Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00109

 

 Эм Жи Жи И Си ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/01628 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар 02-ны өдрийн 1452 дугаар магадлалтай,

 Эм Жи Жи И Си ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Эрдэнэсайханд холбогдох,

Гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги 23 740 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвнямсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвнямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэн Г.Эрдэнэсайхан нь Эм Жи Жи И Си ХХК-тай №С-009 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан байх бөгөөд уг гэрээг байгуулахдаа Г.Эрдэнэсайхан нь Эм Жи Жи И Си ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх удирдлага Э.Мандуулын зөвшөөрөлгүйгээр компанид ямар нэгэн албан тушаал хашдаггүй, хамааралгүй этгээд болох Д.Наранцэцэгийн хамт Сувдан сондор хотхон дахь компанийн оффис дээр байлцан, борлуулалтын менежер Ц.Өлзийсайханы эзгүйд түүний албан ажилд ашигладаг компьютерийг нягтлан О.Ханбүргэдээр дур мэдэн асаалган, Э.Мандуулын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №2016/39 дугаар тушаалаар баталсан Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний төсөлд өөрчлөлт оруулж 8.3 гэх заалтыг нэмж найруулан тухайн үед компанид ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №16/001 тоот Хөлсөөр ажиллах гэрээ-ний дагуу Сувдан сондор хотхоны Е блок буюу 71Б барилгыг бариулах ажпыг гүйцэтгэж байсан хөлсөөр ажиллагч Г.Отгонбаяраар гарын үсэг зуруулж, компанийн оффист байсан тамгыг даруулан 2 дугаар орцны 8 дугаар давхар дахь 809 тоот 71.4 м.кв орон сууцыг 1 м.кв-ын үнийг 1 750 000 төгрөгөөр тооцож, нийт 124 950 000 төгрөгөөр худалдан авсан. Ийнхүү худалдан авахдаа төлбөр тооцоог дараах хуваариар төлсөн: 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 49 980 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 12 495 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 62 475 000 төгрөг төлсөн.

Г.Эрдэнэсайхан нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр уг гэрээтэй холбогдуулж Эм Жи Жи И Си ХХК-ийг хариуцагчаар татан гэрээнээс учирсан 145 хоногийн алдангид нийт 45 294 375 төгрөг тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хянаж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03624 дугаар шийдвэрийг гаргасан. Тухайн анхан шатны шүүхийн шийдвэрээр №С-009 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд талууд гарын үсгээ зурсан байх тул хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн. Мөн шүүх алданги тооцохдоо барилгыг Улсын комисс хүлээн авч акт гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс Байр хүлээлцэх акт үйлдсэн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх 62 хоногийн алданги 19 367 250 төгрөгийг Г.Эрдэнэсайханд гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 25 927 125 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Эм Жи Жи И Си ХХК-ийн зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03624 дугаар шийдвэрт дараах үндэслэлийг тайлбарлаж гомдол гаргасан: ...Гэрээний 8.3 дахь хэсэгт Гүйцэтгэгч тал 5.1 дүгээр зүйлд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд, хэтэрсэн хоног тутамд төлсөн мөнгөнд 0.5 хувь алданги хүлээнэ, 5.1 дэх хэсэгт гүйцэтгэгч тал нь барилга угсралтын ажил графикийн дагуу хэвийн явагдсан нөхцөлд орон сууцны барилгыг 2017 оны 3 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгоно гэж тус тус заасныг анхан шатны шүүх хайхралгүй дүгнэн, алданги тооцохдоо хугацааг буруу тодорхойлж алдаатай шийдвэр гаргасан байх тул Г.Эрдэнэсайханд өгсөн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 32 тоот албан бичиг дахь барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс барилга дээр Улсын комисс ажиллаж хүлээн авсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 68 хоногийн 21 241 500 төгрөгийн алдангийг төлөх нь үндэслэлтэй буюу Улсын комисс барилгыг хүлээн авснаар Эм Жи Жи И Си ХХК-ийн хувьд гэрээний дагуух үүрэг хүлээх хугацаа дуусгавар болж байна гэж үзсэн. Тухайн давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс бүрэн хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулан Г.Эрдэнэсайханд нийт 21,241,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 227 дугаар магадлалыг гаргасан.

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №С-009 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 5.2 дахь хэсэгт Орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг захиалагч талд мэдэгдэх бөгөөд захиалагч тал нь үлдэгдэл төлбөрөө төлж, мэдэгдсэн хугацаанд эсвэл тийнхүү мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор орон сууцыг хүлээн авах үүрэгтэй гэж заасан байх бөгөөд Г.Эрдэнэсайхан нь барилгыг Улсын комисс хүлээн авсан өдрийн маргааш өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сувдан сондор хотхон дахь компанийн оффис дээр өөрийн биеэр ирж борлуулалтын менежер Ц.Өлзийсайхан болон тухайн үеийн хөлсөөр ажиллагч Г.Отгонбаяр нартай уулзаж өөрийн худалдан авсан орон сууцаа хүлээн авах тухай мэдэгдлийг авсан байдаг.

Гэтэл Г.Эрдэнэсайхан нь ийнхүү мэдэгдэл авснаас хойш үндэслэлгүйгээр худалдан авсан орон сууцаа хүлээн авалгүй, төлбөр тооцоог бүрэн дуусгахгүй байсаар 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Байр хүлээлцэх акт үйлдэж нүүн орсон байх бөгөөд орон сууцандаа орсныхоо дараа ч үлдэгдэл төлбөр болох 62 475 000 төгрөгийг төлөлгүй зөрчил гаргасаар 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлсөн.

Иймээс гэрээний 8.1 дэх хэсэгт Захиалагч тал нь гэрээний 2.2-т заасан хуваарьт хугацаандаа төлбөрөө бүрэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд дутуу төлбөрийн үнийн дүнгээс 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс үлдэгдэл төлбөр төлж дууссан 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн өмнөх өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх 76 хоногийн алдангийг нэг хоногийн 312 375 төгрөгөөр тооцон, нийт 23 740 500 төгрөгийг Г.Эрдэнэсайханаас нэхэмжлэх үндэслэлтэй байна.

Иймд №С-009 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу алданги болох 23 740 500 төгрөгийг Г.Эрдэнэсайханаас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Эрдэнэсайхан нь Эм Жи Жи И Си ХХК-ийг хариуцагчаар татаж С-009 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу алданги гаргуулах нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гаргасан ба энэхүү асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03624 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хариуцагч Эм Жи Жи И Си ХХК-иас гомдол гаргасан ба Г.Эрдэнэсайханд 21 241 500 төгрөгийг хариуцагч Эм Жи Жи И Си ХХК-иас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн магадлал хүчин төгөлдөр болсон. Одоогоор хариуцагч Эм Жи Жи И Си ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан биелүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан ба шийдвэр гүйцэтгэгч н.Энхжин хэргийг хариуцан ажиллаж байгаа болно.

Нэхэмжлэлийн гол шаардлага нь орон сууц захиалан бариулах гэрээний хавсралтад заасан орон сууцны төлбөрийг 50 хувийн төлбөрөө төлөөгүй гэсэн байгаа. Нэхэмжлэгч тал 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын комисс хүлээж авсан, түүний маргааш буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр захиалагч биеэр ирж уулзсан гэж нэхэмжлэл дээрээ дурдсан. Түүнээс хойш 7 хоногийн хугацааг тооцож 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэж алдангиа тооцсон.

Гэтэл барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай акт 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр батлагдаж гарсан байгаа. Тэгэхээр гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу захиалагч тал Улсын комиссын акт бичгээр гарснаас хойш 7 хоногийн дотор бичгээр мэдэгдэх ёстой. Гэтэл бичгээр мэдэгдээгүй. Мэдэгдсэн талаар баримтыг шүүхэд өгөөгүй байна. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.9-д бичгээр үйлдэж, гэрээнд заасан хаягаар явуулсан эсвэл биечлэн өгсөн бол мэдэгдсэн гэж үзнэ гэж заасан. Хэрвээ байраа бүрэн дууссан байсан бол 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор манайд бичгээр мэдэгдэх ёстой байсан боловч ийм мэдэгдэл ирээгүй.

Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний 8.1-д захиалагч тал гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан хуваарьт төлбөрөө бүрэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам дутуу төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэсэн байгаа. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т захиалагч гэрээ байгуулсан өдрөө орон сууцны нийт үнийн дүнгийн 40 хувийг гүйцэтгэгч талд төлөх ба үлдэгдэл төлбөрийг хавсралт 1-ийн дагуу барагдуулна гэсэн байгаа. Гэрээний хавсралтад 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 49 980 000 төгрөгийг буюу 40 хувийг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 12 495 000 төгрөг буюу 10 хувь, үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлнө гэсэн байгаа бөгөөд ямар нэгэн хугацаа байхгүй. Тэгэхээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Тэгэхээр гэрээ болон хуульд заасан хугацаа тогтоогдоогүй байгаа учраас алданги тооцох эрхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/01628 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Эрдэнэсайханд холбогдуулан гаргасан Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу алдангид 23,740,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Эм Жи Жи И Си ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар 02-ны өдрийн 1452 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/01628 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276 653 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвнямсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5-р сарын 31-ний өдрийн 1628 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8-р сарын 2-ны өдрийн 1452 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иргэн Г.Эрдэнэсайхан нь 2017 оны 2-р сарын 23-ны өдөр барилгын Эм Жи Жи и Си ХХК-тай №С-009 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.

Гэрээний 5.2-т Орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг захиалагч талд мэдэгдэх бөгөөд захиалагч тал нь үлдэгдэл төлбөрөө төлж, мэдэгдсэн хугацаанд эсвэл тийнхүү мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор орон сууцыг хүлээн авах үүрэгтэй гэж заасан.

Гэрээний 8.1 дэх хэсэгт Захиалагч тал нь гэрээний 2.2-т заасан хуваарьт хугацаандаа төлбөрөө бүрэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд дутуу төлбөрийн үнийн дүнгээс 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасан. Гэтэл хариуцагч нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй.

Энэхүү гэрээтэй холбоотой Г.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй Эм Жи Жи и Си ХХК-д холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэж шийдвэрлэсэн байдаг.

Харин Эм Жи Жи и Си ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Эрдэнэсайханд холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иргэний хуулийн 198.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасан.

Анхан шатны шүүх Эм Жи Жи и Си ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Эрдэнэсайханд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, 23 740 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засч шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Эм Жи Жи И Си ХХК нь иргэн Г.Эрдэнэсайханд холбогдуулан гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги 23 740 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргажээ.

 Нэхэмжлэгч Эм Жи Жи И Си ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...иргэн Г.Эрдэнэсайхантай 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Хариуцагчид 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орон сууцыг хүлээж авахыг мэдэгдсэн боловч хариуцагч 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байранд нүүж орсон, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үлдэгдэл 62 475 000 төгрөгийг төлсөн. Энэ нь гэрээний 5.2. дахь заалтыг зөрчсөн тул орон сууцыг хүлээн авахыг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс төлбөр төлсөн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 76 хоногт үлдэгдэл 62 476 000 төгрөгт хоног тутам 0.5 хувиар алданги тооцож, нийт 23 740 500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна... гэж тайлбарлажээ.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай акт 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр гарсан. Энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч нь орон сууцанд орох тухай бичгээр ямар нэг мэдэгдэл өгөөгүй, ...түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.-т үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлнө гэж тохиролцсон бөгөөд энд ямар нэг хугацаа заагаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр С-009 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, тус гэрээгээр захиалагч С.Эрдэнэсайхан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Сувдан сондор хотхоны 192 айлын Е блок орон сууцны 809 тоот 3 өрөө, 71.4мкв талбайтай орон сууцын 1мкв-ын үнийг 1 750 000 төгрөгөөр нийт 124 950 000 төгрөгөөр захиалан бариулахаар, төлбөрийг гэрээнд тохирсон хугацаанд төлж барагдуулахаар, гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцжээ.

 Гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан хүчин төгөлдөр хэлцэл, гэрээний талаар зохигч маргаагүй байна.

 Харин шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байна.

 Талууд Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ байгуулсан боловч гүйцэтгэгч нь урьдаас төлөвлөгдөж, батлагдсан зургийн дагуу гүйцэтгэгдэж байгаа барилгын ажил гүйцэтгэж, захиалагч нь тухайн барилгаас тодорхой орон сууцыг сонгож, худалдаж авахаар захиалга өгч, урьдчилгаа төлбөрөө төлж, гэрээ байгуулсан гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

 Энэ үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зохицуулсан.

 Зохигч гэрээний 2.2.-т ...захиалагч тал нь гэрээ байгуулсан өдөр орон сууцны нийт үнийн дүнгийн 40%-ийг гүйцэтгэгч талд төлөх ба үлдэгдэл төлбөрийг Хавсралт 1-ийн дагуу төлж барагдуулахаар, Хавсралт 1-д ...үлдэгдэл 50 хувь буюу 62 475 000 төгрөгийг банкны зээлээр төлөх...- өөр тохирчээ

 Хариуцагч Г.Эрдэнэсайхан 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Голомт банктай Орон сууцны зээлийн гэрээ, Ипотекийн гэрээ байгуулж, Зээлийн гэрээний 2.1.6.-д зээлийн хөрөнгө 62 400 000 төгрөгийг Эм Жи Жи И Си ХХК-ийн Голомт банк дахь 1205130452 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон, нэхэмжлэгчийн дээрх дансанд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Г.Эрдэнэсайханаас орон сууцны төлбөрт 62 475 000 төгрөгийн орлого орсон нь баримтаар нотлогдсон, захиалагч банкны зээл авснаас хойш төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 Анхан болон давж заалдах шатны шүүх ...зохигч үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тохирсон, хариуцагч нь банкны зээл авч үлдэгдэл төлбөрийг төлөхдөө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй тул алданги тооцох үндэслэлгүй... гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 118 дугаар зүйлийн 118.4. дэх заалтыг зөрчөөгүй байна.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...нэхэмжлэгч нь гэрээний 5.2. дахь заалтыг үндэслэн шаардлага гаргасан байхад шүүх гэрээний заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2.-т заасны дагуу тайлбарлаагүй үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах...-ыг хүсчээ.

 Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1., 198.2.-т гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заажээ.

 Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.-т орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг захиалагч талд мэдэгдэх бөгөөд захиалагч нь үлдэгдэл төлбөрөө төлж, мэдэгдсэн хугацаанд, эсхүл мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор орон сууцыг хүлээж авах үүрэгтэй гэж тохиролцсон байна.

 Шүүх гэрээний дээрх заалтыг захиалагчид хариуцлага хүлээлгэх агуулгагүй гэж дүгнэсэн нь гэрээг тайлбарлах хуулийн заалтыг зөрчөөгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засч, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар 02-ны өдрийн 1452 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/01628 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...343 дүгээр зүйлийн 343.1,... гэснийг ...243 дугаар зүйлийн 243.1.,... гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвнямсүрэнгийн гомдлыг хангахгүй орихсугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвнямсүрэнгээс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276 653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧ             Х.ЭРДЭНЭСУВД