Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2019/01628

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 31 өдөр         Дугаар 101/ШШ2019/01628                      Улаанбаатар хот

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                       

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Э холбогдох,

 

Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу алдангид 23,740,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гэрч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч “*******” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******, өмгөөлөгч Г.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэн Г. нь “*******” ХХК-тай №С-009 тоот “Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээг байгуулахдаа Г. нь “*******” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх удирдлага Э.*******ын зөвшөөрөлгүйгээр компанид ямар нэгэн албан тушаал хашдаггүй, хамааралгүй этгээд болох Д.*******ийн хамт хотхон дахь компанийн оффис дээр байлцан, борлуулалтын менежер Ц.*******ы эзгүйд түүний албан ажилд ашигладаг компьютерийг нягтлан О.Ёээр дур мэдэн асаалган, Э.*******ын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №2016/39 дугаар тушаалаар баталсан “Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ” -ний төсөлд өөрчлөлт оруулж 8.3 гэх заалтыг нэмж найруулан тухайн үед компанид ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №16/001 тоот “Хөлсөөр ажиллах гэрээ” -ний дагуу хотхоны Е блок буюу барилгыг бариулах ажпыг гүйцэтгэж байсан хөлсөөр ажиллагч Г.аар гарын үсэг зуруулж, компанийн оффист байсан тамгыг даруулан 2 дугаар орцны 8 дугаар давхар дахь 809 тоот 71.4 м.кв орон сууцыг 1 м.кв -ын үнийг 1,750,000 төгрөгөөр тооцож, нийт 124,950,000 төгрөгөөр худалдан авсан. Ийнхүү худалдан авахдаа төлбөр тооцоог дараах хувиараар төлсөн: 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 49,980,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 12,495,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 62,475,000 төгрөг.

Г. нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр уг гэрээтэй холбогдуулж “*******” ХХК-ийг хариуцагчаар татан гэрээнээс учирсан 145 хоногийн алдангид нийт 45,294,375 төгрөг тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хянаж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03624 дугаар шийдвэрийг гаргасан. Тухайн анхан шатны шүүхийн шийдвэрээр №С-009 тоот “Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд талууд гарын үсгээ зурсан байх тул хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн. Мөн шүүх алданги тооцохдоо барилгыг Улсын комисс хүлээн авч акт гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс “Байр хүлээлцэх акт” үйлдсэн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх 62 хоногийн алданги 19,367,250 төгрөгийг Г.д гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 25,927,125 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. “*******” ХХК-ийн зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03624 дугаар шийдвэрт дараах үндэслэлийг тайлбарлаж гомдол гаргасан: ...Гэрээний 8.3 дахь хэсэгт “Гүйцэтгэгч тал 5.1 дүгээр зүйлд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд, хэтэрсэн хоног тутамд төлсөн мөнгөнд 0,5 хувь алданги хүлээнэ”, 5.1 дэх хэсэгт гүйцэтгэгч тал нь барилга угсралтын ажил графикийн дагуу хэвийн явагдсан нөхцөлд орон сууцны барилгыг 2017 оны 3 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгоно” гэж тус тус заасныг анхан шатны шүүх хайхралгүй дүгнэн, алданги тооцохдоо хугацааг буруу тодорхойлж алдаатай шийдвэр гаргасан байх тул Г.д өгсөн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 32 тоот албан бичиг дахь барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс барилга дээр Улсын комисс ажиллаж хүлээн авсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 68 хоногийн 21,241,500 төгрөгийн алдангийг төлөх нь үндэслэлтэй буюу Улсын комисс барилгыг хүлээн авсанаар “*******” ХХК-ийн хувьд гэрээний дагуух үүрэг хүлээх хугацаа дуусгавар болж байна гэж үзсэн. Тухайн давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс бүрэн хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулан Г.д нийт 21,241,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 227 дугаар магадлалыг гаргасан.

2017 оны 02 дугаар сарын 23 -ны өдрийн №С-009 тоот “Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 5.2 дахь хэсэгт “Орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг захиалагч талд мэдэгдэх бөгөөд захиалагч тал нь үлдэгдэл төлбөрөө төлж, мэдэгдсэн хугацаанд эсвэл тийнхүү мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор орон сууцыг хүлээн авах үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд Г. нь барилгыг Улсын комисс хүлээн авсан өдрийн маргааш өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хотхон дахь компанийн оффис дээр өөрийн биеэр ирж борлуулалтын менежер Ц.******* болон тухайн үеийн хөлсөөр ажиллагч Г. нартай уулзаж өөрийн худалдан авсан орон сууцаа хүлээн авах тухай мэдэгдлийг авсан байдаг. Гэтэл Г. нь ийнхүү мэдэгдэл авсанаас хойш үндэслэлгүйгээр худалдан авсан орон сууцаа хүлээн авалгүй, төлбөр тооцоог бүрэн дуусгахгүй байсаар 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Байр хүлээлцэх акт” үйлдэж нүүн орсон байх бөгөөд орон сууцандаа орсоныхоо дараа ч үлдэгдэл төлбөр болох 62,475,000 төгрөгийг төлөлгүй зөрчил гаргасаар 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлсөн. Иймээс гэрээний 8.1 дэх хэсэгт “Захиалагч тал нь гэрээний 2.2-т заасан хуваарьт хугацаандаа төлбөрөө бүрэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд дутуу төлбөрийн үнийн дүнгээс 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө" гэж заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс үлдэгдэл төлбөр төлж дууссан 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн өмнөх өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх 76 хоногийн алдангийг нэг хоногийн 312,375 төгрөгөөр тооцон, нийт 23,740,500 төгрөгийг Г.аас нэхэмжпэх үндэслэлтэй байна.

Иймд №С-009 тоот “Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу алданги болох 23,740,500 төгрөгийг Г.аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г. нь “*******” ХХК-ийг хариуцагчаар татаж С-009 тоот “Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу алданги гаргуулах нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гаргасан ба энэхүү асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03624 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хариуцагч “*******” ХХК-иас гомдол гаргасан ба Г.д 21,241,500 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн магадлал хүчин төгөлдөр болсон. Одоогоор хариуцагч “*******” ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан биелүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан ба шийдвэр гүйцэтгэгч н. хэргийг хариуцан ажиллаж байгаа болно.

Нэхэмжлэлийн гол шаардлага нь орон сууц захиалан бариулах гэрээний хавсралтад заасан орон сууцны төлбөрийг 50 хувийн төлбөрөө төлөөгүй гэсэн байгаа. Нэхэмжлэгч тал 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын комисс хүлээж авсан, түүний маргааш буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр захиалагч биеэр ирж уулзсан гэж нэхэмжлэл дээрээ дурдсан. Түүнээс хойш 7 хоногийн хугацааг тооцож 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэж алдангиа тооцсон. Гэтэл барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай акт 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр батлагдаж гарсан байгаа. Тэгэхээр гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу захиалагч тал Улсын комиссын акт бичгээр гарснаас хойш 7 хоногийн дотор бичгээр мэдэгдэх ёстой. Гэтэл бичгээр мэдэгдээгүй. Мэдэгдсэн талаар баримтыг шүүхэд өгөөгүй байна. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.9-д бичгээр үйлдэж, гэрээнд заасан хаягаар явуулсан эсвэл биечилэн өгсөн бол мэдэгдсэн гэж үзнэ гэж заасан. Хэрвээ байраа бүрэн дууссан байсан бол 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор манайд бичгээр мэдэгдэх ёстой байсан боловч ийм мэдэгдэл ирээгүй. Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний 8.1-д захиалагч тал гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан хуваарьт төлбөрөө бүрэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам дутуу төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэсэн байгаа. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т захиалагч гэрээ байгуулсан өдрөө орон сууцны нийт үнийн дүнгийн 40 хувийг гүйцэтгэгч талд төлөх ба үлдэгдэл төлбөрийг хавсралт 1-ийн дагуу барагдуулна гэсэн байгаа. Гэрээний хавсралтад 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 49,980,000 төгрөгийг буюу 40 хувийг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 12,495,000 төгрөг буюу 10 хувь, үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлнө гэсэн байгаа бөгөөд ямар нэгэн хугацаа байхгүй. Тэгэхээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Тэгэхээр гэрээ болон хуульд заасан хугацаа тогтоогдоогүй байгаа учраас алданги тооцох эрхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу алдангид 23,740,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь “Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний хавсралтад заасны дагуу төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь алданги тооцох үндэслэлгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

“*******” ХХК нь Г.тай 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр С-009 дугаартай “Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, Г. нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, хотхоны 192 айлын Е блок орон сууцны 2 дугаар орц, 809 тоот, 3 өрөө, 71,4 мкв талбайтай орон сууцыг 1 мкв-ын үнийг 1,750,000 төгрөгөөр, нийт 124,950,000 төгрөгөөр захиалан бариулахаар, уг төлбөрийг “Төлбөрийн график /хавсралт1/”-д зааснаар буюу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 49,980,000 төгрөг буюу 40 хувь, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 12,495,000 төгрөг буюу 10 хувь, үлдэгдэл 50 хувийн төлбөр буюу 62,475,000 төгрөгийг банкны зээлээр төлж барагдуулахаар, “*******” ХХК нь орон сууцны барилгыг 2017 оны 3 дугаар улиралд /2017.09.30/ багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгохоор тус тус харилцан тохиролцсон байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

Г. нь “*******” ХХК-д холбогдуулан дээрх гэрээгээр хүлээсэн орон сууцыг гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй үндэслэлээр гэрээний 8.3 дахь заалтын дагуу алдангид 45,294,375 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03624 дугаартай шийдвэрээр хэргийг шийдвэрлэснийг “*******” ХХК нь эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 227 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Г.ы нэхэмжлэлээс 21,241,500 төгрөгт холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

“*******” ХХК нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний 8.1-д “Захиалагч тал нь гэрээний 2.2-т заасан хуваарьт хугацаандаа төлбөрөө бүрэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөрийн үнийн дүнгээс 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж заасны дагуу Г.аас алданги нэхэмжилсэн байх бөгөөд гэрээний 2.2-т “Захиалагч тал нь гэрээ байгуулсан өдөр орон сууцны нийт дүнгийн 40 хувийг гүйцэтгэгч талд төлөх ба үлдэгдэл төлбөрийг хавсралт 1-ийн дагуу төлж барагдуулах” гэж заажээ.

 

Дээрх гэрээний 8.1 дэх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

Гэрээний “Төлбөрийн график /Хавсралт 1/”-т 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 49,980,000 төгрөг буюу 40 хувь, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 12,495,000 төгрөг буюу 10 хувийг төлөх гэж тус тус зааснаар Г. нь төлбөрөө барагдуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин “Төлбөрийн график /Хавсралт 1/”-ийн 3-т “... үлдэгдэл 50 хувийн төлбөр буюу 62,475,000 төгрөгийг “Төлбөр төлсөн огноо” хэсэгт зааснаар банкны зээлээр төлж барагдуулахаар талууд тохирсон ба, уг хавсралтыг нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэхүү тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Г. нь дээрх гэрээний хавсралтын дагуу үлдэгдэл 50 хувийн төлбөрийг банкны зээлд хамрагдаж буюу Голомт банктай 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ1605135483 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулж, улмаар 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Голомт банкнаас 62,475,000 төгрөгийг “*******” ХХК-д шилжүүлсэнээр “Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр хүлээсэн үүрэг нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр дуусгавар болсон байна.

 

Энэ нь Г.ы хувьд гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлж, харин төлбөр төлөх үүргээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарахаар заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээний “Төлбөрийн график /Хавсралт 1/”-ийн 3-т заасан “Банкны зээл” гэдгийг захиалагч нь банкны зээлд хамрагдан үлдэгдэл төлбөрийг гүйцэтгэгчид төлөхөөр талууд тохирсон гэж ойлгож тайлбарлах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний 5.2-т “Орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг захиалагч талд мэдэгдэх бөгөөд захиалагч тал нь үлдэгдэл төлбөрөө төлж, мэдэгдсэн хугацаанд эсвэл тийнхүү мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор орон сууцыг хүлээн авах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, орон сууц 2017 оны 12 дугаар сард ашиглалтад орж, 2018 оны 01 дүгээр сард улсын комисс хүлээн авснаар төлбөр төлөх үүргээ захиалагч нь биелүүлээгүй гэж тайлбарлаж байх боловч гэрээний энэхүү заалтын үлдэгдэл төлбөрөө төлж гэсэн агуулга нь гэрээний хавсралтын дагуу төлөх гэсэн зохицуулалт гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.д холбогдуулан гаргасан “Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу алдангид 23,740,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ бие   лүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ