85 000 000 төгрөг болсон. Гэтэл 2013 оны зун барилгыг талд нь оруулаад бүрэн зогссон. Үүнээс хойш Д нь байшинг барьж дуусгах талаар утсаар ярьж, цугларч уулзахдаа болон нөхрөөрөө дамжуулж байнга ярьж байсан. Гэвч барилга баригдах боломжгүй нь тодорхой болсон тул Б, Э нарт холбогдуулан гомдол гаргаснаар 2016 оны 9-р сарын 21-ний өдөр прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Прокурор 2016 оны 12-р сарын 28-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид барилга 30 000 000 төгрөгийн үнэлгээтэй гэж үзээд 85 000 000 төгрөгнөөс хасч 55 000 000 төгрөг нэхэмжилсэн. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар алданги 27 500 000 төгрөг нийт 82 500 000 төгрөгийг нэхэмжилсэн. Ингээд 2 талд барилгын үнийн зөрүү гарсан тул шинжээч томилуулсан. Шинжээчийн дүгнэлтээр барилга 53 466 850 төгрөг гэсэн дүгнэлт гаргасан. Дахин шинжээч томилуулахаар цаг хугацаа орох байсан учраас энэ үнийн дүнг зарчмын хувьд зөвшөөрч байгаа. Үүнээс, Д ХХК-д шилжүүлсэн 85 000 000 төгрөгөөс 53 500 000 төгрөгийг хасч 31 500 000 төгрөгийн хохирол учирсан, үүнд алданги 15 750 000 төгрөгийг нэмж нийт 47 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Нэхэмжлэгч 2016 оны 9-р сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ хэргийг Прокурорын газар шалгаад хэрэгсэхгүй болгосон. 2013 оны 4-р сарын 15-ны өдөр Б.Д нь  Этай гэрээ байгуулсан байдаг. Р.Э нь “Д” ХХК-тай ямар ч холбоогүй. Б.Д нь 1 давхар барилга бариулна гэж тохирсон боловч 3 давхар болгоё гэсэн. Тэгэхээр анх тохирсон 63 000 000 төгрөг хүрэхгүй нь ойлгомтой бөгөөд 2, 3 дахь давхар нь адилхан 63 000 000 төгрөг болно. Нэхэмжлэгч 1 давхар барилгын үнээр 3 давхар барилга, гаражийг бариулсан. Хариуцагчийн маргаад байгаа шалтгаан нь мөнгө нь 3 давхар барилгад хүрэхгүй тул нэмэх, хариуцагч нь Э, Б хоёр байгаа. Гэрээг нөхрийнхөө дүүгийн нөхөр болох Этай байгуулсан. Үүнээс үзэхэд “Д” ХХК нь хариуцагч биш, компанид нэг ч төгрөг ороогүй. Б.Д нь Э гэдэг хүнтэй тохироод мөнгөө өгөөд байсан. Тийм учраас 2013 оны 4-р сарын 15-ны барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Д” ХХК-ийн ажилчид мөнгөнд нь ажлыг сайн хийсэн,  сүүлдээ мөнгөө өгөхгүй барилга зогссон. Шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг аваад үзвэл 2017 оны 6-р сарны 7-нд “Д” ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан , хөөн хэлэлцэх хугацаа  алдагдсан,  2017 оны 10-р сарын 25-ны байдлаар 4 жилийн дараа нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна.  Барилгад 58 461 450 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн нь цаашдаа ийм зардлаар босох юм гэдгийг харуулсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэг, 352-р зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д ХХК-иас 39 827 275  /гучин есөн сая найман зуун хорин долоон мянга найман зуун хорин тав/ төгрөг гаргуулж Б Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болох 7 422 175 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 357 089 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээг хуулийн этгээдтэй байгуулаагүй, Р.Этай байгуулсан. Р.Э, Б.Д нар манай компанид мөнгө шилжүүлээгүй, манай компанийг үндэслэлгүйгээр өрөнд оруулж байгааг шүүгч үнэн зөвөөр нь дүгнээгүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан байна. Хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан гэрээгээр үүрэг хариуцлага хүлээлгэнэ, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгт холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч нэхэмжлэлийг хангасан байгааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлсэн боловч талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл, алдангид нийт 82 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 47 250 000 төгрөг болгожээ. /хх 138-142 ийн дугаар хуудас/

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр ажлын хөлсөнд  нийт 85 000 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ. / хх-ийн 10, 138-142 дугаар хуудас/

 

Хариуцагч тал ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилоход нийт 58 461 450 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн дүгнэлт гарчээ./ хх-ийн 108-115 дугаар хуудас/

 

Хариуцагч нь төсөв хүрэлцэхгүйгээс ажил зогссон гэх тайлбарыг гаргасан боловч төсвийн хэмжээ нэмэгдсэн талаарх тооцоолол, төсөв, энэ талаар захиалагчид нэн даруй мэдэгдсэн гэх байдлаа нотлоогүй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, энэ хугацааг хэтрүүлсэн, ажлын хөлс Д ХХК-д ороогүй, хариуцагч биш” гэж тодорхойлсон.

 

Д ХХК-д мөнгийг шилжүүлсэн, барилгын ажлыг гүйцэтгэсэн нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч барилгын ажлаа дуусгахыг удаа дараа хариуцагчаас шаардаж байсан, улмаар цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан тул гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дах хэсэгт зааснаар хариуцагч буюу ажил гүйцэтгэгчийн хийсэн ажлын үр дүн, гэрээгээр нийт хүлээн авсан ажлын хөлсний зөрүү нь 26 538 550 төгрөг байх бөгөөд уг үнийн дүнг хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Харин алданги нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйд тооцож буй хариуцлага тул гэрээ цуцлагдаж, татгалзаж талууд гэрээний гүйцэтгэлийг буцааж буй нөхцөлд хэрэглэгдэхгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь зөв боловч гэрээнээс татгалзахтай холбоотой зохицуулалт болох мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.6-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/00449 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 26 538 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 711 450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дах заалтын “357 089” гэснийг “290 642” гэж тус тус өөрчлөн хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Л.Нгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД